БУМХИШИГТЭЙ ХОЛБООТОЙ АСУУДЛААР ГАДААД ХЭРГИЙН ЯАМНААС ТАЙЛБАР ӨГЛӨӨ
Монгол Улсын иргэн Б 2022 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр БНКирУ-ын Ош мужийн нутаг дэвсгэр Памира уулын Лениний оргилд гарах гэж яваад хоёр хөлөө гэмтээсний улмаас 5800 метрийн өндөрт гацсан тухай мэдээллийг Монгол Улсаас БНКирУ-д суугаа ЭСЯ-аар дамжуулан хүлээн авсан даруйд ар гэрийг нь тогтоон, холбогдох дэмжлэгийг үзүүлж ажиллаж байна. БНКирУ-д суугаа манай ЭСЯ-наас Киргиз Улсын ГХЯ, Онцгой байдлын яам, Онцгой байдлын удирдлагын төвтэй шуурхай хамтран ажиллахын зэрэгцээ иргэн Б-тэй тогтмол холбогдож байна. Иргэний сэтгэл зүй, биеийн байдал хэвийн байгаа бөгөөд одоогийн байдлаар 5800 метрийн өндөрт майханд 3 хоногийн хоол ундны нөөц, хийн зуухтай байрлаж байгаагаа мэдээлсэн байна. Цаг агаарын хувьд шөнөдөө -9, өдөртөө 10 градусын хооронд тогтуун байдалтай байна. Иргэнийг авчрахаар Монголоос явсан 2 уулчин киргизийн 4 уулчны хамт өнөөдөр өглөө /09.09/ авиралтаа эхлүүлж, урьдчилсан тооцоогоор маргааш өглөө гэмтсэн уулчны байгаа газарт очих, 2-3 хоногийн дараа бууж ирэх юм. Эдгээр уулчид 3000 метрээс доош бууж ирсэн даруйд Ош хотын онцгой байдлын албан хаагчид тосон авахаар бэлтгэж байгаа болно.