НЭГҮҮН МЭДЭЭ
“KIA EV6 GT” ЗАГВАР 2023 ОНЫ ДЭЛХИЙН ШИЛДЭГ АВТОМАШИНААР ӨРГӨМЖЛӨГДӨВ

“KIA EV6 GT” ЗАГВАР 2023 ОНЫ ДЭЛХИЙН ШИЛДЭГ АВТОМАШИНААР ӨРГӨМЖЛӨГДӨВ “Kia” корпорацын “Kia EV6 GT” загвар Нью Йоркийн Олон улсын авто салонд зохион байгуулсан 2023 оны Дэлхийн автомашины шагнал гардуулах ёслолын үеэр 2023 оны дэлхийн автомашинаар шалгарч, гайхалтай амжилт үзүүллээ. Оны шилдэг автомашиныг 32 орныг төлөөлсөн автомашины салбарын 100 шилдэг сэтгүүлчдээс бүрдсэн шүүгчид тодруулсан байна. Шүүгчид дэлхий дахинд үйлдвэрлэгдэж буй төрөл бүрийн загварын тээврийн хэрэгслүүдээс шилдгийг нь сонгохдоо “Kia” автомашинууд нь тус брэндийн нийгэмд тустай инновацын шийдлийг үйлдвэрлэх хүсэл эрмэлзлийг дахин баталж, “Итгэл төрүүлсэн хөдөлгөөн” үзэл санаатай нийцэж буйг харуулсан хэмээн үнэлжээ. Шагнал гардуулах ёслолын ажиллагааны үеэр “Kia” корпорацын ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирал Хо Сунг Сонг “Дэлхийн шилдэг автомашины шагналын шүүгчдээс ийм үнэлгээ авах нь асар их нэр нэр төрийн хэрэг юм. “Kia” тогтвортой шийдлийн салбарт дэлхийд тэргүүлэгч болох зорилго тээн, шинэчлэгдэхийн хэрээр, бид хэрэглээнд төгс нийцсэн, ухаалаг байдал, технологи, загвараараа хэрэглэгчдэд итгэл төрүүлсэн тээврийн хэрэгсэл бүтээхийн тулд хүчин зүтгэсээр байна. Энэ нэр хүндтэй шагнал бидний стратегийн амжилтын бас нэн илэрхийлэл юм” хэмээн ярьжээ. 2023 оны дэлхийн шилдэг автомашинаар тодорсон “Kia EV6 GT” загвар нь 2022 оны автомашин болон 2023 оны Хойд Америкийн шилдэг хэрэглээний автомашин зэрэг өргөмжлөл хүртсэн жишиг загварын шилдэг шийдлийг санал болгож байна. Тус загвар нь 430 кВт хосолмол хүчин чадалтай, 3,5 секундэд 100 км/ц хурд авч, 260 км/ц хурдлах чадвартай. Түүнчлэн, бүрэн цахилган “EV6 GT's” загвар нь нэг цэнэглэлтээр урт замыг туулах чадвартайгаас гадна саруулхан интерьер, нарийн дизайнаараа уламжлалт түлшээр ажилладаг спорт автомашинуудтай ширүүн өрсөлдөж, ийнхүү ялалт байгуулжээ. “EV6 GT” загвар нь хөдөлгөөн нь шинэ газар үзэж, шинэ харилцаа үүсгэж, шинэ мэдрэмж авах боломж олгодог хүний хөгжлийн түлхүүр гэсэн “Kia” брэндийн шинэ чиг хандлагыг илэрхийлэл болж байна. “Kia” нь хэрэглэгчдэдээ сонирхолтой бүтээгдэхүүн, инновац шингэсэн автомашины өргөн сонголт, тав тухтай үйлчилгээ санал болгох замаар чөлөөт цагаа илүү үр бүтээлтэй өнгөрүүлэх боломж олгохыг зорьж байна. 1944 онд байгуулагдсан “Kia” корпорац өдгөө 52 мянга орчим ажилтантай. Зургаан улсад үйлдвэртэй тус корпорац нь 190 зах зээлд бүтээгдэхүүнээ борлуулдаг байна.

ЭМНЭЛГИЙН АРИУТГАЛ, ХАЛДВАРГҮЙЖҮҮЛЭЛТИЙГ АНХААРАЛДАА АВАХГҮЙ БОЛ ЭНЭ САЛБАРААР ДАМЖСАН ӨВЧЛӨЛ БУУРАХГҮЙ НЬ…

Монголчууд эмнэлгийн орчинд эмчлэгдэх бус бохир хөнжил, гудас зэрэг ахуйн зүйлсээс нян, бактериар дамжсан халдвар тээн гарч байна. Тодруулбал, Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй хот суурин газар болон орон нутгийн эмнэлгүүд ариутгал халдваргүйжүүлэлт хийж чадахааргүй болчихсон. Өвдөөд очсон иргэд өтгөн, шингэн ялгадас, цус, нөжний толбо болсон гудсан дээр нь ор дэрний хэрэглэлээ дэвсдэг. Зарим нэг нь арц, хүжээр ариулсан болоод хэвтдэг. Гэхдээ улсын эмнэлгүүдэд хөрөнгө мөнгө бололцоо бий ч тэнд сэтгэл дутдаг. Судалгаагаар хүний гар цаг, минут тутамд хүрч байдаг хөнжил, гудас, дэрний нян бактерийн хэмжээ маш өндөр гарсан тоо баримт ч байна. ДЭМБ-аас эмнэлгийн орчин 95 хувийн бохирдолтой байдаг гэж тогтоосон байдаг. Гэтэл манай улсын эмнэлгүүд дээрх зөвлөмжийг мэддэг хэрнээ огт ариутгал халдваргүйжүүлэлт хийхгүйгээр өвчтөнүүдийг хүлээн авч буй нь тэдний эрүүл мэндийн эсрэг маш том гэмт хэрэг үйлдэж буй явдал. Ковид-19 цар тахлын үеэр халдвартын эмнэлгийн бохир, заваан байдлын талаар эх сурвалжууд хэлж, мэдээлж байсан. Харамсалтай нь түүнээс хойш ч эмнэлгийн орчныг ариун байлгах гэдэг асуудал огтхон ч яригдаж, хөндөгдөлгүй явсаар байгаа нь харамсалтай. Уг нь эмнэлгийн орчинд хуучин бол зүү, тариураас эхлээд олон зүйлсийг ариутгах шаардлагатай байдаг байсан. Одоо бол бүх эмнэлэгт нэг удаагийн зүү, тариур ашиглаж, ариутгалын тасгууд нь ачаалал багатай болсон. Гэсэн ч тэртээ 30 гаруй жилийн өмнө хэрэглэж байсан дезкамер гэх төхөөрөмжийг өнөөгийн эмнэлгүүд ашиглаж байгаа. Тэр шаардлага хангах боломжгүй. Учир нь тухайн ариутгалын төхөөрөмжид том, овор ихтэй хөнжил, гудас зэргийг бүтнээр хийх боломж маш муу. Тэгэхээр эмнэлгүүдэд нийтийн хэрэглээнд зориулагдсан хөнжил, гудсаа цэвэрлэх нөхцөл байхгүй, ариутгах сэтгэл болоод зүтгэл ч алга. Хэдий эм, тариагаар эмчилгээ хийгээд өвчтөнөө үдсэн ч нүдэнд үл үзэгдэх нянгийн бохирдол, халдвар тээгээд гарсан иргэн тун удахгүй өөр өвчний тээгч болон эмнэлэгт буцаж очиж байгааг хэн хянаж, тоолж байгаа бол... Энгийн хэрнээ хамгийн их асуудал дагуулах эмнэлгийн ариутгал, халдваргүйжүүлэлтийг анхааралдаа авахгүй бол энэ салбараар дамжсан өвчлөл буурахгүй нь байна шүү, Эрүүл мэндийн сайд аа.

Ө.СУМЪЯАБААТАР “САНАА ЗОВОХ ХЭРЭГГҮЙ ТӨВ ШИЙДСЭН” ХЭМЭЭН СОГТУУ БИЧСЭН ЧАТ ЦАХИМ СҮЛЖЭЭНД ДЭЛГЭГДЖЭЭ

Баянгол дүүргийн засаг дарга Ө.Сумъяабаатарыг өнгөрсөн 03 дугаар сарын 29-ний өдөр дүүргийн ИТХ хуралдаж найман үндэслэлээр ажлаа хийх чадамжгүй гэж үзээд огцруулах шийдвэр гаргасан. Маргааш нь буюу 03 дугаар сарын 30-ны өдөр Нийслэлийн Засаг дарга захирамж гаргаж Ө.Сумъяабаатарыг суудлаас нь буулгасан юм. Харин захирамж гарсан даруйд БГД-ийн намын хорооны дарга УИХ-ын гишүүн, УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар хөдөлгөөнд орж дүүргийн намын хороог нэн даруй хуралдуулах үеэрээ нэгэн ноцтой зүйл ярьсан нь олон нийтэд цацагдсан. УИХ-ын гишүүн, УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар: -"Намын дарга Л.Оюун-эрдэнэ, намын ЕНБД, нийслэлийн намын хорооны даргатай миний бие өчигдөр уулзсан. Д.Сумъяабазар хотын дарга энэ асуудлуудыг бүгдийг нь ойлгоод гаргаж байгаа шийдвэрээ татаж байгаа. Ирэх 1 дэх, 2 дахь өдрөөс эхлээд энэ шийдвэр хэрэгжиж эхлэхгүй бол би намын гишүүддээ буцаад хандана” гэжээ. “Оргил”-ын тодотголтой Ж.Ганбаатар гишүүн өөрийн "утсан хүүхэлдэй" гэгдэх Баянгол дүүргийн засаг дарга асан Ө.Сумъяабаатарыг буцааж томилохын тулд намын удирдлагуудаа сэнхрүүлж, булхай хийхээр оролдож байгаа нь олон нийтийн бухимдлыг ихэд төрүүлж байна. Харин нөгөө талд Ө.Сумъяабаатар өөрийн ирээдүйг бурхандаа даатгачихсан аятай архидан согтуурч, амар тайван зугаалж яваа бололтой. Өнөөдөр цахим сүлжээнд засаг дарга асан Ө.Сумъяабаатар болон түүнийг огцруулсан хотын даргын захирамжийг эсэргүүцэж суулт зарлаад байсан ИТХ-ын төлөөлөгч П.Өлзийнаран нарын чат дэлгэгджээ. Засаг дарга асан Ө.Сумъяабаатар: Санаа бүү зовуруж өв шиыдсэн /Санаа бүү зов төв шийдсэн/ гэсэн байна. Харин ИТХ-ын төлөөлөгч, Ж.Ганбаатарын зөвлөх П.Өлзийнаран: Юу солиороод байгаа юм. Сумъяабазар даргатай хагас бүтэн сайнд уулз гэсэн яасан! хэмээн тун бухимдангуй бичжээ. Үүнээс харахад, Баянгол дүүргийн засаг даргын суудал Ө.Сумъяабаатарт биш УИХ-ын гишүүн, УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатарт тун чухал бололтой юм. Ташрамд дурдахад, Ө.Сумъяабаатар нь дүүргийн намын дарга, УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын заавраар дүүргийн төсвөөс 25.9 сая төгрөг гаргаж намын даргынхаа гар хөл болсон хүмүүсийг Дубай хотноо тансаглуулсан. 2022 оны эцэс гэхэд гадаад томилолтын зардлыг төсвийн 155,336,000 төгрөг болгон нэмэгдүүлсэн. -Баянгол дүүрэг нь "Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих жил" нэрээр намрын ногоон өдрүүд арга хэмжээг зохион байгуулахдаа төмөр замаас 1000 машины зогсоолыг нийгмийн хариуцлага гэх нэрээр үнэ төлбөргүй ашигласан ч ногоочдод түрээсэлжээ. Арга хэмжээнд оролцсон 110 гаруй ногоочдоос тус бүрээс нь 500 мянган төгрөгийн давхар түрээс авч төрийн нэр барин нийт 50 сая төгрөгийн луйвар хийж зохион байгуулсан хүмүүстэйгээ хуваан завшсан, -Зочин төлөөлөгч хүлээн авах зардлаас нэр бүхий этгээдийн хувийн данс руу эдийн засгийн ангилал зөрчиж 4 сая төгрөг шилжүүлсэн, -Багш нарын зөвлөгөөн нэрээр 15,7 сая төгрөгийн модон эдлэл, 9,2 сая төгрөгийн цаасан уут буюу нийт 25 сая төгрөг зарцуулсан байна. Төсвийг үр ашигтай, хэмнэлттэй захиран зарцуулах тухай холбогдох хуулийг зөрчсөн түүний олон үйлдэл аудитын дүгнэлтээр нотлогдсон гэх мэт найман үндэслэлээр огцорсон юм.

БНСУ-Д АЖИЛЛАХ ХҮСЭЛТЭЙ ИРГЭДИЙН БҮРТГЭЛИЙН ТОВ ГАРЛАА

БНСУ-д ажиллах хүсэлтэй иргэдийг 2023 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдөр www.ehalamj.mn вэб сайтаар бүртгэнэ. та бүхэн дараах анхааруулга санамжийг сайтар уншиж, танилцсаны дагуу бүртгэл хийлгэхийг зөвлөж байна. Анхааруулга, санамжийг сайтар уншиж танилцаагүйн улмаас үүсэх аливаа эрсдэл, хохирлыг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар хариуцахгүй болно. 1. Бүртгэл хийхтэй холбоотой товч мэдээлэл Бүртгүүлэх иргэд дараах цахим хуудас (www.ehalamj.mn) –аар 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 09:00- 17:30 цагийн хооронд зөвхөн дурдсан өдөр, цагт нэвтэрч бүртгэл хийлгэнэ/ Системд ухаалаг гар утас, компьютер, таблет зэргээс нэвтрэх боломжтой. Бүртгүүлэхэд гадаад паспорт болон иргэний үнэмлэхний аль нэгээр бүртгүүлнэ. Солонгос хэлний анхан шатны хэлний мэдлэг шалгах тестийн 5 асуултын 3 асуултад зөв хариулсан тохиолдолд бүртгэл үргэлжлүүлэн хийгдэнэ. Бүртгүүлэх явцад төлбөрийн хураамж төлөх дансны дугаар, гүйлгээний утга автоматаар гарч ирнэ. Бүртгэл хийгдэж, цахим системд заасан хугацаанд төлбөр төлөгдсөний дараа бичиг баримтыг зургаар оруулна. Бүртгүүлэх бичиг баримт нь /гадаад паспорт эсвэл иргэний цахим үнэмлэх болон цагаан дэвсгэр дээр бараан хувцастай эгц урдаас харсан (хэмжээ 3,5*4,5см) 1 хувь цээж зургийг урьдчилан зурган файлаар бэлтгэн заасан хэмжээг бүрэн багтааж цахимаар оруулна. /Сүүлийн 3 сарын дотор авахуулсан байх, селфи зураг оруулж болохгүй./ Дахин нэвтэрч ороход нэвтрэх нэр нь регистрийн дугаар, нууц дугаар нь бүртгүүлсэн гар утасны дугаар байна. Үйлчилгээний салбарт сонгон шалгаруулж авах хүний тоо 207 2023 оны бүртгэлд хамрагдсан иргэдийг бүртгэхгүй. 2. Төлбөр хураамжийн талаарх мэдээлэл Бүртгэлийн системээс гүйлгээний утгыг зааж өгөх бөгөөд заавал тухайн утгаар шилжүүлсэн байна. /Гүйлгээний утга латин “Q” үсгээр эхэлсэн байна/ Өөрийн бүртгэлтэй утасны дугаарыг зөв бичнэ. Бүртгэлийн хураамжийг бүртгэл хийгдэх өдөр буюу 17-ны өдөр 28 ам.доллартай тэнцэх Монгол төгрөгийг бүртгэлийн програмд гарч ирсэн дансанд тухайн өдрийн Төрийн банкны зарласан /Зарах/ ханшаар тооцуулан тушаана. /Урьдчилан тушаах боломжгүй/ Бүртгүүлэх иргэн өөрийн нэр дээрх Төрийн банкны дансгүй тохиолдолд өөрийн төрөл садан, найз нөхдийн дансаар шилжүүлэг хийх үед гүйлгээний утга дээр цахим бүртгэлийн систем дээр өгөгдсөн “Q” үсгийн араас тоон утга бүхий 11 оронтой кодыг зөв гаргацтай бичнэ. 3. Бүртгүүлэх иргэдэд тавигдах шаардлага 18- 39 настай байх (1983 оны 4-р сарын 19-нөөс 2005 оны 4-р сарын 18-ны өдрийн хооронд төрсөн байх); Хорих ялтай эсвэл түүнээс илүү хүнд ялтай гэмт хэрэгт холбогдоогүй байх; БНСУ-аас албадан гаргах буюу тус Улсыг орхин явах захирамж гаргуулж байгаагүй байх; БНСУ-ын ЭСЯ-нд виз мэдүүлж татгалзсан хариуг удаа дараа авсан бол гэрээний цахим визийн зөвшөөрөл татгалзах эрсдэлтэй; БНСУ-д суралцах болон хөдөлмөрийн гэрээт ажилтнаар ажиллах оршин суух хугацаандаа зөрчил /замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, төлбөр төлөөгүй, торгууль төлсөн, сайн дураараа нутаг буцаж ирсэн иргэд/ Хэдийгээр бүртгэгдэж ажлын санал ирдэг ч БНСУ-ын Хууль зүйн яамнаас шалгагдаж татгалзсан хариу ирдэг тул бүртгүүлэхгүй байх; Монгол Улсаас гарах эрхээ хязгаарлуулаагүй байх; Харааны харалган буюу өнгө ялгах чадвартай байх (нурууны үений диск, гарын сарвуу дутуу тохиолдолд хэлний шалгалтад орж болох хэдий ч 2 дахь шалгалтад ажил үүрэг гүйцэтгэх чадамжгүй гэж үзэн хасах болно); Мэргэжлийн бус ажилчны E-9, усан онгоцны ажлын E-10 визээр БНСУ-д 5 жил буюу 60 сар, түүнээс дээш жил ажиллаагүй байх; Хууль бусаар оршин суугчаар ажиллаж, амьдарч байгаад БНСУ-ын өршөөлийн тухай хуулиар нутаг буцаж ирсэн иргэд Е-9 ангиллын визээр бүртгүүлэх боломжгүй. 4. АНХААРУУЛГА Шалгалт өгөх хуваарийг www.hudulmur-halamj.gov.mn, www.monkor.net цахим хуудсанд тухай бүрд зарлан мэдэгдэнэ. Сургалтын байгууллага, хувь иргэдээр дамжуулан аливаа залилах гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэх. БНСУ-ын аж үйлдвэр хүний нөөцийн хэрэг эрхлэх газраас ирүүлсэн хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох онооны тогтолцооны дэлгэрэнгүй зарыг эндээс харна уу.

ТҮЙМРИЙН УТАА, ШУУРГАНЫ УЛМААС ҮЗЭГДЭХ ОРЧИН ХЯЗГААРЛАГДАЖ ЗАМ ТЭЭВРИЙН НОЦТОЙ ОСОЛ ГАРЧЭЭ

Цагдаагийн байгууллагад энэ 10-ны өдрийн 13:50 цагт "Дорнод аймгийн Халх гол сум, 2 баг, Газрын тосны 21 дүгээр талбайн урд зам тээврийн осол гарч автомашинууд мөргөлдсөн” гэх дуудлага иржээ. Мэдээллийн дагуу тус аймгийн цагдаагийн газраас шалгахад хээрийн түймрийн утаа, шороон шуурганы улмаас үзэгдэх орчин хязгаарлагдсанаас шалтгаалж Beiben North Benz маркийн 5 тээврийн хэрэгсэл мөргөлдсөн. Ослын улмаас 50 настай, эрэгтэй Б гэмтэж, аймгийн Нэгдсэн эмнэлэгт ухаангүй эмчлэгдэж байгаад нас барсан байна. Зам тээврийн осолд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Эх сурвалж: ЦЕГ

ЦУУТАЙ ХОСУУД ДУУЛИАНТАЙГААР САЛАЛТАА ЗАРЛАНА ГЭВ ҮҮ

Нэгэн цагт арлын Японд мэхний их дэлгүүр нэрээрээ алдаршиж, монгол сумочдыг өнөөгийн өндөрлөгт хүрэх жим татаж явсан Кёкүшюзан Д.Батбаяр албан ёсны хоёр дахь гэргий МУГЖ дуучин Т.Баясгалангаасаа өрх тусгаарлаж буй гэнэ шүү. Тодруулбал, Кёкүшюзан Д.Батбаяр гэр бүлээсээ гадуур харилцааг нэг бус бүсгүйтэй үүсгэн, хоёр ч бүсгүйг хүүхэдтэй болгосон сурагтай. Тавин нас гарч яваа нөхрийнхөө удаа дараагийн хормойн явдал суудлыг дийлэхгүй болсон дуучин бүсгүй салах өргөдлөө өгөөд байгаа юм байна. Эх сурвалжийн мэдээллээр, Кёкүшюзан Д.Батбаяр эхнэрээ аргадаж багагүй хөл алдан гүйж байгаа ч, дуучин Т.Баясгалан гаргасан шийдвэр, гомдсон гомдолдоо хэвээрээ байгаа гэнэ. Кёкүшюзан Д.Батбаярын хувьд одоогоос 16 жилийн өмнө буюу 2007 онд дуучин Т.Баясгалантай дэр нэгтгэж байсан. Түүнээс өмнө өөрийн үе тэнгийн бүсгүй болох П.Буянбилэг гэх эмэгтэйтэй ханилж хоёр хүүхэдтэй болж байсан ч мөн гэр бүлээс гадуурх харилцааны улмаас анхны “амьдралаа нурааж” байв. Тухайн үед мөн л П.Буянбилэг бүсгүйгээс салахгүй хэмээн чаргууцалддаг байсныг тэр үеийн шар хэвлэлүүдийн хуудаст түүх болон үлджээ. Салалтынхаа дараагаар төд удалгүй дуучин Т.Баясгалантай дэр нэгтгэн, цуутай хосуудын нэг болов. Кёкүшюзан Д.Батбаяр, МУГЖ Т.Баясгалан нар дундаасаа хоёр хүүхэдтэй. Хоёр хүүхдээ төрөхөөс эхлээд, тэдэндээ зориулж, эмнэлэг, цэцэрлэг, сургууль барьж байсан гэхэд хилсдэхгүй. Ямартаа ч, монголын олны танил эрхмүүдийн дуулиант салалтуудын кэйс нэгээр нэмэгдэх нь тодорхой боллоо. Магадгүй “Монгол эрчүүд жаахан баяжихаараа эхнэрээ сольдог” гэх олны үг ортой байх. Хамт явж харагдахаа байсан нь үүний баталгаа биз ээ. эх сурвалж:tac.mn

"MAXIM MOCHA GOLD" КОФЕГ ЗАХ ЗЭЭЛЭЭС ЭРГҮҮЛЭН ТАТАХААР БОЛЖЭЭ

"Dong Suh Foods" компани Maxim Mocha Gold кофегоо зах зээлээс эргүүлэн татахаар болжээ. Тус компанийн үйлдвэрлэдэг Maxim кофег үйлдвэрлэх явцад силикон холилдсон байж болзошгүй нөхцөл байдал үүссэн учраас тус кофенуудыг зах зээлээс эргүүлэн татахаар болсон байна. 50 ширхэгтэй 600 граммаар савлагдсан найман төрлийн бүтээгдэхүүний зарим нь оруулах ёсгүй бодис агуулагдсан байж болзошгүй гэнэ. Тодорхой хугацаанд савлагдсан бүтээгдэхүүнүүдэд эрсдэл үүсээд байгаа учраас 2024 оны есдүгээр сарын 19-24-ний хооронд дуусах бүтээгдэхүүнүүдээ эргүүлэн татахаар болжээ. "Dong Suh Foods"-ийн Чанвон дахь үйлдвэрт кофе үйлдвэрлэх явцад тоног төхөөрөмжинд хэрэглэдэг силикон орсон байж болзошгүй гэнэ. Кофений үрийг усанд уусдаг болгодог уг үйлдвэрт гуравдугаар сарын 18-нд түүврийн аргаар шалгалт хийхэд зарим бүтээгдэхүүнээс силиконы хэлтэрхий илэрсэн хэмээн компанийн зүгээс мэдэгджээ. Кофенд агуулагдаж байгаа силикон нунтаг хэлбэрээр биш, харин 2-4 миллиметрийн хэмжээтэйгээр агуулагдаж байгаа гэв. Эдгээр хэлтэрхийнүүд нь усанд холих үед доош тунадаг учир энгийн нүдээр ялган таних боломжтой аж. Компанийн зүгээс чанарын асуудал гаргасандаа хүлцэл өчиж, дахин ийм төрлийн алдаа гаргахгүйн тулд тоног төхөөрөмж, чанарын шалгалтын ажлыг улам бүр идэвхжүүлнэ гэдгээ мэдэгдлээ. эх сурвалж:zindaa.mn

СЭРЭМЖЛҮҮЛЭГ:”YUHAK CENTER” ГЭХ БАЙГУУЛЛАГА ОЛОН ТООНЫ ИРГЭДИЙГ ЗАЛИЛАН ОДООГИЙН БАЙДЛААР 405 САЯ ТӨГРӨГИЙН ХОХИРОЛ УЧРУУЛААД БАЙНА

Иргэн У нь “Yuhak center” фейсбүүк пейж хуудсаар дамжуулан “Бүгд Найрамдах Солонгос улс руу нас харгалзахгүй, батлан даагч шаардахгүй хэлний бэлтгэлд суралцуулна” гэсэн зар байршуулж, 2022 оны 01 дүгээр сараас 2023 оны оны 02 дугаар сарыг хүртэлх хугацаанд холбогдсон нийт 29 иргэнээс 405 сая төгрөгийг залилан мэхэлж, авсан үйлдлийг цагдаагийн байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа бөгөөд шүүхээс тус иргэнд Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ аваад байна.

ХҮНИЙ АМЬ ХӨНӨӨЖ, ТЭЭШИНД ХИЙЖ ОРХИСОН ЭТГЭЭДҮҮД ДАХИН ХҮН ХӨНӨӨХ ГЭЖ БАЙХ ҮЕД НЬ БАРИВЧИЛЖЭЭ

2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр цагдаагийн байгууллагад Булган аймгийн Орхон сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Уушгийн ам гэх газарт “Улсын дугааргүй Toyota Prius маркийн тээврийн хэрэгслийн тээшинд хүн нас барсан байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Тус дуулагын дагуу шалгахад 62 настай, эрэгтэй “Г” нь уг тээврийн хэрэгслийн тээшний хэсэгт 2 гар хүлэгдсэн, аманд нь алчуур чихсэн байдалтай амь насаа алдсан байдалтай олджээ. Түүний амь насыг урьд өмнө нь гэмт хэрэг үйлдэн шүүхээс ял шийтгэгдэж байсан 26 настай, эрэгтэй “Д” нь 31 настай, эрэгтэй “Б” болон “А” нартай хамтран хохироож, зугтсаныг шуурхай эрэн сурвалжилж, тэднийг Орхон аймгийн нутаг дэвсгэрт такси үйлчилгээ эрхлэгч “Б”-ийн амь насанд нь халдана хэмээн айлган сүрдүүлж,, тээврийн хэрэгслийн тээшинд тээвэрлэж явахад нь цагдаагийн алба хаагчид үйлдлийг нь таслан зогсоож баривчилсан байна. Амь хохирогч “Г” нь хувиараа такси үйлчилгээ эрхэлдэг байсан бөгөөд дээрх 3 этгээд 2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр түүнд “Адууны эрэлд яваад ирье” хэмээн хууран мэхэлж суурин газраас холдуулж уг хэргийг үйлджээ. Мөн 2023 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хувиараа такси үйлчилгээ эрхлэгч “Б”-тэй “Аймгийн төв хүргүүлнэ” гэж тохиролцон замдаа маргалдан түүнийг айлган сүрдүүлж, заналхийлэн түүний ар гэрээс 200.000 төгрөгийг түүний дансаар шилжүүлэн авч, улмаар гар, хөлийг нь хүлэн тээврийн хэрэгслийн тээшинд хийж Архангай аймгийн Өлзийт сумруу зорчих үед нь цагдаагийн алба хаагчид дайчлан баривчилж, цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг авсан байна.

ИМПОРТООР ОРЖ ИРСЭН 171.45 ТОНН ЦАГААН БУДАА ИХ ХЭМЖЭЭГЭЭР БОХИРЛОГДСОН НЬ ТОГТООГДЖЭЭ

Улаанбаатар хот дахь гаалийн газрын Ачих буулгах тээвэр экспедицийн механикжсан анги -1 гаалийн хяналтын бүсээр Вьетнам улсаас вагоноор импортолсон 171.45 тонн цагаан будааг гаалийн хорио цээрийн хяналт шалгалт болон лабораторийн шинжилгээнд хамруулан шалгасан байна. Гаалийн хяналт шалгалтын биет үзлэг болон лабораторийн шинжилгээгээр гадаад хорио цээртэй суринамын гурилч цох /Oryzaephilus surinamensisL/ үхсэн хэлбэрээр, хэвлий хэсгийн тасархай, авгалдайн гуужсан хальсаар их хэмжээгээр бохирлогдсон нь тогтоогдсон. Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалт ын тухай хуулийн 9.1.1 дэх заалтыг үндэслэн тус хуулийн 13.1.1 заалтын дагуу бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэхийг хориглодог. Мөн Монгол Улсын Засгийн газар, БНСВУ-ын засгийн газрын хооронд ургамал хамгаалал, хорио цээрийн салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээрийн 1-р хавсралтын 2.19-т бичигдсэн суринамын гурилч цох /Oryzaephilus surinamensisL/ илэрсэн нь хоёр удаагийн шинжилгээгээр тогтоогдож хуулийн дагуу импортлогч компани экспортлогч улсад буцаах үүрэгтэй ч буцаах боломжгүй гэж мэдэгдсэн тул устгалд оруулахаар шийдвэрлэсэн байна. Иймд хүнсний бүтээгдэхүүн импортлогч аж ахуй нэгж нь Монгол Улсын гадаад худалдаатай холбоотой хууль тогтоомж, холбогдох дүрэм, журмыг сайтар судалж гадаад худалдаанд оролцох. Мөн экспортлогч улсын үйлдвэр, үйлдвэрийн албан ёсны гэрээт борлуулагчтай худалдах, худалдан авах гэрээнд чанар, аюулгүй байдал, хадгалалт тээвэрлэлт, тээврийн хэрэгсэлд хийх ариутгал, халдваргүйтгэлийн зохих шаардлагыг тусгаж ажиллахыг гаалийн байгууллагаас анхааруулж байна. эх сурвалж:gogo.mn

1 ... 158 159 160 161 162 163 164 165 166 ... 370