НЭГҮҮН МЭДЭЭ
УЛСЫН ХОЁРДУГААР ТӨВ ЭМНЭЛЭГ “ЦАГ ЗАХИАЛГЫН НЭГДСЭН ТӨВ”-ТЭЙ БОЛЛОО

УХТЭ-ээр үйлчлүүлэгчид цагаа хэмнэн “Цаг захиалгын нэгдсэн дуудлагын төв”-өөр үйлчлүүлэх боломжтой боллоо. Үйлчлүүлэгч та Дуудлагын нэгдсэн төвийн 7015-0222 дугаараар холбогдон амбулаторийн үзлэгийн цагийг товлох боломжтойгоос гадна эмчтэй холбогдож, анхан шатны зөвлөгөө, тусламж авах боломжтой. Утсаар цаг захиалгын үйлчилгээг өмнө нь нэг ажилтан үзүүлдэг байсан бол иргэдэд хүртээмжтэй, түргэн шуурхай, чирэгдэлгүй үйлчилгээг үзүүлэх зорилгоор “Цаг захиалгын нэгдсэн дуудлагын төв” болгон өргөтгөж, дуудлага хүлээн авах гурван ажилтан, иргэдэд анхан шатны зөвлөгөө мэдээлэл өгөх нэг эмчийн бүрэлдэхүүнтэйгээр ажлын өдрүүдэд ажиллаж байна.

ХАВИРГА-АР ХАШААТ БООМТЫН АЧАА ТЭЭВРИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ МАРГААШААС СЭРГЭЭХЭЭР БОЛСНЫГ МОНГОЛ, ХЯТАДЫН САЙД НАР ОНЦЛОВ

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг энэ өдөр БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Чинь Гантай утсаар ярьж, Монгол, Хятадын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцжээ. Гадаад харилцааны сайд нар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн БНХАУ-д хийсэн төрийн айлчлалын үеэр тохиролцсон асуудлуудыг урагшлуулж, ажил хэрэг болгохын төлөө нягт хамтран ажиллахаар санал нэгдсэн байна. Энэ хүрээнд хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг улам идэвхжүүлэх, хилийн боомтын зорчигч болон ачаа тээврийн урсгалыг нэмэгдүүлэх, Гашуунсухайт–Ганцмод, Ханги–Мандал боомтын төмөр замын холболтын ажлыг эрчимжүүлэх талаар ярилцав. Талууд хоёр талын хамтын хүчин чармайлтын үр дүнд хилийн боомтуудын үйл ажиллагаа, зорчигч тээврийн хөдөлгөөн шат дараатайгаар сэргэж буйг сайшааж, нэгдүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн Хавирга-Ар хашаат боомтын ачаа тээврийн үйл ажиллагааг сэргээхээр болсныг онцлов. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн БНХАУ-д хийсэн төрийн айлчлалын үеэр гаргасан Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ эрин үед урагшлуулан хөгжүүлэх тухай Монгол Улс, БНХАУ-ын Хамтарсан мэдэгдэлд тусгасан “Үндэсний урлагийн их театр”, “Ерөнхийлөгчийн нэрэмжит хүүхэд, залуучуудын спорт сургалтын төв”, “Цөлжилттэй тэмцэх судалгааны төв” зэрэг ажлуудыг эрчимтэй урагшлуулж, бодит ажил хэрэг болгох асуудлаар цаашид ч идэвхтэй хамтран ажиллахаар тохиролцжээ. Түүнчлэн олон улсын тавцан дахь хамтын ажиллагааг үргэлжлүүлж, Монгол, Орос, Хятад гурван улсын эдийн засгийн коридорын хүрээнд хамтран хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийг урагшлуулж, НҮБ-ын Дүрмийн зорилго, зарчимд суурилсан олон талт хамтын ажиллагааг тууштай дэмжиж ажиллахаар санал нэгдсэн байна. Эх сурвалж: Гадаад Харилцааны Яам

АЧААНЫ МАШИНЫ ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦОХ ТҮР ЗӨВШӨӨРЛИЙГ ЦАХИМААР АВДАГ БОЛЛОО

Нийслэлийн гудамж, замын хөдөлгөөнд ачааны автомашиныг цагийн хязгаарлалтайгаар оролцуулах түр зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо. Түр зөвшөөрөл авах иргэн, аж ахуйн нэгж байгууллага нь www.smartcar.mn болон www.e-mongolia.mn веб сайтаар дамжуулан цахимаар хүсэлтээ илгээх боломжтой. Түр зөвшөөрлийн материал илгээх заавартай transport.ub.gov.mn/en/?page_id=4341 холбоосоор танилцаарай. НИТХ-аас баталсан Нийслэлийн гудамж, замын хөдөлгөөнд ачааны автомашиныг цагийн хязгаарлалтайгаар оролцуулах түр зөвшөөрөл олгох журмын дагуу B, C болон CE ангиллын автомашинууд журамд заасан байршлууд дахь замын хөдөлгөөнд 08:00-21:00 цагийн хооронд оролцохдоо түр зөвшөөрөл авдаг. Тэгвэл уг зөвшөөрлийг авахдаа дараах бичиг баримтыг бүрдүүлнэ. Аж ахуйн нэгж, байгууллага: Хүсэлт гаргасан албан бичиг Аж ахуйн нэгж, байгууллагын гэрчилгээ, тусгай зөвшөөрөл, ажил эхлүүлэх зөвшөөрлийн хуулбар Ачааны автомашин, чиргүүлийн ерөнхий байдлыг харуулсан, дөрвөн талаас авсан зураг /Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар хавсралтад зааснаар гэрэл ойлгох шинж чанар бүхий туузан наалт, эсвэл улаан өнгийн гэрэл ойлгуурыг нэмж байрлуулах, тэвшний улсын дугаарын бичиглэл байх/ Ачааны машин, чиргүүлийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар Тухайн компанитай хамтарч ажиллаж байгаа гэрээний хуулбар Хувь хүн: Түр зөвшөөрөл авах хувийн хүсэлт Цагийн хязгаарлалт тогтоосон гудамж зам руу зайлшгүй зорчих шаардлагыг нотлох Баримт бичиг /ачаа тээвэрлэлтийн гэрээ гэх мэт/ Хамтран ажиллаж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын гэрчилгээ, тусгай зөвшөөрөл, ажил эхлүүлэх зөвшөөрлийн хуулбар Ачааны автомашин, чиргүүлийн ерөнхий байдлыг харуулсан, дөрвөн талаас авсан зураг /Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар хавсралтад зааснаар гэрэл ойлгох шинж чанар бүхий туузан наалт, эсвэл улаан өнгийн гэрэл ойлгуурыг нэмж байрлуулах, тэвшний улсын дугаарын бичиглэл байх/ Ачааны машин, чиргүүлийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар гэсэн бичиг баримтыг бүрдүүлэн илгээнэ. Дээрх материалуудыг бүрэн илгээсэн тохиолдолд хүсэлтийг өдөрт нь шийдвэрлэж байгаа бөгөөд цахимаар авсан зөвшөөрлийг хэвлэн ашиглах боломжтой. Түр зөвшөөрлийн хураамжийг Q-Pay, интернэт банк болон төлбөрийн бусад системээр Төрийн сангийн 100200051055 дансанд тушаана.

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДАРГА НЬ ЛУЕН ОВОГТОЙ

Монгол Улсын Төрийн дээдийн дээд байгууллага бол Үндсэн хуулийн цэц. Гэтэл тус цэцийг удирдаж буй Н.Чинбат гэх эрхэм нь Луен гэх хятад овогтой болохыг учир мэдэх хүмүүс хэлдэг. Тэгвэл өчигдөр экс Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуулийн цэцийн дарга Луен овогт Намжилын Чинбатад албан тоот явуулсан байна. ЦЭЦИЙН ДАРГА Н.ЧИНБАТ ГЭЖ ХЭН БЭ? Цэцийн дарга Н.Чинбат нь 2019 онд Үндсэн хуулийн Цэцийн даргаар томилогдсон. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбат өмнө нь Улсын дээд шүүхийн орлогч дарга, Иргэний коллегийн дарга, Улсын Их Хурлын даргын хуулийн зөвлөх, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг- Оюуны өмчийн газрын дарга, Хууль зүй, дотоод хэргийн сайдын зөвлөх зэрэг албан тушаал хашиж байсан. 1998-2004 онд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдон ажиллаж байсан билээ. Тэрбээр Монгол Улсын гавьяат хуульч цолтой. Н.Чинбат нь 1956 онд Улаанбаатар хотод төрсөн. Өдгөө 67 настай. Боловсрол: • 1974 онд Нийслэлийн 24 дүгээр сургууль, • 1979 онд МУИС-ийн хуулийн анги, • Эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн магистр Ажилласан байдал: • 1979-1990 онд МУИС-д багш, Хууль зүйн тэнхмийн орлогч эрхлэгч, • 1990-1993 онд Улсын Дээд шүүхийн орлогч дарга, Иргэний коллегийн дарга, • 1993-1996 онд Улсын Их Хурлын даргын хуулийн зөвлөх, • 1996-2016 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Оюуны өмчийн газрын дарга, • 2016-2017 онд Хууль зүй, дотоод хэргийн сайдын зөвлөх. Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр ажилласан байдал: Монгол Улсын Их Хурлын санал болгосноор: -Монгол Улсын Их Хурлын 1998 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 47 дугаар тогтоолоор Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдож, бүрэн эрхийн хугацаа дуусч 2004 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр чөлөөлөгдсөн. Улсын дээд шүүхийн санал болгосноор: • Монгол Улсын Их Хурлын 2017 оны зургадугаар сарын 9-ний өдрийн 45 дугаар тогтоолоор Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр улиран томилогдон ажиллаж байгаа нэгэн ажээ. эх сурвалж:tac.mn

ОРОН ГЭРГҮЙ ИРГЭДИЙГ ЭРХШЭЭЛДЭЭ БАЙЛГАЖ АЛБАДАН ХӨДӨЛМӨРЛҮҮЛСЭН ХЭРГИЙГ ШАЛГАЖ БАЙНА

Энэ оны 01 дүгээр сарын 04-ний өдөр цагдаагийн байгууллагад “Архины хамааралтай, орон гэргүй иргэдийг албадан хөдөлмөрлүүлсэн байж болзошгүй байна” гэх гомдол, мэдээлэл ирсэн. Гомдол, мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, “Г” нарын дөрвөн иргэнийг холбогдуулан мөрдөн шалгах ажиллагааг явуулж, шалгалтын явцад 21 иргэнээс гэрчийн мэдүүлэг авч, хохирсон байж болзошгүй иргэдийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоолгохоор Шүүх, шинжилгээний ерөнхий газрын шинжээч томилуулан мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна. Иргэн “Г” нь “Самарт авч явна” гэх утгатай зарыг фэйсбүүк орчинд байршуулан иргэдийг Төв аймгийн Эрдэнэ сумын “Их Нарт”, “Хүрэн морьтын даваа” гэх газар руу самарт авч явж, олсон ашгийг 40:60 харьцаатай хувааж авахаар сайн дурын үндсэн дээр тохиролцож явсан бөгөөд ингэхдээ зарим иргэдийн цалин хөлсийг тухай бүр өгөөгүй, хохирогч нарын биед халдсан зэрэг нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогдлоо. Иймд дээрх хэрэгтэй холбоотой ямар нэгэн байдлаар хохирсон иргэд байвал Эрүүгийн цагдаагийн албаны 262066, 262425 дугаарын утсаар болон бичгээр гомдол, мэдээллийг хүлээн авч байна.

ХЭРЭВ ТАНЫ МЭДЭЭЛЭЛ ЗӨРҮҮТЭЙ БАЙВАЛ ӨРХИЙН ОРЛОГОО БОДУУЛААД ХҮҮХДИЙН МӨНГӨӨ НӨХӨЖ АВАХ БОЛОМЖТОЙ

Хүүхдийн тэтгэмж олгохтой холбоотой журам болон цаашдын боломжуудын талаар ХНХЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга А.Хишигбаяр мэдээлэл өгөв. Тэрбээр "Монголд анх удаа төрийн мэдээлэлд тулгуурлан өрхөө үнэлж, улмаар аргачлал боловсруулсан. Энэ удаагийн аргачлалаар төрийн таван байгууллагын мэдээлэлд үндэслэж байгаа. Тодруулбал, ҮСХ-ноос гаргаж байгаа хүн ам, өрхийн мэдээллийн сан, Татварын ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, АТҮТ, Улсын бүртгэлийн газар гэсэн таван байгууллагын 12 үзүүлэлтээр өрхийг үнэлсэн. Цахим шилжилтийн хүрээнд төр, иргэн хамтарч төрд байгаа мэдээллээ зайлшгүй засварлах шаардлага бий болж байна. Гэхдээ олон иргэнээс "миний мэдээлэл зөрүүтэй байна" гэсэн санал ирсэн. Хэрэв мэдээллийн зөрүүтэй байдал үүссэн бол засаж, залруулах бүрэн боломжтой. Жишээлбэл, ам бүлийн мэдээлэл зөрүүтэй байвал баг, хорооныхоо ЗДТГ-т очиж, өрхийн мэдээллийг өөрчлүүлж болно. Магадгүй таны мэдээлэлд нэг машин нэмсэн байвал АТҮТ-д хандах боломжтой. Ингэж мэдээллээ засварласны дараа Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас өрхийн амьжиргааг дахин тооцох юм. Та бүхэнд хүсэлт гаргасан өдрөөс эхлэн хүүхдийн мөнгийг нөхөж олгох боломжтой. Хувийн мэдээллээ шалгаж үзээд аль байгууллагад ямар алдаатай байгаа талаар хүсэлтээ өгч болно. Тухайн байгууллага дээр биечилж очоод хүсэлтээ өгөөд мэдээллээ шинэчлүүлэх асуудал байгаа" гэв. Мөн "Бид яагаад иргэдийн мэдээллийг засаж болохгүй байна гэх асуулт үүсэж байна. Төр хувь хүний мэдээллийг шууд засах боломжгүй. Иймд иргэдтэйгээ нийлээд мэдээллээ зөв болгоод явна. Үүний дараа өрхийн орлогыг тооцож үзнэ. Улмаар хүүхдийн мөнгийг нөхөж олгох зохицуулалтаар явж байгаа. Хэрэв таны мэдээлэл зөрүүтэй байвал үүнийг шинэчлүүлж, дахин өрхийн орлогоо бодуулаад хүүхдийн мөнгөө нөхөж авах боломжтой" хэмээв.

ХААДС-ГИЙН АЛБАН ТУШААЛТНУУД АЖ АХУЙН НЭГЖИЙН ТӨЛӨХ ЗЭЭЛИЙН ХЭМЖЭЭГ БУУРУУЛСАН ХЭРЭГТ ХОЛБОГДЖЭЭ

ХХААХҮЯ-ны харьяа хуучнаар Тариалан эрхлэлтийг дэмжих сан, өдгөө Хөдөө аж ахуйг дэмжих сан (ХААДС)-гаас нэн хөнгөлөлттэй олгосон зээл, түүнийг авсан аж ахуйн нэгжүүдийг хууль сахиулах байгууллагынхан шалгаж эхэлснээс хойш багагүй хугацаа өнгөрлөө. Тус сангаас сүүлийн жилүүдэд 15 000 орчим иргэн, аж ахуйн нэгж их хэмжээний зээл авсан ч буцаан төлөөгүйн улмаас 240 орчим тэрбум төгрөгийн өр үүсэж, төсвийн хөрөнгийг завшсан нөхцөл байдал бий болсон байдаг. Тэгвэл тус сангийн удирдах албан тушаалтнуудын холбогдсон хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж дуусжээ. ХААДС-гийн ажлын албаны Дотоод үйл ажиллагааны газрын дарга Д.Энхмаа, санхүүгийн менежер С.Удвал, тооцооны нягтлан бодогчоор ажиллаж байсан А.Энхжаргал, жолооч Э.Үдэхбаяр нар албан тушаалаа урвуулан ашиглаж, “Баян талын буудай” ХХК-ийнханд давуу байдал олгосон хэрэгт холбогдсон байна. Тус компанийнхан дээрх санд 559.1 сая гаруй төгрөгийн өр төлбөртэй байхад нэр дурдсан албан тушаалтнууд 419.5 саяыг нь хасаж тооцсон гэнэ. БНХАУ-аас импортолсон, ХААДС-гаар дамжуулан зээлээр олгосон бага оврын тракторын өрийг 139.5 сая төгрөг болгож бичээд 2020 оны дөрөвдүгээр сард тооцоо нийлсэн акт хуурамчаар үйлдэн зээлийн гэрээ байгуулах нөхцөлийг бүрдүүлэн улсын төсөвт их хэмжээний хохирол учруулсан гэж дээрх албан тушаалтнуудыг буруутгаж буй аж. Түүнчлэн ХААДС-гаас нэн хөнгөлөлттэй зээл авч, өөрийн хамаарал бүхий аж ахуйн нэгждээ давуу байдал олгосон үндэслэлээр Төв аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Н.Гантулгыг шалгаж буй талаар эх сурвалжууд мэдээлэв. Ташрамд дурдахад, АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 772 хэрэгт мөрдөн байцаалт явуулснаас 12-ыг нь шүүхэд шилжүүлэх, есийг нь хаах санал прокурорын байгууллагад хүргүүлсэн байна. эх сурвалж:tac.mn

ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБАН ХААГЧИД ХООЛНЫ МӨНГӨ 1300-1500 ТӨГРӨГ

Онцгой байдлын албан хаагчдын хоолны мөнгө 1300-1500 төгрөг болон танагджээ. Өдрөөс өдөрт юмны үнэ тэнгэрт хадаж байхад энэ мөнгөөр аяга цай ганц ширхэгийн хоол ч авч хүрэхгүй мөнгө. Хэдхэн хоногийн өмнө тус салбарын дарга нар цалингаа хэдэн зуун мянгаар нэмүүлж, галын шугамд ажиллах албан хаагч, гал сөнөөгчдийн цалин 20 мянган төгрөгөөр нэмэгдсэн. 7-9 хүнтэй багийн өдрийн хоолны зардал гэж 16 мянган төгрөг тоогдохоор байгаа юм. Дэлхийн бусад улс оронд хилийн цэрэг, онцгой байдал, эмнэлэг, цагдаа, бага ангийн багш нарын цалин хөлс хамгийн өндөрт тооцогддог бол манайд эсрэгээрээ хамгийн бага хөдөлмөрийн хөлсийг тэд авч байна.

МЭДЭГДЭЛ

202 3 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр УБТЗ-ын нэр бүхий албан тушаалтан их хэмжээний мөнгө төгрөгтэй холбоотой гэмт хэрэгт холбогдсон нь “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн нэр хүндэд муугаар нөлөөлж, шударгаар хөдөлмөрлөж буй нийт төмөр замчдын нэр хүндийг сэвтүүлсэн харамсалтай үйл явдал боллоо. УБТЗ-ын хамт олон цар тахлын улмаас үүссэн хүндрэлийг даван туулж, санхүүгийн эрсдэлээ бууруулж, алдсан боломжоо нөхөхийн төлөө 24 цагийн турш чармайн ажиллаж байхад тус нийгэмлэгийн нэг албан тушаалтан 7,3 тэрбум төгрөгтэй холбоотой гэмт хэрэгт холбогдсон нь нийт төмөр замчдын дургүйцэл жигшлийг төрүүлж байна. Гэмт хэрэгт нэр холбогдогч С.Батдөлийн орон байрнаас илрүүлсэн 7,3 тэрбум төгрөг нь УБТЗ-ын тээврийн орлогыг завших замаар олсон мөнгө биш гэдэг нь УБТЗ-ын санхүү, нягтлан бодох бүртгэлийн шалгалтаар тогтоогдож байгаа бөгөөд уг мөнгийг ямар замаар олсон болохыг хуулийн байгууллага эцэслэн тогтоох нь эргэлзээгүй юм. Өнөөдрийн байдлаар УБТЗ-ын зүгээс хууль, хяналтын байгууллагаар эцэслэн шийдэгдээгүй энэ хэргийн талаар үүнээс илүү тайлбар өгөх боломжгүйг мэдэгдье. “Улаанбаатар төмөр зам” ХНН

НАСАНД ХҮРЭГЧДИЙН ХЭВТҮҮЛЭН ЭМЧЛЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ТҮР ШИЛЖҮҮЛНЭ

Гуравдугаар сарын 1-нийг хүртэл зарим дүүргийн эмнэлгийн насанд хүрэгчдийн хэвтүүлэн эмчлэх тусламж үйлчилгээг түр шилжүүлэх зохицуулалтыг хийх үүргийг холбогдох албаныханд өглөө. Уг зохицуулалтаар эхний ээлжинд Сүхбаатар дүүргийн 18-20 дугаар хорооны насанд хүрэгчдийн дотрын эмгэгийн хэвтүүлэн эмчлэх тусламж үйлчилгээг Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Баянзүрх дүүргийн 1-3, 25, 26 хороо, Сүхбаатар дүүргийн 16, 17 дугаар хорооны насанд хүрэгчдийн дотрын эмгэгийн хэвтүүлэн эмчлэх тусламж үйлчилгээг Улсын хоёрдугаар төв эмнэлэгт, Чингэлтэй дүүргийн 8, 13, 14, 16, 19 дүгээр хорооны насанд хүрэгчдийн дотрын эмгэгийн хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээг Улсын гуравдугаар төв эмнэлэгт түр шилжүүлэх бөгөөд Эх, нярай эмэгтэйчүүдийн үндэсний төв-II, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, “Амгалан”, “Өргөө” амаржих төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүд харьяаллын дагуу жирэмсэн эхчүүдийн амьсгалын замын өвчлөл, дотрын тусламж үйлчилгээг хариуцах юм. Халдварт өвчин судлалын үндэсний төвийн жилийн эцсийн буюу 52 дугаар долоо хоногийн томуу томуу төст өвчний мэдээгээр аймаг, дүүргийн хэмжээнд хүүхдийн тасагт хэвтэн эмчлүүлж буй хүүхдийн 80.9 амьсгалын замын цочмог хүнд халдвартай ба өмнөх долоо хоногтой харьцуулахад 7.2 хувиар нэмэгдсэн. Энэ нь улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалтын түвшин улирлын томуу, томуугийн цар тахлын хүндрэлийн үнэлгээгээр нийтийг хамраагүй буюу алаг цоог тархалтын түвшинд байна. 2023 оны нэгдүгээр сарын 9-ний байдлаар нийслэлийн хэмжээнд хүүхдийн эмнэлгүүдийн 2088 орон дээр 1979 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа нь нийт орны ачаалал 90.7 хувьтай байгаа бөгөөд эмнэлгийн коридор, зориулалтын бус өрөөнд хэвтсэн хүүхэд байхгүй байгаа юм. Хүүхдийн яаралтай түргэн тусламжийн төвөөр 1387 хүүхэд үзүүлснээс 844 нь орой 18 цагаас шөнө 00 цагийн хооронд эмнэлэгт хандсан байна. Эдгээрээс зөвлөгөө авч буцсан хүүхэд 1128, эмчилгээ хийлгэсэн хүүхдийн тоо 411 буюу 26.9 хувь нь байна. Коридор болон зориулалтын бус өрөөнд хэвтсэн хүүхэд байхгүй. Нийслэлийн хэмжээнд томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед томуугийн шинж байдал, босго үзүүлэлтийг үндэслэн авах арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулж, өвчлөл дэгдэлтийн нөхцөл байдалд нийцүүлэн эмнэлгийн тасаг, нэгжийн үйл ажиллагааг өөрчлөн зохион байгуулах, хүний нөөцийг нэмэлтээр ажиллуулан зохицуулалт хийж байна.

1 ... 117 118 119 120 121 122 123 124 125 ... 317