Т.БАДАМЖУНАЙД ЯЛЛАХ ДҮГНЭЛТ ҮЙЛДҮҮЛЭХЭЭР ШИЛЖҮҮЛЖЭЭ

Филиппин улсаас “Шувуу” ажиллагааны хүрээнд шилжүүлэн авсан Т.Бадамжунайд холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагааг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн явуулж дуусжээ.

Түүнд яллах дүгнэлт үйлдлүүлэхээр баяр наадмын өмнөхөн НПГ-т хавтаст хэргийг нь хүргүүлснийг хэд хэдэн эх сурвалж батлав. Т.Бадамжунайд Эрүүгийн хуулийн 22.1-1 хэсгийн эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан, 22.5-1-ийн хахууль өгсөн, 18.6-1-т заасан мөнгө угаасан гэх үндэслэлээр яллагдагчаар татаад буй билээ. Энэ оны дөрөвдүгээр сард түүнийг Филиппинийн хуулийн байгууллагынхантай хамтран ажилласны дүнд эх оронд нь шилжүүлэн авчирч, ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан.

Энэ сарын 5-нд цагдан хорих хугацаа нь дууссантай холбоотойгоор Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс дахин 30 хоног цагдан хорих шийдвэр гаргасан.

Уг хэргээс гадна олны анхаарлын төвд буй “Нүүрсний” гэх хэргийн яллагдагч Б.Ганхуягийн цагдан хорих хугацааг шүүх сунгасан юм. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Б.Ганхуягт хахууль авсан, үндэслэлгүй хөрөнгөжсөн, мөнгө угаасан хэмээн НПГ-аас яллагдагчаар татаад буй бөгөөд долдугаар сарын 6-нд цагдан хорих хугацааг нь сунгуулах тухай НПГ-ын хяналтын прокурорын саналыг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцээд нэг сарын хугацаагаар хорих хугацааг нь сунгажээ.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.