“ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ-БАЯНГОЛ ДҮҮРЭГ” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ ЭХЭЛЛЭЭ

“Баянгол-Хүүхэд хэрэглэгч” төслийн хүрээнд хүүхдийг орчны эрсдэлт нөхцөлд өртөх, осол гэмтэлд орохоос урьдчилан сэргийлэх чиглэлээр эцэг эх, асран хамгаалагчид, хүүхдийн өмнө үүрэг хүлээсэн хэн бүхэн хүүхдийн эсрэг болон гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хамгаалах, орчны эрсдэлийг бууруулах ажлын  хүрээнд шалгах, мэдээлэх, эрсдэлийг бууруулж, зөрчлийг арилгах хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэх зорилгоор “Хүүхдэд ээлтэй-Баянгол дүүрэг” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулах үүрэг бүхий Дүүргийн ажлын хэсэг, хороодод дэд ажлын хэсгийг Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/133 дугаар захирамжаар байгуулсан. 

Ажлын хэсгийн дарга, Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан төслийн удирдагч Д.Жаргалсүрэн, Нарийн бичгийн дарга, Засаг даргын Тамгын Газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга С.Мөнхзаяа нараар ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр (2022.03.31) хуралдаж, нэгдсэн арга хэмжээний удирдамж, төлөвлөгөөг танилцуулж, Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Замын цагдаагийн хэлтэс,  Онцгой байдлын хэлтсээс холбогдох мэдээллийг танилцууллаа.

 

Хороодын дэд ажлын хэсэг дараах чиглэлийн дагуу хяналт, шалгалтын ажлыг сар бүр тогтсон хугацаанд зохион байгуулж илэрсэн зөрчил, эрсдэлийг газар дээр нь арилгах, шийдвэрлэх, хариуцах эзэн, аж ахуйн нэгж байгууллагуудад шаардлага тавьж ажиллана. Үүнд:

  • Нийтийн эзэмшлийн зам, талбайн зөрчил, эрсдэлийг арилгах (ил задгай цахилгааны утас, таггүй гэрлийн шон, таггүй траншей, ухсан нүх, шуудуу байгаа эсэх)
  • Явган хүний замын тэмдэг, тэмдэглэгээг нэмэгдүүлэх
  • Байр, орон сууцны аюулгүйн шат, цахилгаан шат, тагт, цонхны хаалт, бүрэн бүтэн байдлыг хангах
  • Сургуулийн орчны талбай, хайс хашлага бүрэн бүтэн эсэх, болзошгүй эрсдэлийг арилгах
  • Баригдаж буй барилгын хашаа, хаалт зориулалтын эсэх, дутуу барьсан барилга өндрөөс унаж болзошгүй эрсдэл байгаа эсэх
  • Хүүхдийн тоглоомын талбайн аюулгүй байдал, эвдрэл гэмтэлтэй тоглоом, тоног төхөөрөмжийг засах, эрсдэлийг арилгах
  • Хүүхдийн эсрэг болон гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, холбон зуучлах, хариу үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх
  • Аж ахуйн нэгж, байгууллагууд, Сууц өмчлөгчдийн холбоод өөрийн эзэмшлийн болон ойр орчмын 50м зам, талбай, орчны  аюулгүй байдлыг хангаж, зөрчил, эрсдэлийг арилгах, тохижуулах  (хяналтын камер байршуулах, ил задгай цахилгааны утас,  халтиргаа гулгаа үүсэх эрсдэл, тэргэнцэртэй иргэдэд зориулсан шат, зам талбайг тохижуулах гэх мэт)   

Мөн эцэг эх, асран хамгаалагч, иргэд та бүхэн  амьдрах орчны аюулгүй байдал болон зөрчил эрсдэл, хүүхэд хамгаалал, хүчирхийллийн талаарх мэдээллийг дараах холбоосоор ирүүлнэ үү.

  • Хүүхдийн тусламжийн утас:  108
  • Дүүргийн шуурхай утас:         1800-1222
  • Цахим хуудас:                            Баянгол дүүргийн Нийгмийн хөгжлийн хэлтэс
  • Цахим  хаяг:                               Bgd.nxx221@gmail.com
Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.