НЭГҮҮН МЭДЭЭ
ХАМТЫН АЖИЛЛАГАА, ХӨГЖЛИЙН ХУРДАСГУУР ӨДӨРЛӨГ

Өмнөговь аймаг, Оюу толгой компанийн хамтын ажиллагааны хүрээнд зохион байгуулагдаж буй Нээлттэй хаалганы өдөрлөг нь “Оюу толгой” компани тухайн жилд хийж хэрэгжүүлсэн ажлаа аймаг орон нутаг, иргэд олон нийтэд сурталчлан таниулах ач холбогдолтой. Тус өдөрлөгийг нээж аймгийн Засаг даргын орлогч Н.Энхбат үг хэллээ. Өдөрлөгийн үеэр ажлын байрны мэдээллээс гадна оюутан сурагчдад зориулсан лекц, сургалтууд болон ханган нийлүүлэгчээр ажиллахад тавигдах шаардлага, зөвлөгөө мэдээлэл, ажил хайгчдад зориулсан сургалт зэрэг олон талт арга хэмжээ зохион байгуулж байна. Өмнөговь аймгийн 33521 хөдөлмөрийн насны иргэдээс 22,358 иргэн ажил хөдөлмөр эрхэлж байна. Хөдөлмөр эрхлэлтийн түвшин 2022 оны 2-р улирлын байдлаар 66.7 хувьд хүрсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 8.5 хувиар өссөн сайн үзүүлэлттэй байна. Өмнөговь аймгийн хэмжээнд ажиллах хүчний оролцооны түвшин 74.4 хувь, ажил хайгч 4532 иргэн, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын хөдөлмөр эрхлэлтийн бүртгэлийн мэдээллийн санд бүртгүүлэн ажил идэвхтэй хайгч 386 иргэн байна. Чадвартай, ажилтай, хариуцлагатай Өмнөговьчууд байхын тулд Нутгийн захиргааны байгууллага, уул уурхайн компаниуд хамтдаа харилцан үүрэг хариуцлага хүлээж түншлэлийн хүрээнд орон нутгийн иргэдийг чадавхжуулан, тогтвортой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих замаар Өмнөговь аймгийн Нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулах нь чухал юм. Өмнөговь аймгийг 2020-2024 онд хөгжүүлэх үйл ажиллагааны “Нутгийн хишиг” хөтөлбөрт байгалийнхаа баялгаас шударгаар хувь хүртэх, ажилтай, орлоготой чинээлэг давхаргыг нэмэгдүүлэх, технологийн хөгжлийг нутагшуулах, өрхийн үйлдвэрлэгч, зорилтот бүлгийн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих болон орон нутгийн хөгжил, ногоон хөгжил, байгалийн өгөөж, тогтвортой хөдөө аж ахуй зэрэг чухал зорилтуудыг хэрэгжүүлэн ажиллаж байна. Өмнөговь аймгийн ЗДТГ, Оюу толгой компаниас хамтран зохион байгуулж буй энэхүү өдөрлөгт иргэд та бүхэн оролцсоноор ААНБ-уудын хүний нөөцийн бодлого төлөвлөлт болон хөдөлмөр эрхлэлттэй холбоотой мэдээ мэдээллийг авч, зарлагдсан сул чөлөөтэй ажлын байранд бүртгүүлж ажлын байраар хангагдах боломжтой. Өмнөговь аймаг Оюу толгой компанийн хамтын ажиллагааны 2015 онд байгуулагдсан гэрээний 8-р хавсралтын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байрыг бий болгох заалтуудын хүрээнд Өмнөговь аймгийн Засаг даргын захирамжаар батлагдсан хөдөлмөр эрхлэлтийг дэмжих болон ханган нийлүүлэлтийн ажлын хэсгүүд Оюу толгой компанитай хамтран ажиллаж байна.

УНИВЕРСАЛ МЕД ЭМНЭЛЭГ НЬ 1000 ХҮНД ҮЗЛЭГ ХИЙЖ, ЗӨВЛӨГӨӨ ӨГНӨ

Баянгол дүүргийн 11-р хороо Гандантэгчилэнгийн хойно олон улсын стандартад нийцсэн 15 давхар Универсал Мед эмнэлэг нь 25000 мкв талбайтай, дотоод болон олон улсад суралцаж мэргэшсэн тэргүүлэх эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдээс бүрдсэн хамт олонтой, хамгийн тав тухтай, саруулхан орчинтой, өдөрт 5000 хүнд үзлэг оншилогоо хийж, 350-400 хүнийг хэвтүүлэн эмчлэх хүчин чадалтай, хамгийн орчин үеийн өндөр хүчин чадал бүхий тоног төхөөрөмжөөр тоноглосон эмнэлэг юм. Улс тунхагласны 98 жилийн ойн өдрийг тохиолдуулан Универсал Мед эмнэлэг нь 11 сарын 21-ээс 11 сарын 26-ийг хүртэл 08:00-12:00 цаг хүртэл өдөрт эхний 150 хүн, нийт 1000 хүнд үзлэг хийж, зөвлөгөө өгөхөөр болсон байна. Тус үзлэгт: Хүүхэд Дотор Мэдрэл Уушги Эмэгтэйчүүд Чих, хамар, хоолой Уламжлалт болон Халдварт ханиад томуу ихэссэнтэй холбогдон 8 чиглэлээр 100 сая гаруй төгрөгийн үзлэгийг үнэ төлбөргүйгээр хийхээр боллоо. Хаяг: Баянгол дүүрэг, 11-р хороо, Л.Энэбишийн өргөн чөлөө, Монголын Үндэсний их сургуулийн баруун жигүүрт Холбогдох утас: 7773-9999

ИРЭХ ОНООС ХОСУУД ДНХ ШИНЖИЛГЭЭ ӨГЧ БАЙЖ ГЭРЛЭЛТЭЭ БАТЛУУЛДАГ БОЛНО

Гэрлэгч хосууд ДНХ-ийн шинжилгээ хийлгэж байж гэрлэлтээ батлуулах хуулийн зохицуулалтыг Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгаар зохицуулахаар болжээ. Энэ тухай Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар "Ирэх онд батлагдах Гэр бүлийн тухай хуулиар цус ойртолтын асуудлыг шийдэхийн тулд гэрлэгч хосууд өөрийн аймаг, харьяа дүүргийнхээ эрүүл мэндийн байгууллага дээр очиж, ДНХ-ийн шинжилгээ өгч, ах дүү мөн эсэхээ шинжилгээ өгч байж гэрлэлтийн баталгаа өгдөг болно" гэсэн юм.

“FLORAISON” ЗАГВАРЫН ШОУ ЭНЭ САРЫН 26-НД БОЛНО

Монголын хувцас загварын урлагийг дотоод болон гадаадад сурталчлан таниулах, дизайнер, загвар өмсөгч, үндэсний үйлдвэрлэгчдийн үнэлэмжийг өсгөх, тэдгээрийн брэнд бүтээгдэхүүнийг олон улсад гарган эдийн засгийн эргэлтэнд оруулах зорилгоор энэхүү арга хэмжээг зохион байгуулдаг билээ. Энэ жилийн “FLORAISON” HIGH FASHION SHOW 2023 арга хэмжээ нь 2022.11.26 буюу Улс тунхагласны баяр, бүх нийтийн амралтын өдөр тохиож байгаа бөгөөд Монголын хувцас загварын салбарын шилдэг дизайнерууд үндэсний үйлдвэрлэгчид, бүхий л топ модель, үе үеийн тэргүүн миссүүд оролцож байгаагаараа онцлог юм. Тус арга хэмжээнд төр засаг, бизнес, урлаг соёлын төлөөлөл, элчин сайдууд, олон улсын байгууллагын удирдлагууд зэрэг нэр хүндтэй эрхэмүүд зочноор оролцдог бөгөөд вип тасалбар нь 250$ -оор худалдаалагдах гэнэ. Хувцас загварын гайхалтай бүтээлүүд энэ үдэш тайзнаа амилах бөгөөд улаан хивсний ёслол,олон сонирхолтой энтертайнмент хөтөлбөр таны сэтгэлийг баясгах болно гэдгийг зохион байгуулагчдийн зүгээс онцоллоо. Ташдрамд дурдахад, тус шоунд Монголын үе үеийн том моделиуд оролцох юм байна.

ХӨГЖЛИЙН БАНКНЫ ЧАНАРГҮЙ ЗЭЭЛДЭГЧ ГЭХ “ПИ СИ ВАЙ” ХХК-ИЙН УДИРДЛАГЫГ ИНТЕРПОЛООР ЭРЭН СУРВАЛЖИЛЖ ЭХЭЛЛЭЭ

Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгч нарт холбогдох хэргийг хууль хяналтын байгууллагаас шалгаж байгаа билээ. АТГ-аас 19 зээлдэгч нарт холбогдох 89 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлэхээр ажиллаж байна.Тэгвэл чанаргүй зээлдэгч зарим компанийн удирдлага гаднын улс орон руу оргон зайлсан хэрэг гарчээ. Тодруулбал, Хөгжлийн банкнаас 2018 онд 4 тэрбум төгрөгийн зээл авсан “Пи си вай” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г нь Холбооны бүгд найрамдах Герман улс /ХБНГУ/ руу оргон зайлсан тул түүнийг интерполоор эрэн сурвалжилж эхэлжээ. “Пи си вай” ХХК нь 2018 онд 4 тэрбум төгрөгийн зээлийг “Шинэ яармаг” орон сууцны хотхоны төсөлд зориулан авсан байна. Ингэхдээ 2,190 кг самнасан ноолуур, 7,353 кг бэлэн ноолууран утас, 13,527.20 кг самнасан ноолуур зэргийг барьцаалж байжээ. Гэсэн ч тус компани нь зээлийн эргэн төлөлтөө хийхгүй чанаргүй зээлдэгчийн ангилалд орж, зээлийн нийт үлдэгдэл нь 4.9 тэрбум төгрөгт хүрсэн байсан юм.

ХҮҮХЭД ГЭМТЭЭЖ, ДОЛООН МАШИН МӨРГӨСӨН Ч.МАРАЛМААД ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ ПРОКУРОРТ ШИЛЖҮҮЛЖЭЭ

Урсгал сөрж долоон машин мөргөж, 12 настай хүүхэд гэмтээсэн осол гаргасан Ч.Маралмаад холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусаж, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна.Харин хохирогч охины шүүх шинжилгээний хариу ямар гарсныг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн болон ЦЕГ-аас тодруулахад, энэ тухай прокурорын зөвшөөрөлгүй мэдээлэл өгөх боломжгүй хэмээн мэдэгдлээ.

НАЛАЙХ ДҮҮРЭГТ БИТҮҮ ГАРАЖИД ХИЧЭЭЛЛЭЖ БАЙСАН СУРАГЧИД БӨӨНӨӨРӨӨ УХААН АЛДАН УНАЖ ЭМНЭЛЭГТ ХҮРГЭГДЖЭЭ

Налайх дүүргийн нэгдсэн эмнэлэгт 19 цагийн үед нэг ангийн таван сурагч ухаан алдаж уна сан байдалтай эмнэлэгт хүргэгдэн иржээ. Тодруулбал:Налайх дүүргийн “Голомт” цогцолбор сургуулийн нэг ангийн таван сурагчид аж.Одоогоор /2022.11.18/ үүрээр ЭХЭМҮТ-д ирэн хэвтэн эмчлүүлж байна. Дөрвөн хүүхдээс нэг нь сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байгаа байна. Аравдугаар сараас эхлэн 2-3 удаагийн давтамжтай хүүхдүүд ухаан алдаж унаж, хордлого тайлах тариа хийлгэжээ. Эцэг, эхийн төлөөлөл Zarig.mn сайтад өгсөн ярилцлагын үеэрээ тус сургуулийн ахлах ангийн сурагчид агаар сэлгэлт байхгүй, гаражид хичээллэдэг талаар мэдээлэв. Тус сургуулийн хувьд сүүлийн гурван жил ахлан ангийнхан нь анги танхимгүйн улмаас өөр сургуульд хичээллэн, энэ хичээлийн жилээс эхлэн гаражийг анги танхимын хэлбэрээр засаж тохижуулан хичээллэх болжээ. Хичээл дээрээ хүүхдүүдийн толгой нь өвддөг, гэртээ ирээд зүгээр байдаг гэв. Мөн гараж дээгүүр ариун цэврийн өрөөнүүд байрладаг талаар ч дурьдлаа. Эцэг, эхчүүдийн зүгээс сургуулийн захиралд хүсэлт тавихад захирал нь “Боловсролын яамнаас орчин нөхцөлөөр хангаагүй байхад бид яах билээ” гэсэн хариултыг өгчээ. Тус хэрэгт Налайх дүүргийн цагдаагийн хэлтсээс мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

НАЙЗ НЬ УУХГҮЙ ЭЭ, НАМАЙГ АЛГАСААРАЙ

Амьдрах зардал нэмэгдсэн, юмны үнэ өссөн тэгтэл цалин хүрэлцэхгүй. Дээр нь түгжрэл, утаа гээд стрессдэх, бухимдах шалтгаан энэ хотод их ээ. Энэ бүгдийг шалтгаан болгож, урагшлахгүй, хөгжихгүй мэт санагдсан, болж, бүтээгүй болгонд бор дарсаар сэтгэлээ тайтгаруулах гээд байх хандлага өнөөдрийн нийгмийн анхаарах асуудал болжээ. “Архи уухаа боль” гэдэг үгийг 1-2 удаа сонсож байсан бол нэгдүгээр шатандаа, гадуур уугаад гэртээ хариагүй, хариагүйг нь гэрийнхэн нь мэдсэн ч тоогоогүй бол хоёрдугаар үе, найзын, ажлын газрын хүний, танилын төрсөн өдөр, шинэ жил, цагаан сар, Мартын-8, Цэргийн баяр, баяр-баяр-баяр…Энэ бүх баярыг алгасалгүй тэмдэглэж, баасан гараг бүрд “Өнөөдөр л уучихаад яг больё” хэмээн бодож эхэлбэл гуравдугаар үедээ орж, үүнээс цааш хүнд шатанд хүрдгийг наркологийн эмч нар анхааруулжээ. Найзуудтайгаа уулзахаар бүтэлгүйдсэн, буруудсан үйлдэл, санаснаар болоогүй учрал гээд бүхий л асуудал мартагдаад, хөгжилдөхөөс бусдыг умартан инээлдэж суух хэнд ч сайхан санагддаг. "Аагий, Мөөгий, Ээгий бид гурав уулзчихсан байна аа, чи хүрээд ир ээ" гэх дуудлага, "Анд аа, өнөөдөр баасан, орой яах юм" гэх зурвас, "Хэдүүлээ тараад хоёр, гуравхан хундага татчихаад харих уу" гэх ажлын газрын нэгний санаандгүй санал ч хэвийн амьдралын хэмнэлээс залхаж, залхуурсан үед "Нээрэн тэгдэг ч юм бил үү" гэж бодогдуулдаг л юм. Гэвч маргааш ажилтай бас хичээлтэй бол "Найз нь уухгүй ээ, харьж эрт амарлаа" гэж, гэрт нь эхнэр хүүхэд нь хүлээж байгаа бол "Гэр бүлдээ цаг зарцуулмаар байна аа, ойлгоорой" гэж, автомашинтай яваа бол "Жолоо барина аа, би уухгүй" гэж, хоббидоо цаг зарцуулмаар байвал "Би заал авна аа, намайг алгасчих" гэж хэлэх сонголт ч бас танд бий. Харин цаад талд нэг залгахад тань татгалзсан бол "За чи юун сүртэй юм бэ, гараад л ирээч дээ" гэх шахалт, автомашинтай яваа гэхэд нь "Дуудлагын жолооч дуудчих аа, эсвэл орхиод л явчихаач" гэх ятгалт, эрт харьж амарлаа гэхэд нь "Залуу хүн байж" гэх шоглоом, эхнэр, хүүхэд хүлээж байгаа гэхэд нь "За яав л гэж дээ, ямар байнга ингэдэг биш" гэх бусдын амьдралыг үл хүндэтгэсэн үгсээ ч бас та алгасаарай. Мөн ирсэнгүй, уулзсангүй, тоосонгүй, их өөр болжээ гэх гомдол тээсэн хөлчүү үгсийн хариуд "Амжихгүй л бол амжихгүй, харилаа л бол харилаа. Намайг алгас" гэж хэлж сураарай. Уухгүй уулзаж, архигүй баярлаж, согтолгүй хөгжилдөж, эрүүлээр ярилцацгаая залуус аа. Хундагатай ширээний ард суух бол найз нь уухгүй ээ, намайг алгасаарай

ХУУЛЬ БУС НҮҮРС ТЭЭВЭРЛЭЛТТЭЙ АСУУДЛААР АТГ-ААС 33 ОБЪЕКТОД НЭГЖЛЭГ ХИЙЖЭЭ

Сүүлийн үед нүүрсний хулгайн асуудал хөндөгдөх болсонтой холбоотойгоор улсын хилээр хууль бусаар буюу бүртгэлгүйгээр нүүрс гаргаж байгаа хэргийг АТГ, ЦЕГ-ын хамтарсан ажлын хэсэг шалгаж эхэлсэн байна.Өчигдөр АТГ-аас 33 объектод нэгжлэг хийж, 4 хүнийг 48 цагийн хугацаатай барвчлаад байна. Мөн тус газраас сүүлийн өдрүүдэд"Тавантолгой төмөр зам" компанид ажиллагаа явуулж байна.

“ТАВАНТОЛГОЙ ТӨМӨР ЗАМ” ХК-ИЙН ЗАХИРАЛ Н.УДААНЖАРГАЛЫГ "БОГДХАН ТӨМӨР ЗАМ"-ЫН АСУУДЛААР ШАЛГАЖ ЭХЭЛЛЭЭ

АТГ-аас “Тавантолгой төмөр зам” ХК-ийн гүйцэтгэх захирал Н.Удаанжаргалыг "Богдхан төмөр зам"-ын асуудлаар, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэн шалгаж байна. Мөн Авилгатай тэмцэх газраас энэ хүрээнд Н.Удаанжаргалыг шалгахаас гадна гурван хүнийг дайчлан баривчилж, 30 гаруй обьектод нэгжлэг хийсэн талаар эх сурвалж мэдээллээ.

1 ... 144 145 146 147 148 149 150 151 152 ... 328