ҮХНӨ-ИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХГҮЙГЭЭР ДАРААГИЙН ӨӨРЧЛӨЛТИЙГ ЯРИХ НЬ УТГАГҮЙ

УИХ-ын хаврын ээлжит чуулган эхлэхэд цөөхөн хоногийн хугацаа үлдээд байна. 2020 оны УИХ-ын ээлжит сонгуулийн өмнө /2020.05.07/ баталсан УИХ-ын тухай хуулиар /шинэчилсэн найруулга/ УИХ-ын хаврын ээлжит чуулганыг гуравдугаар сарын 15-ны өдрөөс эхлүүлэхээр заасан. Хаврын чуулганаар хэлэлцэх асуудлыг намрын чуулганы эцэст баталсан нийт 58 хууль, тогтоолын төслийн жагсаалт багтсан байгаа. Үүнд дээр нэмэгдээд цагаан сарын босгон дээр өндөрлөсөн Зөвлөлдөх санал асуулгаас гарсан зөвлөмжийг хэрэгжүүлэх асуудал мөн багтаж байна. Өмнө мэдээлсэнчлэн Зөвлөлдөх санал асуулгын хоёр дахь шатанд Монгол Улсын өнцөг булан бүрэн санамсаргүй түүврийн аргаар сонгогдсон 800 гаруй иргэн оролцож, төрөөс гаргаж байгаа бодлого шийдвэрт иргэдийн саналыг тусгуулахаар нийт 22 асуудал бүхий зөвлөмжийг УИХ-ын даргын гарт өгсөн. УИХ-ын дарга Г.Занданшатар зөвлөмжийг хүлээж аваад “Ардчиллыг амилуулсан үйл явдал боллоо. Монгол оюун ухаан, ардын язгуур ухаанаар улс оронд тулгамдсан асуудлуудыг тал бүрээс нь зөвлөж хэлэлцлээ. Нийт ард иргэдийн төлөөллийг улс орны өнцөг булан бүрээс сонгож оролцуулан, оюун бодлыг уралдуулж, нийгмийн зөвшилцөлд хүрч болдгийг энэ үйл явдал харууллаа” хэмээн тэмдэглэсэн нь бий. Тэгвэл энэ зөвшилцөл ямар үр дүнд хүрч болох вэ гэдэгт манай байнгын ажиллагаатай парламент буюу хууль тогтоогч нар хариулт өгөх цаг ирээд байна. Тодорхой хэлбэл, санал асуулгын Зөвлөмжийг цаашид эрх зүйн 10 шинэтгэл буюу улс төр, засаглалын тогтолцооны шинэтгэл, эдийн засаг болон нийгмийн бодлогын багц хуулиудад тусгуулахаар ажлын хэсгүүдэд хуваарилагдан ажиллаж, ирэх сарын 07-ны дотор буюу хаврын ээлжит чуулганаас өмнө оруулж ирэх үүргийг Зөвлөлдөх зөвлөлийн гишүүд хүлээсэн байгаа. Сануулахад, 2019 онд УИХ-аар баталсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэрэгжүүлэхийн тулд парламент дагаж гарах ёстой 40 гаруй хуульд өөрчлөлт оруулах ёстой, хуулиудын жагсаалтыг УИХ-ын тогтоолоор баталчихсан байгаа. Гэвч ҮХНӨ-ийг УИХ-аар баталсанснаас хойш дөрөв дэх жилдээ ороод байхад дагаж гарах хуулиудаас ердөө 13 хуульд өөрчлөлт оруулсан үр дүнтэй байна. Тэгвэл Зөвлөлдөх санал асуулгаас гарсан Зөвлөмжийн нэг гол зүйл нь, “Бид 1992 оны Үндсэн хуулийг халах, шинэ Үндсэн хууль батлахын эсрэг байна аа. Гагцхүү 2019 онд баталсан ҮХНӨ-ийг амьдруулахын тулд дагаж гарах ёстой хуулиудаа батлаад өгөөч ээ” гэсэн байдаг. Хэрвээ УИХ энэ алхмыг хийхгүй бол МАН дангаар эрх барьж байхдаа Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт гэдэг нь хий хоосон, хуурмаг зүйл байсан болж таарна. Цаашлаад Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар дахин ам нээх эрхгүй болох юм. Эрх баригч намын зугаас өнгөрсөн хугацаанд шинээр ярьж эхэлсэн нэмэлт өөрчлөлтийн нэг зүйл нь “Сонгуулийн тогтооцоог өөрчлөх замаар сонгуулийн зардлыг бууруулах, иргэний сонгох, сонгогдох эрхийг баталгаажуулах, мөн гишүүдийн тоог нэмэгдүүлэх замаар парламентын чадамжийг нэмэгдүүлэх” асуудал байлаа. Гэвч энэ асуудал яригдаж эхэлсний дараа Цэц 2019 онд УИХ-аар баталсан ҮХНӨ дээр үндэслэн маргаан хэлэлцэж, сонгуулийн тогтолцоог сонгож хуульчлах эрх нь УИХ-д хадгалагдаж байгаа” гэдэг дүгнэлтийг гаргаад, өмнө энэ асуудлаар гаргаж байсан хоёр удаагийн шийдвэрээ хүчингүй болгосон байдаг. Тэгэхээр сонгуулийн тогтолцоон дээр Үндсэн хуулийн маргаан дахиж явахааргүй болсон гэсэн үг. Хоёрдугаарт, гишүүдийн тоог нэмэгдүүлэх асуудал МАН дангаараа шийдвэр гаргах боломжгүй болчихлоо. Зөвлөлдөх санал асуулгын үр дүн МАН-ын талд гарсангүй. Анхнаасаа “Үндсэн хуулийн өөрчлөлтийг Зөвлөлдөх санал асуулгаар шийдэхгүй ээ. Хууль тогтоогчийн бүрэн эрх шүү. Зөвхөн нэмэлт өөрчлөлтийн төслөө бүрэн боловсруулсны дараа Ард иргэд нийтийн санал асуулгаар шийдэх ёстой. Сонгуулийн насны бүх иргэд чинь саналаа өгөх ёстой шүү” гэж хэлсээр байхад ”Иргэдээсээ асууна гэж асуулга явуулчихаад “Асуухаа болилоо, бидний хүссэн үр дүнг үзүүлсэнгүй ээ” гээд буцдаг парламент, тийм хууль тогтоогч байж болохгүй. Өмнө 2017 онд “МАН дангаараа Үндсэн хуульд өөрчлөлт оруулж болохгүй ээ” гээд байхад “Болно оо, бид иргэдээсээ асуугаад хийчихнэ” гээд Зөвлөлдөх санал асуулга гэдэг юмыг анх удаа зохион байгуулсан, иргэд ч дэмжсэн, Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулсан. Одоо бол “Нөү шүү, та нар хангалттай” л гэж байна. Тийм болохоор үлдсэн асуудлыг дараагийн цаг үедээ үлдээ. Нэг нам хоёр удаа Үндсэн хуульд өөрчлөлт оруулдаг тийм хязгааргүй эрх хэмжээтэй байж болохгүй. Харин 2019 онд баталсан ҮХНӨ-ийнхөө үр дүнг үзэх тал дээр тархи толгойгоо ажиллуулах хэрэгтэй байх. Тэр нь хаана хаанаа хал балгүй, хохирол багатай тусна.

 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.