НЭГҮҮН МЭДЭЭ
ТББХ-НЫ ГИШҮҮД ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭД ИТГЭЛ ҮЗҮҮЛЭХИЙГ ДЭМЖЛЭЭ

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, Ерөнхий сайдад итгэл үзүүлэх тогтоолыг хэлэлцлээ. Хуралдаанд 23 гишүүн оролцсоноос 16 гишүүн дэмжсэн тул санал хураалтыг нууцаар явуулсан юм. Санал тооллогын комиссын даргаар УИХ-ын гишүүн, ИЗНН-ын дарга Б.Батбаатар, Нарийн бичгийн даргаар УИХ-ын гишүүн Б.Баярбаатар ажиллахаар болсон. Тэгвэл байнгын хороо хуралдаж дууссаны дараа нууц санал хураалт явуулахад, гишүүдийн олонх нь буюу 73.9 хувь нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл үзүүлэхийг дэмжлээ.

Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Д.Амарбаясгалан мэндчилгээ дэвшүүллээ

Улс үндэстэн, ураг төрлийн мөнх оршихуйн хэлхээ болсон Монголын хүүхэд багачууддаа "Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр"-ийн мэндийг өргөн дэвшүүлье. Ардын хувьсгалын дараах 100 гаруй жилийн хугацаанд эх үрсийн эрүүл мэндийг хамгаалах, хүн амаа өсгөх бодлогын үр дүнд хүн ам 6 дахин өсөж, 3.5 сая гаруй иргэнтэй болсон явдал юм. Өнөөдөр нийт хүн амын 37.5 хувь нь 0-18 насны хүүхэд залуус байна. Манай улс 1952 оноос эхлэн энэ өдрийг эх үрсийн баяр хэмээн тэмдэглэж ирсэн бол 2003 оноос хуульчилж, нийтээр тэмдэглэх хүүхдийн баярын өдөр болгосон. Хүүхэд, гэр бүлийн эрх зүйн иж бүрэн шинэчлэлийг төгөлдөржүүлэхэд Монгол Улсын Их Хурал онцгой анхааран ажиллаж байна. 2025 оны улсын төсөвт хүүхдийн төлөө санд 20.6 тэрбум төгрөг баталсан нь өмнөх оноос 15 хувиар нэмэгдэж, хүүхдийн эрхийн хууль тогтоомжийг олон улсын конвенцод нийцүүлэх, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах, хүн амын өсөлтийг дэмжих чухал үүрэгтэй юм. Энэ өдөр хүүхдийн төлөө сэтгэл зүрхээ зориулан ажилладаг аав, ээж, гэр бүлийн гишүүд, төр, хувийн хэвшил, төрийн бус байгууллага, олон улсын байгууллагын ажилтнуудад талархал илэрхийлье. Мөн Төрийн шагнал “Алдарт эх” одонгоор энгэрээ мялаасан мянга мянган ээжүүддээ халуун баяр хүргэе. Аз жаргалтай үрсийн инээд хөөр амьдралд хөг нэмж, авьяаслаг ирээдүй үеийнхний зүтгэлээр Монгол орон минь цэцэглэн хөгжихийг ерөөе. Монголын үрс маш олон болох болтугай. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА ДАШЗЭГВИЙН АМАРБАЯСГАЛАН

Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлав

Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2025.05.3 0 ) нэгдсэн хуралдаан 10 цаг 00 минутад гишүүдийн 54.8 хувийн ирцтэйгээр эхэлж, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3 дахь хэсэгт “Долоо хоногийн Баасан гарагийн 10.00 цагт нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулна…” хэмээн заасны дагуу хууль, тогтоолын төслүүдийг эцэслэн батлах санал хураалт явууллаа. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын 65 гишүүн дэмжиж, баталлаа. Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын 67 гишүүн дэмжиж батлав. Үргэлжлүүлэн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төсөл нэг бүрээр санал хураалт явуулан шийдвэрлэсэн. Нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн Засгийн газраас 2025 оны 5 дугаар сарын 16-ны өдөр өргөн мэдүүлсэн Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэлээ. Төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа танилцуулав. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль нь 1998 онд батлагдаж, 2012 онд шинэчилсэн найруулга хийж, зургаан удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан бөгөөд өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд хуулийн зарим зүйл, заалт хоорондоо зөрчилдөх, зохицуулалт давхцах, тодорхой бус хоёрдмол утга илэрхийлэх, төсөл хэрэгжүүлэгчдэд эдийн засгийн болоод цаг хугацааны хүндрэл учруулах зэрэг асуудал гарч байгаа тул эдгээр асуудлын эрх зүйн зохицуулалтыг сайжруулах зайлшгүй шаардлагатай байгааг онцлов. Хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээгээр байгаль орчны нөлөөллийн үнэлгээний тайланд төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн захиргаа, төслийн нөлөөлөлд өртөх нутгийн иргэдийн Нийтийн Хурлын санал, тэмдэглэл гэж заасныг хэрэгжүүлэхэд олон талын хүндрэл гарч, хоног хугацаа алдаж, шаардлагатай төслүүд явахгүй гацдаг, байгаль орчны нөлөөллийн ерөнхий болон нарийвчилсан үнэлгээний төслийн ангиллыг хуулийн хавсралтаар хатуу тогтоосноор тухайн төслийн байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, цар хүрээ, төрөл, төсөл хэрэгжих газар нутгийн байршил хүчин чадлыг харгалзан үзэх боломжгүй. Мөн байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээнд нийгмийн нөлөөллийн үнэлгээ, уур амьсгалын өөрчлөлт, олон улсын банк, санхүүгийн байгууллагын стандартыг хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн тусах хэрэгцээ, шаардлагатай зэрэг нөхцөлийг тогтоосон. Иймд нөхцөл байдлыг хянан үзээд хууль хэрэгжүүлэхэд гарч буй хүндрэлийг арилгах үүднээс Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн эх бичвэрт 20 хэсэг 5 заалтыг нэмж тусган, 11 хэсэг, 4 заалтыг өөрчлөн найруулж, нийт хуулийн 44 заалт буюу 32.8 хувьд нэмэлт, өөрчлөлт оруулахаар хуулийн төслийг боловсруулсныг салбарын сайд танилцуулгадаа дурдлаа. Хуулийн төсөл батлагдсанаар байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн хэрэгжилт сайжирч, төсөл хэрэгжүүлэгч хөрөнгө оруулагч нарт учирч байсан цаг хугацаа алдах, бичиг баримтын бүрдэл хангах, хүлээх, төрийн байгууллага хооронд явах, олон нийтийн оролцооны асуудлаас болж төслийн хэрэгжилт гацах, санхүүгийн алдагдал хүлээх зэрэг асуудлыг цогцоор нь шийдэх эрх зүйн орчин бүрдэнэ. Мөн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага байгаль орчны үнэлгээтэй холбоотой төрийн үйлчилгээг шуурхай, чирэгдэлгүй хүргэх, цахим хэлбэрээр ажиллах, мэргэшсэн мэргэжилтэн ажиллуулах, ангиллыг сайжруулах замаар төвлөрлийг сааруулах, оролцогч талуудын ажлын уялдаа холбоо сайжрах нөхцөл бүрдэнэ. Түүнчлэн Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний шинэчилсэн ангиллаар нийт төслийн 38 хувь нь ангилал буурч, байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээний дүгнэлт хийлгэх болон шалгах хуудсаар бүртгүүлэх боломжтой болно гэж төсөл санаачлагч үзжээ. Төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн талаарх Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга нэгдсэн хуралдаанд танилцуулсан юм. Тус Байнгын хороо 2025 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаараа төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжээгүй байна. Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр, хүүхдийн баяр маргааш тохиож буйтай холбогдуулан Монгол Улсын Их Хурлын урилгаар хүүхдүүдийн төлөөлөл Төрийн ордонд зочилж, парламентын хуралдааны танхимд ирсэн байгааг Д.Амарбаясгалан дарга танилцуулаад Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс, Монгол Улсын Их Хурлын гишүүдээ төлөөлөн мэндчилгээ дэвшүүллээ. Тэрбээр “Монгол Улсад хүүхдийн байгууллага үүсэж, хөгжсөний 100 жилийн ой энэ онд тохиож байна. Манай парламентын хувьд хүүхдийн хөгжил, хамгаалал, оролцоо, эрхийг хамгаалах хууль тогтоомжийг сайжруулах чиглэлээр Улсын Их Хурлын даргын захирамжаар ажлын хэсгүүд байгуулсан нь ажиллаж байгааг зочин хүүхдүүдэдээ дуулгахад таатай байна. Та бүхний оролцоо, дуу хоолой маш чухал байдаг. Эх орондоо хүмүүнлэг, иргэний, ардчилсан нийгмийг цогцлоох ирээдүй, эзэд болох хүүхдүүд Та бүхэндээ болон Монгол Улсын нийт хүүхэд багачуудадаа баярын мэнд дэвшүүлж, эрдэм номдоо шамддаг, хөгжил дэвшилд тэмүүлдэг, эх оронч, бүтээлч, ёс суртахуунтай иргэн болохын ерөөлийг өргөн дэвшүүлж байна. Монголын бүх хүүхэд багачууд, эцэг, эхчүүдэдээ эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг Монгол Улсын Их Хурал, нийт гишүүдийн нэрийн өмнөөс хүсэн ерөөе” гэлээ. Үргэлжлүүлэн төслийн хэлэлцүүлгийг явуулсан бөгөөд төсөл санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асуухаар өмнөх өдрийн 16.00 цагаас өмнө хуралдаан даргалагчид урьдчилан гишүүдийн нэрсийн дарааллын дагуу асуулт асууж, салбарын сайд болон ажлын хэсгийн гишүүдээс хариулт, тайлбар авав. Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ орон нутгийн иргэдээс санал бараг аваагүй, тухайн орон нутагтаа амьдарч байгаа иргэдийн амьдрах нөхцөл байдалтай холбоотой асуудлаа бүрэн судлалгүйгээр төслийг боловсруулсан гэв. Тухайлбал, төслийг байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, цар хүрээ, төсөл хэрэгжих газар нутгийн байршил, хүчин чадлыг харгалзан 3 ангилна гэсэн атлаа ангилал бүр нь ямар ялгаатай, онцлогтой талаарх ямар ч томьёолол байхгүй, хэрхэн ангилах талаар ойлгомжгүй байдал үүсгэхээр байгааг тэмдэглэн хэлсэн. Мөн дээрх ангиллын дагуу нөлөөллийн үнэлгээ, ерөнхий үнэлгээний талаар нарийвчилан тусгасан хэдий ч дутуу, менежментийн төлөвлөгөөгөөний талаар орхигдуулсныг санууллаа. Энэ нь холбогдох аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа төлөвлөх боломжгүй нөхцөл рүү орох эрсдэлтэйг хэлсэн. Түүнчлэн орон нутагт хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх хүрээнд тухайн орон нутгийн иргэд болон төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэгч хоорондын зөрчлийг шийдвэрлэх асуудлыг хэлэлцэж буй хуулийн төсөлд тодорхой тусгаагүй байгааг шүүмжилсэн. Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал аливаа төслийг хэрэгжүүлэхдээ байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээнээс гадна нийгмийн болоод соёлын нөлөөллийн үнэлгээг хийх талаар салбарын яам ямар бодлого хэрэгжүүлдэг талаар тодрууллаа. С.Одонтуяа сайд хариулахдаа “Шинээр байгуулах болон ажиллаж байгаа үйлдвэр, үйлчилгээ, уул уурхай, барилга байгууламж, тэдгээрийг шинэчлэх, өргөтгөх зэрэг аливаа үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ зөвхөн байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ л хийдэг байсан. Төсөл нь тухайн газар нутгийн амьтан, ургамал, хүрээлэн буй орчиндоо ямар нөлөө үзүүлэх талаар үнэлдэг байснаас иргэдэд хэрхэн нөлөөлөх тухай хөнддөггүй байсан. Тэгэхээр байгаль орчин нөлөөлөх байдлын үнэлгээнд нийгмийн нөлөөллийн үнэлгээг тусгах зохицуулалтыг нэмэхээр хуулийн төсөлд тусгасан. Мөн үнэлгээний журам, ангиллын агуулгад нийгмийн нөлөөллийн үнэлгээ хийх талаар тусгасан байгаа. Ингэснээрээ бид олон улсын стандартад нийцсэн нөхцөлийг бүрдүүлэх юм” гэлээ. Үүний зэрэгцээг хуульд томьёолсон “төсөл хэрэгжүүлэгч” гэдэг ангилалд үсчин, барилгын материалын дэлгүүр, эмийн сан, уул уурхайн компани бүгд багтаад, ижил шаардлага хангах болдгийн нэг нь 152 хоногт багтаж үнэлгээ хийлгэх болдог. Иймээс хуулийн төсөлд үүний ялгааг гаргах зорилгоор 3 ангилж, холбогдох шаардлагыг ялгаатайгаар тусгасан гэв. Орон нутагт аливаа төрлийн үйл ажиллагааг шинээр эхлүүлэх, эсвэл явж байсан үйл ажиллагааг өргөжүүлэх, өөрчлөхдөө тухайн орон нутгийн иргэдээс асуудаггүйгээс нөлөөлөлд өртөж буй иргэд нь Үндсэн хуулиар олгогдсон эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхээ зөрчүүлдэг болохыг Л.Мөнхбаясгалан гишүүн тэмдэглэж, байр суурь илэрхийлэв. Улсын Их Хурлын гишүүн Р.Сэддорж хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж байгаа хэдий ч төсөл дэх “Засаг дарга 10 хоногт хариу өгөхгүй бол зөвшөөрсөнд тооцно” хэмээн тусгаж буйг өөрчлөх ёстой гэдэг байр суурийг илэрхийлсэн. Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар, Д.Рэгдэл, Б.Уянга, Д.Пүрэвдаваа нар асуулт асууж, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд болон ажлын хэсгийн гишүүдээс хариулт, тайлбар, мэдээлэл авсан юм. Хуулийн төслийн талаар Байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлттэй холбогдуулан Д.Ганмаа гишүүн үг хэллээ. Уул уурхайн салбар нь манай улсын эдийн засгийн тулгуур учраас холбогдох хууль тогтоомжоо олон улсын стандартад нийцүүлэх нь чухал хэмээгээд “Тухайн газар нутагт хэрэгжүүлэх төсөл нь бүс нутгийн иргэдийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлөх талаар үнэлгээг аль хэсэгт хамааруулах нь тодорхойгүй, ажлын хэсгээс “журмаараа зохицуулна” гэдэг хариулт өгсөн. Гэтэл холбогдох журмууд нь хангалтгүй байгаа. Мөн манай улсын байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ нь олон улсын стандарттай зөрдөг. Үүнийгээ журмаар зохицуулахаар төлөвлөсөн байдаг” гэлээ. Монгол Улсын Их Хурлаас “Гурван төгөлдөршил” бодлогын хүрээнд хуулиас давсан журмуудыг цэгцлэхээр, хүний эрхийг хангах, хамгаалах асуудлыг хуульчилж хүн төвтэй бодлого хэрэгжүүлж ажиллах бодлого баримталж байгаа гэдгийг Д.Ганмаа гишүүн онцлоод холбогдох зохицуулалтаа олон улсын жишигт нийцсэн хэлбэрээр хуулийн төсөлдөө тусгах санал гаргасан. Ийнхүү гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12 дахь хэсгийг баримтлан Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих эсэх санал хураалтыг үдээс хойших чуулганы нэгдсэн хуралдаанаар явуулна хэмээн Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа зарлав. Үүгээр үдээс өмнөх чуулганы нэгдсэн хуралдаан завсарлав хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

БОХХААБХ: “3асгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг дахин хэлэлцлээ

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн /2025.05.30/ хуралдаанаар нэг асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Хуралдаанаар Агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсголын бэлтгэлийг хангах, зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийн тайланг сонссонтой холбогдуулан боловсруулсан “3асгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг дахин хэлэлцлээ. Байнгын хорооны 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн хуралдаанаар дээрх тогтоолын төслийг хэлэлцэн дэмжсэн билээ. Тогтоолын төслийн хүчин төгөлдөр болох хугацааг өөрчлөхөөр болсонтой холбогдуулан асуудлыг дахин хэлэлцэхээр болсныг Байнгын хорооны дарга Б.Бейсен гишүүдэд танилцуулав. Тогтоолын төслийн хүчин төгөлдөр болох хугацаа 5 дугаар сарын 1-ний өдөр гэснийг 6 дугаар сарын 15-ны өдөр гэж өөрчлөхөөр төсөлд тусгасан байв. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхийг дэмжье гэдэг саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр (2025 .0 5 .29 )- ийн нэгдсэн хуралдаан үдээс хойно “Эрчим хүч-3 төсөл”-ийг хэрэгжүүлэх Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай болон Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд ийг хэлэлцлээ. Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийн талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Сангийн сайд Б.Жавхлан танилцуулав. Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээрээр хэрэгжүүлэх “Эрчим хүч-3 төсөл” бол Багануур-Чойр чиглэлийн 188 км цахилгаан дамжуулах агаарын шугамыг 220 кВ-ын хоёр хэлхээтэй болгох, Багануурын болон Чойрын дэд станцуудыг өргөтгөх ажил юм. Уг зээлийн хэлэлцээрийг Улсын Их Хурлын Эдийн засгийн, Төсвийн болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороод энэ оны нэгдүгээр сард тус бүр хэлэлцэн дэмжсэний дагуу хоёрдугаар сарын 05-нд гарын үсэг зурсан бөгөөд төсөл “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого” болон “Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн зорилтуудтай нийцэж байгаа гэдгийг Сангийн сайд илтгэлдээ дурдав. “Эрчим хүч-3 төсөл”-д зориулан Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банкнаас олгох 47.0 сая ам.долларын зээл нь 30 жилийн хугацаатай, эхний таван жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлтэй, баталгаат овернайт санхүүжилтийн хувьсах хүү /СОФР/ дээр 1.44 хувийн нэмэгдэл бүхий хүүтэй юм. Мөн тус банк үйлчилгээний шимтгэлд зээлийн дүнгийн 0.25 хувийг авах ажээ. Төсөл 2025-2029 онд буюу таван жилийн хугацаанд хэрэгжих бөгөөд төслийн нэгжийн 840.0 мянган ам.долларын зардлыг улсын төсвөөс санхүүжүүлэхээр тооцсон байна. Мөн Өрийн удирдлагын тухай хуульд заасны дагуу зээлийн хөрөнгийг “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-д эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр дамжуулан зээлдүүлэхээр төлөвлөжээ. Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцсэн талаарх Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Алтаншагай танилцуулав. Байнгын хорооны хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатар, Х.Жангабыл, Л.Энхнасан, С.Эрдэнэболд, Д.Ганбат нар төслийг дотоодын аж ахуйн нэгжтэй хамтран төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх боломжийг судалсан эсэх, Өмнөговь аймгийн Гурвантэс сум БНХАУ-аас цахилгаан эрчим хүч авч байгааг болиулж, аймгийн төвтэй холбог боломж бий эсэх, төслийн танилцуулгад буй алдаатай агуулгыг засах, Чойр-Сайншанд-Замын-Үүд чиглэлийн агаарын шугам ашиглалтад орох хугацаа, Багануур-Чойрын шугамын алдагдлын хувь, тооцоо, төсөл хэрэгжсэнээр алдагдлын хэмжээ буурах эсэх, трансформатор, цахилгаан сатнцын тоноглолууд чанарын шаардлага хангаж байгаа эсэх, цаашид нарны цахилгаан станц, сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх, Эрдэнэбүрэн-Мянгад-Улиастай чиглэлийн цахилгаан дамжуулах шугам барьж эхлэх хугацаа, өмнө авч байсан бусад зээлийн нөхцөл, шаардлагын ялгаа, Засгийн газрын өрийн тогтвортой байдлыг хангасан эсэх, эргэн төлөх хугацаанд хүү нэмэгдэх, өөрчлөлт орох эрсдэл бий эсэх, дотоодын аж ахунй нэгжээр төслийг хэрэгжүүлэх боломжтой эсэх, эрчим хүчний бие даасан байдал, үндэсний аюулгүй байдлын хүрээнд хэрэгцүүлэх цуврал төсөл, бие даасан байдлыг бүрэн хангах талаарх зураглал, төлөвлөгөө бий эсэхийг, мөн 10 аймагт дулааны цахилгаан станц барих төслийн явц, хэрэгжилт, үр дүн, хариуцлагын талаар асуулт асууж, хариулт авсан байна. Хуулийн төслийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжжээ. Хууль санаачлагчийн илтгэл болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, үг хэлэв. Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг удсын төсвийн зарлагын дээд хязгаарт тулсан гээд гадаадаас авсан зээл, тусламжуудаа ашиглаж чадахгүй байгааг хэрхэх талаар асуусан бол Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал мөн энэ талаар хөндөн асууж, таван жилд санхүүжилт авч ашиглах хуваарийн талаар тодруулж, төслийн гүйцэтгэгчийг хэрхэн сонгон шалгаруулах талаар лавлалаа. Тэрбээр олон улсын зээл, тусламжаас авч хэрэглээгүй байгаа санхүүжилтэд хүү, төлбөр төлж буйг зогсоох нь зүйтэй гэсэн санал хэлсэн юм. Ялангуяа санхүүжүүлэгч талаас сонгосон гүйцэтгэгчийн буруугаас ажил зогссон тохиолдолд үлдэгдэлд төлж байгаа хүү, төлбөрийг зогсоох нь зүйтэй гэсэн юм. Улсын Их Хурлын гишүүн М.Энхцэцэг ТЭЗҮ-д буюу өндөр үнэд суурилж зээл авах нь буруу гээд зураг төсвийн дүнд суурилж зээл авах нь зүйтэй гэсэн юм. Зээлийн дүн хэрэгжүүлэх ажилтайгаа харьцуулахад өндөр байгааг тэрбээр сануулж, олон улсын жишгээр 1.0 км цахилгаан дамжуулах сүлжээг 200.0 мянган ам.долларын өртгөөр хийж байгааг мэдээлж, үүнээс өндөр буюу нэгж км сүлжээг 254.0 мянган ам.доллараар барих ажлыг дахиад гадаадын компаниар гүйцэтгүүлэх нөхцөл бий болж байгааг шүүмжилсэн юм. Улсын Их Хурлын гишүүн Г.Очирбат зээлийн хэлэлцээрийг дэмжихгүй байгаагаа мэдэгдэж, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн болон сэргээгдэх эрчим хүч, тархмал эх үүсвэрийг дэмжи хөгжүүлэх бодлогыг дэмжихгүй байгаа хачирхаж байгаагаа илэрхийлэн, айл өрхүүд сэргээгдэх эх үүсвэрээр эрчим хүчийг өөрийн хэрэгцээнд зориулан үйлдвэрлээд илүү гарсан хэсгийг төвийг эрчим хүчний системд нийлүүлэх бодлогыг дэмжихгүй байгаагаас банкууд дээр 1.0 их наяд төгрөгийн ногоон зээл түгжигдээд байна гэлээ. Үүнээс айл өрхүүд сард 500.0 мянга орчим төгрөгийн орлого олох боломж байгааг тэрбээр танилцуулж, дутаад байгаа эрчим хүчээ дотооддоо үйлдвэрлэх бололцоо байгааг ярьсан юм. Мөн тэрбээр гадаадын зээл, тусламжийн хэмжээ хэтэрхий өндөр болоод байгааг сануулж, Дундговь, Өмнөговь, Дорноговь, Говьсүмбэр, Сүхбаатар, Хэнтий аймгийн сэргээгдэх эрчим хүчний төв байгуулах төслүүддээ хөрөнгө оруулах шаардлагатайг дурдав. Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа зээлийн гэрээний ерөнхий нөхцөлийг танилцуулахыг хүсэж, санхүүжилтыг авах болон буцаан төлөх графикт цаг хугацааны зөрүү байгааг засах, төсөл хэрэгжүүлэх нэгжийг Эрчим хүчний яамны дэргэд бус “Эрчист Монгол” компанийн дэргэд байгуулах нь зүйтэй эсэхийг асууж, зээлийн гэрээний хавсралтад Говьсүмбэр аймгийн нэрийг Дундговь гэж андуурч бичсэнийг засахыг зөвлөсөн юм. Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга хэлэлцээрийн монгол хэлээрх орчуулга хангалтгүй байгааг жишээгээр анхааруулж, баталгаат овернайт санхүүжилтийн хувьсах хүү буюу СОФР хүүг өдөр бүр зарладгийг сануулан, энэ хувьсах хүүгээр тооцохдоо хэрхэн тооцохыг хэлэлцээрт тодорхой дурдах шаардлагатай гэв. Мөн үйлчилгээний шимтгэлийг банк нэг удаа авах уу, олон удаа юу гэдгийг тэрбээр асууж, зээлдэгч буюу манай улсын талд оногдуулсан олон үүргүүдийг биелүүлж чадахгүй байх тохиолдолд ямар хариуцлага хүлээх талаар асууж, хариулт авсан юм. Улсын Их Хурлын гишүүдийн асуултад өгсөн хариултдаа Сангийн сайд Б.Жавхлан 2025 оны батлагдсан төсөвт ашиглавал зохих хүлээгдэж байгаа 12.0 их наяд төгрөгийн төсөл хөтөлбөрийн санхүүжилтийн дүнгээс 1.5 их наяд төгрөг суусан гэдгийг мэдээлж, энэхүү хэлэлцээр соёрхон батлагдлаа гэхэд энэ ондоо төслийн бэлтгэл ажлыг хангах хэмжээний санхүүжилт гарна. Энэ нь 1.0 сая орчим ам.доллар болох бөгөөд үүнийг улсын төсөвт суусан 1.5 их наяд төгрөг дотор багтаана гэлээ. Цаашид 46.0 сая ам.долларын санхүүжилтийг ирэх жилүүдийн төсвийн багтаамжид тохируулан, ихээхэн шахцалдуу байдалтайгаар санхүүжүүлээд явна гэсэн юм. Мөн тэрбээр Нефть боловсруулах үйлдвэр, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц зэрэг томоохон хөрөнгө оруулалтууд хүлээгдэж байгааг онцолж, нэн тэргүүнд хэрэгжүүлэх шаардлагатай эрчим хүч, дэд бүтцийн төслүүдийг эхний ээлжинд санхүүжүүлэх бодлогыг Засгийн газар баримталж буйг дурдсан юм. Түүнчлэн Сангийн сайд эрчим хүчний суурилагдсан эх үүсвэрүүдээс цахилгаан дамжуулах агаарын шугамын хэрэгцээ 1842 км байгааг дурдан, “Эрчим хүч 3 төсөл”-өөр үүний 10 хувийг хийнэ гэсэн юм. Мөн Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүнд харьцуулсан З асгийн газрын өр 2015 онд 90 хувьд хүрчихсэн байсан бол ө нгөрсөн жилийн эц эст 41 . 8 хувь болж хоёр дахин буурсан гэдгийг танилцуулсан юм. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн мөн эрчим хүч бол нэн тэргүүнд шийдвэрлэх асуудал учир Байнгын хорооны гишүүд зээлийн хэлэлцээрийг дэмжсэн гэсэн хариултыг өгч, хэрэгжүүлж чадахгүй байгаа төслүүдийн хувьд Засгийн газар төслүүдээ эрэмбэлээд, хэрэгцээгүй төслүүдээ болих нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлсэн юм. Харин Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн “Эрчим хүч 3 төсөл”-ийн зээлийн хэлэлцээрт ашиглаагүй санхүүжилтэд дөрвөн жил хүү, төлбөр төлөхгүй гэсэн заалт тусгасныг танилцуулж, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк төсөл хэрэгжүүлэгчийг олон улсын тендерээр шалгаруулдаг журамтай гэдгийг онцоллоо. Түүнчлэн Улсын Их Хурлын Тамгын газрын Хуулийн газрын дарга Ч.Дондогмаа зээлийн гэрээнд хоёр төрлийн шимтгэл төлөхөөр тусгагдсаны нэг нь зээл авах үед төлөх нэг удаагийн шимтгэл юм гэсэн тайлбарыг Улсын Их Хурлын гишүүдэд өгч, энэ нь зээлийн нийт дүнг ийн 0 . 25 хувь буюу 117 .0 мянган ам . доллар болохыг танилцуулсан юм. Хоёр дахь буюу хөрөнгө нөөцлөн баталгаажуулсан хураамжийн шимтгэл мөн 0 . 25 хувь бөгөөд үүнийг 2029 оноос хойш зээлий н ашиглагдаагүй үлдэгдэл байх тохиолдолд төлнө гэлээ. Мөн тэрбээр АНУ-ын Х олбооны нөөцийн банкнаас зарладаг баталгаат овернайт санхүүжилтийн хувьсах хүү буюу СОФР хүүг олон улсын гэрээнд 2022 оноос хэрэглэж байгааг дурдаад, өдөр болгон тогтмол шинэчлэгддэг энэхүү хувьсах хүү өөрчлөгдөх болгонд манай улсын хагас жил тутам төлөх хүүгийн хэмжээ өөрчлөгдө нө гэдгийг тайлбарласан юм. О доогийн байдлаар СОФР хүү гийн хэмжээ 4 . 3 хувь байгаа бөгөөд зээлийн гэрээнд тусгагдсан 1 . 44 хув ийн нэмэгд лийн оролцуулаад “Эрчим хүч 3 төсөл”-ийн зээлийн дараагийн хагас жил ийн хүү 5 . 7 хувь байх юм. Зээлийн хэлэлцээр техникийн алдаа тай байгаа тул Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар эцэслэн шийдвэрлэж , санал хураах боломж гүй хэмээн Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан мэдэгдэж, уг техникийн алдааг засаад Засгийн газраас албан ёсоор бичиг ир үүл сний дараа асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэ хээр хойшлуулав. Дараа нь Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулав. Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн талаарх Эдийн засгийн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн О.Батнайрамдал хийлээ. Тус Б айнгын хороо хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуул ахдаа Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Эрүүгийн тухай хуульд нэмэлт , өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл дэх нэр томьёог Эрүүгийн хуулийн бусад зүйл, хэсэг дэх нэр, томьёотой жигдлэх , төслийн нэг дүгээр зүйл буюу 20.18 , 20.19 дүгээр зүйлтэй холбогдуулан зарим найруулгын саналаар дахин санал хураах санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 2/ 3 нь дэмжсэн байна. Улмаар Улсын Их Хурлын ч уулганы нэгдсэн хуралдаан аар хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлг ийг хийх үед санал хурааж олонхын дэмжлэг авсан саналуудыг нэмж тусган , хуулийн төслийн агуулга зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дарааллын жигдлэ н , хууль зүйн техникийн засваруудыг хийж эцсийн хувилбар ыг бэлтгэжээ. Эдийн засгийн байнгын хорооны танилцуулга тай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Пүрэвдаваа, О.Номинчимэг нар цахим мөрийтэй тоглоомын хохирлын хэмжээ, олон нийтэд ил болгосон баримтууд, мөн цахим мөрийтэй тоглоомыг хориглох техникийн боломж, хууль бус гүйлгээг эргүүлэн татах бололцоо, хуулийг бүрэн хэрэгжүүлэх боломж нөхцөл бий эсэх талаар асууж, хууль боловсруулах техник шаардлагыг хангаж ажиллахыг зөвлөв. Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа Б айнгын хорооноос гаргасан зарчмын зөр үү тэй хоёр санал аар санал хураалт явуул лаа. Зарчмын зөрүүтэй саналуудыг Улсын Их Хурлын чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Төрийн албаны зөвлөлийн гишүүний албан тушаалд нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 06 дугаар тогтоолоор Төрийн албаны зөвлөлийн гишүүний албан тушаалд нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголыг Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 10.00 цагт Төрийн ордны “Их Засаг” танхимд зохион байгуулах тул иргэн, хуулийн этгээд, хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөл Та бүхнийг оролцохыг урьж байна. Бүртгэл: Нэр дэвшигчийн сонсголд оролцох бүртгэл 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 17:30 цаг хүртэл явагдах тул иргэн, хуулийн этгээдийн төлөөлөл, ажиглагч бол овог, нэр, холбогдох утасны дугаар, нэр дэвшигчээс асуух асуулт, нэр дэвшигчийн талаарх саналыг бүртгэлийн хуудасны дагуу бөглөж ирүүлнэ үү. Оролцогчдын талаарх мэдээлэл: Оролцогчдыг хүсэлт ирүүлсэн дарааллаар баталгаажуулах бөгөөд бүртгэл дуусмагц нэрсийг Улсын Их Хурлын www.parliament.mn цахим хуудаст байршуулна. Нэр дэвшигчдийн мэдээлэл: Төрийн албаны зөвлөлийн гишүүний албан тушаалд нэр дэвшүүлсэн Цэнддаваагийн Амартөгс, Бадамдоржийн Төгсцэнгэл, Лхагвасүрэнгийн Золзаяа нарыг мэдээлэлтэй дараах холбоосоор танилцана уу. Ц.Амартөгс Б.Төгсцэнгэл Л.Золзаяа Шуудангийн хаяг: 14201 Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Төрийн ордон-305,. /Лавлах утас: 99191166/ Цахим шуудангийн хаяг: bayarsaikhanb @parliament.mn Жич: “Монгол Улсын Төрийн ордны хамгаалалт, үйлчилгээний журам”-д заасны дагуу оролцох хүмүүсийн иргэний үнэмлэхийг үндэслэн Төрийн ордонд нэвтрүүлнэ.

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН 992 ЭЭЖ “АЛДАРТ ЭХИЙН” ОДОНГОО ГАРДАН АВЛАА

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олон хүүхэд төрүүлж, өсгөсөн эхчүүдэд жил бүрийн “Эх үрсийн баяр”-ын өдрийг тохиолдуулан “Алдарт эхийн” одон гардуулдаг уламжлалтай. Энэ хүрээнд 2025 оны 5-р сарын 29-ний өдөр Хан-Уул дүүргийн 992 ээж “Алдарт эхийн” I, II зэргийн одонгоор шагнагдлаа. Ээжүүддээ “Эх үрсийн баяр”-ын мэндийг хүргэж, эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Монгол, Туркийн худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад парламентын бүлгийн гишүүд дэмжин ажиллахаа илэрхийлэв

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Туркийн парламентын бүлгийн дарга С.Зулпхар, бүлгийн гишүүн Д.Бум-Очир нар өнөөдөр (2025.05.28) Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, хатагтай Башак Гэнч Юксэлийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн С.Зулпхар, стратегийн түншлэлийн хүрээнд хоёр улсын хамтын ажиллагааг шат ахиулах шинэ үеийн босгон дээр Элчин сайдаар томилогдсонд баяр хүргэж амжилт хүсэхийн зэрэгцээ УИХ-ын дарга болон дэд дарга нарын мэндчилгээг уламжлав. Тэрбээр Монгол, Турк хоёр орны улс төр, эдийн засаг, боловсрол, соёл, хүмүүнлэгийн салбарт найрсаг харилцааг өргөжүүлэхийн тулд парламент хоорондын хамтын ажиллагаа чухал байр суурьтайг тэмдэглэлээ. Манай хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 55 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Турк Улсад хийсэн төрийн айлчлалын Иж бүрэн түншлэлийн харилцааг шат ахиулан Стратегийн түншлэлд хүргэж, улмаар худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэх зорилт тавьсныг дурдав. Монгол-Туркийн парламентын бүлгийн даргын хувиар, айлчлалын үр дүн биеллээ олж, бодит ажил хэрэг болгоход анхаарч, хоёр улсын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулахад идэвхийлэн ажиллахаа илэрхийлсэн юм. Элчин сайд Башак Гэнч Юксэл, эрхэм гишүүдийг хүлээн авч уулзсанд талархал илэрхийлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлал нь харилцааны түүхэнд шинэ хуудас нээснийг тэмдэглээд, төрийн өндөр, дээд айлчлалын давтамж нэмэгдэж буйд таатай байгаагаа хэллээ. Тэрбээр үргэлжлүүлэн, түүх соёлын нийтлэг өв уламжлалтай, арвин түүх бүхий найрсаг харилцаатай манай хоёр орны хувьд өдгөө худалдаа, эдийн засгийн салбарт хамтын ажиллагааг төрөлжүүлэн хөгжүүлэх нөр их нөөц, боломж бий хэмээн тодотгов. Турк улсын бизнес эрхлэгч, хувийн хэвшлийн салбарын төлөөлөл Монгол Улсад хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүдэд хөрөнгө оруулах, хамтран ажиллах сонирхол улам бүр нэмэгдэж байгааг онцоллоо. Цаашид харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэхийн тулд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, харилцааг эдийн засгийн агуулгаар баяжуулахад бүхий л нөөц бололцоогоо дайчлан ажиллахаа тэмдэглэв. Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг (TIKA) нь манай улсад үйл ажиллагаагаа эхлүүлснээс хойш 30 гаруй жилийн хугацаанд нийт 50 сая ам.долларын өртөг бүхий 870 гаруй, төсөл арга хэмжээг хэрэгжүүлжээ. Хоёр орны идэвхтэй хамтын ажиллагаа, нийгэм, эдийн засгийн хөгжилд TIKA онцлох хувь нэмэр оруулсан хэмээн УИХ-ын гишүүн С.Зулпхар тодотгов. Түүнчлэн энэ хугацаанд Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газрын тэтгэлэгт манай улсаас нийт 2500 оюутан, залуус хамрагдаж, эзэмшсэн мэргэжлээрээ салбар бүрт ажиллан, иргэд хоорондын харилцааны гүүр болж байгааг дуулгалаа. УИХ-ын гишүүн Д.Бум-Очир, боловсролын салбарын үр дүнтэй хамтын ажиллагааг улам эрчимжүүлэхээс гадна, түүх археологи, соёл хүмүүнлэгийн салбарын харилцааг шат ахиулах бодит санаачилгуудыг үе шаттай хэрэгжүүлэхээр санал солилцсон юм. Уулзалтын төгсгөлд стратегийн түншлэлд хүрсэн манай хоёр улсын харилцааг бататган бэхжүүлж, бодит үр дүнтэйгээр өргөжин тэлэхэд парламент хоорондын хамтын ажиллагаа тулгуур хүчин зүйл мөн гэдэгт талууд санал нэгдэв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Л.Энхнасан Элчин сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзав

Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Л.Энхнасан өнөөдөр (202 5.05.28 ) Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзлаа. Б айнгын хорооны дарга Л.Энхнасан хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа бүхий л салбарт амжилттай өргөжин хөгжиж буйг тэмдэглэн, Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хороо эрхлэх асуудлын хаа хүрээнд хөдөлмөр эрхлэлт ийг дэмжих , эрүүл мэнд, нийгмийн хамгааллын тогтолцоог сайжруулах бодлогын хэрэгжилтэд онцгойлон анхаарч, холбогдох шийдвэр, хуулийн төслийг боловсруулан ажиллаж буйг танилцуулсан юм. Тэрбээр, э рүүл мэндийн салбар т хэрэгжүүлж байгаа гүйцэтгэлийн санхүүжилтийн тогтолцоо г боловсронгуй болгох, хүн амыг өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, нийгмийн сэтгэл зүй, сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах, яаралтай тусламжийн үйлчилгээг сайжруулах болон эрэгтэйчүүдийн эрүүл мэнд, боловсролд түлхүү анхаарах хандуулж буйгаа онцлон, эдгээр асуудлаарх Их Британийн сайн туршлагыг суд алж нэвтрүүлэх, харилцан суралцах талаар санал солилц ов . Элчин сайд, хатагтай Фиона Блайт хоёр улсын харилцаанд хууль тогтоох байгууллаг а хоорондын хамтын ажиллагаа чухал үүрэгтэйг дурдан, цаашид хоёр талын болон олон талын харилцааны арга механизмуудыг өргөжүүлэн гүнзгийрүүлэхийн төлөө байна гэдгээ илэрхийллээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

ТБХ:Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2025.05.28/ хуралдаан 11 цаг 19 минутад гишүүдийн ирц бүрдсэнээр эхэлж, нэг асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Ц.Даваасүрэнгийн танилцуулсан хэлэлцэх асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байсангүй. Хуралдаан Засгийн газраас 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Засгийн газрын өрийн удирдлагын 2026-2028 оны стратегийн баримт бичиг батлах тухай” Монгол Улсын Их Хурлын төс лийн эцсийн хэлэлцүүлгээр үргэлжилсэн. Хууль, тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх танилцуулгыг Байнгын хорооны дарга танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.1 дэх заалтад заасны дагуу нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудыг тогтоолын төсөлд нэмж тусгасныг дурдаад Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Засгийн газрын өрийн удирдлагын 2026-2028 оны стратегийн баримт бичиг батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөлд дотоодын нийт бүтээгдэхүүний бодит өсөлтийг 2026 онд 6.0 хувь, 2027-2028 онд 6.5 хувь байх, хэрэглээний үнийн өсөлтийн түвшинг 2026 онд 7.0 хувь, 2027 онд 6.4 хувь, 2028 онд 6.0 хувьд хүргэхээр тооцсон. Мөн нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийг 2026-2028 онд алдагдалгүй байхаар тооцож, Засгийн газрын өрийн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь 2026 онд 50 хувь, 2027-2028 онд 45.0 хувьтай тэнцэхээр байгааг онцолсон. Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар санал хэлсэн. Тэрбээр, ард иргэдийн худалдан авах чадвар буурч, эдийн засгийн нөхцөл байдал суларч байгаа энэ үед хуулийн төсөлд дотоодын нийт бүтээгдэхүүний бодит өсөлтийг 2026 онд 6.0 хувь, 2027-2028 онд 6.5 хувь, хэрэглээний үнийн өсөлтийн түвшинг 2026 онд 7.0 хувь, 2027 онд 6.4 хувь, 2028 онд 6.0 хувьд хүргэнэ гэх зэргээр макро эдийн засгийн өсөлттэй холбоотой зарим төсөөлөл, тооцоолол хэт өөдрөг байгааг салбарын яамныханд анхааруулж байлаа. Дараа нь Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.3.-т заасны дагуу нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр санал хурааж дэмжигдсэн боловч уг саналаар Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь дахин санал хураалгах шаардлагатай гэж үзсэн гэснийг баримтлан нэг саналаар санал хураахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 93.8 хувь нь дэмжлээ. Иймд “Засгийн газрын өрийн удирдлагын 2026-2028 оны стратегийн баримт бичиг батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийн талаарх найруулгын шинжтэй зарчмын зөрүүтэй нэг саналаар санал хураалтыг явуулав. Ингээд хууль, тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлэг хийсэн талаарх Байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Ж.Баясгалан чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

1 ... 36 37 38 39 40 41 42 43 44 ... 370