НЭГҮҮН МЭДЭЭ
“ХАНБОГД” ХОТХОНД ЦАХИЛГААН ШАТ УНАЖ, ДОТОР НЬ ЕСӨН НАСТАЙ ХҮҮХЭД БАЙЖЭЭ ! ! !

Хэдхэн сарын өмнө Нийслэлийн Баянгол дүүргийн 18-р хорооны нутаг дэвсгэрт … байрны цахилгааны шатны хаалгаар гурван настай хүү долоон давхраас унаж харамсалтай хэрэг гарч бид газар дээрээс нь шууд дамжуулан ажилсан билээ. Тэгвэл тухайн цаг үеэс хойш мэргэжлийн байгууллагууд стандартын бус лифтнүүдэд хяналт шалгалт хийж Баянгол дүүргийн хэмжээнд хэд хэдэн лифт солих талаар яригдаж эхэлсэн. Хэрэг гараад хэдхэн сарын дараа ийнхүү Хан-Уул дүүрэгт байрлах “Ханбогд” хотхоны 302-р байрны 2-р орцны цахилгаан шат гурван давхраас B1 буюу гаражийн давхар руу унажээ. Тухайн үед цахилгаан шатанд 9 настай хүүхэд байсан бөгөөд азаар хүүхэд гэмтэж бэртээгүй байна. Тус байрыг “Ханнаран” нэртэй СӨХ хариуцдаг байна. Энэ мэт хайхрамжгүй байдал удаа дараа давтагдсаар байгаад мэргэжлийн байгууллагууд анхааралдаа авч СӨХ-д ч гэсэн хяналтаа сайжруулах зайлшгүй шаардлага үүссэнийг харуулж байна. Ямар нэгэн байдлаар иргэн, бага насны хүүхэд амь насаа алдсан үед ажил болгоод л хэдхэн сарын дараа мартагддаг энэ мэт хайхрамжгүй байдлаа одоо халах цаг болсон гэдгийг удаа дараа гарч байгаа ослууд анхааруулсаар байна.

ШҮҮХЭЭС Н.ТҮВШИНБАЯРЫГ ГЭМ БУРУУТАЙД ТООЦОЖ, 16 ЖИЛИЙН ХОРИХ ЯЛ ОНООЛОО. ЯЛЫГ НЭЭЛТТЭЙ ХОРИХ АНГИД ЭДЛҮҮЛЭХЭЭР ШИЙДВЭРЛЭСЭН БАЙНА.

Н.Түвшинбаярт холбогдох шүүх хурал 2 дах өдрөө үргэлжилж шүүх шийдвэрээ гаргалаа. Шүүхээс, Шүүгдэгч Н.Түвшинбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2.1, 17,18-р зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр гэм буруутайд тооцлоо. Прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирч байна гэж үзсэн. Мөн Н.Түвшинбаяр хохирогчийн талд нийт 2,7 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр төлсөн учраас төлөх төлбөргүй. Хохирогчийн ар гэрээс гэмт хэргийн улмаас хохирол учирсан бусад хохирлоо нотлох баримтаар гаргаж, нэхэмжлэх эрхтэй гэсэн шийдвэр гаргалаа гэв. Шүүхээс талуудаас гаргасан саналыг үндэслэж, Н.Түвшинбаярт 16 жилийн хорих ялыг, нээлттэй хорих ангид эдлүүлэх шийдвэр гаргав. Н.Түвшинбаяр нь давж заалдах эрхтэй болно.

ПРОКУРОР Н.ТҮВШИНБАЯРТ 19 ЖИЛИЙН ХОРИХ ЯЛ ОНООХ САНАЛ ГАРГАВ

Шүүх хуралдаан хэсэг завсарласны дараа прокуророос яллах дүгнэлтээ танилцууллаа. Прокуророос шүүгдэгч Н.Түвшинбаярт 19 жилийн хорих ялыг хаалттай хориход эдүүлэх санал гаргаж, хөнгөрүүлж үзэх нөхцөл байдал байхгүй гэж үзэж буйгаа илэрхийлэв. Хохирогчдын өмгөөлөгчдөөс санал гараагүй байна. Харин шүүгдэгч Н.Түвшинбаярын өмгөөлөгч "Тодорхой хэмжээнд хорих ял оноох нь ойлгомжтой. Нөгөө талаас эрүүгийн хууль, энэрэнгүй зарчмыг давхар харгалзах ёстой. Хорих ялаар шийтгэгдэж болох хамгийн дээд хэмжээ 20 жил байдаг. Хөнгөрүүлэх нөхцөл байхгүй гэснээ хамгийн дээд хэмжээнд тулгаж байна. Хэргийн бусад нөхцөл байдалтай тохироогүй санал гэж үзэж байна. Мөн нээлттэй дэглэмд эдлүүлэх зэргээр бусад нөхцөл байдлыг харгалзаж үзэж шийдэж өгөөч гэсэн хүсэлт гаргаж байна" гэв. Н.Түвшинбаярт холбогдох хэргийн шүүх хурал Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Эргэн сануулахад, Н.Түвшинбаяр нь 2021 оны дөрөвдүгээр сарын 2-ны өдөр согтууруулсан үедээ хохирогч Э.Энхбатыг зодож, хүнд гэмтэл учруулсан байдаг. Хохирогч удаан хугацаанд эмчилгээ хийлгэсэн ч 2021 оны арванхоёрдугаар сарын 24-ний өдөр амь насаа алдсан. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд Прокурорын байгууллагаас яллах дүгнэлт үйлдээд буй.

ЗГ: ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭТ ХҮҮХДҮҮДИЙН АСУУДАЛД АНХААРЧ, ТОДОРХОЙ ШИЙДВЭРҮҮДИЙГ ГАРГАНА

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эхийг төлөөллийг хүлээн авч уулзлаа. Эцэг, эхийн төлөөлөл Монголд эмчлүүлэх боломжгүй өвчтэй, гадаад оронд яаралтай эмчлүүлэх шаардлагатай байгаа хүүхдүүдийн эмчилгээний зардлыг төр хариуцах, ийм эмчилгээ, мэс заслыг Монголд хийх боломжоор хангаж өгөх, тархины саажилт, уналт таталт, тархины бусад төрлийн эмгэг өвчтэй хүүхдүүдийн эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч байгаа иргэнд олгох тэтгэмжийг нэмэгдүүлэх, орон сууцжуулах хөтөлбөрт хамруулах боломжоор хангах, нэн түрүүнд манай улсад тасалдаад буй эм тариаг яаралтай татаж авчруулах асуудалд Засгийн газрын тэргүүн анхаарч өгөхийг хүслээ. Тэд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сурах эрх, тусгай сургууль, цэцэрлэгийн хүртээмж, сургууль цэцэрлэгийн орчны тохижилт стандарт, эмч, эмнэлгийн ажилтны ур чадвар, ёс зүй зэрэг олон асуудлыг хөндөж байна. Монгол Улсын Ерөнхий сайд уулзалтын үеэр эцэг, эхчүүдийн санал хүсэлтийг улсын төсөв болон Засгийн газрын тэргүүний эрх мэдлийн хүрээнд шийдвэрлэж дэмжихээ илэрхийлээд зарим үүрэг даалгаврыг салбарын сайд нарт өглөө. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч байгаа иргэнд олгох тэтгэмжийг нэмэгдүүлэх боломж нөхцөлийг судлах, гаднын өндөр хөгжилтэй орноос нарийн мэргэжлийн зөвлөх эмч, мэс заслын багийг энэ онд эх орондоо урьж ажиллуулах зэрэг асуудлыг судлах, эцэг, эхчүүдийн тавьсан санал хүсэлтийг багцлан ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд танилцуулан зарим шийдвэрийг гаргахаар боллоо. Мөн шинээр баригдах сургууль цэцэрлэгийн тохижилтод хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцах боломжийг бий болгох, үр дүнг танилцуулах, ЭХЭМҮТ-д тархины саажилт, тархины бусад төрлийн эмгэгтэй хүүхдэд зориулсан тасаг, өрөө ажиллуулахыг салбарын сайд нарт даалгав.

Н.ТҮВШИНБАЯРТ ХОЛБОГДОХ ХЭРГИЙН ШҮҮХ ХУРЛЫН ҮЕЭР ТҮҮНИЙГ ЭЦСИЙН ҮГЭЭ ХЭЛЭХ ЗӨВШӨӨРЛИЙГ ШҮҮГЧ ОЛГОЛОО

Тэрбээр "Миний бие гэм буруугаа туйлын ихээр хүлээн зөвшөөрч маш ихээр харамсаж гэмшиж байгаа. Хийж болохгүй үйлдлийг хийсэн гэж бодож байна. Талийгаач найзынхаа ар гэр, хань ижил үр хүүхэд бүхнээс чин сэтгэлээсээ уучлалт хүсье. Мөн аав ээж ах дүү төрөл төрөгсөд бүгдээс чин сэтгэлээсээ уучлалт хүсэж байна. Миний найз бол хамгийн сайн найз байсан. Хүүхэд ахуй наснаасаа л хамтдаа хүсэл мөрөөдлөө ярьж өнөөдрийн миний амжилт бүхэнд миний найз бол салшгүй холбоотой явсан. Найзынхаа амь насанд хүрчихье гэж, ийм нөхцөл байдалд хүрчихнэ гэж огт бодоогүй явсан. Энэ бүхнээс танхимд сууж байгаа бүх хүнээс уучлалт хүсэж байна. Мөн Монголын ард түмэн, миний найзыг дэмждэг байсан маш олон хүмүүс бий. Энэ бүхнээс бүгдээс нь уучлалт хүсэж байна" гэлээ. Тэрээр цааш нь "Уучлаарай та бүхэн. Би гэм буруугаа маш ихээр ойлгож, маш ихээр харамсаж, гэмшиж байгаа. Цаашид үр хүүхэд болон гэр бүлд нь боломж олдвол насан туршдаа найзынхаа гэр бүлд тус дэм болохын төлөө зүтгэх болно гэдгээ бас хэлье. Мөн аав ээжээс нь гурван дүү, хамаатан садан бүх хүнээс чин сэтгэлээсээ уучлалт гуйж байна. Энэ хэрэгт холбогдон өчигдөр гэрч болон орж ирсэн хүмүүсээс бас уучлалт хүсэж байна. Энэ бүгдэд би л зөвхөн буруутай. Хуулийн өмнө хариуцлага хүлээхээ ухамсарлаж ойлгож байгаа. Эрхэм шүүгчид хандаж, өмгөөлөгчийн минь хэлснийг хуулийн дагуу шийдэж өгөөч гэж хүсэж байна. Гэм буруугаа ойлгож байна" гэлээ.

МОНГОЛ ИРГЭНДЭЭ ХАЛТАЙ , ХАРЬ ИРГЭНД "ХАЙРТАЙ" ТӨРИЙН ШИЙДВЭРҮҮДИЙН ТАЛААР МЭДЭЭЛЛЭЭ

Махтай холбоотой асуудлаар иргэн Б.Энхцэцэг мэдээлэл хийлээ. Тэрбээр "Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газар зөвшөөрөлгүй үйлдвэрт бэлтгэсэн махыг эрх бүхий аж ахуйн нэгжүүдэд гаргадаг дээр нь дөрөөлж квот авдаг. Авсан квотоороо БНХАУ-ын иргэд болон миний махыг экспортод гаргаж өгдөг байсан. Тиймээс одоогийн үүссэн нөхцөл байдалд МХЕГ-ынхан махыг лацдаж байгаа ч үнэн зөвөөр шийдэгдэхгүй гэж хардаж байна. Шадар сайдын ажлын алба Эмээлт дээр шалгалт хийж байгааг харж байгаа. Шударга ёсыг сэргээж байгаа төрийн түшээдэд итгэж байна. Махны салбарт бугширсан идээ бээрийг цэвэрлэхийг шаардаж байна. Миний хувьд Монгол Улсаас мах экспортод гарч эхэлсэн цагаас махны бизнес хийж эхэлсэн. 2016 оноос хойш тасралтгүй мах худалдан авч бэлтгээд экспортлогч эрх бүхий аж ахуйн нэгжүүдээр дамжуулан БНХАУ-д худалдаа эрхэлсээр ирсэн юм. Энэ хооронд өөрийн үйлдвэрийг байгуулахаар Жижиг, Дунд Үйлдвэрийг Хөгжүүлэх Сангаас зээл хүссэн ч олдоогүй. Тухайн үед дарга нар авдаг зээл юм байна гэсэн ойлголт төрсөн. Бизнес маань хэвийн явж байгаад 2019 оноос надад квот олдохоо больсон. Учир нь БНХАУ-ын олон иргэн махны бизнес рүү орж ирсэн. Квот гуйж яваагүй газар, уулзаагүй хүн байхгүй. ХХААХҮЯ хууль дээдлэх шударга ажиллах зарчмаа биелүүлээгүй. Улстөрчдөд хүртэл хандаж байлаа. Иргэндээ биш БНХАУ-ын иргэдэд үйлчилсээр ирснийг саяхан нийгэмд өрнөсөн махны асуудал харуулдаг. Эх оронч үзэл дээр тулгуурлаж аливаа улс орон хөгждөг байтал гаднынхыг гэж байгаад үнэхээр гомдолтой байна. Махны салбарын ашгийг тэр чигт нь гаднынхан хүртдэг. Үндэсний компаниуд бүгд БНХАУ-ын иргэдийн махыг гаргаж өгдөг. Махны салбарт иргэнээ нэгдүгээрт тавьж, дараа нь гаднынханд үйлчлэхийг шаардаж байна. Тиймээс миний хувьд өнөөдрөөс суулт зарлаж байна" гэлээ.

1 ... 209 210 211 212 213 214 215 216 217 ... 323