МАРТАЖ ҮЛ БОЛОХ СЭДЭВ...

Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэнээр оны эхний дөрвөн сард 274 зам тээврийн осол гарч, ослын улмаас  297 хүүхэд бэртэж, 12 хүүхдийн амь нас хохирсон байна.

Сонгууль хаяанд ирж жирийн иргэдээс эхлээд төрийн өндөрлөгүүд хүртэл сонгуулиар амьсгалж байгаа энэ үед зам тээврийн ослоос үүдэлтэй хэргүүдийг зориуд сөхөн дурдаж буй шалтгаан нь хүний амь нас, эрүүл мэндийг хохироосон авто ослууд нам дарагдаж  байгаа учраас тэр.

Тэр тусмаа хүүхдийн амь нас, эрүүл мэнд хохирсон авто ослын хамгийн сүүлийн жишээ нь Хайлааст орчимд буюу ЧД-ийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт болсон осол. Уг ослын улмаас 1 айлын амьдрал орвонгоороо эргэж цэцэг цэврүү шиг насандаа явсан 16-хан настай охин  нарт хорвоогоос одож, нэг охиных нь хавирганууд бяцарч, нуруу нь хугарч, ач, зээ хоёр нь бүсэлхийнээс доош мэдээгүй болчхоод байгаа...


Гэтэл эл хэрэг мартагдах шахаж байгаа нь нууц биш. Яг л  Маралмаагийн хэрэг шиг. Эл хэргийг цухас эргэн сануулахад машин жолоодох эрхгүй тэрбээр согтуу найзынхаа машиныг барьж яваад  БЗД-ийн 26-р хороо Олимп хотхоны хойд зам дээр 2022 оны 10 дугаар сард осол гаргаж 12 настай охиныг замын хашлаганд хавчуулан чирч явсны улмаас охиныг бэртээж гэмтээсэн  байдаг...


Үүнийг өгүүлэхийн учир нь эзэн холбогдогч нь тов тодорхой хэргүүд мөрдөн байцаал шүүх прокурорын шатандаа удааширч, улмаар ял зэм нь хөнгөрч байгаад олны зүгээс бухимдсаар байгаа юм.

Манай улсын сүүлийн 5 жилийн статистикаар жилд дунджаар зам тээврийн осол 25 мянга орчим бүртгэгдэж, 500 хүн нас барж, 3400 хүн гэмтсэн байдаг. Цөөхөн хүн амтай монголчуудын хувьд энэ тоо бол ТОМ тоо.  

Эдгээр тоо баримтууд авто ослын тоо буурахгүйг гэрчилж буй бөгөөд жолоочийн хариуцлагагүй, анхаарал болгоомжгүй байдал нь ослын шалтгаан болдгийг харуулж байгаа юм.

Нөгөөтэйгүүр бол эзэн холбогдогч, хохирогч гээд бүхий л зүйл нь тодоос тод энэ мэт хэргийг удаашруулалгүй, бүдгэрүүлэлгүй үтэр түргэн шийдэж байхгүй бол хэд хэчнээн Маралмаатангууд ял завшиж, ажилдаа хичээлдээ явахаар өглөө гэрээсээ гарсан жирийн иргэд амь нас эрүүл мэндээрээ хохирч, зарим нь эргэж ирэхгүйгээр одсоор байх нь.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.