ГУДАМЖИНД ХАЯГДСАН НЯРАЙН АСУУДЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

Нярай хүүхдийг эцэг, эх нь гудамжинд хаяж авсан асуудлын талаар Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас мэдээлэл хийлээ. 

Энэ талаар Нийслэлийн ГБХЗХГ-ын хүүхдийн хөгжил, хамгааллын хэлтсийн дарга Н.Хөхөө "Өчигдөр Налайх дүүрэгт болсон явдалтай холбоотойгоор манай байгууллага, Цагдаагийн байгууллагатай хамтран газар дээр нь очиж ажилласан. Ингээд тухайн хүүхдийн эцэг, эх хүүхдээ асран хамгаалах чадваргүй, согтуурсан байдалтай байсан учраас Цагдаагийн байгууллага эцэг, эхийг нь эрүүлжүүлсэн. Одоогоор тэднээс мэдүүлэг авч, хэргийг шалгаж байгаа.

Харин манай байгууллагаас өчигдөр Хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх журмын дагуу эрсдэлийн нөхцөл байдал, хүүхдийн хүчирхийллийн болон хүүхдийн гэр бүлийн байдлын нөхцөл байдлын үнэлгээг газар дээр нь хийсэн. Ингээд бага насны, нярай хүүхдийн эцэг эх асран хамгаалах чадваргүй байсан тул журмын дагуу хүүхдийг түр хамгаалах байранд аваад байна. Хүүхэд хөхүүл учраас угжинд дасаагүй нь санаа зовоож байна. Гэхдээ бид аль болох хүүхдийг угжаар хооллоход дасгах арга хэмжээг авч байгаа.

Түүнчлэн хүүхдийн эрүүл мэнд, хооллолттой холбоотойгоор ээжээс нь аль болох салгахгүй байх бодлогыг барина. Гэхдээ эрсдэл өндөр буюу хүүхдэд аюултай гэж үзвэл заавал хүүхдийг ар гэрт нь эргэн нэгтгэх шаардлагагүй. Эдгээр нь Цагдаагийн байгууллага болон хорооны хамтарсан хурлаар тодорхой болно” гэдгийг мэдээллээ. 

Мөн тэрбээр "Одоогоор тухайн гэр бүл хүүхдэд үл хайхрах хүчирхийлэл үйлдсэн, хүүхдийн дэргэд архидан согтуурсан гэх дүгнэлт гарсан. Иймд гэр бүлд 300 мянган төгрөгийн торгуулийг Зөрчлийн хуулийн дагуу ногдуулна. Гэхдээ цагдаагийн байгууллагаас эцэг эхийн согтуурлын зэрэг гэх мэт мэдээллийг ирүүлэх шаардлагатай. Тухайн хүүхдэд ээж аав нь бие махбодийн хохирол учруулсан эсэхийг хамтарсан баг шалгана. Энэ багт хорооны нийгмийн ажилтан, хүүхдийн эрхийг хамгаалагч, цагдаагийн байгууллагын төлөөлөл багтдаг.

Энэ явдлыг анх харсан иргэн мэдээлэх үүргээ биелүүлээгүй. Хүүхдийн 108 утас үнэ төлбөргүй. Хүүхдийг газар байхад харсан иргэн 102, 108 дугаарын утсанд дуудлага өгөөгүй. Цахим орчинд мэдээллийг байршуулсан. Иргэд энэ тохиолдолд шууд 108 руу хандаарай. Иргэн хүүхэд газарт 2-3 минут байсан, ээж аав нь хоорондоо маргасан гэж бидэнд мэдээлсэн. Хүүхдийн нус гоожсон байдалтай байна. Бусдаар эрүүл мэнд нь хэвийн" хэмээв. 

 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.