ҮЙЛДВЭРҮҮД ЦЕМЕНТИЙН ҮНЭЭ ДӨРВӨН УДАА ӨСГӨЖ, НЭГ УДАА БУУЛГАЖЭЭ

Барилга, хот байгуулалтын сайдын шуурхай хуралдаан өчигдөр болжээ. Хуралдаанд БХБЯ-ны Барилгын материалын үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Д.Батзориг цемент болон арматурын ханган нийлүүлэлтийн өнөөгийн нөхцөл байдал, 2023 оны эрэлт, нийлүүлэлтийн талаарх урьдчилсан мэдээллийг танилцуулсан байна.

Тухайлбал цементийн хувьд энэ онд үйлдвэрүүд суурилагдсан хүчин чадлаараа 4.4 сая тонн цемент үйлдвэрлэх төлөвлөгөөтэй байсан ч нэг үйлдвэр зогсож, улмаар 1.7 сая тонн цемент үйлдвэрлэжээ.

Үйлдвэрүүд цементийн үнээ дөрвөн удаа өсгөж, нэг удаа буулгасан, төмөр замын тээвэрлэлт хүндэрсэн зэрэг хомсдол үүсэхэд нөлөөлсөн хүчин зүйлүүдийн талаарх мэдээллийг өгч, ирэх 2023 онд дээрх эрсдэлүүдийг тооцоолон, цемент болон арматурын хэрэглээг нарийвчлан судалж, урьдчилсан төлөвлөгөөг гарган, эрчим хүчний тасалдал, төмөр замын тээврийн хүрэлцээгүй байдлыг шийдвэрлэх хүрээнд холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа талаар мэдээлэв.

Мөн Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төслийн нэгжийн захирал Т.Болорчулуун барилгын ажлын явц 65 хувьтай буюу агаарын шугамыг татах ажил явагдаж байгаа, мөн өвлийн бэлтгэл ажилдаа орсон талаар мэдээллээ.


Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.