ИМПОРТООР ОРЖ ИРСЭН 171.45 ТОНН ЦАГААН БУДАА ИХ ХЭМЖЭЭГЭЭР БОХИРЛОГДСОН НЬ ТОГТООГДЖЭЭ

Улаанбаатар хот дахь гаалийн газрын Ачих буулгах тээвэр экспедицийн механикжсан анги -1 гаалийн хяналтын бүсээр Вьетнам улсаас вагоноор импортолсон 171.45 тонн цагаан будааг гаалийн хорио цээрийн хяналт шалгалт болон лабораторийн шинжилгээнд хамруулан шалгасан байна.Гаалийн хяналт шалгалтын биет үзлэг болон лабораторийн шинжилгээгээр гадаад хорио цээртэй суринамын гурилч цох /Oryzaephilus surinamensisL/ үхсэн хэлбэрээр, хэвлий хэсгийн тасархай, авгалдайн гуужсан хальсаар их хэмжээгээр бохирлогдсон нь тогтоогдсон.Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 9.1.1 дэх заалтыг үндэслэн тус хуулийн 13.1.1 заалтын дагуу бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэхийг хориглодог.

Мөн Монгол Улсын Засгийн газар, БНСВУ-ын засгийн газрын хооронд ургамал хамгаалал, хорио цээрийн салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээрийн 1-р хавсралтын 2.19-т бичигдсэн суринамын гурилч цох /Oryzaephilus surinamensisL/ илэрсэн нь хоёр удаагийн шинжилгээгээр тогтоогдож хуулийн дагуу импортлогч компани экспортлогч улсад буцаах үүрэгтэй ч буцаах боломжгүй гэж мэдэгдсэн тул устгалд оруулахаар шийдвэрлэсэн байна.Иймд хүнсний бүтээгдэхүүн импортлогч аж ахуй нэгж нь Монгол Улсын гадаад худалдаатай холбоотой хууль тогтоомж, холбогдох дүрэм, журмыг сайтар судалж гадаад худалдаанд оролцох. Мөн экспортлогч улсын үйлдвэр, үйлдвэрийн албан ёсны гэрээт борлуулагчтай худалдах, худалдан авах гэрээнд чанар, аюулгүй байдал, хадгалалт тээвэрлэлт, тээврийн хэрэгсэлд хийх ариутгал, халдваргүйтгэлийн зохих шаардлагыг тусгаж ажиллахыг гаалийн байгууллагаас анхааруулж байна.

эх сурвалж:gogo.mn

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.