ДУГУЙ ЦАГААНЫ ТОХИЖИЛТЫН АЖЛЫГ ГҮЙЦЭТГЭЖ БУЙ “ЦАГААНТОЛГОЙ НУУР” ХХК-ИЙГ ТЕНДЕРГҮЙ ШАЛГАРУУЛЖЭЭ

2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Нийслэлийн засаг дарга Д.Сумъяабазар түүний Ахлах зөвлөх Д.Мөнх-эрдэнэ нар хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр : Дугуй цагааны тохижилтын ажлыг шалгахаар очсон ч ажил урагшгүй яваад бухимдсан мэдээлэл олон нийтэд мэдээлэгдэж , энэ мэт хошин хэлбэрээр ч түгэв. 

[media=https://www.facebook.com/GeckProducer/videos/785894962668560 end]


Дугуй цагааны тохижилтын ажлыг Нийслэлийн Хот тохижилтын газар гүйцэтгэж байгаа гэх тайлбарыг өгч байсан боловч уг ажлыг гүйцэтгэж байгаа “Цагаантолгой нуур” ХХК-ийг тендергүй шууд гэрээ байгуулан гүйцэтгүүлж байгаа ба “хамаарал бүхий” этгээд гэх сурвалжийн мэдээлэл ч байна.

Тус ажил нь өнгөрөгч 06 дугаар сарын 17-ны өдөр эхэлсэн боловч эхэлсэн өдрөөс хойш 4 сарын хугацаа өнгөрсөн нь зураг төслийг удаа дараа өөрчилсөн, авто зам барихаар төлөвлөсөн боловч батлагдсан зураг төсөлгүй, ажил удааширсан нь гүйцэтгэгчийн ажил гүйцэтгэх чадвар, хөрөнгө мөнгөний асуудалтай, компанийн дотоод зохион байгуулалттай холбоотой асуудал аж. Гэвч ийм байхад нийслэлийн засаг дарга нь иргэдэд буруу ташаа мэдээлэл өгч , буруугаа хувийн хэвшил рүү чихэж байгаа аж. 

Гэвч үнэндээ энэхүү тохижилтын ажил нь Нийслэлийн 2022 оны төсөвт “Ар зайсангийн гудамжнаас Дугуй цагаан хүртэлх уулын алхалтын замын тохижилтын ажил хэмээгдэн 6.3 тэрбум төгрөгийн төсөвтэй тусгагдсан ч Нийслэлийн 2022 оны төсвийн тодотголоор хөрөнгө оруулалтын төсвийг бүр мөсөн хасаж батлагдсан байдаг. Харин хөрөнгө оруулалтын эх үүсвэр тодорхойгүй , Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар, Нийслэлийн Хот тохижилтын газар нь тендергүйгээр “Цагаантолгой нуур” ХХК-д уг ажлын гүйцэтгэгчээр сонгон шалгаруулсан нь хууль хяналтын байгууллагын ч анхаарал татахуйц асуудал юм.

Дугуй цагааны тохижилтын ажлыг зохион байгуулахдаа Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7.3 зүйлд заасны дагуу байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ, нарийвчилсан үнэлгээ байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаар батлуулаагүй ба мөн л хуулийг зөрчжээ.

 

 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.