НЭГҮҮН МЭДЭЭ
ЦОНХООР УНАХ ГЭЖ БАЙСАН БАГА НАСНЫ ХҮҮХДИЙГ ЦОНХ УГААЖ БАЙСАН ЭРЭГТЭЙ АВАРЧЭЭ

Нийслэлийн Баянзүрэх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт орон сууцны гурван давхраас унах гэж байсан хүүхдийг цонх угааж байсан эрэгтэй аварчээ. Тус хорооны Тайм Тауэр хотхон дахь 16 давхар орон сууцны гурван давхрын айлын цонхны гадна талын хүрээн дээр бага насны хүүхэд зогсож байна гэсэн дуудлагыг оршин суугчид Онцгой байдлын газарт дуудлага өгсөн байна. Тэгвэл аврагчид ирэхээс өмнө тухайн үед байрны цонх угааж байсан эрэгтэй цонхоор унах гэж байсан хүүхдийг харж амь насыг нь аварчээ.

АРХИНД ДОНТОХ ЭМГЭГИЙН ӨДРИЙН ЭМЧИЛГЭЭГ ЭМД-ААР ҮНЭГҮЙ ҮЗҮҮЛЖ БАЙНА

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв архинд донтох эмгэгийн өдрийн эмчилгээг эрүүл мэндийн даатгалаар үнэ төлбөргүй явуулж байна. Тус төв нь энэхүү өдрийн эмчилгээг 2015 оноос эхлүүлсэн аж. Харин 2022 оноос энэ төрлийн тусламж, үйлчилгээг эрүүл мэндийн даатгалаар үнэгүй үзүүлэх болжээ. Эмчилгээг мэргэжлийн эмч, сэтгэл зүйч, нийгмийн ажилтан, сувилагч нар хоёр долоо хоногийн турш ажлын өдрүүдэд 09-14:00 цагийн хороонд хийж байна. Харин амралтын өдрүүдэд 10-13 цагийн хороонд бүлгийн ярилцлага байдлаар үзүүлж байгаа юм. Эх сурвалж: СЭМҮТ

БШУ-НЫ САЙД Л.ЭНХ-АМГАЛАН: МАГИСТР, ДОКТОРЫН ЗЭРЭГТЭЙ ИРГЭДИЙГ ПЛАГИАРИЗМЫН ШАЛГАЛТАД ОРУУЛНА

БШУ-ны сайд хэлэхдээ: "Их сургуулийн багш болох хүн заавал докторын зэрэг хамгаалсан байх ёстой. Тэр докторын зэрэг нь үнэн зөв байх ёстой. Ямар нэг плагиаризм байх ёсгүй. Манайд оюуны хулгай дэндүү нүүрлэсэн байна. Өнгөрсөн хугацаанд магистр, докторын зэрэг авсан хүмүүсийг плагиаризмын шалгалтад оруулна. Манай улсын өнөөгийн академик тогтолцоо бол маш буруу тогтолцоо. Үүнийг шинэчлэх ёстой. Энэ бол БНХАУ, ОХУ-д л байгаа социализмын үеийн тогтолцоо яваад байгаа. Тиймээс шинжлэх ухааны хүрээлэнгүүдийг их, дээд сургуулиудтайгаа хамтарсан сургалт, судалгаа, үйлдвэрлэлийн цогцолбор хэлбэрээр хөгжүүлнэ. Бид үүнийг хэрэгжүүлж эхэлсэн. АШУҮИС дэр эрүүл мэндийн хүрээлэнгүүд, Япон-Монголын эмнэлгийг нь нэгтгэж, Монгол Улсад их сургуулийн эмнэлэг гэдэг цоо шинэ тогтолцоог хийж чадсан" хэмээв.

ГУРИЛ, МАХНЫ НӨӨЦ БҮРДҮҮЛЭХЭД ШААРДЛАГАТАЙ САНХҮҮЖИЛТИЙН СХЕМ ГАРГАХААР БОЛОВ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар гурил, махны нөөц бүрдүүлэхэд шаардлагатай санхүүжилтийн оновчтой схем гаргахаар шийдвэрлэв. 2023 онд хүн амын гурил, махны хэрэгцээнд зориулан нөөц бүрдүүлэхэд шаардлагатай санхүүжилтийн оновчтой схем гарган шийдвэрлэж, хэрэгжилтийг шуурхай зохион байгуулахыг холбогдох хүмүүст даалгажээ. Гол нэр төрлийн зарим бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэхээр болов. Сайжруулсан шахмал түлшний нийт нөөц, борлуулалтын цэгүүдэд байгаа түлшний үлдэгдэл, борлуулалт, эрчим хүчний үнэ тарифын талаар болон өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний нийлүүлэлтэд зохиомол хомсдол үүсгэх, үнийн хөөрөгдөл бий болгохоос сэргийлэх чиглэлд авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Засгийн газрын дараагийн хуралдаанд танилцуулахыг Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга С.Мөнхчулуун нарт үүрэг болгосон байна.

ЗАСГИЙН ГАЗРААС ДАРААХ ТОМИЛГООНУУД ХИЙГДЛЭЭ

Засгийн газрын томилгоонууд: 1. Сайд асан З.Мэндсайхан "Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төсөл" -ийг хариуцахаар томилогдов. 2. Эрдэнэт үйлдвэрийн дарга Бадамсүрэн Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар. 3. Сайд асан Ёндон Эрдэнэт үйлдвэрийн даргаар 4. Тавинбэх сайдыг Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргаар 5. ЗТХ-ийн дэд сайд Ж.Бат-Эрдэнийг ХХААХҮ-ийн дэд сайдаар 6. Б.Болор-Эрдэнийг Цахим хөгжлийн яамны дэд сайдаар 7. Халтар ЗТХ-ийн дэд сайд тус тус томилогдлоо.

"ХЭМНЭЛТИЙН ХУУЛИАР 159 ХҮНИЙГ ЧӨЛӨӨЛЖ, 587 МАШИНЫГ БИТҮҮМЖИЛСЭН"

Засгийн газраас хийсэн томилгооны талаар болон цаашид хэрэгжүүлэх ажлуудын талаар мэдээлэл хийлээ. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.АМАРБАЯСГАЛАН : -Өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас зорилт болгон тавьж буй төрийн бүтээмжийг дээшлүүлэх чиглэлд онцгой анхаарч ажиллана. Төр гаргасан бодлого, шийдвэрээ хэрэгжүүлдэг байхад анхаарал, хяналтыг сайжруулна. 2022 оны дөрөвдүгээр сарын 29-нд батлагдсан Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг өнөөдөр танилцуулсан. Хэмнэлтийн хууль хэрэгжиж эхэлснээр одоогийн байдлаар 5.8 орчим тэрбум төгрөгийн хэмнэлт хийх тооцоо гарсан. Заалтуудыг харвал дэд, тэргүүн дэд, орлогч дарга нарыг чөлөөлөх хүрээнд нийт 159 дарга, мөн зөвлөхүүдийг чөлөөлсөн. Ингэснээр төсвөөс 1.4 тэрбум төгрөг хэмнэсэн байгаа. Мөн сайдаас доош албан тушаалтнуудын автомашины хэрэглээг хязгаарлаж нийт 587 машиныг битүүмжилж, Засгийн газрын авто баазад хүлээлгэн өгсөн зэрэг үзүүлэлт гарсан. Үүнээс гадна өнөөдрийн хуралдаанаар хэд хэдэн томилгоо хийж, УУХҮ-ийн сайд асан Г.Ёндонг "Эрдэнэт" үйлдвэрийн даргаар томиллоо. Г.Ёндон сайд мэргэжлийн хүн, 30 жил уул уурхайн салбарт ажилласан тул "Эрдэнэт"-ийн даргаар томилсон. Мөн энэ хүн улс төрийн туршлага хуримтлуулсан. Засгийн газрын түвшинд асуудлаа танилцуулан, шийдүүлдэг байх нь чухал чадвар. Иймд энэ томилгоог Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт уламжилсан. Х.Бадамсүрэн дарга цаашид Зэсийн группийг ахална. Энэ групп "Эрдэнэс Монгол"-ын дэргэд байгуулагдана. Одоогоор цаасан дээр байна. Х.Бадамсүрэн захирал олон жилийн туршлагатай хүн тул төр энэ хүний чадварыг ашиглах ёстой. Л.Халтар сайд хүнд цагт зам тээврийн салбарыг удирдсан. Энэ хүнээс, өөрөөс хамаарах алдаа дутагдал гараагүй тул ЗТХ-ийн дэд сайдаар томилов. Цаашид сайд нарыг сэлгэн ажиллуулна. Сайдын албан тушаалыг шагнал болгоогүй гэдгийг мэдэгдэж байна.

БНСУ-РУУ НЭВТРЭХЭД PCR БОЛОН ТҮРГЭВЧИЛСЭН ШИНЖИЛГЭЭ ШААРДАХГҮЙ

2022 оны есдүгээр сарын 3-наас БНСУ-д ирж байгаа гадаад, дотоодын бүх иргэнээс эхлэн коранавируст халдварын PCR болон түргэвчилсэн шинжилгээ өгсөн байхыг шаардахгүй гэдгийг тус улсын Эрүүл мэндийн яамны Дэд Сайд И Ги Иль мэдэгджээ. Харин БНСУ-ын хилээр нэвтэрсний дараа 24 цагийн дотор PCR шинжилгээ өгөх журам хэвээр мөрдөгдөнө.

ХАВДАР СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВ БҮХ АЖИЛТАНДАА ГУРВАН САЯ ТӨГРӨГИЙН УРАМШУУЛАЛ ӨГЧЭЭ

Эрүүл мэндийн сайдын 2018 оны А/295 дугаар тушаалаар жил бүрийн 8 дугаар сарыг “Эрүүл мэндийн ажилтны нийгмийн хамгааллыг дэмжих сар” болгон зарласан. Сарын хүрээнд Хавдар Судлалын Үндэсний Төв/ХСҮТ/ албан тушаал үл харгалзан бүх хүнд 3 сая төгрөгийн урамшуулал өгчээ. Энэ нь ажил үүргээ гүйцэтгэж буй бүх ажилтны нийгмийн баталгааг хангах, ажиллах урам зоригийг нэмэгдүүлсэн явдал бөгөөд иргэдэд чанартай, сайн тусламж үйлчилгээг үзүүлэхийн төлөө тогтмол цалинтай эмнэлгийн ажилтнуудыг идэвхжүүлэх, бүтээмжтэй, чанартай, үр дүнтэй хөдөлмөрлөснийхөө хэрээр үнэлэгддэг цалин урамшуулал авдаг тогтолцоог бий болгохын төлөө ХСҮТ ажиллаж байгааг мэдээлэв. Сувилагч, тусгай мэргэжилтэн нийт 198 ажилтанд эмнэлгийн нэмэгдэл үндсэн цалингийн 20%-ийг наймдугаар сарын 1-нээс олгожээ. Үүнээс гадна тус төвд хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй хөгжлийн бэрхшээлтэй ажилтан тус бүрд 670,900 төгрөгийн үнэ бүхий эрүүл мэндийг дэмжих багц бүтээгдэхүүнийг нэг удаа өгсөн гэв.

ОБЕГ-С “ӨГЛӨӨ (ӨДӨР)-ИЙН УНШЛАГЫН ЦАГ” АЯНЫГ ӨРНҮҮЛЖ БАЙНА

ОБЕГ-ын харьяа Давтан сургалт, сургалт сэргээн заслын төв-113 дугаар ангиас алба хаагчдынхаа дунд “Өглөө (өдөр)-ийн уншлагын цаг” аяныг өрнүүлж байна. Аяныг хэрэгжүүлэх хүрээнд алба хаагчид сэтгэлзүй, хувь хүний хөгжил, менежмент, уран зохиол, танин мэдэхүйн соён гэгээрүүлэх ном цуглуулж, номын сантай болжээ.Уншлагын цагийг өдөр бүр тогтмол хоёр удаа буюу ажил эхлэхээс өмнө, цайны цагийн өмнө 15 минутыг зарцуулж, уншсан номоо бусадтайгаа хуваалцан, харилцан яриа өрнүүлдэг уламжлалыг хэвшүүлээд байна гэж ОБЕГ-ын харьяа Давтан сургалт, сургалт сэргээн заслын төв-113 дугаар ангиас мэдээллээ.

ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ БАЙГАА ЦАГТ Д.САРАНГЭРЭЛ САЛБАР БҮРД САЙД ХИЙНЭ...

TV-5 телевизийг үүсгэн байгуулсан сэтгүүлч Д.Сарангэрэлд монголын улс төр өртэй бололтой. Улс төрийн замналаа 2012 оны сүүлээр эхлүүлсэн тэрээр У.Хүрэлсүх гэр бүлийн шалтгааны улмаас УИХ-ын гишүүнээс татгалзсан тэр үед улс төрийн зохицуулалтаар автоматаар УИХ-ын гишүүн болж сааралд ордонд саатаж байсан. Тухайн үеэс хойш ийнхүү 3 дахь парламентдаа гишүүнээр сууж буй. Түүний хувьд У.Хүрэлсүхийн Засгийн газар 2017 онд байгуулагдахад анх Эрүүл мэндийн сайдаар ажилласан байдаг. 2017-2020 онд буюу Ковид цар тахлын үед сайдаар ажиллаж тухайн үедээ л сэтгүүлч хүн эрүүл мэндийн салбарыг удирдаж чадахгүй хэмээн хэмлүүлж байсан. Үүгээр ч зогсохгүй Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байхад нь ковидын эмчилгээг нэг иргэнд олон саяар хийж байсан гэдэг ч өнөөдрийг хүртэл тухайн баримт, зардлын задаргааг хэн ч гаргаагүй. Мөн гадаад орноос ирсэн олон зуун саяын үнэтэй явуулын кемп эмнэлэг ор сураггүй алга болсон. Ийнхүү тэрээр ковид цар тахлын эхэн үед ажлаа дутуу хийснээс үүдэн Монгол улс 3 сая хүн амын талаас илүү хувьд өнөөдрийн байдлаар халдвар авч цаашлаад олон ч хүн амь насаа алдаад байна. Д.Сарангэрэл үргэлжлүүлэн 2020 оны сонгуулийн циклийн жилд ч чимээгүй суусангүй. УИХ-ын сонгуулийн үр дүнгээр МАН үнэмлэхүй ялалт байгуулж, намын дарга У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар улиран сонгогдож танхимаа бүрдүүлэхэд өнөөх хадагтай Д.Сарангэрэл Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын дүрээр Засгийн газарт мөн л ирсэн юм. Ерөнхий сайд У.Хүрэлсүх Нэгдүгээр төрөх эмнэлгээс дөнгөж амаржсан нялх биетэй ээжийг идэр есийн хүйтэнд шаахайтай нь эмнэлгээс гаргасан гэх магад тавилттай дуулианаар буюу 2021 оны 1 дүгээр сард Засгийн газар огцорч хадагтай Д.Сарангэрэл давхар дээлээ тайлсан ч ийнхүү төд удалгүй Хамгийн сайн ажиллаж байгаа гэх ХНХЯ-ны сайд А.Ариунзаяаг мулталж, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд боллоо. Ингэснээр Д.Сарангэрэл Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байгаа цагт давхар дээлтэй хүссэн яамандаа сайдаар суудаг жишиг тогтоожээ. МАН-ын эмэгтэй гишүүд ч албан тушаалын бялуунаас алгасалгүй хүртдэг Д.Сарангэрэл хэмээн ярьж сууна. Д.Сарангэрэлийн хувьд шинээр томилогдож байгаа арван сайдын хамгийн өндөр орлоготой сайдаар тодроод байна. Түүний хувьд өвчин зовлонтой буюу ковидын үед өвчнөөр мөнгө хийж хөрөнгөө зузаатгаад байгаа гэхэд хилсдэхгүй. Д.Сарангэрэлийн 2021 оны ХОМ : -Хувийн орлого- 39 сая 530 мянга 59 -Гэр бүлийн орлого- 3 тэрбум 119 сая 845 мянга -Орон сууц барилга- 500 сая 876 мянга -Машин 60 сая -Хадгаламж 501 сая 148 мянга

1 ... 190 191 192 193 194 195 196 197 198 ... 340