НЭГҮҮН МЭДЭЭ
НИТХ-Д ТЭГШ, СОНДГОЙГООР ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ЯВУУЛАХААР САНАЛ ОРУУЛНА

Тэг зогсолт хийх эрсдэлтэй болсон учир хичээлийн шинэ жил эхэлж буйтай холбогдуулан нийслэлийн тодорхой бүсэд автомашинуудыг улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулж байгаа. Энэ нь дугаарын хязгаарлалт хийгээгүй байх үеийн хөдөлгөөний ачаалалтай харьцуулбал 45-50 хувиар буурсан мэдээ гарсан байна. Тэгвэл энэхүү шийдвэрийг цаашид үргэлжлүүлэх сонирхолтой байгаагаа хотын дарга Д.Сумъяабазар хэлж байгаа бөгөөд энэ асуудлыг энэ сарын 7-нд болох НИТХ-аар оруулахаар бэлтгэсэн талаар эх сурвалж мэдээллээ.

МЯНГАН ЭЭЖ АЖИЛТАЙ, ОРЛОГОТОЙ БОЛЖЭЭ

Энэ жилийн хувьд нийслэлийн хэмжээнд 34 мянган хүүхдийг цэцэрлэгт хамруулах боломжоор хангаж буй. Тэгвэл хүүхдийн тоо нэмэгдэхийн хэрээр цэцэрлэгийн багшийн тоог нэмэгдүүлэх шаардлага тулгарч байгаа. Тиймээс энэ жил хүүхдээ асран гэртээ сууж буй 1000 ээжийг туслах багшийн курст суулгажээ. МУБИС тэргүүтэй сургуулиудын консерциум энэ зун хоёр ээлжээр 1000 туслах багшийг 45 хоногийн сургалтад хамруулж, бэлтгэсэн. Сургалтад хамрагдсан багш нар 18 кредитийн 11 төрлийн хичээл судалсан аж. Уг 45 хоногийн сургалтаар үзсэн хичээлүүд дараа дараагийн сургалтын кредитэд тооцогдож, туслах багшаас багш, багшаас эрхлэгч болж дэвшин суралцах боломжтойг БШУ-ны сайд хэлж байлаа. Ийнхүү мянган ээж ажилтай, орлоготой болсон байна. Энэ бол “Халамжаас хөдөлмөрт” хөтөлбөрийн хүрээнд хийж буй бодитой, үр дүнтэй ажлын нэг ажээ.

ЧУЛУУН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ДУНДАЖ ҮНЭ ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 2.5 ДАХИН ӨСЖЭЭ

Нийт экспорт 2022 оны эхний 7 сарын байдлаар 6,464.7 сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 1,723.1 сая ам.доллар буюу 36.3 хувиар өссөн байна. Үүнээс: Эрдэс бүтээгдэхүүний экспорт 6,076.4 сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийн гүйцэтгэлээс 1,802.1 сая ам.доллар буюу 42.2 хувиар өссөн байна. Чулуун нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр, цайрын баяжмал, хайлуур жонш, молибдены баяжмал, боловсруулаагүй нефть, боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алт, мөнгө, тунгаасан зэс ба хайлш зэрэг уул уурхайн бүтээгдэхүүн нь нийт экспортын 94.0 хувийг эзэлж байна. Чулуун нүүрсний экспорт: 2022 оны эхний 7 сарын байдлаар 3,096.4 сая ам.долларын 11,052.6 мян.тн чулуун нүүрс экспортолсон байна. Өнгөрсөн оны мөн үеэс үнийн дүнгээр 1,995.6 сая ам.доллар буюу 2.8 дахин, биет хэмжээгээр 1,116.3 мян.тн буюу 11.2 хувиар тус тус өссөн байна. 1 тн чулуун нүүрсний экспортын дундаж үнэ 280.1 ам.доллар болж, өнгөрсөн оны мөн үеэс 169.4 ам.доллар буюу 2.5 дахин өссөн байна. Чулуун нүүрсний 89.3 хувийг БНХАУ, 8.1 хувийг Сингапур Улс, 2.6 хувийг бусад улс руу тус тус экспортолсон байна.

ЦЭРЭГ, ИРГЭНИЙ ХАМГААЛАЛТЫН ХИЧЭЭЛИЙГ ЕБС-ИЙН ХӨТӨЛБӨРТ ОРУУЛНА

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр /2022.09.01/ Монгол Улсын ууган сургуулиудын нэг болох Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт нийслэлийн Сүхбаатар дүүргийн ерөнхий боловсролын гуравдугаар сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтийн ажиллагаанд оролцлоо. Нээлтийн үеэр Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар багш, сурагчид, эцэг эхчүүдэд хандаж Ардын засагтай эн чацуу улсын анхны сургуулиудын нэг болох гуравдугаар сургуулийн нээлтэд оролцож байгаадаа баяртай байна хэмээгээд УИХ Боловсролын багц хуулиудыг хэлэлцэж байгаатай холбогдуулан УИХ-ын даргын хувьд гурван санаачилга дэвшүүлж, та бүхнээр хэлэлцүүлэн саналыг нь авахаар өнөөдрийн нээлтэд оролцож байгаагаа онцлон тэмдэглэв. Тэрбээр, Нэгдүгээрт цэрэг, иргэний хамгаалалтын хичээлийг ерөнхий боловсролын сургуулийн хөтөлбөрт оруулахаар хэлэлцэж байна. Үүнд багш, эцэг, эхчүүд, сурагч та бүхэн саналаа өгвөл сайн байна. Хоёрдугаарт, бид Нэгдсэн Үндэстний байгууллагатай хамтран өнөөдрөөс эхлэн “Өсвөрийн парламент” уралдааныг зарлаж байна. Та бүхэн мөн энэ уралдаанд идэвхтэй оролцохыг хүсье. УИХ-аас ерөнхий боловсролын гуравдугаар сургуулийг түшиглэн энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх болно. Энэ төслийн гол зорилго нь хүүхэд багачуудад хүний эрхийн мэдлэг, ардчиллын болон Үндсэн хуулийн боловсрол олгоход чиглэгдэнэ. Залуус багачуудад багаар ажиллах, манлайлах ур чадвар суулгаж, иргэний нийгэм, иргэний боловсролыг төлөвшүүлэхэд төслийн гол зорилго оршиж байгаа. Гуравдугаарт, Технологийн дөрөвдүгээр хувьсгалын эрин үед УИХ-аас “D-PARLIAMENT” төслийг хэрэгжүүлж байна. Та бүхэн гар утаснаасаа УИХ-ын бүх үйл ажиллаатай танилцах боломжтой. Хэлэлцэж буй хууль тогтоомжийн талаар саналаа чөлөөтэй илэрхийлж болно. Төрийн үйл ажиллагаанд шууд оролцож болно гэсэн үг юм. Боловсролын багц хуулиуд хэлэлцэж байгаа энэ үед хууль тогтоох үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байхыг уриалж байна гэлээ. Нээлтийн үйл ажиллагааны дараа Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн хичээлийн байртай танилцаж, төгсөх 12 дугаар ангийн сурагчидтай уулзлаа. Энэ үеэрээ Улсын Их Хурлаар хэлэлцэж байгаа боловсролын багц хуулиуд болон цаашид ерөнхий боловсролын хичээлийн хөтөлбөрт тусгахаар хэлэлцэж байгаа зарим хичээлүүдийн талаар товч мэдээлэл өглөө. Улсын ууган нийслэлийн ерөнхий боловсролын гуравдугаар сургуульд энэ хичээлийн жилд 2900 гаруй хүүхэд суралцаж байгаа аж. Энэ жил шинээр нэгдүгээр ангийн таван бүлэгт 240 хүүхэд элсэн орсон байна хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

НИЙТ НУТГИЙН 60 ГАРУЙ ХУВЬД БЭЛЧЭЭРИЙН ДААЦ ХЭТЭРЧЭЭ

Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнд 2022-2023 оны өвөл, хаврын бэлчээрийн даацыг баг бүрийн бэлчээрийн ургац, малын тоо, бэлчээрийн талбайн хэмжээ, бэлчээр ашиглах хугацаа зэрэг мэдээлэлд үндэслэн багийн нутгаар тооцоолжээ. Зуншлагын байдлыг арав хоног тутамд үнэлсэн зургаас үзвэл зургаадугаар сарын 20-ноос наймдугаар сарын 20-ны хугацаанд нийт нутгийн 50 орчим хувьд сайн, 40 гаруй хувьд дунд зэрэг, 10 орчим хувьд муу гэж үнэлэгдсэн байна. Бэлчээрийн даацыг тооцоолсон дүнгээс үзвэл нийт нутгийн: 23.9 – 50 хүртэлх хувь (бэлчээрийн нөөцтэй) 15.6 – 51-100 хувь (бэлчээр хүрэлцээтэй) 34.4 – 101-300 хувь (даац 1-3 дахин хэтэрсэн) 7.7 – 301-500 хувь (даац 3-5 дахин хэтэрсэн) 18.4 – 500 хувиас их (даац олон дахин хэтэрсэн) байна. Өвөл-хаврын бэлчээрийн даац нутгийн 40 орчим хувьд хүрэлцээтэй байхаар, харин 60 гаруй хувьд хэтэрч гарсан талаар Цаг уур, орчны шинжилгээний газар, ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэн, хөдөө аж ахуйн цаг уурын судалгааны хэлтсээс мэдээллээ. Аймгийн дүнгээр авч үзвэл Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь, Өвөрхангай аймгуудын ихэнх сум, багийн нутгаар даац хэтэрч гарсан байна. Энэ жил баруун болон өмнө зүгийн нутгаар зуны турш гандуу болон гантай, баруун ба төвийн нутгаар сэрүүн, ялангуяа долдугаар сард олон жилийн дунджаас 1.1-3.7 градусаар сэрүүн байсан нь бэлчээрийн ургамлын ургалтад таагүй нөлөөлж, нэгжийн ургац арви муутай гарч, улмаар бэлчээрийн даац ихээхэн хэтэрч гарах үндсэн нөхцөл болсон. Мөн хур тунадас хангалттай орж, зуншлага сайн байсан зарим нутагт даац хэтэрч гарсан нь малын тоо ахиу байгаатай холбоотой аж. Бэлчээрийн даац олон дахин хэтэрсэн сумдад Баян-Өлгийн Бугат, Алтанцөгц, Баяннуур, Сагсай, Увсын Сагил, Улаангом, Тариалан, Ховдын Эрдэнэбүрэн, Мянгад, Буянт, Ховд, Говь-Алтайн Хөхморьт, Жаргалан, Шарга, Баянхонгорын Гурванбулаг, Галуут, Бөмбөгөр, Баян-Овоо, Баянговь, Баянлиг, Өвөрхангайн Өлзийт, Баянгол, Төгрөг, Төвийн Баянхангай, Өмнөговийн Гурвантэс, Сэрвэй, Мандал-Овоо сумд хамрагдаж байна. Харин Баян-Өлгийн Алтай, Дэлүүн, Ногооннуур, Булган, Увсын Бөхмөрөн, Ховд, Өмнөговь, Өлгий, Завхан, Хяргас, Ховдын Дөргөн, Мөст, Булган, Зэрэг, Завханы Баянтэс, Сонгино, Эрдэнэхайрхан, Алдархаан, Говь-Алтайн Тайшир, Баянхонгорын Хүрээмарал, Бууцагаан, Богд, Хөвсгөлийн Төмөрбулаг, Өвөрхангайн Уянга, Нарийнтээл, Богд, Сант, Булганы Баяннуур, Төвийн Дэлгэрхаан, Баяндэлгэр, Сүхбаатарын Түвшинширээ, Дундговийн Сайхан-Овоо, Өмнөговийн Ноён, Булган, Цогтцэций, Хүрмэн, Баяндалай, Ханбогд Дорноговийн Мандах, Сайхандулаан, Даланжаргалан сумдын нутгаар 3-5 дахин хэтэрч (улбар шар) гарлаа. Мөн нутгийн 34 хувьд даац 1-3 дахин хэтэрч (шар) гарсан. Ирэх өвөл, хаврын бэлчээрийн даац хэтэрч гарсан аймаг, сумдын нутагт өвс хадлан, нэмэгдэл тэжээл олж нөөцлөх, отор нүүдэл хийх, малаа борлуулах, тоог бууруулах зэрэг арга хэмжээ авч хэрэгжүүлж, өвөлжилт хаваржилтад эртнээс бэлтгэх шаардлагатай байгаа юм.

ШӨХТГ: 500 АЖ АХУЙ ЭРХЛЭГЧ, 50 МЯНГАН ИРГЭНИЙ ЗЭЭЛИЙН МУУ ТҮҮХ АРИЛЛАА

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь хуулиар олгогдсон чиг үүрэг болон хэрэглэгч, аж ахуй эрхлэгчийн зүгээс гаргасан санал хүсэлт, гомдлыг хуулийн хүрээнд түргэн шуурхай шийдвэрлэн ажиллаж байна. Хэрэглэгчдээс “Монголбанкны Зээлийн мэдээллийн сан буюу хар жагсаалтад хэрэглэгчдийн мэдээллийг бүртгэж, үндэслэлгүйгээр санхүүгийн үйлчилгээ авах эрхийг хязгаарладаг” гэх асуудлыг хөндөж ШӨХТГ-т гомдол ирүүлсний дагуу Монголбанкинд хандсан. Ингэснээр эдийн засгийн хүндрэлтэй нөхцөлд авсан зээл нь хэвийнээс бусад ангилалд орсон 50 мянга гаруй хэрэглэгчийн мэдээллийг Монголбанкны Зээлийн мэдээллийн санд харагдуулахгүй байх тохируулга хийгдсэн ба эдгээр хэрэглэгчдийн санхүүгийн үйлчилгээ авах бололцоог бүрдүүллээ. Мөн уг хар жагсаалтад үүрэн холбооны үйлчилгээ, үүрэн холбооны оператор компаниудын гурвалсан үйлчилгээний төлбөрийн мэдээлэл нийлүүлэхийг зогсоох арга хэмжээ авч байгаа талаар Монголбанкны зүгээс мэдээлээд байна. Хэрэглэгч та бүхэн гомдол саналаа • Хэрэглэгчийн мэдээллийн төвийн утас: 115 • ЗГ-ын Иргэд олон нийттэй харилцах төвийн утас: 11-11 • Цахим хаяг: afccp.gov.mn • Цахим шуудан: bichigkhereg@afccp.gov.mn • facebook.com/afccpmongolia • twitter.com/afccpmn • “e-barimt.mn” хавсралт болон цахим хаягаар • бүлгэм гэсэн сувгаар ирүүлж, бидэнтэй хамтран ажиллана уу.

И-МОНГОЛИА СИСТЕМД ТӨРИЙН 63 БАЙГУУЛЛАГЫН 685 ҮЙЛЧИЛГЭЭГ НЭВТРҮҮЛЛЭЭ

“ Шинэ сэргэлтийн бодлого”-ын Төрийн бүтээмжийн сэргэлтийн хүрээнд хэрэгжүүлж байгаа “Цахим үндэстэн” арга хэмжээний талаар Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Төрийн үйлчилгээний нэгдсэн И-Монголиа системд төрийн 63 байгууллагын 685, хөдөө орон нутагт 1,284 үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлж, тус системээр 14,4 сая үйлчилгээг иргэн, аж ахуйн нэгжүүд авч төлбөртэй үйлчилгээнээс 10,4 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлээд байна. Цахим гарын үсгийн тухай хууль батлагдаж, 2022 оны тавдугаар сарын 1-нээс хэрэгжиж Улсын бүртгэлийн байгууллагаас 266,451 иргэнд тоон гарын үсгийн гэрчилгээг иргэний үнэмлэхний чипэнд суулган олгосон бөгөөд энэ ажлыг эрчимжүүлэхийг Ерөнхий сайд үүрэг болголоо. Төрийн үйл ажиллагааг цахим хэлбэрээр явуулах, олон нийтийн хяналтыг бий болгож, нээлттэй, ил тод шуурхай байлгах зорилгоор төр, иргэнийг холбосон мэдээлэл дамжуулах цахим суваг болон үндэсний цахим шуудангийн системийг нэвтрүүлж иргэдэд шаардлагатай мэдээлэл, мэдэгдлийг хүргүүлэх, өргөдөл гомдол хүлээн авч, хариу хүргүүлэх боломжтой болоод байна.

НИЙСЛЭЛИЙН ХЭМЖЭЭНД 245 АВТОБУСААР СУРАГЧДАД ҮЙЛЧИЛНЭ

Монгол улсын Засгийн газар болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын аюулгүй, найдвартай зорчих “Сургуулийн автобус” төслийг хэрэгжүүлнэ” хэмээн тусгасан. Сургуулийн бүсэд хүүхдэд ээлтэй, аюулгүй орчныг бүрдүүлж, суралцагч гэр сургуулийн хооронд үнэ төлбөргүй зорчих “Сургуулийн автобус” төслийг нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлж байна. Ерөнхий боловсролын сургуульд суралцаж байгаа хүүхдүүдийг нэгдсэн зохион байгуулалтаар техникийн шаардлага хангасан автобусаар тав тухтай, аюулгүй тээвэрлэх төслийг 2022-2023 оны хичээлийн жилд дөрөв дэх жилдээ хэрэгжүүлэхээр бэлтгэл ханган ажиллаж байна. “Сургуулийн автобус” төслийн хүрээнд 75 хүүхдийн автобусыг оруулж ирэхээр НЗДТГ, “Моннис” ХХК-тай гэрээ байгуулсан ба 25 автобус ирсэн, 50 автобус нийлүүлээгүй хүлээгдэж байна. Иймд үлдсэн 50 автобус нийлүүлэх хүртэлх хугацаанд 24 автобусыг 24 чиглэлд есдүгээр сарын 5-ны өдрөөс явуулж эхлүүлэхээр бэлтгэл ажлыг хангажээ. Нэг автобусыг Багахангай дүүрэгт хуваарилсан бөгөөд алслагдсан хорооноос дүүргийн төвийн сургууль руу зорчдог сурагчдыг зөөх юм. Төвийн дүүргүүдийн тухайд түгжрэлд нөлөө бүхий сургуулийн сурагчдыг автобусаар зөөдөг. Ингэхдээ ойролцоо байршилтай сургуулийн сурагчдад хамтад нь үйлчилдэг онцлогтой. Жишээлбэл, 84, 21, 111 дүгээр сургууль, 23, 24 дүгээр сургууль, 5, 50 дугаар сургууль, 1, 45 дугаар сургуулийн сурагчдыг хамтад нь хүргэдэг ажээ. Автобусны маршрутыг Нийслэлийн Нийтийн тээврийн газраас баталдаг бөгөөд нийтдээ 56 сургуулийг багтаасан 61 чиглэлийг гаргаад буй юм. Нийслэлийн хэмжээнд цөөнгүй сургууль өөрийн өмчлөлийн болон түрээсийн автобусаар сурагчдадаа гэр сургуулийн хооронд тээврийн үйлчилгээ үзүүлдэг. Нийтдээ 102 сургуульд 220 “Хүүхдийн автобус” үйлчилдэг. Эдгээр сургуульд нийт 80 гаруй мянган сурагч суралцдаг бөгөөд тэдний 10 гаруй хувь нь хүүхдийн автобусаар үйлчлүүлдэг гэсэн тооцоо гарчээ. “Хүүхдийн автобус”-тай сургуулийн олонх нь төрийн бус өмчийн сургууль байгаа юм. Тодруулбал: Төрийн өмчийн 37 сургууль 41 автобус, төрийн бус өмчийн 65 сургууль 179 автобусаар сургуулийнхаа сурагчдад үйлчилнэ.

ЦОНХООР УНАХ ГЭЖ БАЙСАН БАГА НАСНЫ ХҮҮХДИЙГ ЦОНХ УГААЖ БАЙСАН ЭРЭГТЭЙ АВАРЧЭЭ

Нийслэлийн Баянзүрэх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт орон сууцны гурван давхраас унах гэж байсан хүүхдийг цонх угааж байсан эрэгтэй аварчээ. Тус хорооны Тайм Тауэр хотхон дахь 16 давхар орон сууцны гурван давхрын айлын цонхны гадна талын хүрээн дээр бага насны хүүхэд зогсож байна гэсэн дуудлагыг оршин суугчид Онцгой байдлын газарт дуудлага өгсөн байна. Тэгвэл аврагчид ирэхээс өмнө тухайн үед байрны цонх угааж байсан эрэгтэй цонхоор унах гэж байсан хүүхдийг харж амь насыг нь аварчээ.

АРХИНД ДОНТОХ ЭМГЭГИЙН ӨДРИЙН ЭМЧИЛГЭЭГ ЭМД-ААР ҮНЭГҮЙ ҮЗҮҮЛЖ БАЙНА

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв архинд донтох эмгэгийн өдрийн эмчилгээг эрүүл мэндийн даатгалаар үнэ төлбөргүй явуулж байна. Тус төв нь энэхүү өдрийн эмчилгээг 2015 оноос эхлүүлсэн аж. Харин 2022 оноос энэ төрлийн тусламж, үйлчилгээг эрүүл мэндийн даатгалаар үнэгүй үзүүлэх болжээ. Эмчилгээг мэргэжлийн эмч, сэтгэл зүйч, нийгмийн ажилтан, сувилагч нар хоёр долоо хоногийн турш ажлын өдрүүдэд 09-14:00 цагийн хороонд хийж байна. Харин амралтын өдрүүдэд 10-13 цагийн хороонд бүлгийн ярилцлага байдлаар үзүүлж байгаа юм. Эх сурвалж: СЭМҮТ

1 ... 146 147 148 149 150 151 152 153 154 ... 297