НЭГҮҮН МЭДЭЭ
САМУРАЙ БОНД”-ЫН ТӨЛБӨРИЙГ БҮРЭН БАРАГДУУЛАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО

Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлт болох /762.3 тэрбум төгрөг/ 30.0 тэрбум иенийг Монгол банк дахь төрийн сангийн дансанд байршуулж Бондын эргэн төлөлт хийхээр бэлдээд байна. Анх 2013 онд Хөгжлийн банк нь ЗГ-ын баталгаатайгаар 10 жилийн хугацаатай, жилийн 1.5%-ийн хүүтэй 30.0 тэрбум иенийн “Самурай" бондыг олон улсын зах зээлд арилжаалсан.

ЖАГСАГЧДААС 100 ИРГЭН ХЯНАЛТ ТАВИНА

Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ өнөөдөр нүүрсний хулгайн эсрэг жагсаж буй иргэдтэй уулзахдаа "Засгийн газар нүүрсний хулгайг илчилж гаргаж ирсэн. Энэ асуудлыг орхихгүй, үр дүнд хүргэхээр ажиллах болно. Хамгийн гол нь бид эвлэлдэн нэгдэх хэрэгтэй. Ингэж чадахгүй бол ялагдана. Ард иргэд Засгийн газартаа дэм болж нүүрсний хулгайч нартай тэмцэхийг уриалж байна” гэв. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар нүүрсний хэрэгтэй холбогдуулан явуулж буй мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилго бүхий штабыг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатараар ахлуулан байгуулсан. Энэхүү штабын үйл ажиллагаанд хяналт тавиулахаар жагсагчдаас 100 хүний төлөөллийг оруулахаар боллоо. Эх сурвалж: Засгийн газар

С.БЯМБАЦОГТ :ИРЭХ ОНД УЛААНБААТАРААС АНУ-ЫН ДУРЫН ХОТ РУУ ШУУД НИСЛЭГ ҮЙЛДЭНЭ

Засгийн газрын ээлжит хуралдааны шийдвэрийг Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт танилцуулж байна.Тэрээр “ АНУ-тай Open Sky агаарын тээврийн хэлэлцээр байгуулах асуудлыг дэмжсэн. АНУ-ын Засгийн газартай хэлэлцээ байгуулснаар АНУ-Монгол Улсын хооронд шууд нислэг үйлдэх боломж бүрдэнэ. Гэхдээ гарын үсэг зурсаны дараа нэг жилийн хугацаанд бэлтгэл ажил хангах хэрэгтэй. Ингэснээр 2024 оны эхээр Улаанбаатар хотоос АНУ-ын дурын хот руу шууд нислэг үйлдэх боломж бүрдэнэ Үүний дараа Австрали, Сингапур руу шууд нислэг үйлдэх боломжийг нээнэ. Мөн Монголд зочлох жил болгон зарласантай холбогдуулан БНСУ-ын Инчон хотоос Улаанбаатар хот руу долоо хоногт 70 нислэг хийх боломжийг нээж өгч байна. Мөн хилийн боомтуудыг төмөр замыг БНХАУ-ын төмөр замтай холбох холболтын төмөр замын ажлын техник, эдийн засгийн нөхцлийг бий болгох, зураг төслийг хийж хэрэгжүүлэх, бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх шийдвэр гарлаа. Өнөөдөр бид хэдийгээр төмөр зам барьсан хэдий ч Хятадын төмөр замтай холбогдоогүй. Өнөөдөр манай төмөр замын хүчин чадал 5 сая орчим байгаа. Шивээхүрэн, Бичигт, Ханги-Мандал, Гашуунсухайт гэсэн дөрвөн боомтыг төмөр замыг БНХАУ-ын төмөр замтай холбосноор уул уурхайн бүтээгдэхүүн экспортын ачааны хэмжээ 30 сая хүртэл нэмэгдэх бололцоо бүрдэнэ хэмээв.

НҮҮРСНИЙ ЭКСПОРТТОЙ ХОЛБООТОЙ ТОО БАРИМТЫГ БНХАУ-ЫНХТАЙ ТУЛГАХ, МЭДЭЭЛЭЛ АВАХ АЖЛЫГ Б.БАТЦЭЦЭГ САЙДАД ДААЛГАЛАА

Засгийн газрын өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар нүүрсний хулгайг шалгахтай холбоотой шаардлагатай мэдээллийг Хятадын талтай солилцох, тус улсаас гаргуулахад хамтрах ажлыг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарт шилжүүлсэн. Тэгвэл тус ажилд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийг мөн анхаарч ажиллах үүрэг даалгаврыг өнөөдрийн /2022.12.07/ Засгийн газрын хуралдаанаар өгчээ. Энэ хүрээнд Монголын хилээр гарсан нүүрсний хэмжээ БНХАУ-ынхтай зөрж буй учраас нотлох баримтуудыг тус улсын эрх бүхий байгууллагуудын мэдээлэлтэй нарийвчлан тулгах шаардлага үүсч Улсын Ерөнхий Прокурорын газраас Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарт хандсан байдаг. Учир БНХАУ-ын талаас холбогдох мэдээллийг гаргах боломжгүй гэх хариултыг манай прокурорт ирүүлсэн учраас ийнхүү Хууль зүйн сайдад хандсан гэдэг. Харин Хууль зүйн яамнаас тус улсад хандвал мэдээллийг ирүүлэх боломжтой аж.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ ЗАСГИЙН ГАЗАР, ХУУЛЬ ХҮЧНИЙ БАЙГУУЛЛАГЫН УДИРДЛАГУУДЫГ ДУУДАЖ УУЛЗАВ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх өнөөдөр 12.30 цагт Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, бригадын генерал С.Ганбямба, Монгол Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан, Тагнуулын ерөнхий газрын дарга, хошууч генерал П.Одонбаатар, Авлигатай тэмцэх газрын дэд дарга, эрхэлсэн комиссар Г.Азжаргал, Цагдаагийн ерөнхий газрын дарга, хошууч генерал Ж.Болд нарыг дуудаж уулзав. Ард иргэд дөрвөн өдрийн турш төв талбайд жагсаал хийж байгаа ч Засгийн газар, хууль хүчний байгууллагууд өнөөг хүртэл тодорхой арга хэмжээ авч, шийдвэрлэхгүй байгааг Ерөнхийлөгч буруушаав. Тэрбээр нүүрсний хулгайчдын нэрийг зарлахгүй байгаа шалтгааныг тэднээс нэхэж, энэ хэрэгт нэр холбогдсон Улсын Их Хурлын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг Улсын Их Хуралд оруулах эрх хуулиар олгогдсоныг Улсын Ерөнхий прокурорт хатуу санууллаа. Хэрвээ асуудлыг шуурхай шийдвэрлэхгүй бол холбогдох хууль тогтоомжуудад заасны дагуу Улсын Их Хурал, Засгийн газрын бүрэн эрхийг хугацаанаас нь өмнө дуусгавар болгож, ард түмэнд сонголт хийх эрхийг нь олгох цаг ойрхон байгааг анхааруулав. Түүнчлэн Засгийн газрын төлөөллийг төв талбайд очиж жагсагч иргэдтэй уулзан, хийж байгаа ажлаа ил тод ярихыг шаардав. Уулзалтад Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Ж.Энхбаяр, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар нар байлцав.

НҮҮРСНИЙ ХУЛГАЙН ХЭРГИЙГ ИЛРҮҮЛЭХЭД БНХАУ МОНГОЛД ТУСЛАХАД БЭЛЭН

БНХАУ-ын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Мао Нин мягмар гарагт болсон хэвлэлийн хурлын үеэр ТАСС агентлагийн асуултад хариулахдаа "Монголын эрх баригчдаас хүсэлт ирвэл Хятад руу экспортолж буй нүүрсний хулгайн гэмт хэргийг шалгахад Монголын Засгийн газарт туслахад бэлэн" гэж мэдэгджээ. Нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон байж болзошгүй албан тушаалтнуудын жагсаалтыг Монголын эрх баригчдад өгсөн гэх мэдээлэлд тайлбар өгөхийг хүссэний хариуд дипломатч “Нөхцөл байдлын цаад учир шалтгааныг мэдэхгүй байна. Монголын Засгийн газар үүсээд буй нөхцөл байдлыг ойлгож, шийдвэрлэх арга хэмжээ авч чадна гэдэгт найрсаг хөрш орны хувьд бид итгэлтэй байна. Монголын талаас ийм хүсэлт гаргавал БНХАУ-ын эрх бүхий газрууд хуулийн дагуу шаардлагатай тусламжийг үзүүлнэ” гэж хэлжээ. Даваа гарагт CentralAsia.media мэдээллийн портал "Хятадын эрх баригчид нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон албан тушаалтнуудыг цаазалсан" гэсэн агуулгатай мэдээ нийтэлсэн юм. Үүнээс гадна БНХАУ-ын эрх баригчид энэ хэрэгт холбогдсон Монголын улстөрчдийн нэрсийн жагсаалтыг Монголын засгийн газарт хүлээлгэн өгсөн гэж тус портал мэдээлжээ.

ЭНЭ САРД ОЛГОХ ХҮҮХДИЙН МӨНГӨ, ТЭТГЭВЭР ТЭТГЭМЖИЙН ХУВААРЬ

Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газраас энэ сарын хүүхдийн мөнгө, халамжийн тэтгэвэр тэтгэмж олгох хуваарийг гаргажээ. Нийгмийн халамжийн тэтгэвэр энэ сарын 12,22-ны өдрүүдэд, хүүхдийн мөнгөн хуримтлалын мөнгө 20-ны өдөр олгогдоно.

ГУРВАН САЙХАН РОТАРИ КЛУБ БАЙГУУЛАГДЛАА

РОТАРИ хэмээх хүмүүнлэгийн сайн сайхны төлөө үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллага анх 1905 онд АНУ-ын Чикаго хотод байгуулагдсан түүхтэй. Ротари нь даян дэлхийд сайн санаа, энх амгаланг бий болгохын төлөө бизнесийн болон мэргэжлийн шилдгүүдийг эгнээндээ нэгтгэсэн, ёс суртахууны өндөр хэм хэмжээнд өөрсдийн хүмүүнлэгийн үйлчилгээг дэлхийн өнцөг бүрт хүргэдэг, шашин болоод улс төрөөс ангид, ашгийн бус, төрийн бус олон улсын байгууллага юм. Өнөөдөр Өмнөговь аймагт шинээр Гурван сайхан ротари клуб байгуулагдаж байна, үүсгэн байгуулагч Ц.Баярсайхан болон тус олон улсын байгууллагын 3450 дүүргийн 10-р бүсийн захирагч Т.Болормаа, бүсийн захирагчаар ажиллаж байсан Х.Жамбалмаа, Э.Ганбат нарын хүмүүс шинээр байгуулагдаж буй Гурван сайхан ротари клубын гишүүдийн хамтаар аймгийн Засаг даргатай уулзалт хийж анхны олон улсын сургалтаа зохион байгуулж байна. Монгол улсын хэмжээнд 17 ротари клуб үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд Гурван сайхан ротари клуб нь 18 дахь нь болж байгаа юм.

Ж.БАТЗАНДАНГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ЦАГДАН ХОРИХ САНАЛААС ШҮҮХ ТАТГАЛЗЖЭЭ

УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан, түүний туслах Г.Аюулгүй нарын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгах тухай прокурорын саналыг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлэжээ. Шийдвэрлэхдээ үргэлжлүүлэн хорих саналаас татгалзсан байна. Эргэн сануулахад, УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан, түүний туслах Г.Аюулгүй нарыг Хөгжлийн Банктай холбоотой зээл тойрсон асуудлаар шалгаж, 2022 оны аравдугаар сарын 10-наас эхлэн 30 хоног цагдан хорьсон. Мөн арваннэгдүгээр сарын 9-нөөс үргэлжлүүлэн 30 хоног цагдан хорьсон билээ.

ЧИНГИС БОНДЫН 1.5 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН ӨРИЙГ МАНАЙ УЛС ТӨЛЖ ДУУСЛАА

Чингис бондын 1.5 тэрбум ам.долларын өрийг Монгол Улс өнөөдөр төлж дууслаа. Монгол Улс 2011-2012 онд эдийн засгийн өсөлт 17.3 болон 12.3 хувьтай, зээлжих зэрэглэл дээгүүр байсан, эдийн засгийн оргил үедээ 10 жилийн хугацаатай, 5.125 хувийн хүүтэй, нэг тэрбум ам.долларын Чингис бондыг гаргасан. Тэгвэл тус бондын үлдэгдэл 136 сая долларыг шилжүүлэх үүргийг Ерөнхий сайд дөнгөж сая Сангийн сайдад өгсөн байна. 2012 онд олон улсын зах зээлд гаргасан “Чингис” бондын эх үүсвэрийн 12.6 хувийг дотоодын арилжааны банкнуудаар дамжуулан хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, ноос ноолуурын салбарт зээл олгосон бол 24 хувийг эрчим хүч, хүнд үйлдвэрлэл, барилгын салбарын томоохон төсөл хөтөлбөрийн санхүүжилтэд олгосон гэсэн тайлан гарчээ. Бусад 63.4 хувийг улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр төмөр зам, авто зам, инженерийн дэд бүтэц, уул уурхайн олборлолт, хөдөө аж ахуйн төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх зорилгоор зарцуулсан гэж Сангийн яам тайлагнасан юм.

1 ... 127 128 129 130 131 132 133 134 135 ... 317