НЭГҮҮН МЭДЭЭ
БАРИЛГЫН АЖИЛ ГҮЙЦЭТГЭХ ЯВЦДАА ТОГОНД ЦОХИУЛАН ГУРВАН ИРГЭН НАС БАРЛАА

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороонд ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлага өчигдрийн 18:59 цагт онцгой байдлын албанд иржээ. Дуудлагын дагуу Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид очиход барилгын суурийн ажил гүйцэтгэж байх явцад краны сум нь 10,000 вольтын хүчдэлтэй цахилгаан дамжуулах агаарын шугамд хүрсний улмаас 37-58 насны гурван иргэн хүчдэлд цохиулж нас барсан байжээ. Улмаар цогцсыг тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн хэмээн Онцгой Байдлын Ерөнхий Газраас мэдээлэв. Сэрэмжлүүлэг : Цахилгаан монтажаа мэргэжлийн байгууллага, алба хаагчаар хийлгэх, Цахилгааны утсыг газар доогуур татаж байршуулахгүй байх, хамгаалалт хийх, Цахилгааны гэмтэлтэй утас ашиглахгүй байх, Цахилгааны хэт ачаалал үүсгэхгүй байх, Өндөр хүчдэлийн дор гэр, хашаа барихгүй байхыг анхааруулж байна.

Цэцэрлэгийн барилгын суурьт чанаргүй хайрга ашигласан компанийн ажлыг дахин эхлүүлжээ

Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй 200 хүүхдийн цэцэрлэгийн барилга угсралтын ажилд тус аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас хяналт тавьжээ. Шалгалтаар зоорийн давхрын баганан болон шугам суурийн цутгалтын ажлыг гүйцэтгэхдээ тоос, шавар, шорооны хольц ихтэй стандартын шаардлага хангаагүй хайрга ашигласан. Улмаар ус цементийн харьцаа алдагдаж бетонд агшилтын ан цав их хэмжээгээр үүссэн байв. Бетонд хөндлөн ан цав үүссэн тохиолдолд дотоод бүтцийн эвдрэлийг сэргээх боломжгүй тул цутгалтын ажлыг зогсоож дахин гүйцэтгэхийг шаардлаа.

Байгаль орчны байгууллагуудад бартаат замын 19 автомашин өглөө

Байгаль орчны байгууллагуудад бартаат замын автомашин хүлээлгэн өгөх ёслолын үйл ажиллагаа өнөөдөр /2022.08.18/ Сүхбаатарын талбайд боллоо. Тодруулбал, Монгол Улсын болон ХБНГУ-ын Засгийн газар хоорондын хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд Германы Сэргээн Босголтын Зээлийн Банкнаас БОАЖЯ-тай хамтран хэрэгжүүлж буй "Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төслийн хүрээнд байгаль орчны байгууллагуудад Ландкрузер 300 маркын 19 автомашин хүлээлгэн өгсөн. Үүнд, Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий, Увс зэрэг аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрууд, нэр бүхий 12 улсын Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаад, Байгаль орчин, аялал жуулчлалын яам багтаж байна. Уг төслийн 2, 3-р үе шатыг 2020 оны гуравдугаар сараас эхлэн хэрэгжүүлээд байна. Автомашин хүлээлгэн өгөх албан ёсны үйл ажиллагаанд ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга Карен Хойфер, Германы сэргээн босголт, БОАЖЯ болон төсөл хэрэгжүүлэгч нэгж, Зөвлөх багийн төлөөлөл нар оролцлоо. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ: -Энэхүү төсөл нь Монгол Улсын Тусгай хамгаалалттай Газар Нутаг болон орчны бүс, экологийн холбоос нутгуудын тогтвортой, үр дүнтэй менежментийг бэхжүүлэх, биологийн олон янз байдлыг хамгаалах, нутгийн иргэдийн тогтвортой амьжиргааг дэмжих гол зорилготой. Ингэхдээ төсөл маань дөрвөн үндсэн бүрэлдэхүүн хэсэгтэйгээр хэрэгжиж байгаа. ТХГН-ийн менежментийн ба бизнесийн төлөвлөлтийг Олон улсын байгаль хамгаалах холбооны удирдамж, стандартын дагуу шинэчлэн сайжруулах, тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээний хэмжээнд менежментэд шаардлагатай үндсэн тоног төхөөрөмж, хангах гэсэн цогц арга хэмжээний хүрээнд нийт 665680 еврогийн үнэ бүхий ландкрузер 300, 76, 79 маркийн 19 автомашиныг гардуулан өглөө. ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга Карен Хойфер: -Уур амьсгалын өөрчлөлт бол дэлхий нийтийг хамарсан өөрчлөлт. Энэ уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, биологийн олон янз төрлийг хамгаалах нь хүн бүхний үүрэг. Ингэснээрээ байгалийн тусгай хамгаалалтад цогцолбор газрууд, байгаль хамгаалагчид мөн орон нутгийн захиргааны байгууллагууд маш том үүрэг хүлээн бидэнтэй хамтран төслийг хэрэгжүүлж байгаа. Энэхүү төсөл маань Монгол орны өнцөг булан бүрд хүрч ажиллаж буй Герман, Монголын хамтарсан төсөл юм. Төслийн нийт санхүүжилт 32.35 сая евро юм. Тодруулбал, Германы Засгийн газраас 27.5 сая еврогийн буцалтгүй тусламжийн дэмжлэг үзүүлэх ба Монголын Засгийн газраас 4.75 сая еврогийн хөрөнгө оруулалт хийгдэх юм.

Цэцэрлэгийн хоолны мөнгийг нэмэх эсэхийг намраас шийднэ

Цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг нэмэх асуудлыг ирэх намар хэлэлцэх талаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан мэдээлсэн. Тодруулбал, “2023 оны төсвийг есдүгээр сарын 15-ны өдөр хэлэлцэнэ. Энэ үеэр хэлэлцэх байх гэж бодож байна” гэсэн хариултыг өчигдөр /2022.08.17/ хэлсэн. Цэцэрлэгийн хүүхдийн нэг өдрийн хоолны мөнгө 2400 төгрөг байдаг аж. Уг мөнгөөр хүүхэд нэг өдрийн хангалттай илчлэг авч чадахгүй байгаад эцэг эхчүүд мөн, холбогдох албаны хүмүүс санал нэгддэг. Төр хүүхдийн хоолны зардлыг 2013 оноос эхлэн хариуцаж иржээ. Мөн энэ оны хоёрдугаар сард УИХ-ын чуулганаар төсвийн тодотгол хэлэлцэх үед тус салбарын сайд Л.Энх-Амгалан “Цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг эцэг эхтэй нь хуваалцахгүй бол, төр дангаараа нуруун дээрээ үүрч явахад хүндрэлтэй болж байна. Тиймээс цаашид хүүхдийн хоолны зардлын 50 хувийг эцэг эхээс нь гаргуулах шаардлага байна” хэмээн хэлжээ. Иймээс хүүхдийн хоолны зардлыг нэмэх эсэхийг намар шийдэхээр болж байна. Дашрамд дуулгахад энэ жил нийслэлийн хэмжээнд цэцэрлэгт хамрагдах 2-5 насны 141023 хүүхэд бий.

Үнийн өсөлтийг бууруулах ажлын хэсэг өнөөдөр хуралджээ

УИХ-ын дарга Г.Занданшатарын захирамжаар байгуулагдсан Эдийн засгийн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг шийдвэрлэх асуудлаар санал, дүгнэлт гаргаж, танилцуулах үүрэг бүхий ажлын хэсэг өнөөдөр (2022.08.18) хуралдлаа. Хуралдаанд ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар ажиллаж, Б.Баттөмөр, Х.Булгантуяа, Х.Ганхуяг, О.Цогтгэрэл, Ц.Цэрэнпунцаг, С.Чинзориг нарын гишүүд ажиллаж байна. Өнөөдрийн хуралдааныг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр даргалж, Х.Булгантуяа, О.Цогтгэрэл, Ц.Цэрэнпунцаг, Х.Ганхуяг нар үнийн өсөлтөөс сэргийлэх, инфляцийг бууруулах, эдийн засгийн өсөлтийг дэмжих, гадаадын хөрөнгө оруулалтыг татах, ойрын хугацаанд эдийн засагт нүүрлэж болох эрсдэлүүдээс хамгаалах, далд эдийн засгийг ил болгох чиглэлээр хийж байгаа ажил болон ирэх оны төсвийг өмнөх жилүүдээс ямар ялгаатай боловсруулж буй талаар холбогдох яамд, байгууллагын удирдлага, албан тушаалтнуудаас тодруулж, хариулт авлаа. Гишүүдийн асуултад Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваа, Эдийн засгийн хөгжлийн яамны Макро эдийн засгийн бодлогын газрын дарга Л.Энх-Амгалан, Санхүүгийн зохицуулах хорооны Зах зээлийн судалгаа, хөгжлийн газрын дарга Н.Оюунчимэг, Сангийн яамны Төсвийн нэгтгэлийн хэлтсийн дарга Г.Золбоо, Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын Өрийн удирдлагын хэлтсийн дарга Б.Сүх-Очир нар хариулахдаа үнийн өсөлтийн хувь хэмжээ болон үнэ өсөж буй шалтгаан, үнийн өсөлтөөс сэргийлэх чиглэлээр хэрхэн ажиллаж буйгаа танилцуулав. Мөн инфляцийн шалтгааныг тогтоож, ямар арга хэмжээ авахаар ажиллаж буй талаар мэдээлэл өглөө. Хуралдааны төгсгөлд хуралдаан даргалагчийн зүгээс ирэх Даваа гаригт ажлын дэд хэсгийн өргөтгөсөн бүрэлдэхүүнтэйгээр хуралдаж, дэлгэрэнгүй мэдээлэл танилцуулах үүрэг чиглэл өгчээ.

Цагдаагийн шаардлагыг эсэргүүцэж, биед нь халдсан иргэнийг 2.7 сая төгрөгөөр торгох шийтгэл оноов

Иргэн Б согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон ба цагдаагийн алба хаагчийн “тээврийн хэрэгслээ унтраа” гэсэн шаардлагыг эсэргүүцэн түүний хэвлийн тус газарт гараараа нэг удаа цохижээ. Энэ үйлдэл нь хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн бол гэмт хэрэгт тооцно. Хуульд зааснаар “хууль сахиулагч” гэж цагдаа…”-г ойлгох ба Цагдаагийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт “Цагдаагийн алба хаагч, олон нийтийн цагдаа нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, зөрчлийг арилгуулах, учирч болох хор хохирлыг гаргуулахгүй, нэмэгдүүлэхгүй байх зорилгоор хүн, хуулийн этгээдэд тодорхой үйлдлээс татгалзах, эсхүл үйлдэл хийх шаардлага тавьж болно” гэж заажээ. Хүч хэрэглэн эсэргүүцсэн гэдэг нь хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан түүний тавьсан шаардлагыг үл тоож, цохих, зодох гэх мэт бие махбодийн хүчирхийлэл үйлдэхийг ойлгоно. Шүүхээс иргэн Б-гийн дээрх үйлдлийг “хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэрүүцсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2.700 нэгж буюу 2.700.000 төгрөгийн торгох ял оногдуулж шийдвэрлэсэн байна. Энэ нь хөнгөн гэмт хэрэгт хамаарах бөгөөд торгох, зорчих эрхийг хязгаарлах, хорих ялаас сонгож оногдуулахаар заасан. Б-гийн үйлдсэн гэмт хэрэгт оногдуулах ялыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх хуульд заасан нөхцөл байдлууд тогтоогдоогүй, хувийн байдлын хувьд ажил хөдөлмөр эрхэлдэг, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан 2.700.000 төгрөгөөр торгох ял оногдуулсан. Шүүхээс торгуулийн ялыг 1 жилийн дотор хэсэгчлэн биелүүлэх хугацаа тогтоож өгсөн ба тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болно гэж Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс мэдээлэв.

ЗӨВЛӨГӨӨ: Шилжин явсныг бүртгэхгүй тул сум, хорооноос хасалт хийлгэх шаардлагагүй

Баянгол дүүргийн бүртгэлийн хэлтсээс шилжилт хөдөлгөөний бүртгэл хийхэд юу бүрдүүлэх шаардлагатай талаарх зөвлөгөөг бэлтгэжээ. Иргэн өөрийн биеэр /өөрийн биеэр очих боломжгүй бол итгэмжлэл, итгэмжлэгдсэн иргэн/ засаг захиргааны нэгжийн харьяаллын дагуу шилжин ирж буй сум хорооныхоо улсын бүртгэгчид хандана. Бусдын хаяг дээр шилжин ирж буй бол хаягийн эзний бичгээр гаргасан зөвшөөрөл Үйлчилгээний хураамж төлсөн баримт. ЮУ АВЧ ОЧИХ ШААРДЛАГАГҮЙ ВЭ? Шилжин ирж буй иргэн өргөдөл бичих шаардлагагүй. Иргэний үнэмлэх, насанд хүрээгүй хүүхдүүдийн төрсний гэрчилгээ, газар болон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг авчрах шаардлагагүй. Шилжин явсны бүртгэл гэж хийгдэхгүй тул шилжин явж буй сум хорооноос хасалт хийлгэх шаардлагагүй. ЮУГ АНХААРАХ ШААРДЛАГАТАЙ ВЭ? Кв1. Газар эзэмших /өмчлөхөөс тусдаа гэрчилгээ/ эрхийн гэрчилгээ болон үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх болон бусад гэрээ нь мэдээллийн санд байхгүй тул авчрах шаардлагатай.

Австралийн “Ажиллах болон амрах” виз мэдүүлэгчдийн анхааралд

Монгол, Австралийн Засгийн газар хооронд “Ажиллах болон амрах” визийн зохицуулалтыг хэрэгжүүлэх тухай санамж бичигт өнгөрсөн гуравдугаар сард гарын үсэг зурсан. Санамж бичиг зурагдсанаар Монгол Улсын 100 залуу 2022 оны долдугаар сарын 1-нээс эхлэн Австралид “Ажиллах болон амрах” визээр нэг жилийн хугацаанд ажиллах, аялах үеэрээ дөрвөн сар хүртэлх хугацаагаар суралцах боломж бүрдсэн юм. ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр “Удаан хугацаанд хүлээсэн баримт бичиг бодит ажил хэрэг болж, биеллээ олж буйд бид баяртай байна. Монгол, Австрали хоёр орны залуус хоорондын харилцаа, харилцан ойлголцол, итгэлцэл, соёлын солилцоо цаашид улам бэхжиж, олон монгол залуус Австралид ирж, танай сайхан орны олон үндэстнээс бүрдсэн нийгэм, соёлд өнгө нэмж, нийгэм, эдийн засгийн хөгжилд их хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна. Мөн австрали залуус Монголд аялж, ажиллан улсын хөгжил дэвшилд үлэмж хувь нэмэр оруулна гэж итгэж байна” гэсэн юм. Австралийн “Ажиллах болон амрах” визийн хөтөлбөрт Монгол Улс хамрагдсанаар эхний ээлжинд Монгол Улсын 18-30 насны 100 залуу тус улсад ажиллах суралцах эрхтэй болж буй бөгөөд хөтөлбөрийн хэрэгжилтээс хамаарч цаашид энэ тоо жилээс жилд нэмэгдэх боломж нээгдэж буй. Одоогийн байдлаар 90 гаруй хүн сонгон шалгаруулалтад орж, 25 хүний виз нь гарсан, 60 хүний хариу удахгүй гарна хэмээн Австралийн Элчин сайд Кэти Смит ХНХ-ын сайдтай уулзах үеэрээ мэдээлжээ. Тус хөтөлбөрийн виз мэдүүлэхээр төлөвлөж байгаа, холбогдох шаардлага хангасан Монгол Улсын иргэн виз мэдүүлэхээс өмнө Гадаад харилцааны яамнаас захидал авсан байх шаардлагатай. Гадаад харилцааны яамнаас олгох захидлыг авахын тулд дараах материалыг бүрдүүлж, dep10-13@mfa.gov.mn цахим шуудангийн хаяг руу, зөвхөн “pdf” өргөтгөлтэй файлаар илгээх шаардлагатай бөгөөд зохих хариуг ажлын өдрүүдэд 48-72 цагийн дотор тухайн хүний бүртгүүлсэн цахим шуудангаар хүргүүлнэ. Захидал авахад бүрдүүлэх материалын жагсаалт: Хүчин төгөлдөр Монгол Улсын үндэсний энгийн гадаад паспортын хуулбар Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байгаа эсэх тухай тодорхойлолт (e-mongolia цахим үйлчилгээний нэгдсэн порталаас авна) Шүүхийн шийдвэрээр бусдад төлбөргүй эсэх тодорхойлолт (e-mongolia цахим үйлчилгээний нэгдсэн порталаас авна) Дээд боловсролын сургалтын байгууллагын дипломын тодорхойлолт (e-mongolia цахим үйлчилгээний нэгдсэн порталаас авна), хэрэв сургууль төгсөөгүй бол их, дээд сургуульд хоёроос доошгүй жил амжилттай суралцсан талаарх сургуулийн тодорхойлолт Гадаад харилцааны яамнаас олгох захидлыг зөвхөн холбогдох шаардлага (шаардлагын талаарх мэдээллийг энд дарж үзнэ үү) болон материалын бүрдлийг хангасан иргэнд олгох болохыг дахин анхааруулж байна. Гадаад харилцааны яамнаас олгох захидал нь Австрали Улсын “Ажиллах болон амрах” виз авах баталгаа биш бөгөөд зөвхөн виз мэдүүлэхэд шаардлагатай баримт бичгийн нэг юм. Австрали Улсын “Ажиллах болон амрах” визийг Монгол Улсын иргэнд олгох эсэх нь Австрали Улсын холбогдох байгууллагын бүрэн эрхийн асуудал учраас Гадаад харилцааны яам виз олголттой холбоотой асуудлаар аливаа гомдол, санал хүлээн авахгүй гэнэ.

СҮХБААТАР, ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 2-5 НАСТНУУД ЭНЭ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД ЦЭЦЭРЛЭГТ БҮРЭН ХАМРАГДАНА

Нийслэлийн цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах ажил үргэлжилсээр байна. Үүний үр дүнд Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн 2-5 настнууд энэ хичээлийн жилд цэцэрлэгт бүрэн хамрагдах боломжтой болсныг Боловсрол, Шинжлэх Ухааны Яамнаас мэдээлэв. Сүхбаатар дүүрэг цэцэрлэгийн насны 12,983, Чингэлтэй дүүрэгт 13,477 хүүхэд амьдарч буй юм. Нэмэлт мэдээлэл хүргэхэд, цэцэрлэгт бүртгүүлэх хүсэлтийг e-Mongolia системээр наймдугаар сарын 24-нийг дуустал авна. Өчигдрийн байдлаар 80 орчим мянган хүүхдийн хүсэлт ирээд байгааг салбарын сайд нь хэлж байв.

ХААИС-ИЙН БАРУУН ТАЛД МАШИНЫ ЗОГСООЛЛ БОЛГООД БАЙСАН АВТОБУСНЫ БУУДЛЫГ СЭРГЭЭН БАЙГУУЛЖ БАЙНА

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, ХААИС-ийн баруун талд машины зогсоол болгоод байсан автобусны буудлыг сэргээн байгуулж байна. Нийслэлд буй 1,169 автобусны буудлаас 620 гаруйг нь шинэчлэн тохижуулах шаардлагатай байгаа юм. Тиймээс ирэх оноос Францын “JCDecaux” компанитай хамтран ши нэ стандартын дагуу бүрэн шинэчилнэ хэмээн нийслэлийн Сургалт, Судалгаа, Олон Нийттэй Харилцах Газраас мэдээлэв.

1 ... 193 194 195 196 197 198 199 200 201 ... 334