НЭГҮҮН МЭДЭЭ
БАЙР БЭЛЭГЛЭХ БЭЛТЭЙ ХОТЫН ДАРГАД ЯДАРСАН ИРГЭДИЙГ ДЭЭРЭМДДЭГ ДАРГА НАРТ ХАРИУЦЛАГА ТООЦОХ БЯР БИЙ ЮУ

Төрийн ордны хажууд 80 гаруй хоног суулт хийж, нөхрийнхөө нэр төрийг сэргээлгэх хүсэлтийг Засгийн газарт тавьсан ахмад настан С.Цэвээнд Хотын дарга хоёр өрөө байрны түлхүүр гардуулан өгсөн.Гэсэн хэдий ч өндөр настны хүсэл зорилго ханийнхаа нэр төрийг сэргээх ханиа алдсан эмэгтэйд очих ёстой байсан тэтгэмжийг олж авах байсан гэдгийг сануулья. С.Цэвээн гуайн нөхөр Б.Сононпил 1990 онд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд албан үүргээ гүйцэтгэж яваад АН-24 цэргийн онгоцны ослоор нас барсан юм. Тухайн үед тус ослоор өөд болсон 30 хүний ар гэрт тэр үеийн ханшаар 702 мянган төгрөгийн буцалтгүй тусламж улсаас олгосон байдаг.Гэвч дэмжлэг үзүүлснийг нь аваагүй байхад авсан гэсэн баримт архив шүүлгэхэд гарч ирсэн бөгөөд талийгаачийн ар гэрийнхэн нэр төрөө сэргээлгэхээр хүсэлт гарган, суулт зарлаад байсан юм.Түүнийг Хотын дарга Д.Сумъяабазар хоёр өрөө байрны түлхүүр, батламж гардуулсанаа бахархан мэдээлсэнээр бид мартаж орхих ёсгүй асуудал юм. Учир нь амбиц хөөж сенсаацлах дуртай дарга нарт ахмад настанд байр бэлэглэх юу ч биш шигээ асуудлыг нэхэн сөхөж ар гэрт олгогдох ёстой байсан төрийн тэр хишиг хэн гэгч замаас нь зувчуулан ашигласаныг олж тогтоон ахмадад энэ зэргийн мөнгөн дүнг нь төрөөс төлөөд өгчихсөнсөн бол түүнийг нь бодит гавья гэж үнэлэж болохуйц бөгөөд энэ мэт ядарсан иргэдийг дээрэмддэг задарсан албан тушаалтнуудын увайгүй үйлдэл ч хэрэг хуучирдаггүйн нотолгоо болж хэсэгтээ хамжааргатай болох байсансан.

БАТЛАН ХАМГААЛАХЫН ДЭД САЙД Б.БАЯРМАГНАЙГИЙН ЗӨВШӨӨРЛӨӨР “ОРИЕНТ ИНВЕСТМЕНТ ПРОПЕРТИЗ ХХК” ОЙ МОДЫГ ГОЛТОЙ НЬ ХАШААЛЖ БАРИЛГА БАРЬЖ БАЙНА

СБД-ийн 19-р хороо Хандгайтын ойн бүсэд голын дэргэдэх бургасыг сүйтгэж, голын урсгалд сөргөөр нөлөөлж, ногоон бүсийг сүйтгэн голыг модтой нь хашаалж 20 гаруй барилгын суурь цутгасан асуудлыг хэвлэлийнхэн илчилж мэдээлсэн. Тэгвэл өнөөгийн батлан хамгаалахын дэд сайд Баярмагнай зөвшөөрөл олгон гарын үсэг зурсанаар “Ориент инвестмент пропертиз ХХК”-ийг ой модыг гол устай нь хамт хашаалан барилга барих боломж нөхцөлөөр хангаж өгчээ. Ойн бүсэд “Ориент инвестмент пропертиз ХХК” гэх компани барилгын ажил явуулж байсныг Экологийн цагдаагийн албанаас зогсоогоод байгаа. Гэтэл наймдугаар сараас эхлэн тус компани барилгын ажлаа үргэлжлүүлэн явуулсаар байгаа бололтой. Эх сурвалжийн мэдээллээр "Хандгайт велла” гэх хотхон барихаар энэ оны гуравдугаар сарын 23-нд үйл ажиллагаа эхлүүлж, барилгын ажил явуулж байсныг тус ойн ангийн байцаагч ойн бүсийг сүйтгэж байна гэх үндэслэлээр зөрчлийн хэрэг үүсгэж таван сая төгрөгийн торгууль ногдуулж байжээ. Харин тус газарт "Ориент Инвестмэнт Пропертиз ХХК" зөвшөөрөл авсан гэх үгээр халхавчлан байгаль орчныг сүйтгэсээр байгааг Нийслэлийн байгаль орчны газраас баталсан байдаг. Угтаа "Хандгайтын ойн бүсэд 2012 оны 04 сард 2,8 га газрыг ой хамгаалах, нөхөн сэргээх зориулалтаар “Ориент инвестмент пропертиз ХХК”-д тухайн үеийн СБД-ийн засаг дарга одоогийн Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнайн захирамжаар зөвшөөрч байжээ.Газраа “ой хамгаалах” зориулалтаар авчихаад тухайн оныхоо 11 сард “зуслан”-гийн зориулалт болгон өөрчлөх, хугацааг нь сунгах хүсэлт өгсөн байна.Харин тус өөрчлөлтийг нь ч тухайн үеийн Засаг дарга одоогийн Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай зөвшөөрч гарын үсгээ зурсан байна. Ойг нөхөн сэргээх, хамгаалах зориулалтаар газар олгочихоод төд удалгүй "зуслан"-гийн зориулалт болгон өөрчилөхөд ч оролцсон дэд сайдын оролцооны ард албан тушаалын гэмт хэрэг цухалзаж байгаа юм. Тиймээс Авилгатай тэмцэх газраас 2012 оноос СБД-ийн Засаг даргаар ажиллаж байсан, одоогийн Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнайг шалгах нь асуудлыг эхнээс нь зөв шударгаар шийдвэрлэхэд дөхөм бөгөөд түүнд ч мөн хариуцлагын асуудал яригдах нь төрд гарсан албан тушаалтнууд эрх мэдлээ урвуулан ашиглаж энэ төрлийн гэмт үйлдэлд нэр холбогдохоос сэргийлэх сэрэмж ч болох олон талын ашигтай юм.

Боловсролын салбарынхны хамраа сөхөж, халаасаа зузаалдаг үе ид өрнөж байна

Нууц биш нэгэнт түмэн олон мэддэг далд бизнес бол хүүхдээ сургууль, цэцэрлэгт элсүүлэх авилгын гэмт хэрэг болоод удаж байна. Тухайн гэмт хэрэгт магадгүй хамгийн олон оролцогчтой авилга албан тушаалын гэмт хэрэг байж мэдэх юм. Ерөнхийдөө 9 сарын 1-нийг авилга албан тушаалын хэрэг дагадаг болоод олон жилийн нүүр үзэж байна. Хүүхдээ сургалтын чанар, орчин нөхцөлөөс шалтгаалан харьяалалын бус сургууль, цэцэрлэгт элсүүлэхдээ авилга өгч авсан гэх хэргүүд ихээхэн сонсогдох боллоо. Хамгийн харамсалтай нь бид тухайн авилгын хэргийг байх ёстой зүйл мэт боддог болоод нилээд удаж байна. Сургуулийн өмнөх боловсрол дахь авлига Намрын намарт л эцэг, эхчүүд “Хүүхдээ цэцэрлэгт оруулах гэтэл бүртгэл нь дуусчихаж” хэмээн танил тал, ар, өврийн хаалга хэрэглэчихээр хүний эрэлд гардаг. “Хүүхэд цэцэрлэгт оруулж өгнө. Хүссэн сургуульд нь зуучилж өгнө. Сайн багшид шавь оруулна” гэх мэтийн зарын шинжтэй зүйлс ч хөвөрдөгийг бүгд мэднэ. Хүүхдээ цэцэрлэгт оруулахын тулд хичээлийн эрхлэгч, ангийн багш, арга зүйч гээд холбоотой бүгдийнх нь гарт хэдэн төгрөг атгуулах шаардлага үүсдэг. Үгүй бол “Хүүхдийн тоо гүйцсэн. Нэмж хүүхэд бүртгэхгүй. Ачааллаа дийлэхгүй байхад юун хүүхэд нэмж авах” гээд халгаахгүй байгааг нуух юун. Дунд сургуулийн өглөг Нас нь болов уу, үгүй юу бүгдийг нь сургуульд оруулдаг. Үүнд бас авлига хэрэгтэй. Орчин цагт эцэг, эхчүүд хүүхдийнхээ боловсрол мэдлэгт юу юунаас илүү анхаарч, шаардлагатай бүх авлигыг өгдөг болсон. “А үсэг заасан багш нь сайн байвал цаашдаа биеэ даачихдаг юм” гэх ойлголт нийтлэг байдаг. Үүнтэй холбоотойгоор эцэг, эхчүүд сайн сургууль, сайн багшийн эрэлд гардаг. Нэгэнт хүүхдээ оруулчихсан гэж орхиж болдоггүй. Оруулсан эрхмүүдийн гарийг мөн л цайлгах шаардлага тулгарна. Гарийн цайлгах гэдгийг л одоогийн хэллэгээр авилга хээл хахууль гэж нэр өгөөд байгаа юм. Хүн бүр хүүхдээ дунд сургууль төгсгөж үзсэн болохоор өөр баримт дурдаад ч илүүц биз. Түүнчлэн гадаадын их, дээд сургуульд тэтгэлэгтэй болон улсын зардлаар суралцахыг хүсэгч, суралцагсдын дундах авлига төгрөгөөр бус валютаар хэмжигддэгийг харъяа яамны мэргэжилтэн цухуйлгаж байсан. Энэ мэт байдлаар тухайн бизнес аль хэдийнээ хүрээгээ тэлж магадгүй тухайн авилгын хэрэгт холбогдоогүй эцэг, эх байхгүй болсон байх. Хамгийн томоохон жишээг авч үзвэл : Авлигатай тэмцэх газраас улсын тэргүүний гэх тодотхолтой 1-р сургуулийн захирлыг хахууль авч байхад нь үйлдэл дээр нь баривчилж байсан. Нэгдүгээр ангид хүүхэд элсүүлэх, дунд ангиас хүүхэд шилжүүлэн авахдаа хахууль авдаг байсан бөгөөд энэ үйлдэл нь удаа дараа гарч байсан нь тухайн үед тогтоогдож байсан. Энэ бол ганцхан жишээ. Үүнээс цааш хичнээн сургууль, цэцэрлэгийн захирал, багш нар эцэг, эхчүүдээс хэдэн төгрөгийн хахууль авч байсан гээд хайвал хамгийн олон холбогдогчтой хэрэг ч байж мэдэх юм.

АТҮТ-ийн тасгийн даргыг яллагдагчаар тооцон 10 хоног хорилоо

Дорноговь аймаг дахь Автотээврийн төвийн даргаар ажиллаж байгаад АТҮТ рүү дэвшин ирсэн Б.Хүдэрболдыг яллагдагчаар тооцон үргэлжлүүлэн цагдан хорих, эсэхийг шийдвэрлэх шүүх хурал Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо. Торгох ял шийтгүүлэн нийтийн албанд ажиллах эрхээ хоёр жил хасуулсан АТҮТ-ийн Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн Бүртгэл, хяналтын тасгийн дарга Ч.Болорын оронд тэрбээр томилогдсон ч бас л хээл хахуулийн хэрэгт холбогдож, АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд 48 цаг саатуулаад байсан юм. Б.Хүдэрболдыг Дорноговь аймгийн Автотээврийн төвийн даргаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдаас багагүй хэмжээний хахууль авсан гэх үндэслэлээр буруутгаж буй. Эрүүгийн хуулийн 22.4-2 дахь хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан хэрэгт яллагдагчаар татаж шалгах үндэслэлтэй гэж үзэн дээрх шүүхийн шүүгч захирамж гаргаж 10 хоногийн хугацаагаар цагдан хорихоор боллоо. Өдгөө түүнийг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид үргэлжлүүлэн хорьж байна. Түүнтэй хамт төрсөн дүүг нь шалгаж буй бөгөөд хахуулийг зуучилсан, хамтран оролцсон гэж үзэж буй юм. Өдгөө АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст Б.Хүдэрболдоос гадна АТҮТ-ийн дэд захирал Х.Баярхүүг албан тушаалаа урвуулж, Увс аймагт хүнд даацын ачааны олон автомашин оношилгоонд оруулж тэнцүүлэн бусдад давуу байдал бий болгосон үндэслэлээр шалгаж мөрдөн байцаалт удахгүй дуусах гэж байгаа. Мөн УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнгээс хүргэнээрээ дамжуулан 100 000 ам.долларын хахууль авсан АТҮТ-ийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Г.Доржпаламыг дахин шалгах болсон. Мөн АТҮТ-ийн үнэлгээ хариуцсан мэргэжилтэн, тасгийн даргаар ажиллаж байсан О.Адъяасүрэн, “Есөн шижир" ББСБ-ын эрх бүхий албан тушаалтнууд болох Б.Наранчимэг, Б.Азжаргал нарт холбогдох хэргийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс АТГ-т дахин шалгуулахаар буцаагаад байгаа юм.

Коронавируст халдвар авсан иргэдийг ялгаварлан гадуурхсан албан тушаалтнуудад сахилгын шийтгэл оногдуулжээ

Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын онцгой комиссын шийдвэрээр коронавирусын халдвар авсан иргэдийн нэрсийг сумын фэйсбүүк хуудсаар олон нийтэд мэдээллэсэн, Түнэл суманд коронавирусын халдвар авсан иргэдийн байршлыг олон нийтэд зарлаж, ойр орчимд зорчихгүй байхыг нийтэд анхааруулах зэргээр халдвар авсан иргэдийг ялгаварлан гадуурхаж, нэр төрд халдсан талаар мэдээлэл Комисст ирсний дагуу шалгах үйл ажиллагаа явуулж нөхцөл байдлыг тогтоосон. Тодруулбал, 2021 оны 7 дугаар сарын 7-ны өдөр Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын фэйсбүүк хуудсанд коронавирусын халдварын батлагдсан 35 тохиолдлоос эмчлэгдээд гарсан 17, эмчлэгдэж байгаа 18 иргэний талаар мэдээллийг байршуулж, тусгаарлалтад байгаа иргэдийн нэрсийг тодруулж тухайн өрхөд очихгүй байхыг анхааруулжээ. Мөн Түнэл сумын фэйсбүүк хуудсанд тусгаарлалтад байгаа иргэдийн байршлын зураглалыг оруулж, иргэдийг ойр орчимд зорчихгүй байхыг анхааруулсан нөхцөл байдал тогтоогдсон юм. Энэ дагуу коронавирусын халдвар авсан иргэдийг ялгаварлан гадуурхаж, нэр төрд нь халдсан албан тушаалтнуудад хариуцлага тооцож ажиллах талаар Комиссын гишүүн Хөвсгөл аймгийн засаг даргад шаардлага хүргүүлсэн. Шаардлагын мөрөөр хүний нэр төр, халдашгүй байдал, хувийн нууцад халдсан Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган, Түнэл сумын холбогдох албан тушаалтнуудад сахилгын арга хэмжээ оногдуулсан талаар Хөвсгөл аймгийн засаг дарга Ш.Идэрбаясгалан 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 1/1689 дугаарын албан бичгээр Комисст мэдэгдлээ. Коронавируст халдвар авсан иргэдийн гэрийн тусгаарлалт, ажиглалтын хүрээнд авч буй арга хэмжээ нь Монгол Улсын Үндсэн хууль, хууль, олон улсын гэрээгээр баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөөг хөнддөг болохыг аймгийн засаг дарга нарт анхааруулж, Комиссын гишүүний зөвлөмжийг 21 аймгийн засаг дарга нарт хүргүүлсэн бөгөөд хүний эрхэд халдсан нөхцөл байдал тогтоогдсон Хөвсгөл аймагт Комиссын гишүүний шаардлагыг хүргүүлээд байсан юм. эх сурвалж : Хүний эрхийн үндэсний комисс

“ШИНЭСЭГЭ МЕД” КОМПАНИ СОЛОНГОСЫН ЭМЧИЛГЭЭГ МОНГОЛЧУУДАД ОЙРТУУЛЛАА

“Шинэсэгэ мед” компани нийгмийн хариуцлагын хүрээнд ашгийн бус "Шинэсэгэ Мед олон улсын эрүүл мэндийн төвийг байгуулан иргэдэд үйлчилж эхлэжээ. Тус олон улсын эрүүл мэндийн төв нь ийнхүү Монголд байгуулагдсанаараа БНСУ-ын эмнэлэгүүдээс эрүүл мэндийн бүх төрлийн үйлчилгээ авах хүсэлтэй Монголчуудыг хүлээн авч цогц үйлчилгээг үзүүлж байна. “Шинэсэгэ мед” төв нь Солонгос улсын тэргүүлэх зэрэглэлийн 15-н эмнэлэгтэй хамтран ажиллаж тус эмнэлэгүүдээр үйлчлүүлэхэд зуучилж нарийн мэргэшсэн эмч, төрөлжсөн клиникүүдээс үйлчилгээ авах боломжийг иргэдэд олгож хилийн чанадын эмчилгээг эх орондоо иргэддээ ойртуулжээ. Манай улсын хувьд эргэлзээтэй оношолгоо гарах нь элбэг. Гэвч энэ тохиолдолд нарийн мэргэжлийн эмчээс баталгаажуулах оношилгоо, зөвлөмж авах боломжтой. Мөн короновирусын улмаас БНСУ-ыг зорьж очих боломжгүй иргэдэд зориулсан онлайн зөвлөгөө эмчилгээг ч солонгосын нарийн мэргэжлийн эмч нараас авах боломжийг бүрдүүлжээ.

МАН ЭВ НЭГДЛЭЭ БАТАТГАЖ ЗАЛУУ УЛС ТӨРЧДӨӨ ЗҮТГҮҮЛСЭН БОЛ , АН АЛБАН ТУШААЛЫН ТӨЛӨӨ ҮХЭЛДЭН ТЭМЦДЭГ ӨВӨӨ НАРАА СОЙВ

Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар тойрогт болох нөхөн сонгуульд МАН-аас Э.Батшугарыг, АН-аас Э.Бат-Үүл, ХҮН-аас Б.Найдалаа, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намаас Ш.Төмөрсүх, ШИНЭ намаас Ц.Гантулга, ИЗНН-аас Ш.Гантулга, Үнэн Ба Зөв Намаас А.Отгонбаатар нарыг нэр дэвшүүлсэн нь багагүй шуугиан дэгдээж байна. Э.Батшугарыг нэр дэвшүүлснийг шүүмжлэх хүмүүс цөөнгүй байгаа ч дэмжих хүмүүс олон байна. Учир нь МАН энэ сонголтыг хийхдээ Стратеги академи, Максима зэрэг судалгааны байгууллагын судалгаан дээр тулгуурлан нэр дэвшигчээ тодруулжээ. МАН-аас нэр дэвшигчээ тодруулахдаа СХД-т хэд хэдэн судлагаа явуулжээ.“Та дараах улс төрчдөөс хэнийг сайн таних вэ? гэсэн асуултад Э.Батшугарын нэр нэгээр гарч иржээ. Мөн “Та дараах улс төрчдөөс хэнийг дэмжих вэ гэсэн санал асуулгад Э.Батшугарын нэр тэргүүлсэн байна. Э.Батшугарын хувьд СХД-т гурван ч удаа нэр дэвшин өрсөлдөж байсан туршлагатай, дүүргийнхэндээ илүү танигдсан гэдгээрээ нэр дэвших болзол хангаж байгаа. Нөгөө талдаа МАН-ын удирдлагууд аль нэг фракци, хэн нэг дарга, өндөр албан тушаалтны хүүхэд, найз нөхөд гэж харахаасаа илүү намынхаа эв нэгдлийг бодож сонголтоо хийсэн бололтой. Одоогоос 10 гаруй жилийн өмнө МАН, МАХН болж хуваагдсан хоёр нам нэгдэж, анхныхаа том сонгуульд оролцон, Ерөнхийлөгчийн сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсан.Одоо намын гишүүдийн дундах эв нэгдлийг баталгаажуулах, илүү нягтарч, нэг цул болохыг МАН-ын удирдлагууд хичээж байна. Үүнийгээ ч МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан Бага хурал дээрээ сайн ойлгуулж, тайлбарлаж, хурал болохоос өмнө нэр дэвшихийг горилогч нартай уулзаж ярилцжээ. Ийнхүү УИХ-д 60 суудалтай МАН барьцаа ахиулахаар цэл залуухан улс төрчдийг нөхөн сонгуульд нэр дэвшүүлснээр намын эв нэгдлээ нэгдүгээрт тавьж, залуучуудаа дэмжинэ гэдгээ илэрхийлэв. Харин АН алдаагаа ахиад л давтаж, С.Зоригийн хэрэгт сэжиглэгдэж албан тушаалаа урвуулан ашиглаж, хүүтэйгээ нийлэн их хэмжээний мөнгө завшсан хэрэгт шалгагдаж байгаа Э.Бат-Үүл, давуу байдлаа ашиглан их хэмжээний өртөг бүхий тендер хувьдаа завшсан хэргээр шалгагдаж байгаа Б.Гарамгайбаатар нарыг нэр дэвшүүллээ.АН-ын энэ сонголт дахиад л гишүүдийнх нь дунд хэрүүлийн алим боллоо.“Олны анхаарлыг татсан томоохон гэмт хэрэгт холбогдсон, өөрийнхөө төдийгүй, намынхаа нэр хүндийг шавартай хутгасан, нэр дэвших боломж бүрийг алдахгүй барьж авч, албан тушаалын төлөө үхэлдэн тэмцдэг өвөө нарыг нэр дэвшүүлж бидний боломжийг хулгайллаа хэмээн АН-ын залуучууд эгдүүцэж байгаа гэх мэдээлэл ч байна.

УЛААНБААТАР ТӨМӨР ЗАМЫН ДАРГАД ГОРИЛСОН ГУРАВ ОРОСЫН ТАЛД ГОЛОГДОВ

Монгол, Оросын хамтарсан “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн дарга Д.Жигжиднямаа өнгөрөгч 7-р сард хүнд өвчний улмаас таалал төгссөн. Харин түүний албан тушаалд томилогдох эрхэм тодроогүй байгаа. Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар удаа дараа тус албан тушаалд Ц.Хүрэлбаатар, Б.Даваасүрэн, Г.Сэрээнэндорж нарыг санал болгосон ч ОХУ-ын тал тэднийг зөвшөөрөөгүй. Горилогсодыг голох шалтгаан нөхцөл нь тэд авилга албан тушаалын хэрэгт нэр холбогдож байснаас үүдэлтэй. Ц.Хүрэлбаатар нь УБТЗ-ын Нийгмийн асуудал хариуцсан Замын орлогч дарга, Г.Сэрээнэндорж нь УБТЗ-ын ерөнхий инженер, харин Б.Даваасүрэн нь УБТЗ-ын Зорчигч тээврийн албаны даргаар ажилладаг. “Улаанбаатар төмөр зам” ХНН нь Орос Монгол хоёр улсын хамтарсан компани учраас түүний удирдлагыг Монголын тал дангаараа шийдэх боломжгүй. Харин Л.Халтар сайдтай зөвшилцөж шийдвэрлэж чадахгүй бол Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэн нэгнийг санал болгох боломжтой. Ямартаа ч салбарын сайдын санал болгосон горилсон гурав гологдлоо.Иймд дөрөв дэх хүнийг нэр дэвшүүлнэ. Түүнийг нь Оросууд дэмжих эсэхээс олон асуудал шалтгаална. Оросуудын тавьж байгаа шаардлага шалгуур үзүүлэлтэд ажлын дадлага туршлага албан тушаалын гэмт хэрэгт нэр холбогдоогүй байх мөн мэдлэг боловсролын үзүүлэлт багтжээ. Нөгөөтэйгүүр Монголын нутгаар дамжин өнгөрөх газын хоолой, Баруун чиглэлийн төмөр зам, хос төмөр замын төслүүдийг хөдөлгөж чадах хүнийг л Оросын тал хүлээн зөвшөөрөх нь нэгэнт тодорхой байна.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын эхнэрээ зодсон хэргийн буруутан нь цагдаа нар болсон уу!

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат гэргий Б-гийн биед халдаж, бэртэл учруулсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож байсан. Тодруулбал : Архидан согтуурсан УИХ- ын гишүүн Ж.Мөнхбат Өнгөрөгч зургадугаар сарын 16-ны үүрийн 04.00 цагийн үед эхнэрээ зодож, гэрээсээ гарч явсан гэх дуудлагын дагуу Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс очиж шалгасан байдаг. Энэ талаар түүний хадам ээж цахим орчинд удаа дараа миний охиныг зодсон одоо тэмцэнэ гэдгээ тухайн үед илэрхийлж байсан. Иинхүү хадам ээж нь хүртэл үнэнийг хэлсээр байсан ч УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат хэрэг явдлыг үгүйсгэсээр байгаа юм. Үүгээр ч зогсохгүй эрхэм гишүүн албан тушаалаа ашиглан гэр бүлийн хүчирхийллийн асуудлыг нь сэтгүүчдэд задалсан цагдаагийн алба хаагчдыг хайж байгаа сурагтай. Тухайн хэргээс улбаатай цагдаагийн байгууллагад дотоод хяналт шалгалт явуулж эхэлжээ. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эхнэрээ зодсон гэх гишүүний хэргийн гол буруутан нь цагдаагийн алба хаагчид болжээ. Энэ мэт байдлаар ард иргэдийнхээ төлөө хууль сахиулж байгаа цагдаагийн алба хаагчид маань албан тушаалтнуудад дээрэлхүүлдэг жишиг үргэлжилсээр л.

Хотын дарга Д.Сумъяабазар ТББ руу 1.6 тэрбум төгрөгийг соёлын арга хэмжээ нэрээр шилжүүлжээ

Манай улсын хувьд сүүлийн хоёр жилийн хугацаанд урлаг соёлын арга хэмжээнүүд цуцлагдаж, Үндэсний их баяр наадмыг хүртэл цахимжуулсан. Тодруулбал, цар тахлаас сэргийлэх үүднээс Улаанбаатар хотод цахимаар зохион байгуулж, аймаг, сумдын баяр наадмыг зохион байгуулахгүй байх чиглэлийг Ерөнхий сайд өгсөн. Улмаар Үндэсний их баяр наадмаас хэмнэсэн зардлыг цар тахалтай тэмцэхэд зарцуулна гэв. Ингэснээр наадамчин олон Үндэсний их баяр наадмыг хоёр дахь жилдээ цэнхэр дэлгэцээрээ үзсэн билээ. Гэтэл зардал хэмнэх бус харин ч их хэмжээний мөнгийг “шамшигдуулсан” байж болзошгүй нөхцөл байдал үүсчээ. Хотын дарга Д.Сумъяабазар урлаг, соёлын арга хэмжээ хийнэ гэж нэгэн төрийн бус байгууллага руу 1 тэрбум 600 гаруй сая төгрөг шилжүүлжээ. Тодруулбал, Шинэ үеийн нэгдмэл залуус НҮТББ руу 2021 оны зургадугаар сарын 25-нд “УРЛАГ СОЁЛЫН САЛБАР ХОРОО” гэсэн утгатайгаар 994 сая төгрөг, 2021 оны долдугаар сарын 08-нд “УРЛАГ СОЁЛЫН САЛБАР ХОРОО ДУНДЫН САНХҮҮЖИЛТ” гэсэн утгаар 400 сая төгрөг, 2021 оны наймдугаар сарын 09-нд УРЛАГИЙН ТОГЛОЛТЫН ҮЛДЭГДЭЛ САНХҮҮЖИЛТ нэрээр 240 сая 967 мянган төгрөгийг тус тус шилжүүлжээ. Ингээд нийтдээ 1 тэрбум 634 сая 967 мянга 756 төгрөгийг ганцхан Төрийн бус байгууллага руу шилжүүлсэн баримт нь Шилэн дансны бүртгэл дээр ил болов. Хамгийн ноцтой нь “Шинэ үеийн нэгдмэл залуус” НҮТББ нь 2016 онд байгуулагдсан бөгөөд ямар ч тендер, сонгон шалгаруулалтад оролцож байгаагүй гэдэг нь дээр баримтаар нотлогдож байгаа юм. Харин үйл ажиллагааны чиглэл нь байгальд ээлтэй ногоон үйлдвэрлэл, ногоон хөгжлийг дэмжих, иргэдийг мэдээллээр хангах, сурталчлах, ижил зорилготой байгууллагуудтай хамтран ажиллахад оршино гэжээ. Ийнхүү Д.Сумъяабазар дарга Засгийн газрын тогтоол журам зөрчин урлаг соёлын арга хэмжээ зохион байгуулах эрхгүй нэр бүхий төрийн бус байгууллагад төсвөөс 1.6 тэрбум төгрөг шилжүүлсэн нь ашиг сонирхлын зөрчилтэй болох нь илчлэгдлээ.