НЭГҮҮН МЭДЭЭ
ГУРИЛ ТЭЖЭЭЛИЙН ҮНЭ НЭМЭГДСЭН НЬ ИРГЭДИЙН НУРУУНД АЧАА НЭМЖ БАЙНА

Монгол Улсын Засгийн газраас зудын нөхцөл байдалтай сумдад Шуурхай зургаан бүлэг ажиллаж, шаардлагатай өвс тэжээл, хүнсний багц зэргийг үнэ төлбөргүй олгож, эмнэлгийн тусламж үзүүлсэн. Засгийн газраас хоёрдугаар шатны арга хэмжээнд улсын хэмжээнд зудтай байгаа сумдад 100, эмнэлгийн байгууллагуудад 60 автомашин олгох шийдвэр гарч, туулах чадвар сайтай автомашин, тэжээлийн будаа, хүнсний багцыг олгож байна. ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан ажлын хэсэг Говь-Алтай аймгийн Дэлгэр, Тайшир, Баян-Уул, Бигэр, Цээл сумдад Suzuki Jimny автомашин олгов. Мөн Ховд аймгийн Үенч, Мөст, Булган, Чандмань, Манхан зэрэг сумдад автомашин гардуулаад байна. Эдгээр сумд нь автомашингүйн улмаас алс хязгаарт суугаа малчдад тусламж, үйлчилгээ үзүүлж чадахгүйд хүрээд байсан юм. Ховд аймгийн хувьд энэ жил 1.4 мянган тонн өвс, 972 тонн тэжээл зэргийг бэлдэж өвөлжжээ. Өмнөх жилүүдийнхээс 15 хувиар илүү хэмжээгээр өвс тэжээлээ бэлдэж, шатахууны нөөцөө хангалттай авсан байна. Иргэд, малчид цаг хүнд энэ үед гурил тэжээлийн үнэ эрс нэмэгдсэн байгаа нь хүндрэлтэй байгааг ярив. ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Засгийн газар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэрлэсэн. Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах, мал аж ахуйн салбарыг эрсдэлээс хамгаалах, нөөцийг нэмэгдүүлэх, нийлүүлэлтийг тасалдуулахгүй байх зорилгоор мал, амьтны тэжээл, тэжээлийн нэмэлт болон улаанбуудайн баяжуулсан гурилыг импортлоход гаалийн албан татвараас чөлөөлөхөөр хуулийн төсөлд тусгасныг тэмдэглээд ингэснээр иргэд гурил тэжээлийг хямд үнээр худалдан авах боломжтой болно гэдгийг хэлж байлаа. Эх сурвалж: Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

ИРЭХ САРААС ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ЦАЛИН, АХМАДЫН ТЭТГЭВЭР ИНГЭЖ НЭМЭГДЭНЭ

ЦАЛИН, ТЭТГЭВЭРТЭЙ ХОЛБООТОЙ ИРЭХ 4 ДҮГЭЭР САРЫН 1-ЭЭС ХЭРЭГЖИЖ ЭХЛЭХ ШИЙДВЭРҮҮД: Төрийн бүх албан хаагчдын цалин 10%-иар,н ийтлэг үйлчилгээний ажиллагсдын цалинг 20%-иар нэмэгдэнэ. Үүнд нийт 225.2 мянган хүн хамрагдана. Суманд ажиллаж байгаа ТӨРИЙН ЗАХИРГААНЫ болон ҮЙЛЧИЛГЭЭНИЙ бүх албан хаагчдад сар бүр үндсэн цалингийн 40%-иар, Аймгийн төв болон нийслэлийн алслагдсан 3 дүүрэгт ажиллаж байгаа төрийн албан хаагчдад 20%-иар тус тус тооцож орон нутгийн нэмэгдэл олгоно. Орон нутагт болон нийслэлийн алслагдсан 3 дүүрэгт тогтвор суурьшилтай ажиллаж байгаа ТЗ, ТҮ-ний албан хаагчид 5 жил тутамд нэг удаа 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж авна. Тэтгэвэр 100.000 төгрөгөөр нэмэгдэнэ. Халамжийн тэтгэвэр, асаргааны тэтгэмжийг 10%-иар нэмэгдүүлнэ.

НИЙСЛЭЛД “УЛААНБААТАР СМАРТ КАРТ” ХХК-Д БУЙ ДАТА МЭДЭЭЛЛИЙГ ШИЛЖҮҮЛЭХЭЭР ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч П.Сайнзоригоор ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн өнөөдөр “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн Ерөнхий захирал Шин Дун Ү болон холбогдох төлөөллүүдтэй хоёр дахь удаагийн уулзалтаа хийлээ. Нийслэл болон “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн төлөөллүүдийн анхны хурал хоёрдугаар сарын 6-д болсон. Энэ үеэр тус компаниас шаардлагатай албан бичиг, шилжүүлж өгөх дата мэдээлэл, эд хөрөнгийн жагсаалт, оюуны өмч, гэрээний хэрэгжилт, программ хангамж, тоног төхөөрөмжийн мэдээллийг гаргаж өгөхийг мэдэгдсэн юм. Гэсэн хэдий ч тус компанийн зүгээс хариу өгөлгүй өнөөдрийг хүрчээ. Өнөөдрийн уулзалтаар нийслэлийн зүгээс “Улаанбаатар смарт карт” ХХК-аас U-Money картын мэдээллийн сан, карт болон картын чипийн төрөл, бүтцийн талаарх мэдээлэл болон нийслэлд шилжүүлэх боломжтой хөрөнгийн жагсаалтыг яаралтай гаргаж өгөхийг шаардсан байна. “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн хувьд картын мэдээлэл оюуны өмчийн эрхтэй байдаг тул компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэж, хариу мэдэгдэнэ гэдгээ илэрхийлжээ. Түүнчлэн нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд худалдан авсан 600 автобуснаас 400 автобусанд удирдлага мэдээллийн цахим төлбөрийн системийн тоног төхөөрөмжийг суурилуулсан ч 200 автобусанд төлбөрийн систем суулгаагүйгээс үүдэн үйлчилгээнд гаргах боломжгүй байна. Иймд ойрын хугацаанд дээрх 200 автобусанд төлбөрийн систем суулгах шаардлагатай байгааг хурлын үеэр онцолж байлаа. Эх сурвалж: НЗДТГ, ХМОНХХ

ШШГЕГ: 427 ДУГААР ХОРИХ АНГИАС ОРГОСОН ХОЁР ХҮНИЙ НЭГИЙГ БАРЬСАН, НӨГӨӨГ НЬ ЭРЭН СУРВАЛЖИЛЖ БАЙНА

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 427 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн уурын зууханд галчаар ажиллаж байсан 2 хоригдол өнгөрсөн шөнө оргосон байна. Багануур дүүргийн хорих ангиас хоёр хоригдол өнгөрсөн шөнө оргосон гэх мэдээллийн дагуу ШШГЕГ-аас тодруулахад: "Манай харьяаны 427 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн уурын зууханд галчаар ажиллаж байсан хоёр хоригдол өнгөрсөн шөнө оргосон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас эрэн сурвалжлах ажиллагааг шуурхай эхлүүлж, нэг хоригдлыг Багануур дүүргийн нутаг дэвсгэрээс олж, баривчилсан бөгөөд одоо нэг хоригдлыг эрэн сурвалжлах ажиллагаа явагдаж байна" хэмээв.

ХҮҮХДЭД ЭЛЕКТРОН ТАМХИ ЗАРАХГҮЙ БАЙХ АЯНЫГ ӨНӨӨДРӨӨС ЭХЛҮҮЛЖ БАЙНА

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдаас эхлээд идэр насны залуус утаат тамхи буюу электрон тамхийг ихээр хэрэглэж байгаа. Бүр охид хүртэл энэ тамхийг яг угж шиг хэрэглэж байгаа үзэгдлийг өдөр бүр харж байна. Тэгвэл электрон тамхи хүний бие болоод уушгинд ямар хор хөнөөлтэй нөлөөтэй болохыг мэдэхгүй байгаа залуус эхнээсээ уушгины өвчнөөр ХӨСҮТ-ийг дүүргэж байна гэсэн мэдээллийг мэргэжлийн эмч нар байнга хэлдэг. Уушгины хавдраар ч өвчлөх тохиолдол байна гэдгийг ХСҮТ-ийн эмч ч хэлж байсан удаатай. Тиймээс эрүүл мэндэд асар хор хөнөөлтэй энэ тамхийг зарахгүй байх аяныг өнөөдрөөс орон даяар эхлүүлж байна. Гэхдээ насанд хүрээгүй хүүхдүүдэд электрон тамхи зарахыг хориглох шийдвэрийг Нийслэлээс гаргажээ. Ингэж байж хүүхдүүдийн эрүүл мэнд болон насанд хүрээгүй хүүхдүүдийг тамхи татах эрсдлээс хамгаалж урьдчилан сэргийлнэ гэж үзжээ. Энэ бол зөв шийдвэр юм. Зарж борлуулахыг ор тас хориглохгүй бол таны болон бидний хүүхдүүд хортой тамхинд хордож эрүүл мэндээрээ хохироод байна.

АВТОБУСНЫ ЖОЛООЧ НАРЫН ЦАЛИНГ 3.5 САЯ ТӨГРӨГ БОЛГОЛОО

Нийтийн тээврийн жолооч нар цалингаа нэмүүлэхийг шаардаж өнгөрсөн долоо хоногт мэдээлэл хийсэн билээ. Харин нийслэлээс шат дараатай цалинг нэмэгдүүлнэ, орон тоог нэмэгдүүлнэ гэсэн мэдэгдлийг өгч байсан. Тэгвэл автобусны жолооч нарын цалинг 3,5 сая болгох шийдвэрийг хоёр хоногийн өмнө эцэслэжээ. Энэ талаар П.Сайнзориг дарга ярихдаа " Хувийн болон орон нутгийн өмчит автобус компаниудад ажиллаж байгаа нийт жолооч нарын цалин 3.5 сая төгрөг болох шийдвэр өчигдөр/уржигдар/ албан ёсоор эцэслэгдсэн. Биднээс шалтгаалах санхүүгийн болон хууль эрх зүйн бүхий л зүйлс батлагдсан. Харин үүнийхээ дагуу бид жолооч нартаа шаардлага тавина. Энэ сарын 15-наас Улаанбаатар хотын нийтийн тээвэрт тавьж байсан программ хангамжийг өөрчилнө. UB смарт картыг орлож, сайжруулсан хувилбарыг тавина. Өөрөөр хэлбэл, карт уншилт болон бодит зорчилт хоёрыг тулгадаг, хяналт тавих камер болон программ хангамжийн системийг суурилуулна. Төлбөрөө төлдөггүй, бэлэн мөнгөөр явдаг хүмүүс зорчилтын тоонд ордоггүй учраас нийтийн тээврийн төлөвлөлт хийж болохгүй байгаа юм. Тиймээс бодит тоогоо гаргаж байж автобуснуудын маршрут, тоог гаргана. Нийслэлд өдөртөө 1000 орчим автобусыг үйлчилгээнд гаргадаг. Жолоочийн хүрэлцээ тааруу байсан. Тиймээс дүүргүүдийн Хөдөлмөр, халамжийн хэлтсээр дамжуулан 161 иргэнийг сургаж, автобусны жолооч болгосон" гэсэн мэдээллээ.

ЗУДТАЙ АЙМГУУДАД БНХАУ $370,000, АНУ $700,000-ЫН НЭМЭЛТ ТУСЛАМЖ ОЛГОХОО МЭДЭГДЖЭЭ

Зудтай байгаа аймгийн малчдад БНХАУ, АНУ-аас тусламж үзүүлэхээр болсныг Засгийн газрын тэргүүнд мэдэгджээ. Тодруулбал Монгол Улсад үүсээд буй зудын нөхцөл байдалтай холбогдуулж БНХАУ-ын Засгийн газар 200,000 ам.доллар, БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны Ардын Засгийн газар 170,000 гаруй ам.долларын эд материалын тусламжийг үзүүлж байгааг Элчин сайд Шэнь Миньжюан танилцуулж, батламжийг нь гардуулан өгсөн байна. АНУ-ын Засгийн газраас 700,000 ам.долларын нэмэлт тусламж олгохоор шийдвэрлэснийг Элчин сайд Ричард Буанган танилцуулжээ. Өмнө нь тус улсын Олон улсын хөгжлийн агентлаг (USAID)-ийн шугамаар Монголын улаан загалмай нийгэмлэгээр дамжуулан 200,000 ам.долларын тусламж үзүүлсэн байна. Ингэснээр АНУ-ын Засгийн газраас он гарсаар үзүүлсэн зудын эсрэг нийт тусламжийн хэмжээ 3,058,179,445 төгрөг буюу 900,000 орчим ам долларт хүрчээ. АНУ-аас олгож буй энэхүү тусламж нь Архангай, Баян-Өлгий, Дорноговь, Дорнод, Завхан, Сүхбаатар, Төв, Увс, Ховд аймгийн зудад хамгийн хүнд нэрвэгдсэн 2,700 малчин өрхөд малын тэжээл, эм, мал эмнэлгийн хэрэгсэл, мөнгөн тусламж хэлбэрээр хүрэх аж. Түүнчлэн Австралийн Холбооны Улсын Засгийн газраас зудын гамшгийг даван туулахад зориулж 250,000 австрали доллар хандивлахаар шийдвэрлэснийг Австралийн Гадаад хэрэг, худалдааны яамны Өмнөд болон Төв Азийн асуудал хариуцсан Тэргүүн туслах нарийн бичгийн дарга Гэри Коуэн мэдэгдээд байгаа билээ. Монгол Улсын 11 аймгийн 50 сум төмөр, 17 аймгийн 135 сум цагаан зудтай байна.

БҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАЛТАД ОРЖ, ХУУЛЬ БУСААР АШИГТ МАЛТМАЛ ОЛБОРЛОСОН ЭТГЭЭДҮҮДИЙГ ИЛРҮҮЛЛЭЭ.

Экологийн цагдаагийн албаны алба хаагчид Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт хяналт шалгалтын ажил зохион байгуулж, тус аймгийн Ерөө сумын Бугант тосгоны нутагт дэвсгэрт болох “35-ын ам”, “Их алт”, “Хэрээн гол” гэх газруудын 5 байршилд, 35 этгээд бүлэг зохион байгуулалтад орж, хууль бусаар ашигт малтмал хайж, олборлож байсан үйлдлийг илрүүлэн, байгаль экологид учирсан хохирлын үнэлгээг газар дээр нь хийлгэж, хууль бус үйл ажиллагаандаа ашигласан экскаватор 7, алт угаах төхөөрөмж 4, зил 131 автомашин 1-ийг тус тус битүүмжлэн, эвдэгдсэн талбайд хэргийн газрын үзлэг хийж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна. Мөн дээрх тосгоны төвөөс 85км зайд байрлах “Хүнгүйч”, “Толгойт”, “Агуйт”, “Ахьт”, “Залт”, “Хэрээн гол”, “Их алт”, “35-ын ам” гэх газруудад хууль бусаар ашигт малтмал олборлох зорилгоор ой модон дунд нууж, байршуулсан эзэмшигч тодорхойгүй 35 техник, хэрэгслийн эзэн холбогдогчийг олж тогтоон Бугант тосгоны төвд татан байрлуулж, орон нутгийн төр захиргааны болон хуулийн байгууллагад хүлээлгэн өглөө. Дээрх хяналт шалгалт нь тээврийн хэрэгсэл очиход хүндрэлтэй уул, ус, модоор хүрээлэгдсэн байгалийн бартаа саад ихтэй бүс нутагт цаг агаарын хүнд нөхцөлд явагдсан бөгөөд техник технологийн дэвшил болох дулаан мэдрэгч, хөдөлгөөн илрүүлэгчтэй “DJ Matrice 350” маркийн нисгэгчгүй төхөөрөмж буюу дроныг ашиглан хууль бусаар ашигт малтмал олборлогч гэмт этгээдүүд, тэдгээрийн ашиглаж байсан техник хэрэгслүүдийг олж тогтоосноор энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлж, таслан зогсоосон үр дүнтэй ажил боллоо. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлд зааснаар хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг үйлдсэн иргэнийг 5.4-27 хүртэлх сая төгрөгөөр торгох, эсхүл 1-5 жил хүртэл хугацаагаар хорих, хуулийн этгээдийг тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хасаж, 20-120 хүртэлх сая төгрөгөөр торгох ялаар тус

ХОЛИМОГ ТУЛААНЧ З.ШИНЭЧАГТАД ХОЛБОГДОХ ШҮҮХ ХУРАЛ ИРЭХ ДОЛОО ХОНОГТ БОЛНО

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Холимог тулаанч З.Шинэчагтагын гэм буруугийн шүүх хурал ирэх даваа гарагт болохоор тов гарчээ. Түүнийг Хан-уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт бусдыг зодож танхайрсан хэргээр цагдаагийн байгууллагаас шалгаж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Улмаар бусдын биед хөнгөн гэмтэл учруулсан буюу Эрүүгийн хуулийн 11,6,1-д зааснаар яллах дүгнэлт үйлджээ.

ДУУЧИН MORNINGSTAR-Д ХАР ТАМХИНЫ ХЭРГЭЭР 1 ЖИЛИЙН ХОРИХ ЯЛ ОНООЛОО

2022 оны есдүгээр сарын 03-ны өдөр дуучин, артист Morningstar-аас мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах анхан шатны тестийн сорил тавихад мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын нэг төрөл болох /THC/ гэх бодис хэрэглэсэн гэх үр дүн урьчилсан байдлаар илэрсэн. Өнгөрөгч нэгдүгээр сард ХУД-ийн ЭХАШШ-д шүүх хуралдаан болж дуучин, артист Morningstar-д 1 жилийн хорих ял оноожээ. Ташрамд дуулгахад, Монгол Улсын Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйл /Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах/ 1. “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” хуультай.

1 ... 64 65 66 67 68 69 70 71 72 ... 314