НЭГҮҮН МЭДЭЭ
ХААДС-Д ХҮЛЭЭН АВАХ УЛААНБУУДАЙН ҮНИЙГ ТОГТООЛОО

Хөрш орнуудад үүссэн геополитикийн мөргөлдөөн, ковидын цар тахлаас шалтгаалж газар тариалангийн үйлдвэрлэлд шаардлагатай бүх орцын үнэ 30-35 хувь өссөн. Тиймээс тариаланчдын гол төлөөлөл болсон Монголын тариаланчдын үндэсний холбоотой хамтран үйлдвэрлэлийн бодит үнэ өртөг болон дэлхийн зах зээл дээрх үнэ ханш зэрэг хүчин зүйлсийг харгалзан үзэж, энэ жилийн буудайн үнэ тогтоов. Хөдөө аж ахуйг дэмжих санд хүлээн авах үнэ: 1-р ангиллын улаанбуудай 1 тонн-1,000,000 төгрөг 2-р ангиллын улаанбуудай 1 тонн-970,000 төгрөг 3-р ангиллын улаанбуудай 1 тонн-940,000 төгрөг 4-р ангиллын улаанбуудай 1 тонн-880,000 төгрөг байхаар тогтоолоо.

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ХЭМЖЭЭНД 870 ГАРУЙ ӨРХИЙН 500 ГАРУЙ МЯНГАН МАЛ ОТОРТ ЯВЖ БАЙНА

Өнөөдөр Өмнөговь аймгийн хэмжээнд нутгийн 5% нь ногоотой, 35% нь дунд зэрэг, 60% нь гантай байна. Хөдөө аж ахуйн хувьд цаг үеийн нөхцөл байдал хүндэрч байгаатай холбогдуулан байгууллагын дарга эрхлэгч нарын шуурхай хурлыг зарлан хуралдуулж, аймгийн Засаг дарга холбогдох газруудад үүрэг чиглэл өглөө. Манай аймагт 15 сумын 59 багт 3,2 сая гаруй толгой мал тоолуулсан бөгөөд одоогийн байдлаар 500 гаруй мянган мал өөрийн болон бусад аймаг сумдын нутагт отор нүүдэлтэй явна. Цогтцэций, Манлай, Цогт-Овоо сумдын нутагт 687 өрх, бусад аймгийн нутагт 186 өрх оторлож байгаа хэдий ч дээрх тоо нэмэгдэх хандлагатай байгааг хөдөө аж ахуйн газраас онцолж байна. Улсын хэмжээнд 9 аймаг гандуу /гантай/ байгаа тул өвс тэжээлийн нөөц бүрдүүлэх, отрын мал, малчдын талаар аймаг орон нутгаас бодлогоор дэмжих, хаврын тариалалтын гарц, ургац хураалт, махны нөөц, малчдын эрүүл мэнд гээд олон тулгамдсан асуудлыг хөндөн ярилцаж байна. Төв суурингийн өвөлжилт, хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил, малын халдварт өвчний тархалт урьдчилан сэргийлэлт зэрэг цаг үеийн мэдээ мэдээллийг солилцож, дараагийн шатны арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхээр болоод байна.

ОХИДЫГ ӨНДӨР ЦАЛИНТАЙ АЖИЛД ЗУУЧЛАНА ХЭМЭЭН МЭХЛЭЖ НҮЦГЭН ЗУРАГ, БИЧЛЭГИЙГ НЬ АВЧ СҮРДҮҮЛЭН БИЕИЙГ НЬ ҮНЭЛҮҮЛДЭГ БАЙЖЭЭ

Долоон тэрбум 800 сая хүн амтай дэлхийтэй хөл нийлүүлж, өндөр хөгжилтэй оронд боловсрол эзэмшиж, чадварлаг мэргэжилтэн болох гэгээн хүсэл мөрөөдөл таньд байдаг уу ? Дэврүүн сайхан энэ хүсэл мөрөөдлийг тань далимдуулан худал хэлж, хууран мэхэлж, заналхийлэн хүний наймаа, хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болгох гэж байгаа гэмт этгээдүүд яг одоо ч байсаар байна. ЭЦА-ны Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Э.Алтанхуяг Цагдаагийн байгууллагаас бэлгийн мөлжлөг, хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр энэ оны эхний 7 сарын байдлаар 7 гэмт бүлэг этгээдүүдэд мөрдөн шалгах ажиллагааг явуулан шүүхээр шийдвэрлүүлж байна. Тухайлбал: Нийслэл хотод оршин суух Н, Т, Ц, А, С нар бүлэглэн 2021 оны 09 дүгээр сараас 2022 оны 02 дугаар сарын хооронд ар гэрийн хараа хяналт сул, амьдралын түвшин доогуур насанд хүрээгүй 14-17 насны 5 охины эмзэг байдлыг нь далимдуулан өндөр цалинтай ажил хийлгэнэ гэж хуурч мэхлэн тэдний нүцгэн зураг, бичлэгийг авч бусдад тараана гэж айлган сүрдүүлж эрхшээлдээ оруулан хүчээр биеийг нь үнэлүүлж байсан. Сэжигтэй этгээдүүд нь цахим орчинд насанд хүрээгүй охидын биеийг үнэлүүлэх зар байршуулан шөнийн цагаар тээврийн хэрэгсэл ашиглан хяналттайгаар бусдад биеийг нь үнэлүүлж байсан үйлдлийг цагдаагийн байгууллагаас таслан зогсоож холбогдох хэрэгт Нийслэлийн прокурорын газрын хяналттай мөрдөн шалгах ажиллагаа явуулан хэргийг шүүхэд шилжүүлэн ажилласан. Гэмт хэрэг үйлдэж байгаа бүлэг этгээдүүд ихэвчлэн санхүүгийн хувьд чадамжгүй, нийгмийн эмзэг давхаргын, анхаарал халамж тавих хүнгүй охид, эмэгтэйчүүдийг эзмэг байдлаар нь далимдуулан онилж хохирогчоо болгодог. Тэдэнд хүч хэрэглэхээр заналхийлж, эсхүл хууран мэхэлж, эд хөрөнгө бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ оруулж Монгол Улсад болон гадаадад хүчээр биеийг нь үнэлүүлж, ашиг олж худалдаалдаг байна. Бэлгийн мөлжлөг, хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчдын тулгамдаж буй асуудал юу байна вэ ? Орлогын эх үүсвэргүйгээс болж бусдаас хараат байдалд ордог, гэмт хэрэгтнүүдээс айх айдсаас гадна бусад хүмүүс энэ талаар мэдсэн байх вий, олон нийтийн сүлжээнд мэдээлэл тарах вий гэсэн сэтгэл түгшсэн байдалтай байдаг бол гэр бүл, найз нөхдийн хандлагын тал дээр гадуурхах, буруутгах, харилцаанд нь өөрчлөлт орох, үүнээс шалтгаалан эмзэг байдал нь арилахгүй байх тохиолдлууд байдаг байна. Сэтгэл зүйч Б.Очиржанцан Энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болж буй охид бүсгүйчүүдийн шалтгааныг аваад үзэхээр бага насандаа үл хайхрагдах, сэтгэл зүйн хувьд бага насандаа зайлшгүй авах хэрэгцээнүүд нь хангагдаагүйн улмаас энэ төрлийн эрсдэл бий болоод байгаа юм. Жишээ нь: Бага насандаа хайр халамжаар дутаж өссөн эмэгтэй хүнд хайр халамж мэдрүүлэх, халуун дулаан үг хэлж байгаа тохиолдолд дотно байдлыг бий болгодог. Цаашлаад өөрийн эмзэг байдлаа, нууц мэдээллүүдээ алдах үүнээс нь болж сүрдүүлэх тохиолдол гардаг. Нийгэмд хохирогчийг буруутгах байдал маш их анзаарагддаг. Тэр эмэгтэй бэлгийн хүчирхийлэлд өртсөн, хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болсон эмэгтэйчүүдийг ойлгох, хүндэтгэх, жирийн харилцаагаар харилцахгүй байгаа тохиолдолд өөрийгөө нийгмээс тусгаарлах, өөрийгөө буруутгах, эрсдэлтэй нөхцөл байдал үүсдэг. Хүн худалдаалах гэмт хэрэг нь зохион байгуулалттайгаар үндэстэн дамнан үйлдэгддэг тул энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, хүн худалдаалах гэмт хэргийн шалтгаан нөхцөл, нөлөөлж байгаа хүчин зүйлсийг судлан тогтоосны үндсэн дээр уг гэмт хэрэгтэй тэмцэх тогтолцоо, арга хэлбэрийг шинэчлэх, мөн иргэд энэ төрлийн гэмт хэргийн талаар эрх зүйн мэдлэг мэдээлэлтэй байх шаардлагатай байна. ЭЦА-ны Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Э.Алтанхуяг Монгол Улсын иргэн “Н” нь гадаад улсын иргэнтэй үгсэн тохиролцож цахим мэдээллийн хэрэгсэл ашиглан 16 охид, эмэгтэйчүүдийн эмзэг байдлыг далимдуулан гадаад улсад өндөр цалинтай ажилд оруулж өгнө гэж хууран мэхэлж итгэлийг нь эвдэн Монгол Улсын хилээр гадагш нэвтрүүлж, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын нутаг дэвсгэрт орогнуулж байсныг цагдаагийн байгууллагаас олж тогтоон Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн хүн худалдаалах гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөлтэйгөөр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагааг явуулсан байна. Хохирогч болох 15 иргэнийг Хууль зүй, дотоод хэргийн яамаар дамжуулан Улсын онцгой комисст танилцуулж, Олон Улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын дэмжлэгтэйгээр төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран эх оронд нь авч ирсэн. Хүн худалдаалах гэмт хэрэг, бэлгийн мөлжлөгт насанд хүрээгүй охид, эмэгтэйчүүдийг хохирогч болгохгүйн тулд нэн тэргүүнд эцэг эх, асран хамгаалагчид хүүхдүүддээ тавих хараа хяналтаа сайжруулах, насанд хүрээгүй байгаа таны охин хэнтэй, хаана, юу хийж байна, ярьж байгаа зүйл сэтгэл хөдлөл нь ямар чиг хандлагатай болж байна, бусдын хувцас эд зүйлийг хэрэглэж, согтууруулах болон мансууруулах бодис хэрэглэж байгаа эсэхийг хянах, цахим хэрэглээг нь анхаарах шаардлагатай юм. Харин хилээр гарч байгаа иргэд ажлын гэрээ заавал байгуулах, өөрийн паспорт бичиг баримтаа хэнд ч өгөхгүй өөртөө хадгалах, Монгол Улсаас тухайн оронд суугаа Элчин сайдын яам, Консулын газарт бүртгүүлэх, Монголд байгаа гэр бүл, хамаатан садан, найз нөхдөдөө очсоноо мэдэгдэж, холбоотой байх нь учирч болзошгүй гэмт хэргээс урьдчилан сэргийлэх юм. Таны мөрөөдөл, хүсч буй зүйлийг тань ашиглан хууран мэхэлж, гэмт хэргийн хохирогч болгохыг хэнд ч бүү зөвшөөр! Мөрөөдлөө хамгаалъя, хувь заяагаа атгая. Хохирогч Би зуны амралтаараа сургалтын төлбөрөө олохын тулд ажил хийдэг байсан. Ажил хийгээд сургалтын төлбөрөө бүрэн олох боломж бага учраас манай хамт ажилладаг байсан найз минь хамтдаа гадаад руу явж ажилласан дээр, тэнд илүү өндөр цалинтай учраас хоёулаа ганцхан сар л ажиллачихаад ирье гэсэн. Анхандаа бага зэрэг гайхсан л даа. Яагаад гэвэл анх удаа гадаад явах гэж байгаа, бас найз минь маш их ятгасан. Хамгийн гол нь найзтайгаа хамт явж байгаа учраас санаа зовох зүйл байгаагүй. Гэтэл тэнд очоод би өөрийгөө хүний наймааны золиос болчихсон гэдгээ мэдсэн. Очиход шууд л гадаад руу явахад гаргасан бүх зардлаа өөрөө төл гэсэн. Хүн худалдаалах гэмт хэргийг үйлдэгчид тухайн хохирогчийн хүсэл, мөрөөдлийг судлан түүнд нь тохирсон мэдээллийг илгээн, өөрсдийн эрхшээлд оруулж, бэлгийн мөлжлөг болон албадан хөдөлмөр эрхлүүлж байна. Тиймээс дэлхий нийтээрээ энэ гэмт хэргийг мөрөөдлийг хулгайлах гэмт хэрэг хэмээн нэрлэж, үүнээс хамгаалах шүхэр буюу арга замыг хамтдаа эрэлхийлэн тэмцэж эхлээд байгаа юм. Хүйсийн тэгш эрхийн төвийн тэргүүн Г.Ганбаясгах Хүн худалдаалах гэмт хэрэг нь зөвхөн хилийн чанадад үйлдэгддэг, зөвхөн Монгол хүмүүс хохироод байдаг хэрэг биш. Дэлхий нийтийн хэмжээнд зохион байгуулалттай үйлдэгддэг гэмт хэрэг юм. Тиймээс эх орон дотроо ч үйлдэгддэг, хилийн чанадад ч үйлдэгддэг. Хил гааль хаалттай үед хүн худалдаалах гэмт хэрэг зогссон гэж тайвширч болохгүй. Хүний наймаа үйлдэгдэж байгаа. Насанд хүрээгүй хүүхдүүдийг, насанд хүрсэн залуу охид, эмэгтэйчүүдийг зохион байгуулалттайгаар биеийг нь үнэлүүлдэг, үүнээс болж охид эмэгтэйчүүд хохирч байна. Мөн уул уурхай дагасан, хүн амын төвлөрөл дагасан асуудлууд гарч ирж байгаа бөгөөд хөдөлмөрийн мөлжлөг зорилгоор хүмүүсийг хохирогч болгож байгаа учир энэ бүгдийг өөрийн улс дотроо шийдвэрлэх боломжтой цаг үеүүдэд ирээд байна. Тиймээс таны эргэн тойронд таны ойр дотны хэн нэгэн, амьдарч байгаа дүүрэг, хороо аймгийн сум, багын нутаг дэвсгэрт хүний хөдөлмөрийг мөлжиж байгаа, цалин хөлсийг нь өгөхгүй, насанд хүрээгүй хүүхдүүдийг ажиллуулж, биеийг нь үнэлүүлж байгаа асуудлууд байвал та өөрийнхөө харьяалагдах цагдаагийн газар яаралтай мэдэгдэж таслан зогсоох үүрэгтэй юм шүү. Дэлхий дахинд хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болсон хүмүүсийн тоо 40,3 сая. Үүний 4 хүн тутмын 1 нь хүүхэд, хохирогчдын 71 хувь нь охид, эмэгтэйчүүд байна. Хүн худалдаалах гэмт хэрэг үндэстэн дамнасан, зохион байгуулалттай гэмт хэрэг бөгөөд ашиг орлогын хувьд мансууруулах бодис, зэвсгийн наймааны дараа ордог тул олон улсын хамтын ажиллагаа зайлшгүй шаардлагатай. Уг гэмт хэрэг нь нууц далд аргаар үйлдэгддэг учраас эрүүгийн бусад гэмт хэргийн адил хохирогчид нь цагдаагийн байгууллагад тэр бүр хандаад байдаггүй нийгэмд бугшмал хүнд хэрэг юм. “Анбаунд монгол” ТББ-ын үйл ажиллагааны менежер Г.Заяа Хүн худалдаалах гэмт хэрэг нь зөвхөн кинон дээр гардаг шиг хүнийг хулгайлах, эд эрхтнийг наймаалах байдлаар явагддаггүй. Харин хүний хэрэгцээ, эмзэг байдал дээр нь тулгуурлан үйлдэгддэг бөгөөд олон шат дамжлагатайгаар явагдаж байна. Сүүлийн үед сэтгэл татах аргыг ашиглаж хосын харилцаан дээр дөрөөлж байна, өсвөр насны хүүхдүүдийн итгэлцэл дээр дамжуулан хүмүүсийг хохироож байна. Зарим тохиолдолд хүмүүс өөрийгөө хүний наймаанд өртсөн гэдгээ ч мэдэхгүй тохиолдол байдаг. Манай “Анбаунд монгол” ТББ-нь хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр дамжин өнгөрөх ажиглалт төслийг хилийн боомтууд дээр хэрэгжүүлж эхэлсэн. Энэхүү төслийн зорилго нь хилээр дамжин өнгөрч байгаа зорчигчдоос судалгаа аваад, өндөр эрсдэлтэй байгаа гэж тодорхойлсон охид, эмэгтэйчүүдийг зогсоож гэр лүү нь аюулгүй буцаадаг. Энэхүү төслийн хүрээнд 3600 гаруй охид эмэгтэйчүүдээс судалгаа авч 24 охид, эмэгтэйчүүдийг зогсоож гэр лүү нь аюулгүй буцаасан. Ковид-19 цар тахал гарахаас өмнө буюу 2020 онд нийт 6 охид эмэгтэйг зогсоосон бөгөөд үүний зургаа нь насанд хүрээгүй, хүн худалдаалах гэмт хэргийн талаар ямар ч мэдээлэлгүй, эрсдэлтэй ажлын сонголт хийгээд явах гэж байсан. Ажилгүйдэл, ядуурал нь хүмүүсийг, ялангуяа хүүхэд, эмэгтэйчүүдийг улс орны дотоодод болон хилийн чанадад хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болгох, түүнчлэн хувийн байдал нь тогтворгүй, бусдад амархан хууртаж итгэдэг, дээрх гэмт хэргийн талаар мэдлэг мэдээлэл дутуу зэрэг нь бэлгийн мөлжлөг, хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болоход гол хүчин зүйл, суурь шалтгаан болж байна. Иргэд: Өсвөр насны хүүхдүүдийг эцэг эхчүүд маш сайн анхаарах ёстой. Орой үдшийн цагаар ганцааранг нь явуулахгүй байх, найзалж нөхөрлөж байгаа хүүхдүүдэд нь анхаарал тавих, хичээлийн бусад үйл ажиллагаан дээр илүү хараа хяналттай байх, багш, нийгмийн ажилтантай байнгын холбоотой байх хэрэгтэй. Энэ гэмт хэргийн золиос болж байгаа хүүхдүүд их байгаа шүү дээ. Монгол Улсад анх 1999 онд хүн худалдаалах гэмт хэргийн тохиолдол бүртгэгдэж байсан бөгөөд түүнээс хойш албадан хөдөлмөрийн зорилгоор ЕвроАзи руу, бэлгийн мөлжлөгийн зорилгоор Бүгд Найрамдах Хятад Ард Улс болон Зүүн Өмнөд Азийн орнууд руу хүн худалдаалах гэмт хэргүүд илэрч байгаа юм. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлд заасан /Хүн худалдаалах/ гэмт хэрэгт 2017-2022 оны эхний 7 сар буюу сүүлийн 5 жил гаруй хугацаанд 237 хохирогч тогтоогдсоноос насанд хүрээгүй 95 хохирогч байгаа нь нийт хохирогчдын 40 хувийг эзэлж байна. Эх сурвалж: ЦЕГ

ДИЗЕЛЬ ТҮЛШ БОЛОН АИ-95 ШАТАХУУНЫ ҮНЭ ЛИТР ТУТАМДАА 300 ТӨГРӨГӨӨР БУУРЛАА

Шатахууны үнийн асуудлаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдал мэдээлэл хийлээ. Тэрбээр "Дэлхий дахинд түүхий газрын тосны үнэ буурснаар дизель, болон АИ95 түлшний үнэ литр тутамдаа 300 төгрөгөөр буурсан. Дэлхийн зах зээл дээр сүүлийн хоёр жилий хугацаанд түүхий газрын тосны үнэ сар бүр өсөж байсан. Эрдэс баялагийн бүтээгдэхүүний хамгийн том худалдан авагч, борлуулагч БНХАУ-ын эдийн засгийн өсөлт удааширсантай холбоотойгоор брент маркийн түүхий газрын тосны үнэ дэлхий дахинд сүүлийн сар уналттай ажиглагдсан. Нэг баррель нь 135 доллар хүрч байсан бол өчигдрийн байдлаар 96 доллар болж буурсан байна. Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ буурахад АИ95 болон дизель түлшийн үнэ буурч ажиглагдаж байна. АИ92 автобензины тухайд ОХУ-ын Роснефть компанитай хийсэн хэлцлийн дагуу он дуустал тонн нь 830 доллароор худалдан авна. АИ-92 шатахууны үнэ он дуустал 2390 төгрөг хэвээр байна. Есдүгээр сард дизель түлшний үнэ дахин буурах болов уу гэсэн хүлээлттэй байгаа. Ургац хураалтын цаг болж энэ үед дизель түлш гол хэрэглээ болдог. ХХААХҮЯ-наас ургац хураалтын үед 10000 тонн дизель түлш шаардагдана гэсэн тооцоолол ирүүлсэн" хэмээв.

ХОЁРДУГААР ЭМНЭЛЭГ НИЙТ АЖИЛЧДЫНХАА ҮНДСЭН ЦАЛИНГ 10 ХУВИАР НЭМЖЭЭ

Улсын хоёрдугаар төв эмнэлэг 2022 оны наймудугаар сарын 18-ны өдрийн Удирдах зөвлөлийн шийдвэрийн дагуу Ерөнхий захирлын А89 тушаалаар нийт ажилчдынхаа үндсэн цалинг 10 хувиар нэмлээ. Тус эмнэлгийн эмч, ажилтнуудын үндсэн цалин 10 хувиар нэмэгдсэнээр гарт олгох илүү цаг, нэмэгдэл, урамшууллын хувь мөн адил өсөж, одоо авч байгаагаас 15-40 гаруй хувиар нэмэгдэх аж. Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын хувьд үндсэн цалингаас гадна зэргийн, удаан жилийн, хандлагын нэмэгдэл, урамшуулал авдаг. Түүнчлэн Улсын Хоёрдугаар төв эмнэлэг нь улсын эмнэлгүүдээс анх удаа эмнэлгийн ажилчдынхаа хүүхдүүдийг хамруулдаг 100 хүүхдийн багтаамжтай цэцэрлэгийг байгууллагынхаа дэргэд нээн ажиллуулаад хоёр дахь жилдээ орж буй аж.

ТӨРИЙН ӨМЧИЙН НАЙМАН ИХ ДЭЭД СУРГУУЛИЙН ХАРЬЯАНД АЖИЛЛАХ СУРГУУЛЬ, КОЛЛЕЖИУД

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан нар өнөөдөр /2022.08.19/ дээд боловсролын салбарт хэрэгжүүлж байгаа зарим арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ. Мөн Засгийн газрын 321, 229 дугаар БШУ-ны сайдын шийдвэр, журмаар Төрийн өмчийн их, дээд сургуулиуд дараах зохион байгуулалтад орж ажиллаж байгааг мэдээллээ. Тухайлбал, дараах дээд сургууль, коллежиуд Төрийн өмчийн их найман их сургуулийн харьяанд, салбар сургууль хэлбэрээр үйл ажиллагаа явуулна. ШУТИС-д “Эрдэнэт цогцолбор” дээд сургууль Дархан-Уул аймаг дахь салбар сургууль Өмнөговь аймаг дахь Технологийн дээд сургууль Политехникийн коллеж МУИС-д Завхан аймаг дахь салбар сургууль Дорнод их сургууль Ховд их сургууль Худалдаа үйлдвэрлэл их сургууль Улаанбаатарын их сургууль ХААИС-д Дархан-Уул аймаг салбар сургууль Баянхонгор аймаг дахь салбар сургууль АШУҮИС-д Говь-Алтай салбар Дархан-Уул аймаг дахь салбар сургууль Дорноговь аймаг дахь салбар сургууль МУБИС-д Архангайн багшийн сургууль Баян-Өлгий салбар сургууль МОНГОЛ УЛСЫН КОНСЕРВАТОРИД Завхан аймаг дахь Хөгжим бүжгийн коллеж ДХИС-д Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв ҮБХИС-д Цэргийн хөгжмийн политехник коллеж Батлан хамгаалахын мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв

ДАРААХ ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОГСООЛОО

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан нар өнөөдөр /2022.08.19/ дээд боловсролын салбарт хэрэгжүүлж байгаа зарим арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр шаардлага хангаагүй 21 их, дээд сургуулийн тусгай зөвшөөрлийг зогсоосон талаар хэллээ. Өөрөөр хэлбэл, нэр бүхий их, дээд сургуулийн үйл ажиллагааг зогсоож, найман их, дээд сургуулийг бусад сургуультай нэгтгэж байгаа аж. Дараах сургуулиудын үйл ажиллагааг зогсоолоо: 1. "Газарчин" дээд сургууль 2. "Зүүн хүрээ" коллеж 3."Маргад" дээд сургууль 4. Монголын менежмент, технологийн дээд сургууль 5. Монголын хүний нөөцийн удирдлагын дээд сургууль 6. "Номэра" дээд сургууль 7. "Рафлес" ОУ-ын институтын УБ дахь салбар сургууль 8. "Түшээ" дээд сургууль 9. Идэр их сургуулийн харьяа Далай ван дээд сургууль 10. Чингис хаан дээд сургууль 11. Улаанбаатар эрдэм их сургуулийн харъяа Эко Ази дээд сургууль 12. Утга зохиол, нийгмийн ажилтны дээд сургууль 13. Эрхүүгийн зам харилцааны улсын их сургуулийн Улаанбаатар дахь салбар сургууль Хэвлэлийн бага хурлын үеэр Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан "Өнгөрсөн 1.4 жилийн хугацаанд Засгийн газраас дээд боловсролын талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд хоёр тогтоол гаргасан. Монгол Улсад 147 мянган оюутан 88 их, дээд сургуульд суралцдаг. Үүнээс 14 их, сургуульд 108 мянган оюутан суралцаж байна. Цаашдаа шаардлага хангасан их, дээд сургуулиудтай байхад чиглэнэ. Шаардлагыг өндөр болгоно. Өнөөдрийн байдлаар 88 их, дээд сургууль үйл ажиллагаа явуулж байгаагаас 34 нь их сургууль, 36 нь дээд сургууль үлдсэн найм нь коллеж байна. Засгийн газрын тогтоолоор 88 их, дээд сургууль нь 67 болж буурч байна. Өөрөөр хэлбэл 21 их, дээд сургуулийн сургалтын үйл ажиллагааг зогсоож байна. Мөн 24 их сургуульд зургаан сарын хугацаатай үүрэг өгсөн. Шаардлага хангахгүй бол дахин үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болно" гэх мэдээллийг өгөв.

ҮНДЭСНИЙ ХООЛНЫ ӨДӨРЛӨГ МАРГААШ ТӨВ ТАЛБАЙД БОЛНО

Маргааш буюу наймдугаар сарын 20-ны өдөр “Улаанбаатар үндэсний хоолны өдөрлөг”-ийг Жанжин Д.Сүхбаатарын талбайд найм дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Тус өдөрлөгт хоол үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд олон төрлийн хоолыг шинээр санаачлан хийж, хоолны цэсээ шинэчлэн оролцох аж. Өдөрлөгийн үеэр Артгэр, мастер тогооч нар монгол үндэсний хоол хийж, үзүүлбэр үзүүлэх бөгөөд олон нийтэд тухайн хоолны цэсээ танилцуулахаар төлөвлөжээ. Мөн аж ахуйн нэгжүүд үндэсний үйлдвэрлэлийн нэрийн бүтээгдэхүүн, үндэсний төрөл бүрийн хоол, зууш амттаны үнэгүй амталгаа бэлтгэж, хямд үнээр иргэдэд үйлчлэх юм. “Улаанбаатар үндэсний хоолны өдөрлөг”-ийг 2013 оноос хойш “UB food festival” нэрээр зохион байгуулж ирсэн бөгөөд өнгөрсөн онд цар тахлын улмаас цахимаар зохион байгуулсан. Уг өдөрлөг нь монгол үндэсний хоолны соёлыг гадаад, дотоодын иргэд, жуулчдад таниулан, сурталчлах, иргэдийн эрүүл зөв хооллолтын талаарх ойлголтыг нэмэгдүүлэх, гудамжны хоолны соёлыг түгээн дэлгэрүүлэх, тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой.

НИЙСЛЭЛД ХЭРЭГЖИЖ БУЙ ТӨСӨЛ, ХӨТӨЛБӨРҮҮДИЙГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар болон холбогдох албаныхан өнөөдөр Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Бадралтай уулзлаа. Энэ үеэр Улаанбаатар хот БНХАУ-тай хамтран хэрэгжүүлж буй томоохон төсөл хөтөлбөрүүдийн ажлын явц, тулгамдаж буй асуудал, хамтран шийдвэрлэх гарц, шийдлийг хэлэлцсэн юм. Тодруулбал, Улаанбаатар хотод тойрог хурдны зам барих төсөл, авто замын бүтээн байгуулалт, цахим шилжилт, ногоон байгууламжийн чиглэлээр хэрэгжүүлж буй зарим төсөл, хөтөлбөрийн ажлын явц, тулгарч буй асуудлын талаар Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдад танилцуулав. Мөн тус улстай хамтран хэрэгжүүлж буй дээрх төслүүдийг эрчимжүүлж, шаардлагатай арга хэмжээг яаралтай авах хэрэгтэй байгааг холбогдох албаныхан тодотгож байлаа. Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Бадрал “Улс, нийслэлийн хөгжилтэй холбоотой чухал ажлуудыг эрчимжүүлж, хоёр талын хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэхэд Элчин сайдын яамнаас онцгой анхаарна. Мөн нийслэлд хийж буй бүтээн байгуулалтын ажилд шаардлагатай бараа, материалын татан авалтыг хурдасгах асуудлыг анхааралдаа аван ажиллах болно” хэмээв. Хотын дарга Элчин сайдад хандан нийслэлд хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрийн ажлуудыг эрчимжүүлэхэд онцгой анхаарч, хамтран хэлэлцэж буйд талархал илэрхийлсэн юм.

ТҮЛЭНХИЙН СОРВИТОЙ ХҮҮХДҮҮДЭД СОЛОНГОС, МОНГОЛ ЭМЧ НАР ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ҮЗЛЭГ ХИЙНЭ

Энэ наймдугаар сарын 20-ны өдөр /2022.08.20/ БЗД-ийн Жуковын талбайд үнэ төлбөргүй Түлэнхийн сорвитой хүүхдүүдэд Солонгос, Монгол эмчийн үзлэг зөвлөгөө хийгдэнэ. Тус үзлэгтэй холбогдуулан түлэнхийн төвөөс дараах асуултад харилжээ. Үүнд, 1. Хаана үзлэг хийх вэ? Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг Жуковын талбайд 2. Хэзээ болох вэ? 2022 оны 8-р сарын 20 өдөр 3. Хэдэн цагт эхлэх вэ? 09-19 цагийн хооронд үргэлжилнэ 4. Цаг яаж авах вэ? Эхэлж очсон 100 хүнд дугаар тарааж үзлэг хийгдэнэ. 100 илүү дугаар тараагдахгүй. 5. Зөвхөн хүүхэд үзэх юм уу? Зөвхөн 0-16 насны хүүхэд энэхүү үйл ажиллагаанд хамрагдана. 6.Урьдчилан цаг авч болох уу? Болохгүй 7. Үзлэг зөвлөгөө төлбөртэй юу? Үзлэг Үнэ төлбөргүй явагдана. 8. Хөдөө орон нутгаас очно амжихгүй бол яах вэ? Үйл ажиллагаа 8-р сарын 20 өдөр 09-19 цагийн хооронд үргэлжлэх тул зарыг хэд хоногийн өмнө хүргэсэн болно. 9. Бүх хүнд хүрч үйлчлэх боломжгүйг та бүхэн ойлгоорой гэжээ.

1 ... 192 193 194 195 196 197 198 199 200 ... 334