ЕБС-ИЙН 86 СУРГУУЛЬД ШАЛГАЛТ ХИЙХЭД 83 НЬ ХҮҮХДЭД АЮУЛТАЙ НӨХЦӨЛТЭЙ ГЭХ ДҮГНЭЛТ ГАРЧЭЭ

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас /ГБХЗХГ/ үндэсний хэмжээнд "Хүүхэд эрхэм хэрэглэгч" аяныг гуравдугаар сарын 10-наас дөрөвдүгээр сарын 10-ныг хүртэл зохион байгуулж байна. Энэ хүрээнд гэрийн болон байгууллагын орчинд хүүхэд гэмтэж, бэртэх орчны эрсдэлийн үнэлгээг хийжээ.  


Тус аяныг эхлүүлснээс хойш 14 хоногийн хугацаанд нийслэлийн хэмжээнд хүүхдэд ээлтэй бус 151 орчныг олж илрүүлсэн байна. 

Ерөнхий боловсролын нийт 86 сургуульд гадаад, дотоод орчны аюулгүй байдлын шалгалтыг хэрэгжүүлэхэд 83 нь хүүхдэд аюултай нөхцөлтэй байжээ.


Энэ талаар ГБХЗХГ-ын ахлах мэргэжилтэн Ж.Азжаргал "Хөдөлмөрийн тухай хуулийн 43.3 дахь заалтад, байгууллага салбар бүр эцэг эхийн зөвлөл байгуулж, тухайн зөвлөл нь хүүхдэд ээлтэй хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэх талаар тусгасан байдаг. Дээрх аяны хүрээнд ЕБС-ийн нийт 86 сургуульд гадаад, дотоод орчны аюулгүй байдлын шалгалтыг хэрэгжүүлэхэд 83 нь хүүхдэд аюултай нөхцөлтэй байсан. 

Аж ахуйн нэгж байгууллага бүрийн цаана гэр бүл бий. Гэр бүл болгон үр хүүхэдтэй. Тиймээс байгууллагуудын оролцоо манлайлал нь хүүхэд хамгаалал, тэдний аюулгүй байдалд чухал байр суурьтай. Нөгөө талаас эцэг эхийн үүрэг хариуцлага чухал" хэмээн ярилаа. Мөн тэрбээр "Хүүхдийн эсрэг хүчирхийлэл, осол гэмтлийн 60-70 хувь нь гэр бүлийн орчинд үйлдэгдсэн байдаг. Ийм учраас эцэг эх, асран хамгаалагчид руу чиглэсэн энэ талын ойлголт мэдлэгийг сайжруулах хэрэгтэй байгаа юм" гэв.  

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.