НЭГҮҮН МЭДЭЭ
ДОХ-ЫН ХАЛДВАРТАЙ 18 ЭМЭГТЭЙГЭЭС 29 ХҮҮХЭД ТӨРӨӨД БАЙНА

Улсын хэмжээнд өнгөрөгч онд нийт халдварт өвчний 1.6 хувийг бэлгийн замаар дамжих халдвар эзэлжээ. Бэлгийн замаар дамжих халдварт өвчний: 38.7 хувийг тэмбүү 32.5 хувийг заг хүйтэн 28.6 хувийг трихомониаз 0.2 хувийг ХДХВ эзэлж байна. Тэмбүүгийн халдвар өнгөрсөн оныхоос 2938 тохиолдлоор буюу 1.8 дахин буурчээ. 10 мянган хүн амд ногдох тэмбүүгийн өвчлөлөөр: Баянхонгор- 14.5 Сүхбаатар- 12.7 Хөвсгөл- 11.8 Дорнод- 11.1 Улаанбаатар хот- 13.8 байгаа нь улсын дундаж үзүүлэлтээс өндөр байна. Өнгөрөгч онд төрөлхийн тэмбүүгийн тохиолдол 100 мянган амьд төрөлтөд 26.5 байгаа нь өмнөх оныхоос 18-аар буурсан үзүүлэлт болжээ. 2021 онд ХДХВ-ийн 16 тохиолдол шинээр бүртгэгдэж, нийт халдвар авсан хүний тоо 327 болж 274 нь эмчилгээ хийлгэж байгаа бөгөөд 53 хүн нас бараад байна. ДОХ-ын халдварын 99.7 хувь нь бэлгийн замаар дамжсан ба халдвар авсан нийт иргэдийн 269 нь эрэгтэй, 58 нь эмэгтэй. ХДХВ-ийн халдвартай 18 ээжээс 29 хүүхэд төрсөн бөгөөд халдвар эхээс урагт дамжаагүй. Есөн ээж давтан төрсөн . ХДХВ-ийн халдвар авсан иргэдийн 45 хувь нь орон нутгийн харьяалалтай. Монгол Улсын хувьд ХДХВ-ийн халдвартай иргэдийн 40 хувийг л одоогоор илрүүлсэн.Уг хүмүүсээ эмчилгээнд бүрэн хамруулаад байна. Харин үлдсэн 60 хувь нь халдвар авснаа мэдсэн ч эмнэлэгт хандаагүй, эсвэл халдвар тээж байгаагаа мэдэхгүй явж байх эрсдэлтэй. Бэлгийн замаар дамжих халдварын эмч мэргэжилтэн дутагдалтай.

ХАХУУЛЬ АВСАН НЭР БҮХИЙ ШҮҮГЧИЙН БҮРЭН ЭРХИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛЛЭЭ

Шүүхийн Сахилгын хорооны зөвлөгөөн 2022 оны хоёрдугаар сарын 14-ний өдөр боллоо. Тодруулбал, Шүүхийн Сахилгын хорооны зөвлөгөөний үеэр Нийслэлийн Прокурорын газраас зарим шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай ирүүлсэн саналыг хэлэлцээд шийдвэрлэжээ. Өмгөөлөгч асан Б.Баасанцогт нь нэр бүхий шүүгч нартай бүлэглэн хууль бус биеэ үнэлэлт зохион байгуулсан бөгөөд үүнд: Үндсэн хуулийн цэцийн гишүүн болон цагдаа, тагнуул, шүүгч, шүүхийн тамгын газрын ажилтнуудад их хэмжээний мөнгө шилжүүлэх замаар шүүн таслах ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлсөн гэх хэргээр шалгаж байгаа. Тэгвэл түүнээс хахууль авсан Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Бүүвэйбаатарын Мөнхбаяр, Дэмчигийн Энхцэцэг, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Батлайн Намхайдорж нарын шүүгчийн бүрэн эрхийг өчигдөр түдгэлзүүллээ.

ЗГ ТҮГЖРЭЛИЙГ БУУРУУЛАХ АСУУДЛААР БОЛОН, БУСАД 30 ОРЧИМ АСУУДЛААР ХУРАЛДАЖ БАЙНА

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байгаа бөгөөд өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлуудаар хуралдах тов гараад байна. Үүнд: Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах зарим төсөл, арга хэмжээний талаар болон Эрчим хүчний сэргэлтийн ерөнхий төлөвлөгөө Монгол Улсын хилийн боомтын үйл ажиллагааг сайжруулж, экспорт, импортын барааны ачаа тээврийг эрчимжүүлэх ажлын явц зэрэг 30 орчим асуудал хэлэлцэхээр болон төлөвлөөд байгаа юм.

НҮБ-ЫН ХҮҮХДИЙН САНГИЙН СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧ НОЁН ЭВАРИСТЕ КОУАССИ-КОМЛАН-ЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД С.ЭНХБОЛД ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

НҮБ-ын Хүүхдийн сангийн зүгээс Монгол Улсын цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээнд ихээхэн дэмжлэг үзүүлж, эм, эмнэлгийн тоног төхөөрөмж, хэрэгслийн хангалтыг хийсээр ирсэнд Эрүүл мэндийн сайд С.Энхболд Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийлэв. Мөн уулзалтаар эх, хүүхдийн эрүүл мэнд, агаарын бохирдлын эрүүл мэндийн нөлөөлөл, ариун цэвэр, усан хангамж, дархлаажуулалт зэрэг өргөн хүрээтэй сэдвээр харилцан ярилцаж санал солилцсон юм. Суурин зохицуулагч Эваристе Коуасси-Комлан Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яамнаас КОВИД-19-ийн эсрэг вакцинжуулалтыг түргэн шуурхай, үр дүнтэй зохион байгуулж 18-аас дээш насны зорилтот хүн амын 90 гаруй хувийг вакцинд хамруулж цар тахалтай амжилттай тэмцэж байгааг цохон тэмдэглэж, баяр хүргэж. Эрүүл мэндийн сайд С.Энхболд шинээр томилогдсон Суурин төлөөлөгчид баяр хүргэлээ .

БОАЖЯ-НЫ АЖИЛЧДАА Б.БАТ-ЭРДЭНЭ САЙД АЖЛААСАА ӨӨРСДИЙН ХҮСЭЛТЭЭР ГАРАХЫГ ШААРДЖЭЭ

2022 оны нэгдүгээр сарын 18-ны өдөр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ захирамж гаргаж Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар Бат-Өлзийн Бат-Эрдэнийг томилсон.Тэрээр өөрийн багаа бүрдүүлэхийн тулд ажилчдаа өөрсдийн хүсэлтээр ажлаас гарах өргөдлөө өгөхийг шаардаж дарамталж эхэлсэн байна. Тэрээр“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх, цөлжилт газрын доройтлыг бууруулах, Хөвсгөл нуурын эко системийг хамгаалах зэрэг олон ажил байгааг амжилттай үргэлжлүүлэн хамтран маш сайн ажиллана хэмээж байсан. Гэтэл сайдын албан тушаалд томилогдоод сар ч хүрээгүй бай хдаа ийнхүү дээрэнгүй авирлаж боллоо.

ШВЕЙЦАРЫН МУЗЕЙД Б.АЧБАДРАХЫН ӨМССӨН МОНГОЛ ҮНДЭСНИЙ ДЭЭЛ МАЛГАЙГ ХАНДИВЛАХААР БОЛЖЭЭ

МҮОХ-ны удирдлагууд Олон улсын олимпын хороо , Үндэсний олимпын хороод болон Эв санааны нэгдлийг хариуцсан захирал Жеймс Маклеод, ҮОХ-дын харилцааны албаны Байгууллагын харилцаа ба засаглал хариуцсан захирал Жероме Поуэ нартай уулзаж, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. МҮОХ нь байгууллагын гадаад харилцаагаа өргөжүүлэх, олон улсын хурал, сургалт семинарыг Улаанбаатар хотноо зохион байгуулах хүсэлтээ илэрхийлж, цаг үеийн бусад асуудлаар санал солилцож. Олон улсын олимпын хорооны Соёлын өвийг хамгаалах сангаас тавьсан хүсэлтийн дагуу “Бээжин-2022” олимпын наадмын нээлтэд өмссөн тамирчин Б.Ачбадрахын үндэсний дээл, малгайг Швейцар улсын Лозанн хотноо байрлах ОУОХ-ны Олимпын музейд хандивлахаар болжээ. Манай тамирчин хаалтын ёслолд дээлээ өмсөөд маргааш нь Олимпын музейд хүлээлгэн өгөхөөр тохирсон байна. Юутай ч ОУОХ-ны музейд Монгол үндэсний хувцас тавигдахаар болжээ.

ИРГЭД ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН СПОРТ ЗААЛЫГ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ АШИГЛАЖ БОЛНО

Биеийн тамир спортын улсын хорооноос 2022 оныг иргэдийг идэвхтэй дасгал хөдөлгөөнд уриалах хүрээнд дөрвөн зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Эртэч идэвхтэй нийгмийг бий болгох, Эртэч идэвхтэй иргэн, хүртээмжтэй аюулгүй орчин, Нэгдмэл зохицуулалттай тогтолцоог эрхэм болгожээ.Энэ хүрээнд 2-р сарын 16-наас 6-р сарын 1 хүртэл орон даяар "Илүүдэл жингүй-Эртэч монгол" аяныг эхлүүлж 21 аймаг 9 дүүргийн спортын заалыг 06:30-07:30 цагийн хооронд үнэ төлбөргүй болгожээ. Үүнийг дагаад иргэд маань ч ухамсартай зөв соёлтой үйлчлүүлэхийг уриалж байна.

ХУУЛЬ БУС МӨРИЙТЭЙ ТОГЛООМ ГАЗАР АВСААР БАЙНА

Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 3 давхар объектод 2022 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 17 иргэний дунд хууль бус мөрийтэй покер тоглоом зохион байгуулс ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлд заасан гэмт хэргийг илрүүлж, уг хэрэгт 34 настай, эрэгтэй иргэн “Г” гэгчийг холбогдуулан мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Холбогдогч “Г” нь урьд өмнө нь мөрийтэй тоглоом зохион байгуулсан үндэслэлээр цагдаагийн байгууллагад шалгагдаж Зөрчлийн тухай хуулиар 3 удаа торгох шийтгэл оногдуулж байсан аж. Түүнчлэн мөрийтэй тоглож байсан иргэдээс залилах гэмт хэрэг үйлдэн цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг олж тогтоосон . Иргэдээс орон сууц болон ажлын байраа бусдад түрээслүүлэхдээ таны объектод хууль бус үйл ажиллагаа явуулж буй эсэхэд хяналт тавих, таны ажиллаж, амьдарч буй орчинд сэжигтэй тохиолдол илэрвэл цагдаагийн байгууллагад хандана уу!!!

БИЕ ДАВХАР ЭМЭГТЭЙ УДАА ДАРААГИЙН ҮЙЛДЛЭЭР БУСДААС ОЛОН САЯ ТӨГРӨГ ЗАЛИЛЖЭЭ

Өөрийгөө Ерөнхийлөгчийн тамгын газрын Шагналын тасгийн ажилтан, Нийслэлийн Засаг даргын тамгын газрын мэргэжилтэн гэж залилан хийсэн этгээд давтан "хэрэг" үйлдэж, цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. 2020 оноос хойш иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудтай утсаар холбогдож, залилах гэмт хэрэг үйлдсээр ирсэн бөгөөд 29 настай, давхар биетэй аж. Тэрээр төрийн одон медаль гардуулах боллоо, танай компанид дэмжлэг болгож, тоног төхөөрөмж нийлүүлнэ.Тэмдэгтийн хураамж, тоног төхөөрөмжийн урьдчилгаа, гаалийн татварыг шилжүүлнэ үү" гэхчлэн 100 гаруй удаагийн үйлдлээр бусдыг залилж, иргэдээс 100 мянгаас хоёр сая төгрөг хүртэлх мөнгийг дансаар шилжүүлэн авсан нь тогтоогдсон. Бусдад нийт 55 сая гаруй төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг өнгөрсөн оны зургадугаар сард цагдаагийн байгууллагаас илрүүлж, мөрдөн шалгасны дараа хэргийг шүүхэд шилжүүлээд байсан. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу жирэмсэн, хүнд өвчтэй, насанд хүрээгүй зэрэг этгээдийг тус хуулийн 68.2-д заасны дагуу цагдан хорихгүй байх заалттай. Тухайн хэрэг залилах гэмт хэргийг үйлдсэн эмэгтэй жирэмсэн байсан учраас шүүх дээр байх явцад дахин энэ төрлийн хэрэгт холбогдсон. Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс мөрдөн шалгах ажиллагаа явуулж, хэргийг 2021 оны арванхоёрдугаар сард шүүхэд шилжүүлсэн байсан. Шүүгдэгч С нь хэрэг хянан шийдвэрлэгдэх хугацаанд дээрх аргаар дахин залилах гэмт хэрэг үйлдсэн учир хүлээх хариуцлага нэмэгдэнэ. Ял шийтгэлийн хувьд шүүхээс тогтоогоогүй учир хэлэх боломжгүй. Ямартай ч Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлд зааснаар "Бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах" гэмт хэргийн гаралт өсч, энэ төрлийн гэмт хэргийг үйлдэхдээ иргэний эрх зүйн гэрээний харилцааг ашиглах байдал нэмэгдэж байгааг харгалзан, бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах гэмт хэргийг иргэний эрх зүйн гэрээний харилцаанаас үүссэн маргаанаас ялгаж, зөв шийдвэрлэж, хариуцлага тооцно. Хэрэв энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болсон, мөн дээрх төрлийн асуудлаар сэжигтэй байдлаар хүн холбогдсон бол цагдаагийн байгууллагад хандана уу!!!

50 ОРЧИМ ХӨГЖЛИЙН БАНКТАЙ ХОЛБООТОЙ ХЭРГИЙГ ХЯНАЖ ДУУСЧЭЭ

Монгол Улсын Хөгжлийн банкнаас олгосон чанаргүй зээлтэй холбоотой мэдээлэл сүүлийн үед олон нийтийн анхаарлын төвд байгаа . Хөгжлийн банкны зээл олголттой холбоотой асуудлууд өмнө нь эрүүгийн журмаар шалгагдан прокурорын байгууллагаас хяналт тавьж, мөн төр, нийтийн ашиг ашиг сонирхлыг хамгаалах чиглэлээр иргэний журмаар нэхэмжлэл бичих зэрэг ажлууд хийгдэж байсан. Одоо Авлигатай тэмцэх газраас ажлын хэсэг гарган ажиллаж байна. Мөн прокурор төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах чиг үүргийнхээ хүрээнд Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар болон Хөгжлийн Банкнаас 2019, 2020 онд ирүүлсэн хүсэлтийн дагуу 8 зээлтэй холбоотой асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэх ажиллагаанд төрийн нэрийн өмнөөс оролцсон. Тодруулбал: “Хөтөл” ХХК-ийн 61.2 сая ам.доллар, “Эрэл” ХХК-ийн 23 сая ам.доллар, 13 сая евро, “Бэрэн” группын 27.2 сая ам.доллар, ТОСК-ийн 57 сая ам.доллар, “Монгол драй милк” ХХК-ийн 14.9 сая ам.доллар, “Капитал” банкнаас дамжуулан зээлсэн 68.1 тэрбум төгрөг, “Бишрэлт групп” ХХК-ийн хамаарал бүхий аж ахуйн нэгж болох “Монгол мах экспо”, “Монгол эм импекс концерн” ХХК-иудын 30.3 сая ам.доллар, “Кью Эс Си” ХХК-ийн 71.3 сая ам.доллар, “Ган Хүдэр Орд” ХХК-ийн 5 тэрбум иенийн зээлийг шүүхээр шийдвэрлүүлэхэд прокурорыг оролцуулах тухай хүсэлтүүдийг хүлээн авч, шийдвэрлэсэн байна. Эдгээрээс “Хөтөл” ХХК, “Бэрэн групп”, “Монгол драй милк” ХХК, “Бишрэлт групп” ХХК, “Ган Хүдэр Орд” ХХК-тай холбоотой хүсэлтүүдийг эрүүгийн журмаар шалгуулахаар холбогдох мөрдөх байгууллагад шилжүүлж, ТОСК-тай холбоотой хүсэлт нь төрийн байгууллага хоорондын маргаан, “Капитал” банктай холбоотой хүсэлт нь эрх хүлээн авагч төлбөрийг барагдуулах дараалалд багтсан үндэслэлээр тус тус прокурор оролцохоос татгалзсан. Харин “Кью Эс Си” ХХК, “Эрэл” ХХК-ийн зээлтэй холбоотой иргэний хэрэгт прокурор төрийн эрх ашгийг хамгаалж оролцсоноос “Эрэл” ХХК-ийн нэхэмжлэл одоогоор шийдвэрлэгдээгүй байна. “Кью Эс Си” ХХК-тай холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн тухайд Улсын Дээд Шүүхийн Иргэний хэргийн хяналтын шатны шүүхээс шийдвэрлэж, 192.6 тэрбум төгрөгийг тус компаниас гаргуулахаар болсон. Авлигатай тэмцэх газарт шалгуулахаар нийт 75 зээл /66 зээлдэгчийн/-ийн жагсаалтыг хүргүүлснээс зээл олголтын байдал, зээлийг зориулалтын бусаар зарцуулсан, татвараас зайлсхийсэн, мөнгө угаасан эсэхийг тус тус шалгуулна. Нийслэлийн прокурорын газраас Хөгжлийн банктай холбоотой хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн, хаасан болон хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн 50 орчим хэрэг, материалыг нэг бүрийг хяна н дуусаж байна. Удахгүй тухайн хэрэг, материалуудыг сэргээн шалгуулах шаардлагатай эсэх талаар прокурорын шийдвэрүүд гарна. Мөн тус банк байгуулагдсан цагаасаа хойш иргэний журмаар шүүхэд гаргаж байсан нэхэмжлэл, холбогдох шүүхийн шийдвэрүүд, нэхэмжлэлүүдэд эрүүгийн журмаар шалгуулах шаардлагатай асуудал байсан эсэхийг судлан үзэж байна. Түүнчлэн өмнө нь УИХ-аас байгуулагдан Хөгжлийн Банкийг шалгаж байсан ажлын хэсгийн дүгнэлтүүдийг үзэж танилцан, эдгээр ажлуудын үр дүнг нэгтгэн дүгнэсний үндсэн дээр Авлигатай тэмцэх газарт одоо шалгагдаж байгаа хэрэгтэй хамтатган шалгуулах эсэхийг шийдвэрлэнэ.

1 ... 273 274 275 276 277 278 279 280 281 ... 327