НЭГҮҮН МЭДЭЭ
ХИЛИЙН АВТОЗАМЫН БООМТУУД АЖИЛЛАЖ ЭХЭЛЛЭЭ

Монгол Улс өмнөд хэсгээрээ БНХАУ-тай, хойд хэсгээрээ ОХУ-тай хиллэдэг бөгөөд баярын өдрүүдэд хэлэлцээрт заасны дагуу боомтуудаа түр хаадаг. Энэ дагуу өнөөдрөөс /2023.02.24/ авто замын хилийн боомтууд ажиллаж эхэллээ. Тодруулбал, Замын-Үүд, Гашуун сухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Ханги, Булган, Хавирга зэрэг боомтууд ажиллаж эхлээд байгаа юм. Авто замын хилийн боомтууд хэвийн ажиллаж эхэлснээр өмнөд хөршийг зорьдог нүүрсний экспорт ч эхлээд байна. Сануулахад, сар шинийн баярын өдрүүдэд олон улсын нислэг, төмөр замын ачаа тээвэр, олон улсын галт тэрэг зэрэг нь хэвийн ажилласан юм.

МОНГОЛ УЛС, УКРАИН УЛСЫН ТӨРИЙН ТЭРГҮҮН НАР УТСААР ЯРИЛАА

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Украин Улсын Ерөнхийлөгч В.О.Зеленскийтэй түүний хүсэлтийн дагуу 2023 оны 2 дугаар сарын 21-ний өдөр утсаар ярив. Украин Улсын Ерөнхийлөгч В.О.Зеленский Монголын ард түмэнд Цагаан сарын баярын мэндчилгээ дэвшүүлж, хүнд цаг үед Монгол Улс Украин Улсад хүмүүнлэгийн тусламж үзүүлсэнд талархал илэрхийлж, хоёр талын харилцаанд сэтгэл хангалуун байгаагаа онцлов. Тэрбээр Монгол оронд амьдарч байсан хүүхэд ахуй насаа дурсав. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх хүнд цаг үед цаг зав гарган утсаар ярьж, Монголын ард түмэнд Сар шинийн мэндчилгээ дэвшүүлсэнд талархал илэрхийлэв. Тэрбээр мөн Украин Улс дахь нөхцөл байдалд сэтгэл санаа зовж байгаагаа илэрхийлж, олон улсын хамтын нийгэмлэг дипломат үйл ажиллагааг эрчимжүүлж, яриа хэлэлцээ, энхийн замаар асуудлыг шийдвэрлэх нь хамгийн зөв хувилбар болохыг онцлон дурдав. Мөн Монгол Улс хоёр хөрш болон гуравдагч хөрш орнуудтай харилцаа, хамтын ажиллагаагаа тэнцвэртэй хөгжүүлэхийг зорьдог бөгөөд энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлогыг тууштай хэрэгжүүлж байгаагаа тэмдэглэв. Хоёр тал уламжлалт найрсаг харилцаагаа өндрөөр үнэлж, хамтын ажиллагааны зарим асуудлаар санал солилцон, НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээн дэх хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхийг эрмэлзэж буйгаа нотлов.

ЗУКЕРБЕРГ ФЭЙСБҮҮК, ИНСТАГРАМЫН БАТАЛГААЖУУЛАХ ЦЭНХЭР ТЭМДЭГЛЭГЭЭГ ТӨЛБӨРТЭЙ БОЛГОХОО МЭДЭГДЛЭЭ

Мета компанийн захирал Марк Зукерберг Фэйсбүүк, Инстаграмын хэрэглэгчдэд зориулсан төлбөртэй баталгаажуулах үйлчилгээ болох Meta Verified үйлчилгээг нэвтрүүлж, хэрэглэгчийн нэрийн хажууд байрладаг цэнхэр тэмдэглэгээг төлбөртэй болгох гэж буйгаа зарласан байна. Энэ нь хэрэглэгчид хакердуулахаас хамгаалагдах нэмэлт хамгаалалт болно гэж Зукерберг хэлэв. Тэрээр "Энэ үйлчилгээ нь манай үйлчилгээний аюулгүй байдлыг сайжруулах зорилготой" гэжээ. Эхний ээлжид Австрали, Шинэ Зеландад туршиж үзэх бөгөөд цаашид бусад улс орнуудад тус үйлчилгээгээ нэвтрүүлэх юм байна. Meta Verified үйлчилгээг вэб сайтаас худалдаж авбал АНУ-д 11.99 доллар, iOS аппликейшнээр15 долларын үнэтэй байх аж. Үйлчилгээг авахын тулд 18-аас дээш насны хэрэглэгчид албан ёсны үнэмлэхээрээ баталгаажуулах ёстой бөгөөд дэлгэрэнгүй мэдээлэл нь хэрэглэгчийн мэдээлэлтэй тохирч байх ёстой гэнэ. Мөн баталгаажуулалт хийсний дараа хэрэглэгчийн нэр, төрсөн огноо, зургийг өөрчлөх боломжгүй болно гэжээ. Эх сурвалж: ВВС

ӨНӨӨДӨР ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН УЛСЫН ДУГААРЫН ХЯЗГААРЛАЛТ ҮЙЛЧИЛНЭ

"Өнөөдөр/2023.02.20/ тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт үйлчилнэ, 1, 6-аар төгссөн машинууд хөдөлгөөнд оролцохгүй" хэмээн ТЦА-наас мэдээллээ. Шинийн 1-нээс буюу маргаашаас эхлэн Баасан гараг хүртэл дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй. Замын хөдөлгөөний төвөөс дугаарын хязгаарлалттай өдөр хөдөлгөөнд оролцсон тээврийн хэрэгслийг хяналтын камераар илрүүлэн хариуцлага тооцож байгаа аж. Сар шинийн баярын өдрүүдэд цагдаагийн байгууллага нийт аймаг, нутаг дэвсгэрийн бие бүрэлдэхүүнийг хамруулан замын хөдөлгөөний зохицуулалтыг уртасгасан цагаар хийнэ.

БАЯРЫН ӨДРҮҮДЭД ЗАХ, ХУДАЛДААНЫ ТӨВҮҮДИЙН АЖИЛЛАХ ХУВААРЬ

Сар шинийн баяраар зах худалдааны төвүүд хоёрдугаар сарын 21-нээс амрах хуваарьтай байна. Барс, Алтжин бөмбөгөр, Мишээл экспо худалдааны төв хоёрдугаар сарын 24-нийг хүртэл амрах бол Нарантуул ОУХТ гуравдугаар сарын 1-ээс ажиллана. Сүлжээ дэлгүүрүүдийн хувьд Номин бүх салбар, Имарт, Миний дэлгүүр, Улаанбаатар их дэлгүүр дэх Сансар супермаркет хоёрдугаар сарын 21-нд амарна.

БУРХАН, ШАШНЫ ДУРСГАЛЫГ ХУУЛЬ БУСААР МАЛТЛАГА ХИЙН ОЛЖ, ХУДАЛДАХЫГ ЗАВДЖЭЭ

Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу 2023 оны 2 дугаар сарын 13-наас 17-ны өдрүүдэд хэрэг бүртгэлтийн 30.210, мөрдөн байцаалтын 3037 хэрэгт хяналт тавьж ажиллав. Үүнээс нийт 250 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ. Яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн хэргээс дурдвал: Нийслэлийн прокурорын газраас Холбооны Бүгд Найрамдах Нигери Улсын иргэн А нь Тайландын Вант улсаас мансууруулах, сэтгэцэд нөлөөт 257.9 грамм бодисыг Олон улсын шуудан илгээмжээр Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, худалдаалах зорилгоор хууль бусаар биедээ хадгалсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 18.5 дугаар зүйлийн 3, 20.7 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд, Монгол Улсын иргэн Б нь Монгол Улсын хилээр нэвтрэх зөвшөөрөл, албан бичгийг бүртгэлт хамруулалгүйгээр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг авто замын шалган нэвтрүүлэх боомтоор Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 19.14 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд, Монгол Улсын иргэн Э, Ц, А, Г, Л нар нь эртний хийд туурийн байршлыг тогтоон Сэлэнгэ аймгийн Мандал, Баянгол сум, Архангай аймгийн Хотонт сумдад хууль бусаар археологийн малтлага хийж Монгол Улсын XIX-XX зууны үед хамаарах бурхны шашны эдлэл хэрэглэл, өв соёлыг илэрхийлэх түүхэн дурсгал бүхий 113 ширхэг Соёлын биет өв хэрэглэгдэхүүнийг олж авсан, хадгалсан, Мөн Монгол Улсын нутагт орших булш, бунхнаас илэрч олдсон байх боломжтой НТӨ II мянган жилээс НТ XV зуунд хамаарахуйц түүх, археологийн олдворуудыг Англи улсаас дуудлага худалдаагаар авсан гэж баримтыг хуурамчаар үйлдэж, худалдан борлуулахаар завдсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 25.5 дугаар зүйлийн 5, 23.2 дугаар зүйлийн 1, 25.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус тус шилжүүлсэн байна. Эх сурвалж: УЕПГ

УВЕРТЮРА ХАМТЛАГИЙН ДУУЧИН Ж.ГАНБААТАР: ХҮҮГИЙН МИНЬ ЭМЧИЛГЭЭНИЙ ЗАРДАЛД 80-150 МЯНГА ОРЧИМ ДОЛЛАР ШААРДЛАГАТАЙ БАЙНА

Увертюра хамтлагийн дуучин Ж.Ганбаатрын хүү Очир-Эрдэнийн хорт хавдар дахин үсэрхийлсэн тул БНТУ-д эмчлүүлж банйа. Тиймээс хүүд туслах хандивын аяныг өрнүүлж эхэлжээ. Дуучин Ж.Ганбаатар "2021 оны нэгдүгээр сарын 05-нд оношлогдсон. Түүнээс өмнө сар гаруйн хугацанад өвдөж эхэлсэн. Эх нялхасын цусны тасагт хэвтэж байгаад 2021 оны гуравдугаар сард БНТУ-д ирж эмчлүүлээд өнгөрсөн найман сард буцаж болно гэсэн боловч дахин үсэрхийлсэн гэж оношлогдсо. Тэгээд яаралтай БНТУ-д ирсэн. Нэг курс химийн эмчилгээ нь сар гаруйн хугацаанд үргэлжилдэг. эхний эмчилгээ дуусаад дараагийн курс эмчилгээндээ орох гэж банйа. Дөрвөн курс эмчилгээ болон чөмөг солих хагалгаа нийлээд 85-100 мянга орчим ам.доллар болж байна. Ард түмнийхээ ачаар 20 орчим хувь нь цугалж байна. энэ ташрамд сайхан сэтгэлт Монголынхоо ард түмэнд баярлалаа гэж хэлье" гэлээ. Очир-Эрдэнэ хүүд туслах хандивын данс 5300660607 Хаан банк. Ж.Ганбаатар.

ЭМД-ЫН САНД ХОХИРОЛ УЧРУУЛСАН БАЙЖ БОЛЗОШГҮЙ ЭМИЙН САНГУУДЫН ГЭРЭЭГ ТҮР ХУГАЦААГААР ТҮДГЭЛЗҮҮЛЛЭЭ

ЭМДЕГ-аас Сэлэнгэ аймаг дахь гэрээт эмийн сангуудын хөнгөлөлттэй эм олгож буй үйл ажиллагаанд 1 дүгээр сарын 25-29-ний өдрүүдэд хяналт шалгалт хийлээ. Шалгалтаар тус сумын Гавшгай, Жаргалан, Яггүг эмийн сангууд нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, харьяаллын бус эмч нараар иргэдийн зовиур, насанд тохироогүй өндөр үнэтэй эмийг зохиомол оношоор бичүүлэн олгож, ЭМДҮЗ-ийн тогтоолоор батлагдсан эмийн жагсаалтад байхгүй эмийг орлуулан өгдөг, бар кодыг цахим системд гараар сольж оруулсан зэрэг зөрчлийг илрүүллээ. Тодруулбал, Орхон аймгийн БОЭТ-ийн эмч Х.Э нь Жаргалан нэр дурдагдсан эмийн сангийн ажилтнууд болон хамаарал бүхий этгээдүүдэд өндөр үнэтэй эмийг олон удаагийн давтамжтай бичсэн эмийн жорыг 3 минутын дотор олгосон, Улаанбаатар, Дорноговь, Завхан, Говь-Алтай, Орхон аймагт жор бичүүлээд 3 минутаас хэдхэн цагийн дараа Сайхан сумын эмийн сангуудаас эм тогтмол авсан, Орхон, Дархан-Уул аймагт бичүүлсэн жорыг Сайхан сумын эмийн сангаас тогтмол авдаг, нэг даатгуулагч 4 нэр төрлийн 2246 ширхэг эмийг 10 сарын турш уусан нь өдөрт 7-8 ширхэг эмийг тогтмол уусан зэрэг ноцтой зөрчлүүдийг илрүүлээд байна. Улмаар зөрчил гаргасан нэр бүхий эмч нарын цахим жор бичих эрхийг хасаж, Гавшгай, Жаргалан, Яггүг эмийн сангуудын даатгалын гэрээг түдгэлзүүлэн, хууль хяналтын байгууллагад шилжүүллээ. Мөн дээрх эмийн сангийн 2022 оны эмийн орлогын баримттай даатгалын сангаас олгосон эмийн тоо ширхгийг тус бүрээр тулган шалгаж, санд учруулсан хохирлын хэмжээг эцэслэн тогтоохоор ажиллаж байна.

ТӨВ ТАЛБАЙД ТУРК, СИРИЙН АРД ТҮМЭНД ТУСЛАХ АЯН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Сүхбаатарын талбайд Турк улсад туслах тусламжийн аян үргэлжилж байна.Нийслэлийн удирдлагуудын зүгээс холбогдох зөвшөөрлийг олгож, өнөөдрийн байдлаар талбай дээр 16 гэр бариад байгаа бөгөөд цаашид 100 гэр болгохоор төлөвлөжээ. Тусламжийн барааг МИАТ ТӨХК тээвэрлэж байгаа.Одоогийн байдлаар хүчтэй газар хөдлөлтийн улмаас Турк, Сири улсуудад амиа алдсан хүний тоо 33,000-д хүрээд байна.

ХӨВСГӨЛ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА АСАН Л.ГАНБОЛД АВЛИГА АЛБАН ТУШААЛЫН ХЭРГЭЭР ЯЛ АВЛАА

Хөвсгөл аймгийн Засаг дарга асан Л.Ганболд Хөвсгөл аймгийн Ханх сумын Засаг даргын тамгын газрын барилга, угсралтын ажлыг хийх тендерт шалгарсан “Батжин Ундрах” ХХК-ийн захирал Ө.Батцэнгэлээс гэрээт ажлын нийт дүн болох 1.2 тэрбум төгрөгийн 10 хувьтай тэнцэх хэмжээний мөнгө өгөхийг шаардаж, өгөхгүй бол тендерийг хүчингүй болгуулж зарлуулна хэмээн сүрдүүлэх, хясан боогдуулах замаар авлига авч, улмаар тус компанийг цаг хугацаандаа үйл ажиллагаагаа явуулж эхлээгүй, тендерийн баталгааны мөнгөө буцааж татсан гэсэн шалтгаанаар гэрээг нь цуцалж их хэмжээний хохирол учруулсан байна. Дээрх гэрээг цуцлан Ө.Батцэнгэлд учруулсан хохирлоо тус тендерт шалгарсан “Хөвсгөл Баянчандмань” компаниар барагдуулж өгнө хэмээн хууран мэхэлсэн, мөн Мөрөн хотод орон сууцны шинэ хороолол барих газар шийдэж өгнө хэмээн амлаж дахин авлига нэхсэн, хэрэв өгөхгүй бол газрыг чинь шийдэж өгөхгүй гэж хясан боогдуулсан болох нь тогтоогдсон юм.Тэгвэл тус хэрэг эцэслэн шийдвэрлэгдэж Хоймор нутагтангуудын Засаг дарга асан Л.Ганболд нь “их хэмжээний авлига авсан нь тогтоогдож” 2022 оны 11 сарын 10-ны өдрийн 2022/ШЦТ/461 дугаар яллах дүгнэлтээр “улс төрийн нөлөө бүхий этгээд, хясан боогдуулах аргаар хахууль авах гэмт хэрэг”-ийг үйлдсэн гэм буруутайд тооцогдож ял авлаа. Гэвч хорих ял өгөлгүй эрүүгийн хуулийн ял наймаалцах зүйл заалтын дагуу Засаг дарга асан Л.Ганболдод төрд ажиллах эрхийг 5 жилээр хасч, 40 сая төгрөгөөр торгоож төрийн хайр энэрэлийг үзүүлжээ. эх сурвалж:arslan.mn

1 ... 166 167 168 169 170 171 172 173 174 ... 370