НЭГҮҮН МЭДЭЭ
ЭРЭЭН ЗАМЫН-ҮҮД БООМТЫН ТЭЭВЭРЛЭЛТ ХЭВИЙН ГОРИМД ШИЛЖЛЭЭ

БНХАУ-ын Эрээн хотод коронавируст халдварын тохиолдол нэмэгдэж, хөл хорио тогтоогоод байсан. Тэгвэл өнөөдрөөс эхлэн боомтын үйл ажиллагааг сэргээж, ачаа тээвэр хэвийн горимд шилжихээр болсон тухай эх сурвалж мэдээллээ. Мөн Эрээнд чингэлэг тээврүүдийг сугалааны зарчмаар явуулж байсныг болиулж, гаалийн хашаанд орсон тээврүүд ачаагаа шуурхай дүүргэх үүрэг хүлээхээр болсон байна. Эрээний талаас хийсэн энэ зохицуулалт тээврийн үнэ буурах нөхцөл байдлыг бүрдүүлэх юм.

НААДМЫН ТАСАЛБАР БОЛОН АВТОМАШИНЫ ЗӨВШӨӨРЛИЙГ ДОЛДУГААР САРЫН 1-НЭЭС ЦАХИМААР ХУДАЛДАНА

Үндэсний их баяр наадмын тасалбарыг энэ жил www.enaadam.mn цахим сайтаар долоодугаар сарын 1-ний өдрөөс борлуулж эхлэхээр болжээ. Тасалбар үнийн хувьд сүүдрэвчтэй нь 52,500, сүүдрэвчгүй нь 42,000 төгрөгөөр борлуулагдана. Энэ нь баяр наадмын өдрүүдэд буюу долоодугаар сарын 11-ний нээлт, бөхийн барилдаан, 12-ны өдрийн хаалт хүртэлх наадмын арга хэмжээг үзэх багц үнэ юм. Иргэд www.enaadam.mn цахим сайтад нэвтэрч утасны дугаараа оруулан баталгаажуулах код авч, хувийн мэдээллээ оруулан бүртгүүлж, Qpay болон Social pay ашиглан төлбөрөө төлснөөр Төв цэнгэлдэх хүрээлэнгийн тасалбар, мөн автомашины Г, М зөвшөөрөл захиалах боломжтой. Нэг хүн хоёр тасалбар, автомашины таван зөвшөөрөл авах боломжтой . Наадмын тасалбар болон автомашины зөвшөөрлийг хүргэлтээр авч болно.

ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН ТУХАЙ ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТ

Ардын хувьсгалын түүхт 100, 101 жилийн ойн баяр наадам хаяанд ирж, бөхчүүдийн допинг, цолны маргаан, эрлийз, монгол морьдын асуудлаа шийдэж чадахгүй өдийг хүрээд байсан бол өчигдөр Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ баталлаа. Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгад дараах онцлох заалтууд орсон. Үндэсний их баяр наадмын тухай хууль нь 2003 онд батлагдсанаас хойш нийт 6 удаа, давхардсан тоогоор 54 гаруй зүйл, хэсэг, заалтад нэмэлт, өөрчлөлт орж хуулийн анхны бичвэрээс нэлээд зүйл, хэсэг заалт өөрчлөгдсөн байна. Үндэсний их баяр наадмын тухай хуульд допинг хэрэглэхийг хориглох, хэрэглэсэн тохиолдолд хүлээлгэх хариуцлагын механизмыг суулгаж өгсөн боловч энэ нь олон улсын допингийн стандарттай нэг талаар нийцэхгүй, мөрдөж байгаа дүрэм журмыг батлах субъектийг хуульд тодорхой зааж өгөөгүйгээс Захиргааны ерөнхий хуульд заасан эрх зүйн хэм хэмжээний актын шаардлагыг хангаж чадахгүйд хүрч, Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хороо, салбар хорооны шийдвэр нь шүүх дээр хүчингүй болох тохиолдол гарч байна. Нөгөө талаас допинг хэрэглэхийг хориглох, хэрэглэсэн тохиолдолд хариуцлага хүлээлгэх зохицуулалт нь төдийлөн үр дүнтэй бус зөвхөн хэрэглэсэн бөх, харваачид хариуцлага тооцох, тодорхой хугацаанд баяр наадамд оролцох эрхийг хасах байдлаар явж ирсэн нь допинг хэрэглэхийг зөвлөж, хэрэглүүлж байгаа дасгалжуулагч, эмч, бөхийн дэвжээ зэрэг нь ямар нэг хариуцлага хүлээхгүй, энэ хөшүүрэг үр дүнтэй байж чадахгүй байна. Эрүүл мэндийн зайлшгүй шалтгаанаар допинг хэрэглэхээр болсон тохиолдолд Допингийн эсрэг үндэсний байгууллагад хандана Үүнтэй холбогдуулан хуулийн шинэчилсэн найруулгад 1.Олон улсын допингийн эсрэг агентлагаас жил бүр баталсан допингийн хориглосон жагсаалтад багтсан бодис, аргыг үндэсний бөх, сурын харваач хэрэглэхийг хориглоно. 2.Бөхийн барилдаанд дөрөв, түүнээс дээш давсан бөх, үндэсний сурын харвааны эрэгтэй болон эмэгтэй тус бүр эхний найман байр эзэлсэн харваачдаас допингийн шинжилгээ авна. 3.Хуульд заасан этгээд допингийн шинжилгээнд орохоос татгалзсан, зайлсхийсэн бол допинг хэрэглэсэнд тооцно. 4.Эрүүл мэндийн зайлшгүй шалтгааны улмаас Олон улсын допингийн эсрэг агентлагаас жил бүр баталсан Хориглосон жагсаалтад багтсан бодис, аргыг хэрэглэсэн буюу хэрэглэхээр болсон тохиолдолд энэ тухай Эмчилгээний зорилгоор чөлөөлөх Олон улсын стандартад заасны дагуу Допингийн эсрэг үндэсний байгууллагад хандана; 5.Үндэсний бөх, сурын харваачийн дасгалжуулагч, эмч нь дасгалжуулж байгаа үндэсний бөх, сурын харваачид допинг хэрэглэхийг санал болгохгүй байх, допинг хэрэглүүлэхгүй байх үүрэг хүлээнэ. Үндэсний их баяр наадмын уралдаанд Монгол үүлдрийн морийг оролцуулна Хурдан морины уралдааны салбар хорооны морины бүртгэлийн дэд хороо нь улсын баяр наадам эхлэхээс 3-4 хоногийн өмнө мэдээллийн санд орсон Монгол үүлдрийн адууны стандартын шаардлагад нийцсэн морийг Үндэсний их баяр наадмын уралдаанд оролцуулна гэж заажээ. Тодруулбал хуулийн төсөлд Хурдан морины уралдааныг монгол үүлдрийн адууны стандартад нийцсэн морийг азарга, их нас, соёолон, хязаалан, шүдлэн, даага гэсэн насны ангиллаар зохион байгуулна гэсэн байна. Монгол морь дараах гурван стандарттай. Үүнд: Үүлдэрлэг байдал Сэрвээний өндөр Өмнөх хоёрыг нэгтгэсэн стандарт. Тухайлбал сэрвээний өндөрийн хувьд хамгийн сүүлд даага 127 см-ээс илүүгүй, Их нас, соёолон 141 см-ээс илүүгүй байх гэж заасан. Мөн шинэчилсэн найруулгад орсон өөр нэг том өөрчлөлт нь уяачийн үүргийг нэмэгдүүлж өгсөн. Ёс жудаг хууль тогтоомж журамтай холбоотой үүргийг зөрчсөн тохиолдолд хариуцлагыг цахим систем рүү шилжүүлж Зөрчлийн бүртгэл, мэдээллийн сан үүсгэх заалтуудыг энэ хуульд тусгажээ. Онцгой нөхцөл байдалд аймаг, сумын баяр наадмыг хойшлуулж болно Хүн амын нягтаршил, газар нутгийн байршил, төсвийн хэмнэлтийн хүрээнд зэргэлдээ сумын баяр наадмыг нэгтгэн зохион байгуулна. Үүнээс гадна Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж дэх хот, тосгон, Нийслэлийн алслагдсан дүүрэг баяр наадам зохион явуулах эсэхийг Засгийн газар шийдвэрлэхээр зохицуулав. Мөн онцгой нөхцөл байдлын үед улс, аймгийн баяр наадмыг Засгийн газрын шийдвэрээр, сумын баяр наадмыг тухайн аймгийн Засаг даргын шийдвэрээр хойшлуулах, зохион байгуулах байршлыг солих зэргээр нөхцөл байдалд тохируулан зохион байгуулж болох зохицуулалтыг тусгасан байна.

ХОЁР ӨРХИЙН НАЙМАН БҮЛ ОРОХ ОРОНГҮЙ ОЙЧИХ АЯГАГҮЙ ҮЛДЭЖ , АРД ТҮМНЭЭСЭЭ ДЭМЖЛЭГ ХҮСЛЭЭ

Элэг нэгт Монгол ахан дүүс минь нэгэн сайхан гэр бүлд дэм тус болцгоое хэмээн, уриалж байна. 2022 оны 6-р сарын 23 ны өглөө Өвөрхангай аймгийн Хархорин сум Вангийн овоо багийн Өлийн 17 - гийн 10-н тоот хашаанд оршин суух өрх толгойлсон эмэгтэй Цэгмэдийнх болон түүний хүү Г.Маналжавын гурван гэр шатаж 2 өрхийн 8-н ам бүл орох оронгүй өмсөх хувцасгүй хүнд байдалд оржээ. Хэлж ирдэггүй гай зовлон тухайн гэр бүлийг нөмрөөд байна. Монголчууд минь, зон олон минь та бүхнийг өрх толгойлсон эмэгтэй Цэгмид болон түүний хүү Маналжавын гэр бүлд сайхан сэтгэлээр туслана гэдэгт гүнээ итгэж байна. Цэгмидийн охин Отгон-сувд Утас: 89727262 ХААН банкны данс 5562097993

ГОЛЫН УСАНД ЖИВЭХ ЭРСДЭЛТЭЙ БАЙСАН 34 ИРГЭНИЙГ АВАРЧЭЭ

Гол, усны ослоос иргэдийг хамгаалах, урьдчилан сэргийлэх мэдээлэл хүргэх зорилгоор Туул, Хэрлэн, Тэрэлж голын эрэг дагуу болон голоор хөдөлгөөнт болон завьт эргүүл энэ сарын 15-аас эхлэн үүрэг гүйцэтгэн ажиллаж байна. Энэ хугацаанд Нийслэлийн Онцгой Байдлын Газрын бие бүрэлдэхүүн, Аврах ангийн аврагчид буцалтгүй нэрвэгдэгч долоон иргэний цогцсыг гарган Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгч, голын усанд живж амь насаа алдах эрсдэлтэй 34 иргэний амь насыг авран хамгааллаа. Цагдаагийн байгууллагаас өгч байгаа мэдээллээр голын усанд живж амь насаа алдсан иргэд ийн дийлэнх нь архи , согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн, мэдэхгүй гарц гармаар гарах гэж оролдсон, усанд сэлдэг гэж эрдсэн, өөртөө болон бусдад тавих хяналтаа алдсан нөхцөл байдал зонхилж байна. Г олын усанд амь насаа алдах эрсдэлээс урьдчилан сэргийлж, аюулгүй байдлаа ханган, бие биедээ тавих хараа хяналтаа сайжруулж, зүй зохистой амарч зугаалахыг нийт иргэддээ онцгойлон анхааруулж байна. Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар

ӨМНӨГОВЬ АЙМАГ БЕЛАРУСЬ УЛСТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА

Бүгд найрамдах Беларусь улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Горелик Дмитрий Николаевич болон хатагтай Анна Петровна, өргөмжит консул Леонид Яковлевич нар манай аймагт айлчиллаа. Энэ онд Монгол Улс Беларусь улс хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиож байна. Хамтын ажиллагааны хүрээнд тус улсын Жодино, Минск хотуудад 21 оюутан залуучууд хүнд даацын автомашин, инженер техникийн чиглэлээр суралцаж орон нутагтаа амжилттай ажиллаж байна. Өнөөдрийн уулзалтаар Элчин сайд Горелик Дмитрий Николаевич хамтын ажиллагааг аймгийн хэмжээнд өргөжүүлэх оюутан солилцооны хөтөлбөрийг үргэлжлүүлэх, хөдөө аж ахуй, зам засвар арчилгаа болон уул уурхайн автомашин, автобус, барилгын сайн чанарын лифт болон техник тоног төхөөрөмж нийлүүлээх чиглэлээр хамтран ажиллахаа илэрхийллээ.

ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН САНГИЙН ХӨРӨНГӨӨР 2021 ОНД ХИЙГДСЭН АЖИЛД ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ ҮНЭЛГЭЭ ХИЙСЭН ТУХАЙ МЭДЭЭЛЭЛ

Аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2021 онд 11 төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээр 12.973.427.0 мян төгрөг батлагдсанаас тухайн ондоо 11.405.661.2 мян төгрөгийн санхүүжилт гүйцэтгэлээр олгогдож нийт ажлын гүйцэтгэл 96 хувьтай үнэлэгдсэн байна. Аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр томоохонд тооцогдох, иргэдийн хэрэгцээ шаардлагыг хангасан дараах үр дүнтэй бүтээн байгуулалтын ажлууд хийгдсэн байна. Үүнд: Даланзадгад сумын Гурвансайхан хороолол, Жаал-Уулын нисэх хорооллын 0,4 кв-ын цахилгаан дамжуулах агаарын шугамыг байгуулах, Даланзадгад, Гурвантэс, Манлай сумдын гэр хорооллын төвлөрсөн дулааны шугам сүлжээг өргөтгөх, Даланзадгад сумын гэр хорооллын гэрэлтүүлгийг нэмэгдүүлэх, Мал амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, шимэгчтэх өвчний арга хэмжээ болон гоц халдварт, адууны нийлүүлэг паратиз, бруцеллёз өвчнөөс эрүүл бүсийг баталгаажуулах тандалт шинжилгээний ажлыг төлөвлөн хэрэгжүүлж, эм био үйлдвэрлэлийн тасгийг шинээр байгуулах, Гурвантэс сумын төвд 1,6 км хатуу хучилттай автозамыг барьж ашиглалтад оруулах, Даланзадгад суманд ундны усны худгийг шинээр гаргах, Даланзадгад сумын төвийн гэр хороололд цэвэр бохир усны шугам сүлжээг өргөтгөж, ус түгээх байр барих, Нийтийн тээврийн үйлчилгээний ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн хүүхэд хөнгөлөлттэй зорчсоны нөхөн олговрыг олгох, Мөн Орон нутгийн хөгжлийн сангийн 2021 оны хөрөнгө оруулалтын хүрээнд сумдын ИТХ-аас нийт 11044780.4 мян төгрөг батлагдсан байна. Сумдын батлагдсан хөрөнгөөр нийт 181 хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээ төлөвлөснөөс 134 төсөл арга хэмжээ 100 хувь биелж нийт төсөл арга хэмжээний биелэлт 81 хувьтай хэрэгжсэн байна. Баяндалай, Баян-Овоо, Гурвантэс, Мандал-Овоо, Манлай, Номгон, Ноён, Сэврэй, Ханбогд, Ханхонгор, Хүрмэн, Цогт-Овоо, Цогтцэций сумдад хувиарлагдсан нийт 45 арга хэмжээг 2022 онд гүйцэтгэхээр төлөвлөгдсөн байна. Булган, Номгон, Ноён, Мандал-Овоо сумдын төлөвлөгөөний хэрэгжилт хангалттай буюу 90-100 хувь хэрэгжиж дууссан. Гурвантэс, Манлай, Сэврэй, Ханбогд, Цогт-Овоо, Даланзадгад сумын төлөвлөгөөний хэрэгжилт 80-90 хувийн хэрэгжилттэй байна. Баян-Овоо, Баяндалай, Ханхонгор, Хүрмэн, Цогтцэций сумдын төлөвлөгөөний хэрэгжилт 60-70 хувьтай биелэгдсэн үзүүлэлттэй байна. Сумдад иргэдээс ирсэн саналын хүрээнд хамгийн олноор хийгдсэн ажлуудаас дурдвал: Өвс тэжээлийн агуулах барих Эмнэлэг, цайны газрын барилгын их засвар Мал эмнэлгийн барилгын засвар ЕБС-ын гал тогооны тоног төхөөрөмжийг шинэчлэх Эрүүл мэндийн төвийн түргэн тусламжийн автомашин Спорт заалны тохижилт, тоног төхөөрөмж Хүүхдийн тоглоомын талбай байгуулах Гэр хорооллын гэрэлтүүлэг хийх ажил Дулаан цэвэр ус, бохирын шугамын өргөтгөл Гүн өрмийн худаг гаргах Эрүүл мэндийн төвийн тоног төхөөрөмжийг шинэчлэх ЦДАШ-ын өргөтгөл хийх Сумын төвийн засмал зам болон явган хүний замын арчилгаа Сумын төвийг камержуулах зэрэг нийтлэг иргэдийн нэн хэрэгцээ шаардлагыг хангасан бүтээн байгуулалтын томоохон ажлуудыг хийж гүйцэтгэсэн байна. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийн эх үүсвэрээр хэрэгжүүлсэн хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээний үр дүнд бий болсон барилга байгууламж, тоног төхөөрөмж, эд хөрөнгийг хуульд заасны дагуу өмчлөлд бүртгэн авч, тухайн байгууллага нь хөрөнгийн ашиглалт, хадгалалт, хамгаалалтыг хариуцаж байна. Орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагаа нь орон нутгийн хөгжлийг дэмжиж, иргэдийн тогтвор суурьшилтай амьдрах орчинг бүрдүүлэх зорилготой тул тухайн орон нутгийн иргэдийн оролцоо хамгаас чухал байдаг. Тус сангийн мэдээллийг иргэдэд ил тод нээлттэй байлгах, холбогдох мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орчин, тухайн сумын албан ёсны цахим хуудас, гар утас, өрхийн дэвтэр, нээлттэй хаалганы өдөрлөг, урлаг соёлын арга хэмжээ зэрэг олон нийтийн сувгаар дамжуулан хүргэх ажлыг идэвхтэй, тогтмол зохион байгуулах. Түүнчлэн Өмнөговь аймгийн хэмжээнд “Хэрэглэгчийн үнэлгээний судалгаа”-г жил бүр хөндлөнгийн судалгааны байгууллагаар гүйцэтгүүлдэг. Энэхүү судалгаанд иргэдээс ирүүлсэн саналд орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагааг иргэд, олон нийтэд нээлттэй ил тод явуулж байх талаар санал удаа дараа гардаг учраас энэ сангийн үйл ажиллагааг иргэдэд ил тод, нээлттэй сурталчлах талаар мэдээлэл хүргэж ажилласан.

ҮХЦ-ЫН СОНГУУЛИЙН ХУВЬ ТЭНЦҮҮЛСЭН ТОГТОЛЦООГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЛӨӨ

Үндсэн хуулийн цэцийн Их суудлын өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын сонгуулийн хууль тогтоомжийн зарим зохицуулалт Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх талаарх асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа. УИХ-ын гишүүн Т.Доржханд, хуульч Д.Үүрцайх нар 2021 оны арванхоёрдугаар сард Үндсэн хуулийн цэцэд хандан одоо мөрдөж буй УИХ-ын сонгуулийн мажоритар тогтолцоо нь Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх асуудлаар гомдол гаргаад байсан юм. Цэц энэ асуудлыг Их суудлын хуралдаанаар хянан хэлэлцээд Монгол Улсын Үндсэн хуулийн 21.4-т “УИХ-ын сонгуулийн журмыг хуулиар тогтооно” гэсэн зохицуулалтын хүрээнд хууль тогтоогч сонгуулийн сонгох, сонгогдох зарчмыг хангасан байдлаар ямар ч сонгуулийн тогтолцоог сонгон хуульчлах онцгой бүрэн эрх нь УИХ-д хадгалагдаж байна гэж дүгнэсэн байна. Өөрөөр хэлбэл, сонгуулийн тогтолцоог Үндсэн хуулиар тогтоох бус УИХ бүрэн эрхийнхээ хүрээнд сонгон хуульчлах ёстой гэсэн шийдвэр гаргажээ. УИХ-ын сонгуульд пропорциональ буюу хувь тэнцүүлсэн тогтолцоог ашиглаж болох уу, үгүй юу гэдгийг шийдвэрлэхээр хуралдсан Их суудлын хуралдаанаас гарсан шийдвэр УИХ-ын сонгуулийг пропорциональ систем буюу хувь тэнцүүлсэн тогтолцоогоор явуулах боломжийг нээж өгч байгаа юм. Үндсэн хуулийн цэц энэ асуудлыг эцэслэн шийдвэрлэж байгаа ч нөгөө талд улс төрийн намуудын санаачлагын дор өрнөж буй Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудал үргэлжлэн явагдах юм. Улс төрийн намууд Үндсэн хуульд оруулах энэ удаагийн нэмэлт өөрчлөлтөөр парламентын ардчиллыг бэхжүүлэх, УИХ-ын сонгуулийг хувь тэнцүүлсэн тогтолцоо буюу сонгуулийн холимог системийг нэвтрүүлэх зэрэг 11 асуудлыг шийдвэрлэх ёстой гэдэгт санал нэгдээд байна.

МҮИС ОЮУТНУУДАА ЗОРИУЛАН СУРАЛЦАХ ХУГАЦААНДАА ЦАЛИНТАЙ АЖЛЫН БАЙРТАЙ, ХОС ДИПЛОМТОЙ ТӨГСӨХ ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА

Монголын Үндэсний Их Сургууль нь 1998 онд байгуулагдсан цагаасаа хойш өдийг хүртэл боловсролын салбарт 24 дэх жилдээ тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна. Өнөөдрийн байдлаар Улс орон даяар ЭЕШ явагдаж байна. Тэгвэл Ерөнхий Боловсролын Сургууль төгсөгчид мэргэжил сонголт болоод ямар сургуульд элсэн суралцах гээд хамгийн хариуцлагатай шийдвэр гаргах цаг үедээ ирээд байгаа билээ. Энэ хүрээнд МҮИС-ийн ТУЗ-ийн дарга Л.Мөнхбаттай ярилцлаа. Өнөөдрийн байдлаар 13 салбар сургуульд олон улсад эрэлт хэрэгцээтэй хамгийн өндөр цалинтай төгсөөд шууд ажлын байранд гарах боломжтой 250 гаруй мэргэжлээр 15000 оюутан, 700 гаруй өндөр хөгжилтэй оронд докторын зэрэг хамгаалалсан багшлах боловсон хүчинтэйгээр "Олон улсын тэргүүлэх Их Сургууль" төслийг хэрэгжүүлэн ажиллаж байна Олон улсын тэргүүлэх их сургууль төсөл гэдэг бол Монголын боловсролын системийг хөгжингүй орнуудын болон Харвард, Стэнфордын их сургуулийн түвшинд хүргэх зорилготой төсөл юм. Уг төслийн хүрээнд МҮИС-ийн орчин нөхцөл болоод хичээлийн агуулга, мэргэжлийн нэршил нь хүртэл олон улсын стандартыг ханган ажиллаж байна. МҮИС-ийн багш сурган хүмүүжүүлэгч нар нь гадаадын өндөр хөгжилтэй орнуудад доктор, профессорын зэрэг хамгаалсан эрдэмтэд байдаг бөгөөд мөн Америк, Австрали, Герман, Япон, Солонгос зэрэг олон орны эрдэмтэд ч МҮИС-д ажилладаг билээ. Хос дипломийн тухайд, Монгол залуус маань гадаадад өндөр цалинтай ажил хийх сонирхолтой байдаг хэдий ч хэлний мэдлэггүй болон, мэргэжил таарахгүйгээс хар бор ажил хийдэг. Бид үүнд тулгуурлан үндсэн мэргэжлийнхээ хажуугаар Англи, Хятад, Солонгос, Япон, Герман гээд олон орны хэлний мэдлэгтэй болж Хос Дипломтой төгсөх боломжийг нээж өгч байгаа юм. 1000-СЕО төсөл бол маш чухал төсөл. Олон улсын тэргүүлэх сургуулиуд энэ л зарчмаар явдаг. Бид Монголдоо анх удаа энэ боломжийг оюутнууддаа олгохын тулд 10 жил бэлдэж, 100 гаруй тэрбумыг хөрөнгө оруулаад байна. Тодруулбал, 1000-СЕО төсөл нь оюутан байх хугацаандаа өөрийн гэсэн бизнес компанитай, үйлдвэртэй болж олон улсын түвшинд өрсөлдөхүйц хэмжээний удирдлагын ухаанд суралцсан оюунлаг Монгол иргэнийг зах зээлд бэлдэн гаргах гол зорилготой юм. Ийнхүү, Хонгконгд 100 мянган доллараар суралцдаг маркетинг, менежментийн сургалтыг нэгдүгээр курсд нь үнэ төлбөргүй зааж, амжилттай суралцсан тохиолдолд хоёрдугаар курсээсээ нэг сарын 100 мянган төгрөгийн цалинтай, компанийн захирал болон менежер гэсэн албан тушаалтай болж, гуравдугаар курсээсээ нэг сарын 200 мянга, дөрөвдүгээр курсээсээ нэг сарын 400 мянган төгрөгийн цалинтай, тухайн компанийн олсон ашгаас хувь хүртэх боломжтой болж өөрийн үйлдвэрээ сургуульд сурах хугацаандаа байгуулах маш том төслийг Монголдоо анх удаа хэрэгжүүлж буйгаараа онцлог юм.

ААЖУУ ЯВБАЛ АЯНДАА ХҮРНЭ ДЭЭ, УУСАН БОЛ БҮҮ ЖОЛООД АЯН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Энэ оны эхний 5 сарын байдлаар зам тээврийн ослын улмаас 486 гэмт хэрэг бүртгэгдсэнээс 195 эрдэнэт хүн амь насаа алдаж, үүнээс 43 хүн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож амь насаараа хохирсон байна. Тээврийн цагдаагийн албанаас 2022.06.20-2022.09.15 хооронд Улсын хэмжээнд “Аажуу явбал аяндаа хүрнэ дээ” арга хэмжээ эхлүүлсэн бөгөөд Зам тээврийн осол, хэргийн улмаас иргэдийн амь нас, эд хөрөнгө хохироос урьдчилан сэргийлэх, хөдөлгөөнд оролцогчдын буруу дадал хандлагыг өөрчлөх, зөв үйлдэлд урилах, иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, сурталчилан таниулахад оршиж байна. Аян эхэлснээс хойш буюу 2022.06.20-ны өдрөөс 2022.06-23 өнөөдрийг хүртэл хугацаанд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 534 зөрчлийг илрүүлж болзошгүй зам тээврийн хэрэг ослоос урьдчилан сэргийлж ажилласан байна. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ авто машин жолоодох нь жолооч хурд хэтрүүлэх, гэрэл дохио болон өөдөөс ирэх саадыг анзаарахгүй, зогсоох арга хэмжээ авч чадахгүй, анхаарал төвлөрөхгүй байх зэргээр өөрийгөө хянах чадварт муугаар нөлөөлж ноцтой зам тээврийн осол гарах үндэс болдог. Архи согтууруулах ундаа нь авто машин жолоодож буй хүний оюун ухаан, жолоодох ур чадвар, самбаачлах хугацаа, оюун санаанд шууд нөлөөлдөг учрас согтолт их байх туссам эрсдэл нь өндөр байдаг байна. Иймд жолооч та өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд хохирол учрахаас урьдчилан сэргийлж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохоос татгалзаж, замын хөдөлгөөнд оролцохдоо #хууль, #дүрмийг биелүүлж #соёлтой оролцохыг #уриалж байна. " ИРЭЭДҮЙГЭЭ ХАМГААЛЪЯ" № Он Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил Согтуугаар үйлдэгдсэн зам тээврийн осол Согтуу жолоочийн улмаас амь нас нь хохирсон хүний тоо 1 2017 он 30532 793 96 2 2018 он 32335 799 135 3 2019 он 34591 978 150 4 2020 он 26696 1103 112 5 2021 он 39428 1479 106 6 2022 оны эхний 5 сар 18599 541 43 Нийт 182181 5693 642

1 ... 206 207 208 209 210 211 212 213 214 ... 323