НЭГҮҮН МЭДЭЭ
ХУУЧИН ОРОН СУУЦНЫ ҮНЭ 25.9 ХУВИАР ӨСЖЭЭ

Орон сууцны үнэ наймдугаар сард өмнөх сараас 2.9 хувиар өссөн гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Наймдугаар сард шинэ орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 3.32 сая төгрөг болж, Сүхбаатар дүүрэгт хамгийн их буюу 3.6 сая төгрөг байна. Шинэ орон сууцны үнийн жилийн өөрчлөлтийг харвал, 13.4 хувиар өсжээ. Харин хуучин орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 3.13 сая төгрөг болж, Сүхбаатар дүүрэгт хамгийн их буюу 3.74 сая төгрөг байна. Хуучин орон сууцны үнэ жилийн өмнөхөөс 25.9 хувийн өсөлттэй байна.

БҮРЛЭЭЧ НАРЫН МЭДЭЭЛЛИЙГ БУЯНЫ КОМПАНИУДАД ӨГДӨГ ГЭХ 12 ЭМЧ, ЭНГИЙН БАЙГУУЛЛАГАД АЖИЛЛАДАГ 15 ИРГЭНИЙГ ЯЛЛАГДАГЧААР ТАТСАН

Нийслэлийн Түргэн тусламжийн төв буюу хүмүүсийн нэрлэж заншсанаар Яаралтай тусламжийн 103-ын удирдах албан тушаалтнуудад холбогдох хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж дуусаад, яллах дүгнэлт үйлдүүлэхээр НПГ-ын хяналтад хүргүүлжээ. Тус төвийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга С.Ариунболд ангийн найз, ЦЕГ-ын Шуурхай удирдлага, мэдээллийн төвийн 103 хариуцсан хэлтсийн даргаар ажиллаж байсан, хошууч Т.Бат-Идэртэй хамтран уг хэргийг өдүүлсэн байна. Хүнд өвчний улмаас гэртээ нас барсан, цагдаагийн байгууллагаар шалгуулах шаардлагагүй гэж үзсэн бүрлээч нарын мэдээлэл, гэрийн хаягийг буяны цогц үйлчилгээ үзүүлдэг аж ахуйн нэгжийнхэнд өгдөг байж. Талийгаач нарын шарилыг гэрээс нь зөөж, эмнэлгүүдийн цогцос хадгалах газарт тухайн аж ахуйн нэгжийнхэн хүргэснийхээ төлбөрт ар гэрээс нь төлбөр авдаг. Ингэж тухайн аж ахуйн нэгжийнхэнд давуу байдал олгосныхоо төлөө нийслэлийн Түргэн тусламжийн төвийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга С.Ариунболд, Шуурхай удирдлага, мэдээллийн төвийн 103 хариуцсан хэлтсийн дарга асан, хошууч Т.Бат-Идэр нар 100 сая төгрөгийн хахууль авсан хэрэгт холбогдсон байна. Тэдэнтэй хамт нийслэлийн Түргэн тусламжийн төвийн 12 эмч, энгийн байгууллагад ажилладаг 15 иргэнийг яллагдагчаар татсан аж. Яаралтай тусламжийн 103-ын удирдах албан тушаалтнууд эрх мэдлээ урвуулж, төрийн ажлыг халаасаа зузаалах хэрэгсэл гэж харсан тохиолдол ганц энэ биш. Тус төвийн даргаар ажиллаж байсан Ц.Пүрэвдашийг үндсэн хөрөнгөдөө бүртгэлтэй яаралтай тусламжийн автомашинуудыг жолооч, эмч нарынх нь хамтаар Монгол, Катарын хамтарсан цэргийн сургуулийн хээрийн эмнэлэгт болон газрын тосны хайгуулын чиглэлээр манай улсад үйл ажиллагаа явуулдаг, БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “БЖП геофизикал Монголиа”-д ашиглуулах гэрээ байгуулж 80 000 ам.долларыг уг компани болон цэргийн сургуулилалтын Катарын талаас байгууллагынхаа дансаар дамжуулан авч, завшсан хэрэгт холбогдуулан шалгасан. Өөрөөр хэлбэл, 2017-2019 онд албан тушаалаа урвуулж, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хууль болон Төсвийн байгууллагын зарим ажил, үйлчилгээг гэрээгээр гүйцэтгүүлэх тухай Засгийн газрын 2003 оны 233 дугаар тогтоолыг зөрчин эд хөрөнгө завшсан гэж 2019 оны сүүлчээр мөрдөн шалгаж байсан. Уг хэрэгт нь дээр нэр дурдсан эмчилгээ эрхэлсэн орлогч С.Ариунболд, Автотехникийн албаны ерөнхий инженер Ц.Орхонсүрэн нарыг ч хамтатган шалгаад, ганц Ц.Пүрэвдашийг шүүхэд шилжүүлсэн. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс нийслэлийн Түргэн тусламжийн төвийн даргаар ажиллаж байсан Ц.Пүрэвдашийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж, их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцон 10 сая төгрөгөөр торгох ял шийтгэсэн билээ. Ташрамд дурдахад, АТГ-ынхан өнгөрсөн долоо хоногт гэмт хэргийн шинжтэй 19 мэдээлэл хүлээн авч, нийт 100 гомдол шалгаснаас 16-д нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн бол эрүүгийн 745 хэрэгт мөрдөн байцаалт явуулж наймд нь яллах дүгнэлт үйлдүүлж шүүхэд шилжүүлэх саналаа илэрхийлэн прокурорын хяналтад хүргүүлсний нэг нь дээрх албан тушаалтнуудын үйлдэл юм.

ОЛИМПЫН ГҮҮРНИЙ ЯВГАН ХҮНИЙ ГАРЦЫГ УГСАРЧ ДУУСЛАА

Замын цагдаагийн газрын ойролцоох Олимпын гүүрний явган хүний замын металл хийцийг үндсэн гүүртэй угсарч дуусан, явган хүн зорчих боломжтой боллоо. Уг явган хүний гарцын засал, тохижилт хараахан дуусаагүй байгаа бөгөөд гэрэлтүүлэг суурилуулах, будаг, цэвэрлэгээ хийх зэрэг ажлыг гүйцэтгэж буй юм. Одоогоор тэргэнцэр болоод бусад дугуйт хэрэгсэлтэй иргэд зорчих налуу замын ажил үргэлжилж байгаа тул тус хэсгийн хөдөлгөөнийг хараахан нээгээгүй байна. Өнгөрсөн хугацаанд үндсэн гүүрний бүтээн байгуулалт болон Соёолжийн нүхэн гарцаас Энхтайваны гүүрний зүүн талын нүхэн гарц хүртэлх нэг километр авто замыг шинэчилсэн. Түүнчлэн үндсэн гүүрний урд талын “U” хэлбэрийн буцаж эргэх авто замын зүүн талын 40 метр, баруун талын 60 метр урт тулц хана болон суурийн хоёр үе бетон цутгалт хийж, авто замд хашлага суурилуулсан билээ. Явган хүний гүүрэн гарцыг тохижуулж, налуу замын хөдөлгөөнийг нээснээр Олимпын гүүрний бүтээн байгуулалт бүрэн дуусах юм.

“ШИЖИР АЛТ” КОМПАНИЙН ЗАХИРЛЫН ҮНДЭСЛЭЛГҮЙ ХӨРӨНГӨЖСӨН ХЭРГИЙГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЭВ

“Монголросцветмет”-ийн харьяа “Шижир алт” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан О.Баттөмөрийг АТГ-ынхан үндэслэлгүй хөрөнгөжсөн байж болзошгүй хэмээн шалгаад НПГ-аас яллах дүгнэлт үйлдэн гэм буруутай, эсэхийг нь тогтоолгохоор Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ. Түүнийг бараа, ажил, үйлчилгээ авах шийдвэр ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр гаргаж, худалдан авсан, эхнэрийнхээ нэр дээр бүртгэлтэй компани болон тээврийн хэрэгслийг ХАСХОМ-тээ бүртгүүлээгүй, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй зэрэг хэд хэдэн үндэслэлээр шалгасан байдаг. Улмаар алт олборлох зориулалттай “Драга-250” машинт төхөөрөмжийг зах зээлийн үнээс хэт хямдаар Монгол, Солонгос иргэдийн хамтарсан “Чингисийн өвөр” гэх аялал жуулчлал, гадаад худалдааны компанид зарсан хэрэгт холбогдуулсан. Тэгвэл дээрх шүүхэд шилжүүлсэн хэрэг нь О.Баттөмөрийн үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх үйлдэл аж. Тодруулбал, “Шижир алт” ХХК-ийн гүйцэтгэх захирал буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа 800 сая төгрөгийн үнэлгээтэй, Хан-Уул дүүргийн XI хорооны нутаг, Зайсанд байрлах “Роял каунти” хотхон дахь 200 ам метр талбайтай орон сууц, автомашины хоёр ч зогсоол зэрэг үл хөдлөх хөрөнгийн эх үүсвэрийг тайлбарлаж чадаагүй, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж буруутгасан байна. Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт мөрдөн байцаалтын 2334 хэрэгт хяналт тавьж, 263-т нь яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн юм. Тэдгээр хэрэг дунд “Монголросцветмет”-ийн харьяа “Шижир алт” ХХК-ийн гүйцэтгэх захирал асан О.Баттөмөрийн үндэслэлгүй хөрөнгөжсөн хэрэг байгаа аж. Түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдоос гаргасан 909 гомдол, хүсэлтийг өнгөрсөн долоо хоногт прокурорын байгууллагынхан хянан үзэж, 283-ыг нь шийдвэрлэсэн аж. Мөн эрүүгийн болон зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой 304, ял эдлүүлэх ажиллагаатай холбоотой долоо, шүүхээр шийдвэрлэсэн хэрэгт шинээр илэрсэн нөхцөл байдлыг шалгуулах тухай нэг хүсэлт шинээр хүлээн авч, өдгөө 626-г нь хянаж буй гэнэ.

БНСУ РУУ ВИЗГҮЙ ЗОРЧИХ ЖУРАМ

Монгол Улсын иргэд БНСУ-д 15 хүртэл хоног визгүй зорчих шийдвэр энэ оны аравдугаар сарын 1-нээс албан ёсоор хэрэгжиж эхэлнэ. Тодруулбал, БНСУ-ын Засгийн газрын шийдвэрээр Монгол, Вьетнам, Филиппин, Индонез зэрэг улсын бүлэг жуулчдыг Ганвон мужийн Яньян олон улсын нисэх онгоцны буудлаар дамжин 15 хүртэл хоног визгүй зорчих боломжтой болсон юм. Уг шийдвэр нь энэ оны аравдугаар сарын 1-нээс ирэх жилийн тавдугаар сарын 31-нийг хүртэл хүчин төгөлдөр байх юм. Дээрх шийдвэрт Монгол Улсын 5 буюу түүнээс дээш хүний бүрэлдэхүүнтэй бүлэг жуулчид хамаарах бөгөөд дараах шаардлагыг тавьж буй юм. Үүнд, 1. Аялал жуулчлалын агентлагаар дамжуулан аяллын хөтөлбөр төлөвлөсөн байх, 2. Зөвхөн Яньян олон улсын нисэх онгоцны буудалд нэг авиакомпанийн нислэгээр бүгд ирж, бүрэн бүрэлдэхүүнээрээ эх орондоо буцах, 3. Коронавируст халдвар /Ковид-19/-ын эсрэг вакцины бүрэн тунд хамрагдсан байх, халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөх, 4. Орон нутгийн ажилтан дагалдах бол түүнтэй холбоотой үйлчилгээний хөлс төлөх, хилээр нэвтрэхэд хувийн болон шаардлагатай бусад мэдээллээ өгөхийг зөвшөөрсөн байх, 5. Зөвхөн Ганвон муж болон Сөүл хотод аялах боломжтойг анхаарах, Энэхүү хөнгөлөлттэй нөхцөлөөр Солонгост визгүй зорчсон хэдий ч тус улсын нутаг дэвсгэрийг орхин гараагүй, хугацаа хэтрүүлсэн иргэдийн тоо тус улсыг зорьсон нийт монгол иргэдийн 5 хувиас давсан даруйд уг шийдвэрийг цуцлах аж.

БНХАУ-Д ТУСГААРЛАЛТАД ОРОХ ХҮМҮҮС ОСОЛДОЖ, 27 ХҮН АМИА АЛДЖЭЭ

БНХАУ-ын Гуйжоу мужид ковидийн хөл хорионд тусгаарлах хүмүүсийг тээвэрлэж явсан автобус осолдож, 27 хүн амиа алдаж 20 хүн гэмтжээ. Олон хүний амийг авч одсон энэ осол цахим орчинд хөл хориог эсэргүүцсэн иргэдийн хүчтэй шүүмжлэлтэй тулгарлаа. Дэлхий нийтээрээ цар тахалтай зэрэгцэн амьдарч, энгийн амьдралдаа буцан орж байхад БНХАУ цар тахлын эсрэг чанга бодлого хэрэгжүүлж, олон сая иргэнийг хөл хорионд байлгаж байгаа юм. Автобус осолдсон Гуйжоу мужид халдварын тохиолдол хамгийн их бүртгэгдэж байгаа аж. Бямба гарагт тус мужид халдварын 712 тохиолдол шинээр бүтгэгдсэн нь тухайн өдөр Хятадад бүртгэгдсэн нийт халдварын 70 хувийг эзэлж байна. Хятадын эрх баригч Коммунист намын таван жилд нэг удаа зохиогддог их хурал ирэх 10 дугаар сард болохтой зэрэгцэн тус улс ковидыг тэглэх бодлого хэрэгжүүлж байгаа юм. Нийслэл Бээжин хотынх нь 21 сая орчим иргэн олон нийтийн газраас гадна гэрийнхээ булангийн дэлгүүрээр үйлчлүүлэхдээ хүртэл гурван хоног тутам заавал PCR шилжилгээ өгөх ёстой аж.

УИХ-ЫН ГИШҮҮН Б.ПҮРЭВДОРЖ ӨВС, ТЭЖЭЭЛИЙН ТАТВААРЫГ ТЭГЛЭХ САНАЛ ГАРГАЖЭЭ

УИХ-ыг гишүүн Б.Пүрэвдорж Засгийн газрын тэргүүн, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандаж импортын өвс тэжээлийн гааль, НӨАТ-ын татварыг тэглэх санал хүргүүлсэн байна. Тэрбээр "Зарим аймгийн нутгаар ургац муу, гантай байсны улмаас өвөлжилт хүндрэх нь тодорхой боллоо. Цаг уурын байгууллагаас ч ес, аравдугаар сард Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар олон жилийн дунджаас ахиу хур тунадас унаж, эрс хүйтрэх магадлалтайг мэдээлж байна. Нөхцөл байдал хүндэрч зудын аюул нүүрэлбэл зөвхөн бэлчээрийн мал сүрэг төдийгүй иргэдийн хүнсний хангамж, малчдын амжиргаанд сөргөөг нөлөөлж нийгэм, эдийн засгийн ихээхэн хохирол учрах эрсдэл бодитоор бий боллоо. Иймд өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийг цаг алдалгүй хангахад анхаарч импортоор авах малын тэжээл, өвсийг гаалийн татвараас ирэх оны зургаадугаар сар хүртэл хугацаанд чөлөөлөх Засгийн газрын тогтоол батлан хэрэгжүүлэхийг уламжлан, хүсэж байна" хэмээн тодотгожээ.

ИРГЭДЭД ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ЗӨВЛӨГӨӨ ӨГНӨ

НЗДТГ-аас “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр” болон “Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх” арга хэмжээний хүрээнд Монголын Хуульчдын холбоотой хамтран иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгдөг. Энэ сарын өдөрлөг маргааш буюу есдүгээр сарын 21-нд 09:00-17:00 цагийн хооронд зохион байгуулагдаж байгаа бөгөөд иргэн та 75050801, 75050802, 75050803, 75050804 дугаарын утсаар холбогдож, иргэний эрх зүй, захиргааны эрх зүй, эрүүгийн эрх зүй болон гэр бүл, гэрээний эрх зүй зэрэг сэдвээр хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө, мэдээлэл авах боломжтой. Сар бүрийн гурав дахь 7 хоногийн лхагва гарагт иргэдэд зөвлөгөө өгдөг тус өдөрлөгийг тав дахь жилдээ тогтмол зохион байгуулж байна.

“МИАТ” ТӨХК ХӨГЖЛИЙН БАНКНЫ ЗЭЭЛЭЭ БҮРЭН БАРАГДУУЛЖЭЭ

“МИАТ” ТӨХК 2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Хөгжлийн банкны зээлийн үлдэгдэл болох 443 сая иен буюу 10 тэрбум төгрөгийн төлбөрийг нэг дор шилжүүлж, зээлийн үлдэгдлээ хаасан байна. Ингэснээр “МИАТ” компани төрийн өмчит компаниудаас зээлээ бүрэн барагдуулсан анхны компани болж байгаа талаар Хөгжлийн банкнаас мэдээллээ. Тус компани Засгийн газрын 2013 оны 137 дугаар тогтоолын дагуу АНУ-ын “БОИНГ” компаниас B767-300ER агаарын хөлөг худалдан авах гэрээ байгуулж, шаардлагатай санхүүжилтийн хүрээнд Монгол Улсын Хөгжлийн банкнаас гүүрэн зээл авсан. 2015 оны байдлаар нийт 15.1 сая ам.долларын зээлийн үлдэгдэлтэй байсан бөгөөд 2017 онд Самурай бондын санхүүжилттэй уялдуулан иенийн зээлд хөрвүүлжээ. Уг зээлийг төлөх эцсийн хугацаа нь 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр байсан юм. Засгийн газраас баталсан тогтоолоор төрийн өмчит компаниудыг Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлтийг яаралтай барагдуулах чиглэл өгсөний дагуу, мөн Сангийн яамнаас баримталж буй “Самурай” бондын төлбөрийг хугацаанаас нь өмнө төлж барагдуулах бодлогод нийцүүлж ийнхүү зээлийн төлбөрийг хугацаанаас нь хоёр сарын өмнө бүрэн төлж барагдууллаа.

АМ.ДОЛЛАР ОЛДОЦГҮЙ БОЛЖЭЭ

Ам.долларын олдоц багассаныг “Найман шарга” захын ченжүүд онцолж байна. Цахим сүлжээнд байршуулсан нэгэн жиргээнээс олж үзвэл, дээрх шалтгаанаас үүдэн зарим валют арилжааны газрууд ханшаа байрлуулаагүй байгаа гэнэ. Харин зарим хувь ченж цахим хуудастаа “Орос иргэд их хэмжээ ам.доллар солиулж байгаагаас “ногоон”-ы олдоц буурсан” гэж байна.Төгрөгтэй харьцах ам.долларын ханш өссөнтэй холбоотойгоор төгрөг, юань, рубль зэрэг валютаа ам.доллароор солиулах хүсэлтэй иргэд олширсон аж. “Фэйсбүүк” сүлжээний гадаад валют авах, зарах болон мөнгөн тэмдэгтүүдийн ханшийн талаар мэдээлэл оруулдаг группт ам.доллар сураглах хүн олон байх. Иргэд өөрийн албан ёсны болон хуурамч хаягаас 1-20 мянган ам.доллар худалдаалах ченж, хувь байгааг сураглаж байна. Ингэхдээ арилжааны банкууд ам.доллар гаргахгүй, зарим нь “үнэнч хэрэглэгч”-иддээ хязгаартай ам.доллар олгож байгаа гэнэ. Сүүлийн үед Монголбанк болон бусад арилжааны банканд ам.долларын нөөц багасаж, өдрийн ам.долларын гүйлгээнд хязгаар тогтоосон гэх шуум бий. 2022 оны гарснаас хойш олон улсын зах зээлд газрын тосны үнэ 50 гаруй хувиар өссөн. Монгол Улс жилд нэг тэрбум орчим ам.доллароор 1-1.2 сая тонн шатахуун импортолж, хэрэглээгээ хангадаг. Тэгвэл газрын тосны үнийн өсөлттэй холбоотойгоор зөвхөн шатахууны импортод зарцуулах мөнгө 300-400 сая ам.доллароор нэмэгдэх болсон нь Монгол Улсын нөөц ам.долларт нөлөөлж болзошгүй.

1 ... 153 154 155 156 157 158 159 160 161 ... 314