НЭГҮҮН МЭДЭЭ
ТӨӨРСӨН ИРГЭНИЙГ “БАГА ТЭНГЭР”-ИЙН АМНЫ МОДНООС ЭСЭН МЭНД ОЛЖЭЭ

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны “Зайсангийн-Ам” Богд хан ууланд нэг хүн төөрсөн тухай дуудлага наймдугаар сарын 28-ны өдрийн 22:30 цагт ОБЕГ-т иржээ. Тус дуудлагын дагуу нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 9 км зам туулан очиж, “Цэцээ гүн” оргилоос буух замдаа төөрсөн, Баянзүрх дүүргийн иргэн Ч /22 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 03:57 цагт “Бага тэнгэр”-ийн амны модноос эсэн мэнд олсон байна.

САРАН ЭЭЖ ДАХИН НЭГ ЯАМЫГ САМРАХ УУ !

МАН-ын Удирдах зөвлөлийн хурал дуусч "Үндэсний нэгдмэл эв эе” гэх шинэ Засгийн газрын бүтцийг хэлэлцэж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлийг дэмжлээ. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байсан А.АРИУНЗАЯА засгийн бүрэлдэхүүнд хамгийн сайн ажиллаж байсан хэмээн ихэд ярьж байсан ч ийнхүү Д.Сарангэрэлийг тус яамыг түүнээс илүү авч явна хэмээн шинэ засгийн газар үзсэн бололтой. Д.Сарангэрэлийн хувьд өмнө нь ЭМЯ-ны сайдаар ажиллаж байхдаа тун хангалтгүй ажилласан хэмээн иргэд олон нийт үзэж тэрээр сайдын суудлаас бууж байсан юм. Тэгвэл ийнхүү 2 жилийн дотор 2 дох яамны сайдаар тэрээр ажиллахаар боллоо.

ЗАСГИЙН ГАЗАРТ ШИНЭЭР ТОМИЛОГДОХ 10 САЙД

МАН-ын удирдах зөвлөл хуралдаж Засгийн газрын шинэ бүтцийг дараах байдлаар дэмжсэн байна. Мөн Спорт олимпизм болон Хот хариуцсан сайд нарыг шинээр засгийн газрын бүрэлдхүүнд багтаахаар болжээ. 1. ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан /МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга/ 2. Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт /УИХ-ын гишүүн/ 3. Цахим хөгжлийн сайд Н.Учрал /УИХ-ын гишүүн/ 4. Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар /УИХ-ын гишүүн/ 5. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар /УИХ-ын гишүүн/ 6. Эрчим хүчний сайд Д.Чойжилсүрэн /УИХ-ын гишүүн/ 7. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун /УИХ-ын гишүүн/ 8. Спорт олимпизм хариуцсан сайд Б.Бат-Эрдэнэ /УИХ-ын гишүүн/ 9. Хот хариуцсан сайд Ж.Сүхбаатар /УИХ-ын гишүүн/ 10. Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Д.Сарангэрэл /УИХ-ын гишүүн/

МАН Н.УЧРАЛЫГ ЦАХИМ ХӨГЖИЛ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ САЙДАД ДЭМЖЛЭЭ

МАН-ын Удирдах зөвлөлийн хурал дууслаа. Тус хурлаар "Үндэсний нэгдмэл эв эе” гэх шинэ Засгийн газрын бүтцийг хэлэлцэж Цахим хөгжил, харилцаа холбооны сайдад УИХ-ын гишүүн Н.Учралыг дэмжжээ.

ЗАСГИЙН ГАЗРЫН ШИНЭ БҮРЭЛДЭХҮҮНИЙГ ЕРӨНХИЙЛӨГЧИД ТАНИЛЦУУЛАВ

Монгол Улсын Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлийн 3, 4 дүгээр зүйлд заасны дагуу Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Засгийн газрын гишүүнээр томилогдохоор нэр дэвшээд байгаа хүмүүсийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд танилцууллаа. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цар тахлын сөрөг нөлөө үргэлжилж, олон улсын нөхцөл байдал амаргүй байгаа энэ үед Засгийн газар ажилдаа шуурхай орж, бүхий л нөөц, хүч, боломжоо дайчлан ажиллахыг санууллаа. Ялангуяа өвөлжилтийн бэлтгэл, ургац хураалт, түлш, шатахууны нөөц, цэцэрлэг, сургуулийн хүртээмж зэрэгт онцгойлон анхаарахыг цаг үе шаардаж байгааг хэлэв. Мөн усан цахилгаан станц, төмөр зам, авто зам, цахим шилжилт зэрэг хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Тэрбум мод”, “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөнийг бодит үр дүнд хүргэхийн чухлыг онцлон тэмдэглэв.

ХОВД АЙМГИЙН ЗАСАГ ДАРГААР Э.БОЛОРМААГ СОНГОЛОО

Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын найм дахь удаагийн хуралдаан 2022 оны наймдугаар сарын 26-ны өдрөөс эхэлж, өнөөдөр /2022.08.29/ үргэлжиллээ. Тус хуралдаанаар Ховд аймгийн Засаг даргыг нэр дэвшүүлж, өргөн мэдүүлэх асуудлыг хэлэлцэв. Ховд аймгийн Засаг даргад тус аймгийн Засаг даргын орлогч Т.Дэлгэрсайхан, Ерөнхий сайдын ахлах зөвлөх бөгөөд Ажлын албаны дарга Э.Болормаа нэр дэвшсэн. Нэр дэвшигч Т.Дэлгэрсайхан нэрээ татсан тул төлөөлөгчид ил санал хурааж, Э.Болормааг 73.1 хувийн саналаар дэмжлээ. Монгол Улс 1931 онд засаг захиргааны өөрчлөлт хийж, орчин үеийн аймгуудыг байгуулсан. Гэвч 91 жилийн хугацаанд нэг ч удаа эмэгтэй хүн аймгийн Засаг даргаар томилогдож байгаагүй түүхтэй. Ховд аймгийн ИТХ-ын төлөөлөгчид Э.Болормааг Ховд аймгийн Засаг даргаар сонгож, тэрбээр анхны эмэгтэй аймгийн Засаг даргаар ажиллахаар болж байна. Тэрбээр Монгол Улсын Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн барьж батлуулсан “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг боловсруулах ажлын хэсгийг Ерөнхий сайдын ахлах зөвлөхийн хувьд ахлан ажилласан. Харин одоо тус бодлогын чухал хэсэг болох “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц”-ын төсөл болон бусад стратегийн чухал ач холбогдолтой төслүүдийн хэрэгжилтийг хангах үүрэг хүлээж байна. Э.Болормаа нь АНУ-ын Колумбын их сургуулийг хөгжлийн бодлогын чиглэлээр Төрийн удирдлагын магистр зэрэг хамгаалсан. Дэлхийн банк, Ногоон уур амьсгалын сан, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк зэрэг олон улсын байгууллагад ажиллаж байсан туршлагатай. Хуулийн дагуу ИТХ-ын шийдвэрийг Монгол Улсын Ерөнхий сайдад уламжилна. Ерөнхий сайд ИТХ-ын шийдвэрийг хүлээн авсан тохиолдолд захирамж гарган Засаг даргаар батламжлах юм.

НЭГДҮГЭЭР ЭМНЭЛЭГ ГҮЙЦЭТГЭЛИЙН САНХҮҮЖИЛТИЙН ҮР ДҮНД НИЙТ АЖИЛЧДЫНХАА ҮНДСЭН ЦАЛИНГ 50 ХУВИАР НЭМЛЭЭ

Жил бүрийн наймдугаар сарын хоёр дахь долоо хоногийг “Эмнэлгийн ажилтны баяр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд ЭМЯ-наас 8-р сарыг "Эрүүл мэндийн ажилтны нийгмийн хамгааллыг дэмжих" сар болгон зарласан билээ. Үүнтэй холбогдуулан Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Захиргаа болон Үйлдвэрчний эвлэлийн хороотой байгуулсан хамтын гэрээний хүрээнд эмнэлгийн ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэн байгууллагын нийт ажилтны ҮНДСЭН ЦАЛИНГ 50 хувиар нэмэгдүүлж, 33 ажилтанд орон сууцны урьдчилгаа төлбөрийн 30 сая төгрөгийн дэмжлэг үзүүллээ. Тухайлбал, 21 сувилагч, 2 туслах сувилагч, эмч, эм зүйч, дүрс оношилгооны техникч, ариутгагч, лаборант, хүчилтөрөгчийн техникч, слесарь, жолооч, үйлчлэгч тус бүр нэг ажилтанд олголоо. Орон сууцны урьдчилгаанд хамрагдах ажилтнуудыг сонгон шалгаруулахдаа УНТЭ-т 8-аас дээш жил үр бүтээлтэй тогтвор суурьшилтай ажилласан ажилтнуудыг сонгосон ба түүнчлэн цаашид 8-аас дээш жил тогтвортой ажиллах, өмнө нь орон сууцны зээлд хамрагдаж байгаагүй, банкны шалгуурыг хангасан нийт 33 эмч, эмнэлгийн ажилтныг хамт олон дэмжсэнээр сонгосон шалгаруулжээ. УНТЭ нь гүйцэтгэлийн санхүүжилтийн үр дүнд ийнхүү нийт ажилчдынхаа үндсэн цалинг 50 хувиар нэмэгдүүлж, нийгмийн баталгааг сайжруулах боломжийг бүрдүүлээд байна.

БНСУ-Д ВИЗГҮЙ ЗОРЧУУЛАХ, ВИЗНИЙ НӨХЦӨЛИЙГ ХӨНГӨВЧЛӨХ ЧИГЛЭЛЭЭР СУДЛАХ ХАМТАРСАН АЖЛЫН ХЭСЭГ ГАРГАХААР ТОХИРОЛЦОВ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ манай улсад албан ёсны айлчлал хийж буй БНСУ-ын Гадаад хэргийн сайд Пак Жин тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Пак Жин сайдын айлчлал Монгол Улс, БНСУ-ын Стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлж, хамтын ажиллагааны шинэ хуудас нээхэд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа Ерөнхий сайд уулзалтын эхэнд илэрхийллээ. Мөн “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг БНСУ-ын Засгийн газрын бодлоготой уялдуулан тээвэр, логистик, эрчим хүч, байгаль орчин, дэд бүтцийн чиглэлээр Солонгосын хөрөнгө оруулалтыг татах, ноу-хау, дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, томоохон төсөл, хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх, хоёр улсын хооронд нислэг үйлдэх агаарын тээврийн үйл ажиллагааг дэмжих, карго тээврийг эрчимжүүлэхэд хоёр тал үргэлжлүүлэн хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ. Монгол Улсад аялал жуулчлалаар зорчих БНСУ-ын иргэдийг визийн нөхцөлөөс чөлөөлөх шийдвэрийг Монгол Улсын Засгийн газраас гаргаж, Солонгосын жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх таатай нөхцөлийг бүрдүүлсэн. Хоёр улсын иргэд харилцан адил байх зарчмын үүднээс монгол иргэдэд мөн визийн хөнгөлөлт үзүүлэх, БНСУ-ын цахим виз олгох жагсаалтад Монгол Улсыг хамруулах, хэтдээ хоёр улсын иргэд харилцан визгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх талаар нааштай судалж хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байгаа Ерөнхий сайд онцолж хэллээ. Уулзалтын үеэр монгол иргэдийг БНСУ-д визгүй зорчуулах асуудлаар хоёр тал хамтран судалж, визний нөхцөлийг хөнгөвчлөх, хэтдээ харилцан визгүй зорчих чиглэлд онцгойлон анхаарч, хамтран судалж Ажлын хэсэг гаргахаар тохиролцов. БНСУ-ын Гадаад хэргийн сайд Пак Жин, Монгол Улсын Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага (AПЕК)-д элсэх, Зүүн Азийн дээд түвшний уулзалтад оролцогч улс болох саналыг дэмжихээ илэрхийллээ. Мөн газрын ховор элемент, хагас дамжуулагчийн түүхий эд нийлүүлэхэд Монгол Улстай хамтран ажиллах сонирхлоо илэрхийлж, Газрын ховор элементийн хамтарсан судалгааны төв байгуулахад БНСУ-аас буцалтгүй тусламж олгохоо илэрхийллээ. Хөшигийн хөндийд шинэ хот, эдийн засгийн чөлөөт бий болгох Монгол Улсын Засгийн газрын бодлогын хүрээнд “Шинэ зуун мод" хотын хөгжүүлэлт төслийг хэрэгжүүлэх болсныг БНСУ-ын Гадаад хэргийн сайд тэмдэглэн хэллээ.

ХУШНЫ САМАР ХУДАЛДАН АВСАН БОЛ ТАВ ХҮРТЭЛХ ЖИЛЭЭР ЗОРЧИХ ЭРХИЙГ ХЯЗГААРЛАНА

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас хуш модны болц гүйцээгүй түүхий самар түүж хэрэглэхгүй байхыг анхаарууллаа. Монгол орны ой сан бүхий нутаг дэвсгэрийн 7 хувийг эзлэн ургадаг хуш модны самрыг Засгийн газрын 2015 оны 410 дугаар тогтоолоор ховор ургамлын жагсаалтад орсон. Сибир хуш модны самрыг зохих зөвшөөрөлгүйгээр түүсэн, бэлтгэсэн, худалдсан, худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн, боловсруулсан бол дараах хариуцлагыг хүлээнэ. Эрүүгийн хууль 24.8 дугаар зүйл. Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх: 1. Зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор, ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтэнийг түүсэн, бэлтгэсэн, худалдсан, худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн, боловсруулсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлана.

1 ... 180 181 182 183 184 185 186 187 188 ... 327