"ЭРЭЛ"-ИЙН Б.ЭРДЭНЭБАТ НИЙСЛЭЛИЙН ПРОКУРОР Ц.АРИУНБОЛДОД АВЛИГА ӨГЧ ХЭРГЭЭ ХААЛГАСАН УУ

          "Эрэл" компанийн захирал Б.Эрдэнэбат нь Нийслэлийн прокуроруудад авлига өгч, хэргээ хаалгах гэж хэмээн "Номин Холдинг" компанийн захирал Ш.Баярсайхан АТГ-т ханджээ.

Энэ талаар түүний өмгөөлөгч О.Батсүх "Номин Холдинг" компанийн захирал Ш.Баярсайхан нь өөрийг нь нэр бүхий этгээд залилсан үйлдлийг шалгаж байгаа хууль хяналтын байгууллагын ажилтан, албан хаагчидтай холбоотой гомдлыг АТГ-т гаргасан. Энэ гомдлыг дөнгөж сая АТГ-т өглөө. Ш.Баярсайхан нь 2016 онд Монголын томоохон компанийн үүсгэн байгуулагчид 20 тэрбум төгрөгөө залилуулсан. Энэ асуудал шалгагдаад анхан шатны шүүхээр хэрэг шийдвэрлэж, гэм буруутай этгээд хорих ял авсан. Улмаар Дээд шүүхээс гэмт хэрэг үйлдэгдсэн эсэх асуудлыг үгүйсгээгүй, зөвхөн Ш.Баярсайхан гэдэг хүнээс авсан 20 тэрбум төгрөгийг хэрхэн яаж зарцуулсаныг шалга хэмээн прокурорт буцаасан.

Гэтэл энэ хэрэг прокурорт буцаагдсанаас хойш дахин шүүх рүү шилжээгүй. Хэрэг нь замхарсан, удааширсан. Мөрдөгч нь хэргийг хаах саналыг хэд хэдэн удаа гаргаад байгаа. Шалгагдаж байгаа хүн нь өмгөөлөгчөөрөө Нийслэлийн прокурорын газарт олон жил прокурор хийсэн, удирдах албан тушаал хашиж байсан хүнийг авсан. Энэ хүн өмгөөлөгчөөр орж ирсэнээс хойш энэ хэрэг удааширч байгаа. Магадгүй хэргийг хянаж байгаа прокурор, хуулийнханд хууль бусаар нөлөөлж, авлига зуучилж, хэргийг замхруулж болзошгүй гэж хардаж, энэ асуудлыг болон нэр бүхий прокуроруудыг шалгуулахаар АТГ-т хандаж байна

 

Ш.Баярсайханыг залилсан гэх хүний нэр одоо Хөгжлийн банкны асуудалд бас дурдагдаж байгаа. Хөгжлийн банкнаас олон тэрбум төгрөгийн хөрөнгийг барьцаалж зээл авсан хэрнээ нэг ч төгрөгийн эргэн төлөлт хийгээгүй. Мөн Хөгжлийн банканд барьцаалсан хөрөнгөө миний үйлчлүүлэгчид барьцаалж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар 20 тэрбум аваад залилчихсан. Өнөөдрийн байдлаар нэг ч төгрөг төлөөгүй. Хөгжлийн банктай холбоотой бас шалгагдаж байгаа.

Гэтэл Хөгжлийн банктай холбоотой шалгагдаж байгаа хүмүүс хөрөнгөө барьцаалуулж, хоригдох нь хоригдож байна. Гэтэл ганцхан энэ хүнийг хуулийн байгууллага тойрч ажиллаад байна. Эрүүгийн хэрэг хуулийн тусгай ангид зааснаар залилах хэрэг нь хуурах, бодит байдлыг нуух, зохиомол байдлыг зориудаар бий болгох, итгэлийг урвуулан ашиглах замаар хүний эд хөрөнгийг авах үйлдлүүдийг аль нэгийг хийсэн бол гэмт хэргийн шинж хангагддаг гэж үздэг. Гэтэл миний үйлчлүүлэгчийг залилсан асуудалд энэ бүх үйлдэлд хангагддаг. Хөгжлийн банканд барьцаалсан хөрөнгөө өөр этгээдэд барьцаалж болохгүй байтал барьцаалаад 20 тэрбум төгрөг авсан байна” гэлээ.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.