НЭГҮҮН МЭДЭЭ
ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ТАРАГТ СУМЫН АЛТАНТАЛ БАГИЙН НЭГ АЙЛЫН ГУРВАН ТУСЛАХ МАЛЧНЫГ ХАЙЖ БАЙНА

Тодруулбал: Өвөрхангай аймгийн Тарагт сумын Алтантал багийн “Хадатын-Эх зүлэгт” гэдэг газар мал хариулж явсан гурван хүн сураггүй болжээ. Тус газар нь сумын төвөөс зүүн урд зүгт 55 км-т, аймгийн төвөөс баруун урд зүгт 20 км-т байрладаг. Тухайн үед малчдын хоёр нь мотоциклоор, нэг нь явганаар явж байсан бөгөөд. Тэд сураггүй болсон тухай дуудлагыг онцгой байдлын албан хаагчид өчигдөр 22:40 цагт хүлээн авсан байна. Аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 25 км зам туулан 03:55 цагт очиж, малчин А-гийн туслах малчин Н /58 настай, эмэгтэй/, А /47 настай, эрэгтэй/, Н /25 настай, эрэгтэй/ нарыг эрэн хайжээ. Тухайн газарт 5-7 м/с хүчтэй цасан шуурга шуурч.

С.АМАРСАЙХАН: ИПОТЕКИЙН ЗЭЭЛ 6 ХУВИАС БАГА БАЙХ БОЛОМЖТОЙ

Шадар сайд С.Амарсайхан: “Монголбанкнаас санхүүжилт нь гарч арилжааны банкуудаар дамжин иргэдэд хүрдэг уг хөтөлбөрөөс “Монголын Ипотекийн корпораци” зуучилсан гэдгээрээ иргэдийн сар бүр төлдөг төлөлтөөс хувь авч байна. МИК дундаас нь хувь авдаггүй бол монголчууд ипотекийн 8 хувийн зээлийг 5-6, одоогийн 6 хувийн зээлийг 5 хувиар авах боломжтой байсан. Тиймээс энэ асуудлыг цааш нь илүү нухацтай авч үзэж, бодит үр дүнд хүртэл нь тууштай анхаарч ажиллана” хэмээв. Хөтөлбөрийн эхний жилд буюу 2013 онд 6600 өрхөд 900 тэрбум төгрөгийн зээл олгосон бол түүнээс хойш санхүүжилт буурсаар 2020 онд 5800 өрхөд 409 тэрбум төгрөгийн орон сууцны зээл олгосон байна. Одоогийн байдлаар Монгол Улсын 900 мянган өрхийн 11 хувь нь ипотекийн зээлтэй байгаа аж.

Б.ЭНХБАЯР: 20 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫГ ХУСАХ ГЭЖ БАЙНА

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг хийхэд, МАН-ын бүлэг завсарлага авлаа. Хурлын үеэр УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн "Энэ хуульд гишүүд өөр өөр санал бодолтой байгаа учраас нэгтгэх зорилгоор МАН-ын бүлэг ажлын таван өдрийн завсарлага авч байна" гэж мэдэгдсэн юм. Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Бид тендерийн хуулийг хүчингүй болгочих хэрэгтэй. Жижиг жижиг ажил бол бичгийн цаасан дээр хийгдэх юм байна. Том ажил, 20 тэрбум ам.долларын ажил тендергүй хийгдэх гэж байна. Томчууд нь хувааж найрлах гэж байна. Хамгийн том хулгайг хуулиар хийдэг гэдэг. Гэтэл 20 тэрбум ам.долларыг хуульгүйгээр хусах гэж байна" хэмээв .

АВТОМАШИНД АНДУУРЧ СУУСАН 10 НАСТАЙ ХҮҮГ ЭСЭН МЭНД ОЛЛОО

Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон багт дөрөвдүгээр сарын 13-ны 13:00 цагийн орчимд бага насны хүүхэд хичээлдээ явна гэж гараад сураггүй бол ж эрэн хайх ажиллагаанд хүч нэмэгдүүлэн ажиллах тухай хүсэлтийг Онцгой байдлын ерөнхий газар тус аймгийн Цагдаагийн газраас дөрөвдүгээр сарын 14-ний өдрийн 01:57 цагт хүлээн авчээ. Эрэн хайх явцад дөрөвдүгээр сарын 14-ний өдрийн 07:20 цагт тус аймгийн Галуут сумын Соёлын төвийн үйлчлэгч Ц хүүгийн ар гэрийнхэнтэй утсаар холбогдож, “Хүүхэд 04.13-ны 19:00 цагийн орчимд Галуут суманд ирсэн” тухай мэдэгдсэн тул эрлийг зогсоосон байна. Хүүхдийн гэр Эрдэнэцогт суманд байдаг бөгөөд Баянхонгор суманд хамаатныдаа түр амьдарч, сургуульд явдаг байв. Хүү Эрдэнэцогт сум дахь гэртээ харих гэж автомашин андуурч суугаад Галуут суманд очсон байжээ.

ОХУ ГУРИЛ БОЛОН НАРАНЦЭЦЭГИЙН ТОСОНДОО КВОТ ТОГТООЛОО

ОХУ-ын Хөдөө аж ахуйн яам наранцэцэгийн тос, гурилын экспортод квот тогтоох тушаал гаргажээ. Наранцэцэгийн тосны квотыг 54 компанид хуваарилсан бөгөөд экспортлох нийт хэмжээ 1.5 сая тонн байх бол гурил экспортлох квотыг 700 мянган тонноор тогтоожээ. Уг тушаал маргааш буюу дөрөвдүгээр сарын 15-аас 2022 оны наймдугаар сарын 31-ний өдрийг хүртэл хүчинтэй аж. Дэлхийн зах зээлд наранцэцэгийн тос, тосны үрийн үнэ огцом өссөн тул экспортод квот тогтоох арга хэмжээ авч байна гэж тайлбарлажээ. Нөгөө талаар экспортын хязгаарлалт нь барууны хоригийн улмаас хүнд байдалд ороод буй дотоодын зах зээлийг хамгаалах зорилготой.

ГУДАМЖИНД ХАЯГДСАН НЯРАЙН АСУУДЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

Нярай хүүхдийг эцэг, эх нь гудамжинд хаяж авсан асуудлын талаар Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас мэдээлэл хийлээ. Энэ талаар Нийслэлийн ГБХЗХГ-ын хүүхдийн хөгжил, хамгааллын хэлтсийн дарга Н.Хөхөө "Өчигдөр Налайх дүүрэгт болсон явдалтай холбоотойгоор манай байгууллага, Цагдаагийн байгууллагатай хамтран газар дээр нь очиж ажилласан. Ингээд тухайн хүүхдийн эцэг, эх хүүхдээ асран хамгаалах чадваргүй, согтуурсан байдалтай байсан учраас Цагдаагийн байгууллага эцэг, эхийг нь эрүүлжүүлсэн. Одоогоор тэднээс мэдүүлэг авч, хэргийг шалгаж байгаа. Харин манай байгууллагаас өчигдөр Хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх журмын дагуу эрсдэлийн нөхцөл байдал, хүүхдийн хүчирхийллийн болон хүүхдийн гэр бүлийн байдлын нөхцөл байдлын үнэлгээг газар дээр нь хийсэн. Ингээд бага насны, нярай хүүхдийн эцэг эх асран хамгаалах чадваргүй байсан тул журмын дагуу хүүхдийг түр хамгаалах байранд аваад байна. Хүүхэд хөхүүл учраас угжинд дасаагүй нь санаа зовоож байна. Гэхдээ бид аль болох хүүхдийг угжаар хооллоход дасгах арга хэмжээг авч байгаа. Түүнчлэн хүүхдийн эрүүл мэнд, хооллолттой холбоотойгоор ээжээс нь аль болох салгахгүй байх бодлогыг барина. Гэхдээ эрсдэл өндөр буюу хүүхдэд аюултай гэж үзвэл заавал хүүхдийг ар гэрт нь эргэн нэгтгэх шаардлагагүй. Эдгээр нь Цагдаагийн байгууллага болон хорооны хамтарсан хурлаар тодорхой болно” гэдгийг мэдээллээ. Мөн тэрбээр "Одоогоор тухайн гэр бүл хүүхдэд үл хайхрах хүчирхийлэл үйлдсэн, хүүхдийн дэргэд архидан согтуурсан гэх дүгнэлт гарсан. Иймд гэр бүлд 300 мянган төгрөгийн торгуулийг Зөрчлийн хуулийн дагуу ногдуулна. Гэхдээ цагдаагийн байгууллагаас эцэг эхийн согтуурлын зэрэг гэх мэт мэдээллийг ирүүлэх шаардлагатай. Тухайн хүүхдэд ээж аав нь бие махбодийн хохирол учруулсан эсэхийг хамтарсан баг шалгана. Энэ багт хорооны нийгмийн ажилтан, хүүхдийн эрхийг хамгаалагч, цагдаагийн байгууллагын төлөөлөл багтдаг. Энэ явдлыг анх харсан иргэн мэдээлэх үүргээ биелүүлээгүй. Хүүхдийн 108 утас үнэ төлбөргүй. Хүүхдийг газар байхад харсан иргэн 102, 108 дугаарын утсанд дуудлага өгөөгүй. Цахим орчинд мэдээллийг байршуулсан. Иргэд энэ тохиолдолд шууд 108 руу хандаарай. Иргэн хүүхэд газарт 2-3 минут байсан, ээж аав нь хоорондоо маргасан гэж бидэнд мэдээлсэн. Хүүхдийн нус гоожсон байдалтай байна. Бусдаар эрүүл мэнд нь хэвийн" хэмээв.

С.БЯМБАЦОГТ: ИРГЭДДЭЭ ХУДАЛ ХЭЛЖ ХҮЛЭЭЛТ ҮҮСГЭХ ХЭРЭГГҮЙ

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Нөхцөл байдал амаргүй байгаа нь үнэн. Ард иргэддээ “гайгүй байна, болж байна, бүтэж байна” гэж худал хэлж хүлээлт үүсгэхгүйгээр нөхцөл байдлаа хүлээн зөвшөөрч хэрхэн шийдвэрлэх, хохирол багатай хэрхэн давах туулах тал дээр анхаарч ажиллах хэрэгтэй байна. Олонх нь цөөнхөө даапаалаад, цөөнх нь олонхио шүүмжлээд, алдаа хийдлээ аль нэг рүүгээ чихээд ард нь гарахгүй. Монгол Улс, монголчууд бид бүгдээрээ л нэг зорилготой, нэг л жаргал зовлонтой гэдгээ ухаарах цаг. Хоёр хөрш маань нэг нь цар тахлын нөхцөл байдлаас үүдээд хөл хориотой, нөгөө нь дайны байдлаас болоод олон улсын хоригт орчихлоо. Үүнээс үүдээд дунд нь байдаг бид хоригийн хоригт орчихлоо. Энэ нөхцөл байдлыг хэрхэн, зөв, бага эрсдэлтэй давах вэ гэдэг дээр өнөөдөр байгаа нөхцөл байдлаа зөв үнэлж дүгнэж анхаарч ажиллах тал дээр анхаарах нь зүйтэй. Дэлхийн зах зээл дэх бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдол, валютын ханшийн өсөлт, төгрөгийн ханшийн сулрал, тээвэр ложистикийн гацаа бидэнд давхар цохилт болж байна. Тиймээс хүнсний, шатахууны, бараа бүтээгдэхүүний хангалттай хэмжээний нөөц бүрдүүлж, илүү эрсдэлд орохоос эртнээс сэргийлэх ёстой. Стратегийн ач холбогдол бүхий бараа бүтээгдэхүүний буюу гурил, будаа, элсэн чихэр, эм хангамжийн нөөц бүрдүүлэх асуудалд анхаарах ёстой. Энэ чиглэлд худалдаа, бизнес эрхэлж байгаа аж ахуй нэгжийн татвараас хөнгөлөлтийн асуудал дээр бодлогын асуудал яригдсан болов уу. Хувийн хэвшилд буй нөөцийг төр худалдаж аваад, эргэлтийн хөрөнгийг нь суллаад өгөх юм бол цаана нь дахин татан авалт, дахин худалдан авалт хийгдэж Монгол Улсын нөөц 2 дахин нэмэгдэх бодит бололцоо байна” хэмээв.

“СОД-МОНГОЛ” ШТС-ЫН МАШИН ХҮН ДАЙРЧ ГЭМТЭЭЖЭЭ

Өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 12-ны өдөр том оврын шатахуун ачсан автомашин хүн дайрч гэмтээжээ. Тодруулбал:Нийслэлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Цагдаагийн өргөн чөлөөнд “Содмонгол” ШТС-ын Zoomlion маркын автомашины жолооч гарцаар гарч явсан 25 настай эмэгтэйг мөргөж гэмтээжээ. Одоогоор гэмтсэн иргэний биеийн байдал хүндэвтэр байгаа бөгөөд ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байна. Хэргийн шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.

Г.АМАРТҮВШИН: ХУУЛИЙН БАЙГУУЛАГАД МЭДҮҮЛЭГ ӨГСӨН

Хөгжлийн банктай нэр холбогдсон УИХ-ын гишүүн Г.Амартүвшин бүрэн эрхээсээ түдгэлзэж, шалгуулах хүсэлт гаргасан билээ. Уг хүсэлтийг хэлэлцэх боломжгүй гэдгийг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн өнөөдөр /2022.04.13/ мэдэгдсэн. УИХ-ын гишүүн Г.Амартүвшин дээрх асуудалд тайлбар өглөө. Тэрээр: "Хуулийн нарийн зүйлийг би бодсонгүй. Гэхдээ УИХ-ын зүгээс миний хүсэлтийг шийдүүлэх боломжгүй гэж үзэж байгаа бол прокурор оруулаад ирэг, тэгээд асуудлыг шийдье л гэсэн санаа юм. Намайг хуулийн байгууллагаас дуудсан. Нэг удаа мэдүүлэг өгсөн. Хуулийн байгууллага шударгаар шалгаж, шийднэ гэдэгт итгэж байна" гэв.

ОЮУТНАА АЛГАДСАН "ИХ ЗАСАГ" ИХ СУРГУУЛИЙН БАГШИЙГ АЖЛААС НЬ ХАЛЛАА

"Их засаг" Олон Улсын их сургуулийн биеийн тамирын дасгалжуулагч багш Б нь эмэгтэй оюутнаа алгадсан бичлэг цахим орчинд ил болсон. Тус бичлэг дээр багш оюутантай ёс бус харьцаж байгаа нь тод бичигдсэн байсан бөгөөд энэ нь олны бухимдлыг хүргээд байсан юм. Тэгвэл тус сургуулийн зүгээс багшийг ажлаас нь халсан талаар мэдэгдлээ. Тодруулбал:Монгол улсын боловсролын тухай хуулийн 44-р зүйлийн 44.2.1, 44-р зүйлийн 3, Байгууллагын дотоод журмын 10.6.1, Багш ажилтны ёс зүйн дүрмийн 5-р зүйлийн 5.1.27 дахь заалтуудыг тус тус ноцтой зөрчсөн гэж үзлээ. Улмаар багш ажилтны ёс зүйн зөвлөлөөр хэлэлцэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.5-д зааснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах шийдвэр гаргасан байна.

1 ... 276 277 278 279 280 281 282 283 284 ... 371