НЭГҮҮН МЭДЭЭ
ЗГ: ИРЭХ 8-9 ХОНОГТ ЭРЭЭН БООМТОД ХУРИМТЛАГДСАН БҮХ ЧИНГЭЛЭГҮҮДИЙГ ТАТАЖ ДУУСГАНА

-Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа: -Цагаан сарын баярыг гэр гэртээ тэмдэглэхийг засгийн газраас албан ёсоор уриалж байна. Омикрон хувилбар өндөр настан, хүүхэд багачуудад хүнд тусаж байгааг мэргэжилтнүүд анхааруулсаар буй. Тэгэхээр цагаан сараар цахим золголт хийхийг уриалж байна. Замын-Үүд, Эрээн боомттой холбоотой мэдээллийг Шадар сайд өгсөн. Замын-Үүд авто боомтоор нэвтрэх ачаа тээврийн хөдөлгөөний зохицуулалтад өөрчлөлт оруулж, тус боомтын хилийн шугам дахь чингэлэг шилжүүлэх талбай, боомтын цогцолбор болон гаалийн хяналтын бүсэд хэсэгчилсэн байдлаар энэ сарын 10-наас дөрөвдүгээр сарын 1-н хүртэл онцгой дэглэм тогтоосон. Эрээн боомтын гаалийн баталгаат талбайд хуримтлагдаад байсан 985 чингэлгээс найм хоногийн хугацаанд 433 чингэлгийг татан авсан. Эхний өдөрт 23 чингэлгийг татаж авч байсан бол сүүлийн өдрүүдэд 60-65 болж нэмэгдсэн. Үүнээс үзвэл ирэх 8-9 хоногт боомтод хуримтлагдсан бүх чингэлгийг татаж авч дуусгах тухай Шадар сайд танилцууллаа.

КОВИДЫН НИЙТ ТАРХАЛТЫН 90 ХУВИЙГ ОМИКРОН ХУВИЛБАР ЭЗЭЛЖ БАЙНА

ХӨСҮТ- өөс Корона вирусын нөхцөл хэвтэн эмчлүүлж байгаа иргэдийн биеийн байдал, тандалт судалгааны үр дүнгийн талаар мэдээлэл хийлээ. Мэдээллийг Эмнэлгийн тусламж, үйлчилгээ эрхэлсэн дэд захирал Ц. Чинбаяр омикрон хувилбартай холбоотой эмнэлзүйн илрэл болоод эмнэлзүйн байдлын талаар: Улсын хэмжээнд нийт хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүсийн эмнэлзүйн байдлыг харахад 30 орчим хувь нь хөнгөн, 60 орчим хувь нь хүндэвтэр, 10 орчим хувь нь хүнд, 0.7 хувь нь нэн хүнд гэсэн ангиллаар эмчлэгдэж байна. ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар 395 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас 10 орчим хувь нь хөнгөн, 60 орчим хувь нь хүндэвтэр, 30 гаруй хувь нь нэн хүнд гэсэн эмнэлзүйн ангиллаар эмчлэгдэж байгаа. Өмнөх жилийн алфа, делта хувилбартай харьцуулбал омикрон хувилбар нь суурь өвчний хүндрэлийн улмаас хүнд, нэн хүнд ангилалд орно. Хүнд, нэн хүнд ангиллаар эмчлэгдэж байгаа хүмүүсийн хувьд эрсдэлт бүлгийн хүмүүс буюу хавсарсан өвчтэй, зүрх судасны ээнэгшил алдагдсан, уушгины архаг үрэвсэлтэй, хавдартай, хууч өвчтэй, харвалтын дараах нөхцөлд байгаа, чихрийн шижинтэй, таргалалттай хүмүүс ихэнх хувийг эзэлж байгаа аж. Эмнэлзүйд илэрч байгаа нийтлэг шинжийн хувьд амьсгалын дээд замын халдварын үеийн шинж тэмдэг давамгай илэрч байна. Үүнд: Хуурай ханиалгах Хоолой хөндүүрлэх Хоолой сэрвэгнэх Хамар битүүрэх Халуурах гэсэн ерөнхий шинж тэмдгүүд илэрч байгаа. Омикрон хувилбарын хувьд шууд уушгины хатгаа болж, зохиомол амьсгалын аппаратад орох байдал нь өмнөх хувилбаруудтай харьцуулахад харьцангуй бага байгаа нь эмчилгээний явцад ажиглагдаж байна. ХӨСҮТ өнгөрсөн оны альфа, дельта хувилбарын дэгдэлтийн үед 400 дээш ор дэлгэж эмнэлгийн тусламж үзүүлж байсан. Одоо ч мөн эд ачааллын үед ирсэн байна. Манай эмнэлгийн хувьд улсын дунджаас 2-5 дахин ачаалалтай ажиллаж байгаа. Мөн ЭМЯ дэргэдэх ор зохицуулагийн багийн эрэмбэлэн ангиллаар манайд ирж байгаа өвчтөний 90 хувь нь хүндэвтэр, нэн хүнд хүмүүс хэвтэн эмчлүүлж байна. Нийт халдвар авсан хүмүүсийн 22% хүүхэд. Хүүхэд дотроо 0-11 насны вакцинд хамруулж чадаагүй хүүхдүүдийн өвчлөл 73 хувьтай байгаа бөгөөд иргэдийг халдвар хамгааллын дэглэмээ сайн баримталж олон нийтийн уулзалт, цугларалтаас татгалзаж вакциндаа идэвхтэй хамрагдаарай гэж хүсмээр байна хэмээв .

СҮҮЛИЙН ДӨРВӨН САРЫН ХУГАЦААНД ИЛЭРСЭН ХАМГИЙН ОЛОН БУЮУ 3,088 КОВИД19 ХАЛДВАРЫН ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДЛЭЭ

Сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн PCR шинжилгээгээр 3,088 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь батлагджээ. Ингэснээр сүүлийн дөрвөн сарын хугацаанд хоногт шинээр илэрсэн хамгийн олон тохиолдол боллоо. Хамгийн сүүлд коронавирусийн дельта хувилбарын давлагааны оргил үед өдөрт дээд тал нь 3,000 гаруй тохиолдол батлагдаж байсан юм. Ингэснээр нийт бүртгэгдсэн халдварын тохиолдол 415,765 болж нэмэгдлээ. Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд 1,708 нь Улаанбаатар хотод, 1,380 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас нас баралт бүртгэгдээгүй сайн мэдээ байна. Өнөөдрийн байдлаар COVID-19 халдварын улмаас нийтдээ 2,016 хүн эндээд буй. Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье. Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 8,882 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 41,854 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл: Хөнгөн - 2,862 Хүндэвтэр – 5,092 Хүнд - 875 Маш хүнд - 53 хүн байна.

ШӨХТГ-ЫН ДАРГА Б.БАТ-ЭРДЭНЭ БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД БОЛЛОО

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ захирамж гаргаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар Бат-Өлзийн Бат-Эрдэнийг томиллоо. Ерөнхий сайд Засгийн газрын гишүүнийг томилох тухай захирамжид гарын үсэг зурж, гардуулах ёслол Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн Есөн хөлт цагаан тугт танхимд өнөөдөр болов. Б.Бат-Эрдэнэ нь 1977 онд Улаанбаатар хотод төрсөн. 1996 онд Нийслэлийн 77 дугаар дунд сургууль, 1999, 2010 онд Улаанбаатарын Их сургуулийг тус тус төгссөн. Түүх судлал, солонгос хэлний орчуулагч мэргэжилтэй. Түүхийн ухааны магистрын зэрэгтэй. 2003-2012 онд “Силк Роуд Трэвел” ХХК, “Эйр тикет” ХХК-ийн ерөнхий захирал 2011-2012 онд Мэдээлэл, харилцаа холбоо, шуудангийн газарт зөвлөх 2012-2015 онд МАН-ын дэргэдэх Нийгмийн Ардчилал Монголын залуучуудын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга 2015 онд Монгол Улсын Шадар сайдын зөвлөх 2015-2016 онд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд дарга 2016-2017 онд Улсын Их Хурлын Тамгын газарт зөвлөх 2017-2018 онд Эрдэнэт хотын хөгжил, бодлого судалгааны хүрээлэнгийн тэргүүн 2018 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга 2019-2020 онд Эрдэнэт хотын хөгжил, бодлого судалгааны хүрээлэнгийн тэргүүн 2020 оны наймдугаар сараас Засгийн газрын тохируулагч агентлаг-Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргаар ажиллаж байв. Тэрбээр улсад 18 жил ажилласан туршлагатай.

ГАДААДААС ИРСЭН ИЛ ЗАХИДАЛААС “ ОМИКРОН’’ ХАЛДВАР АВЧЭЭ

Хятад улсад нэгэн эмэгтэй гадаадаас хүлээж авсан шуудангаа задалсны дараа "Омикрон"-ны халдвар авсан нь тогтоогдсон бөгөөд иргэдийг гадаадаас бараа бүтээгдэхүүн захиалахгүй байхыг уриалж байна. Захидлын гадаргуу болон дотор талаас вирус илэрсэн аж. Ижил төрлийн захидлуудыг шинжилж үзэхэд таваас нь коронавирус илэрчээ. Иймээс тус эмэгтэй нь өөр улсаас ирсэн шуудангаар дамжуулан халдвар авсан байхыг үгүйсгэх аргагүй гэж Бээжингийн Өвчний хяналтын төвөөс мэдэгдсэн юм .

“ҮНДСЭН ХУУЛЬ’ БАТЛАГДСАНЫ 30 ЖИЛИЙН ОЙН ӨДӨРТ ЗОРИУЛСАН ДААМНЫ ТЭМЦЭЭН

Монгол Улсад ардчилсан шинэ “ҮНДСЭН ХУУЛЬ’ батлагдсаны 30 жилийн ойн өдөрт зориулан сумын ИТХ-аас зохион байгуулсан даам сонирхогчдын “СУМЫН АВАРГА’ шалгаруулах тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд спортын дэд мастер-1, нэгдүгээр зэрэгтэй-6, хоёрдугаар зэрэгтэй-3, гуравдугаар зэрэгтэй-1, эрэгтэй-19, эмэгтэй 10 тамирчин тус тус оюун ухаан, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж шилдгүүд тодорлоо. Эрэгтэй: I байр: Б.Наранбаяр II байр: Ч.Базаргарьд III байр: Ч.Төгстөгөлдөр Эмэгтэй: I байр: Б.Отгонхүү II байр:М.Мажигсүрэн III байр: Л.Баяртогтох нар тус тус шалгарлаа.

САР БҮР ХҮСЭЛТ ГАРГАЖ ХҮҮХДИЙН МӨНГӨӨ АВАХ НЬ ИРГЭДЭД ИХЭЭХЭН ХҮНДРЭЛ ҮҮСГЭЖ БАЙГАА ТУЛ УГ ЖУРМЫГ ШИНЭЧИЛНЭ

Хүүхдийн мөнгө олгох журмыг дахин шинэчлэхээр боллоо. Шинэ журмын төсөлд Эцэг эхчүүд сар бүр и-баримт аппликэйшн болон и-монголиа системээр дамжуулан хүүхдийн мөнгө авах хүсэлт илгээх ёстой. Ухаалаг гар утасгүй, интернетгүй бол харьяа Хөдөлмөр халамжийн хэлтэс болон банканд хандана хэмээх ХНХЯ-наас боловсруулсан журам нь иргэдийг ихээхэн бухимдуулсан шийдвэр болсон. Иймд Засгийн газрын хуралдаанаар иргэдийн саналыг харгалзан энэ сарын 20-ноос өмнө журмыг шинэчлэхийг ХНХ-ын сайд А.Ариунзаяад үүрэгдлээ . Иргэд тухайн сарын 20-ноос өмнө хүсэлтээ илгээгээгүй бол мөнгийг хүүхдийн хуримтлалын нэрийн данс руу шилжүүлэх талаар ч тусгажээ. Одоо ашиглаж буй арилжааны банкны дансандаа хүлээн авахгүй юм .

3 ЖИЛИЙН ХУГАЦААНД ААН-ҮҮДЭД ТАВИХ ХЯНАЛТ ШАЛГАЛТЫГ ЗОГСООЛОО

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар гурван жилийн хугацаанд бизнесийн байгууллага, ААН-үүдэд тавих төрийн хяналт шалгалтыг зогсоохоор болсноо мэдэгдлээ. 2022 оны хоёрдугаар сарын 1-ний өдрөөс 2024 оны 12-р сарын 31-ний өдөр хүртэл түр зогсоож байгаа аж. Ингэхдээ нийгмийн даатгал СЗХ Монголбанк, СЗХ, гааль татвар, эрүүл мэнд хүүхэд хамгааллын чиглэлийн хяналт шалгалт зогсохгүй. Үүнээс бусад ААН, байгууллагын үйл ажиллагаа, бизнес эрхлэлттэй холбоотой бүхий л хяналт шалгалтыг зогсоолоо. Хүний эрүүл мэнд, амь нас, хоол хүнстэй холбоотой хяналт шалгалтыг иргэдээс мэргэжлийн хяналтын байгууллагад ирүүлсэн гомдлын дагуу хийнэ .

ШҮЛХИЙ ДЭГДСЭН БОЛ МАЛАА БОРЛУУЛЖ, ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨН ХИЙЖ БОЛОХГҮЙ

Өмнөговь аймгийн хэмжээнд Мандал-овоо сумын Мандал, Өтгөн баг, Сэврэй сумын Хоолт багийн нутагт 9 өрхийн мал малын гоц халдварт шүлхий өвчнөөр өвчилж 2 сумын 4 голомтын 9 өрхийн 785 толгой мал өвчилснөөс 5 өрхийн хонь-342, ямаа-295 бүгд нийт 637 толгой малын шүлхий өвчний шинж тэмдэг арилж, 2 сумын 4 өрхийн 148 толгой мал шүлхий өвчний шинж тэмдэг арилаагүй өвчлөлтэй байна. 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн байдлаар 50 өрхийн 25452 толгой малыг шүлхийгээс сэргийлэх дархлаажуулалтад хамруулаад байна. Мандал-Овоо суманд байнгын хяналтын 2 пост 4 хүний /Хэсгийн төлөөлөгч цагдаа 1, сургуулийн жолооч 1, цэцэрлэгийн аж ахуй нярав 1, ахмад ажилтан 1/ бүрэлдэхүүнтэй,Хөдөлгөөнт эргүүл 2 Булган суманд байнгын хяналтын 2 пост тус бүр 4 хүний /сумын мал эмнэлгийн тасгийн улсын байцаагч 1, багийн засаг дарга 4, цагдаа 1, ЗДТГ-ын ажилтан 5, бусад ажилтан 5 / бүрэлдэхүүнтэй, Сэврэй суманд байнгын хяналтын 1 пост Булган, Сэврэй сумын зааг хэсэг дээр 3 хүний /Мал эмнэлгийн тасгийн тархар зүйч 1, ЗДТГ-ын ажилтан 2/ бүрэлдэхүүнтэй нийт 3 суманд байнгын 5 пост, 2 хөдөлгөөнт эргүүлд 25 хүн, 7 тээврийн хэрэгсэлтэйгээр үүрэг гүйцэтгэж байна.

ХУДАРГАГҮЙ ЗАН ГАРГАЖ МОННИС МОТОРС ТӨРӨӨС 6.9 ТЭРБУМИЙГ ХУМСАЛСАН УУ?

НЗДТГ “Сурагчдын автобус“ хэмээх үйлчилгээг нэвтрүүлэхийн тулд 200 автобусыг нэлээдгүй өндөр үнээр “Моннис Моторс” ХХК-тай үзэглэн эхлүүлээд буй. Өндөр нууцлал бүхий уг гэрээнд 2020-2022 онд шат дараалалтайгаар автобуснуудыг нийлүүлнэ нэг бүрийн үнийг 370 сая байхаар тооцсон аж.Ингээд тооцоолоод үзэхээр 24 тэрбум 50 сая төгрөг болж байгаа юм. Гэрээг өнгөрөгч оны долдугаар сард байгуулсан байдаг. Гэвч 2020 онд 23 автобусны санхүүжилтийн мөнгийг авсан хэдий ч ердөө тавханыг нийлүүлсэн. Сурагчдын автобус худалдан авах нь яагаад Үндэсний аюулгүй байдал Нууцын зэрэглэлд хамаарах гэрээ болж хувирав.Хүүхдийн гэх нэрийдлээр хөлжихөө бодож мөнгө завших мөнхийн бодолдоо автан хөөрхий биднийгээ хөнгөхөн дөнгөсөөр л. Хааж боолгосоор хариуцлага ч нэхэхээ байж .

1 ... 275 276 277 278 279 280 281 282 283 ... 317