ДӨРВӨН САЯ АМ. ДОЛЛАРЫН ХЭРЭГТ ХОЛБОГДСОН ЕРӨНХИЙ ПРОКУРОР АСАН Д.ДОРЛИГЖАВЫН ДҮҮ Д.БААТАР ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХОХИРООСОН ХЭРЭГТ НӨЛӨӨЛЖ БАЙНА УУ?

Айлган сүрдүүлэх, элдэв гэмт хэрэгт гүтгэх, нэр төрд нь халдах, Монгол Улсаас албадан гаргах замаар гадаадын хөрөнгө оруулагчдын хөрөнгө, бизнесийг дээрэмддэг бүлэг буюу төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүмүүсийн өдүүлсэн хэргийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар зарлаж, хууль бусаар хэрэгсэхгүй болгосон хэргүүдийг сэргээн шалгаж эхэлсэн билээ. Дээрх бүлэгт Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга, Тагнуулын ерөнхий газрын дарга, Улсын ерөнхий прокурор, мөрдөх болон хууль хяналтын байгууллагын дээд, дунд шатны ажилтнууд байгааг тэрбээр онцолсон. Түүнчлэн гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг хохироосон хэргийн талаар иргэдээс мэдээлэл авч эхэлснээ дуулгасан юм.

АИХ-ын депутат, УБХ-ын гишүүн, Шадар сайд, Батлан хамгаалахын болон Хууль зүйн сайд гээд төрийн өндөр албан тушаал хашиж байсан Д.Дорлигжав, түүний төрсөн дүү Д.Баатарын өдүүлсэн хэрэг ч дээрх жагсаалтад багтаж, хэргийг нь сэргээн шалгахаар болоод байгаа. Эргэн сануулахад, Д.Дорлигжав нь Улсын ерөнхий прокуророор ажиллаж байхдаа “Алтан дорнод Монгол” компанийн захирал Т.Ганболдыг шоронд хорьж, дөрвөн сая ам.долларыг дүүгийнхээ компанийн дансаар авсан байдаг. Гэвч энэ хэргийг хэрэгсэхгүй болгосныг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар сэргээн шалгуулахаа мэдэгдсэн.

Бидэнд олдсон мэдээллээр Д.Дорлигжавын дүү Д.Баатар дээрх хэргээс гадна гадаадын хөрөнгө оруулагчдыг хохироосон байж болзошгүй байгааг доор өгүүлье.

Д.Баатар нь Сүхбаатар аймгийн Сүхбаатар сум дахь Төхөмийн уурхайгаас хүрэн буюу эрчим хүчний нүүрс олборлон БНХАУ руу экспортолдог “Олгой булаг” компанийг эзэмшигчдийн нэг. Түүнээс гадна иргэн Д.Эрдэнэ (компанийн гүйцэтгэх захирал) С.Гомборагчаа, Д.Даваадэмбэрэл, Б.Батбилэг нар дээрх компанийн хувьцаа эзэмшигч юм байна. Компанийн гүйцэтгэх захирал Д.Эрдэнэ нь 2017 онд БНХАУ-д очиж “Мэндүн энержи” компанийн эзэн Сүн Лина, Ли Занхуа нартай уулзан Монгол Улсын Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Төхөмийн хүрэн нүүрсний уурхайн MV- 017611 тоот дугаар бүхий лизенцийг үзүүлэн хөрөнгө оруулагч хайж байгаагаа ярьсан байна. Тэрбээр уул уурхайн “Олгой булаг” компанийн 70 хувийг эзэмшигч хэмээн өөрийгөө танилцуулсан ч үнэн хэрэгтээ 15 хувьтай байсан нь сүүлд тогтоогджээ. Түүнд итгэсэн Хятадын иргэн дээрх хоёр хүн “Олгой булаг” компанид 93 сая гаруй юань буюу 10 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулж, гэрээ байгуулсан аж. Түүнээс гадна Сүхбаатар суманд ерөнхий боловсролын сургуулийн барилга барих, зам тавих, замын тэмдэг, тэмдэглэгээ хийхэд зориулж нэмж 40 шахам сая юанийн хөрөнгө оруулсан гэх.

2017 оны арванхоёрдугаар сарын 5-нд байгуулсан хөрөнгө оруулалтын болон хамтран ажилллах гэрээний 6.2.4 дэх хэсэгт “Хөрөнгө оруулагч талын зөвшөөрөлгүйгээр гэрээт талбайд ижил төрлийн үйл ажиллагаа явуулах, гуравдагч оператор компани оруулахгүй” байхаар тусгасан байдаг аж. Дээрх гэрээг үндэслэн 2020 оны арванхоёрдугаар сарын 25-ны өдөр байгуулсан ОМ-2020 SL дугаартай “Нүүрс худалдах, худалдан авах” гэрээнд “Төхөмийн уурхайн батлагдсан нөөц болох 68.4 сая тонн нүүрсийг олборлож дуустал хоёр талын хамтын ажиллагаа үргэлжилнэ” гэж заажээ. Гэвч БНХАУ-д дэгдсэн цар тахал, хөл хорионы улмаас хөрөнгө оруулагчид Монголд ирж, уул уурхайн олборлолтод оролцох боломжгүй болсон байна. Тэд хөрөнгө оруулагч талын төлөөний хүнээрээ Гоу Пин (монгол нэр нь Сэргэлэн)-ыг томилж, албан хэрэгцээндээ унах “Ланд круйзер-200” автомашин авч өгсөн юм билээ.

Уурхайн хөрс хуулалтыг “Ивээлт долоон од” хэмээх хятад эзэнтэй компаниар гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулсан байна. “Ковид-19” цар тахлын улмаас нутагтаа хөл хорионд орж, Монголд ирж чадахгүй болсон хөрөнгө оруулагчдаа хууран мэхлэх ажиллагаа энэ үеэс эхэлсэн бололтой.” Юуны түрүүнд хуулсан хөрсний хэмжээ, зардлыг хууль бусаар нэмэгдүүлсэн” гэж хөрөнгө оруулагчид үзэж байгаа юм билээ. Энэ талаар “Ивээлт долоон од” компанийн хятад эзэн Ли Вэйшин “Олгой булаг” компанийн гүйцэтгэх захирал Д.Эрдэнэ, хөрөнгө оруулагч талын төлөөлөгч Гоу Пин нар намайг хууль бус ажиллагаандаа татан оруулахаар ятгасан. Тэдэнд “Би ийм хууль бус зүйлд оролцохгүй” гэж хэлсэн. Хөрс хуулалтын хэмжээг хуурамчаар нэмэгдүүлж, зардлыг нь миний нэрээр тэд авсан. Үүннэс болоод би 100 гаруй сая төгрөгийн алдагдал хүлээсэн” хэмээн тухайн үед хууль сахиулах байгууллагын ажилтанд мэдүүлж байсан байх юм.

Хамгийн ноцтой нь “Олгой булаг” компанийнхан хөрөнгө оруулагчидтай байгуулсан нүүрс худалдах гэрээгээ зөрчин тэдний мөнгөөр олборлосон нүүрсээ “Мэндүн энержи” компанид бус “Андын илч” ХХК-д нийлүүлж, ихээхэн ашиг олж, хөрөнгө оруулагчдаа хулхидсан аж.

Бидэнд олдсон мэдээллээр бол “Олгой булаг” компанийнхан хөрөнгө оруулагчдаа хулхидан, бусдад нүүрс борлуулан нэг тэрбум шахам төгрөгийн орлого олжээ.

Хятадын талын хөрөнгө оруулагчид “Олгой булаг” компанийн эздийн дээрх хууль бус үйлдлүүдийг шалгуулахаар Сүхбаатар аймгийн цагдаагийн хэлтэст хандсан байна. Хачирхалтай нь, дээрх хэргийг шалгахаар хүлээн авсан тус хэлтсийн ажилтан зургаан сар шахмын хугацаанд тодорхой ажиллагаа явуулаагүй талаар хөрөнгө оруулагч талын Монгол дахь төлөөлөгч прокурорт гаргасан гомдолдоо дурдсан байна. Дээрх хугацаанд Сүхбаатар аймгийн цагдаагийн хэлтсийн уг ажилтан хэрэгт холбогдуулан ганцхан хүнийг дуудаж байцаасан гэх мэдээлэл ч байна.

Аргаа барсан хөрөнгө оруулагчид УЕПГ-т хандан хэргийг Улаанбаатар хотод шалгуулахаар болжээ. Улсын прокуророос дээрх хэрэгт харьялал тогтоон УМБА-нд шалгуулахаар болж, Чингэлтэй дүүргийн прокурор хяналт тавихаар болоод байгаа юм байна.

“Олгой булаг” компанийн хувьцаа эзэмшигчдийн нэг нь Улсын ерөнхий прокурор асан Д.Дорлигжавын дүү Д.Баатар болохыг дээр дурдсан. Хөрөнгө оруулагч, тэдний Монгол талын төлөөлөгчдийн хардаж буйгаар Д.Баатар нь Ерөнхий прокурор асан ахынхаа нэр нөлөөгөөр компанидаа холбогдох хэргийг зориуд гацааж, удаашруулж байж болзошгүй байгаа аж.

Гадаадын хөрөнгө оруулагчдын хөрөнгийг дээрэмддэг, тэдний нэр хүндийг санаатайгаар гутаан Монголоос хөөн гаргадаг улс төр, хууль хяналтын байгууллага дахь мафи маягийн бүлэглэлийн хууль бус үйлдлээс болж Монгол Улсын нэр хүнд дэлхийд шавартай хутгалдаж буйг Засгийн газар, Хууль зүй, дотоод хэргийн яамнаас удаа дараа мэдэгдсэн. Дээрх бүлэглэлийн үйлдлээс үүдэн хөрөнгө оруулагчид Монголоос нүүр буруулж байгааг сайд Х.Нямбаатар олон нийт, хэвлэлийнхэнд хандан хийсэн мэдэгдэлдээ дурдсан билээ. Тэгвэл хөрөнгө оруулагчаа молгидож, хохироосон дээрх асуудлыг Засгийн газар, Хууль зүй, дотоод хэргийн яамныхан анхааралдаа авах биз ээ.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.