ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ ГАЦААСАН ХЭРЭГТ ХОЛБОГДОГЧДЫГ СААТУУЛЖ ЭХЭЛЛЭЭ

Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамын бүтээн байгуулалтын тендерийг анх шалгаруулахад оролцсон ЗТХЯ болон бусад байгууллагын албан тушаалтнуудыг АТГ-ынхан шалгаж эхэлсэн билээ.

Тодруулбал, уг замыг барих сонгон шалгаруулалтыг хариуцаж байсан тухайн үеийн сайд, яамны мэргэжилтнүүд, Автозамын газрынхан гээд нэлээд хэдэн хүнээс тайлбар мэдүүлэг авч буй.Энэ хүрээнд өчигдөр З.Буяннэмэх гэх залууг албадан саатууллаа. Ажиллах хүч, техник тоног төхөөрөмжгүй, зам барих туршлагагүй БНХАУ-ын аж ахуйн нэгжүүдийг тендерт шалгаруулахад нөлөөлж, хээл хахууль зуучилсан байж болзошгүй гэх хэрэгт түүнийг сэжиглэн цагдан хорьсныг хэд хэдэн эх сурвалж мэдээллээ.

Тэрбээр тухайн үеийн ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболдтой ойр дотно харилцдаг нэгэн учраас Тендерийн хороонд нөлөөлсөн байж болзошгүй гэж тус яамны нэрээ хэлэхийг хүсээгүй нэг бус хүн өгүүлсэн юм.

Тодруулбал, БНХАУ-ын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж болох “Чайна гео инженеринг корпорац” компанийг тендерийн шаардлага хангаагүй байхад З.Буяннэмэх Тендерийн хорооныхонд нөлөөлснөөр ЗТХЯ-ны эрх бүхий албан тушаалтнууд дээрх эл аж ахуйн нэгжид давуу байдал олгосон гэнэ. “Чайна гео инженеринг корпорац” ХХК нь Өндөрхөөн-Чойбалсан чиглэлийн хатуу хучилттай 50 км зам барих тендерт шалгарсан ч гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүйн улмаас төрд 10.9 тэрбум гаруй төгрөгийн хохирол учруулсан байдаг. ЗТХЯ-наас уг аж ахуйн нэгжийн эсрэг зарга мэдүүлж, маргаан нь шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад З.Буяннэмэх тэргүүтний оролцоотойгоор Дарханы замын бүтээн байгуулалтад оролцох тендерт шалгарсан аж.

Ингэхдээ ЗТХЯ-ны эрх бүхий албан тушаалтнууд сонгон шалгаруулалтын баримт бичгийг өөрчлөн шүүх, арбитрын маргаантай оролцогчийг шалгаруулахгүй байх заалтыг нь хасаж байгаад “Чайна гео инженеринг корпорац” компанийг ялуулсан гэнэ.Уг компани нь Улаанбаатар-Дархан чиглэлийн замын дөрөвдүгээр багц буюу Сүмбэрийн уулзвараас Цайдамын хөндий хүртэлх 45.08 км авто замыг барихаар болсон ч ажлаа төдийлөн үр дүнтэй гүйцэтгээгүй, удаашралтай байгаа нь ийнхүү хууль сахиулах байгууллагынханд шалгуулах үндэслэл болсон юм.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.