ЗХЖШ-ЫН ДАРГААР БРИГАДЫН ГЕНЕРАЛ С.ГАНБЯМБЫГ ТОМИЛЛОО

УИХ-ын чуулганы хуралдаанд ЗХЖШ-ын даргаар томилогдохоор нэр дэвшсэн, бригадын генерал С.Ганбямбыг танилцуулж, нийт гишүүдийн 67,7 хувиар уг албан тушаалд томилохыг дэмжлээ.

Бригадын генерал С.Ганбямбын намтар

С.Ганбямба нь 1975 онд Улаанбаатар хотод төрсөн, 1983-1993 онд Нийслэлийн 33 дугаар дунд сургууль, 1993-1997 онд Цэргийн их сургуульд “Артиллерийн команд-тактик”-ийн мэргэжил эзэмшин цэргийн ухааны бакалаврын зэрэг, 2007-2009 онд Батлан хамгаалахын удирдлагын академид “Стратеги-тактик, команд штаб”-ын мэргэжил эзэмшиж, цэргийн ухааны магистрын зэрэгтэй, “Онцгойлох үнэлгээтэй” төгссөн. 

2017-2019 онд Оросын Холбооны Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабын академийг “Төрийн цэргийн аюулгүй байдал” мэргэжлээр суралцаж төгссөн бөгөөд одоо Үндэсний батлан хамгаалах их сургуулийн докторантурт суралцаж байна. Бригадын генерал С.Ганбямба нь Бүгд Найрамдах Турк Улсад 2003 онд “Энхийг сахиулах ажиллагааны анхан шатны дамжаа”, 2006 онд “Батальоны захирагчийн дамжаа”,  2014 онд Канад Улсад “Англи хэлний анхан шатны дамжаа”-г дүүргэжээ.


Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.