АНХААР: ТУУЛ, СЭЛБЭ, УЛИАСТАЙ, ДУНД ГОЛООС ГЭДЭСНИЙ САВХАНЦАР ИЛЭРЧЭЭ

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар Нийслэл хотод үер усны аюулын улмаас үүссэн хөрсний бохирдлын эсрэг хариу арга хэмжээ төлөвлөх, зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулан ажиллалаа.

Ажлын хэсгийн хүрээнд долдугаар сарын 07-09-ний өдрүүдэд Байгаль орчин, хэмжил зүйн төв лабораторийн гурван хүний бүрэлдэхүүнтэй баг газар дээр нь ажиллаж голын уснаас 18, үерт автсан газруудын халиа, тогтоол уснаас 21, Төв цэвэрлэх байгууламжийн оролт, гаралтын хэсгээс хоёр нийт 41 сорьцыг “Усны хяналтын төв лаборатори”-д хүргүүлэн усны физик, химийн шинжилгээг найм, бичил амь судлалын шинжилгээг зургаан үзүүлэлтээр хийв.

Шинжилгээний дүнгээр эдгээр уст цэгүүдийн ус бохирдлын индексээр үнэлбэл Туул голын ус IV зэрэг буюу “Бохирдолттой” ангилалд багтаж байсан бол Сэлбэ, Улиастай, Дунд голууд нь V зэрэг буюу “Бохир” ангилалд багтаж байна.

Түүнчлэн бичил амь судлалын үзүүлэлтээр шинжилгээнд хамрагдсан голуудын 22.2 хувьд гэдэсний бүлгийн савханцар, 16.6 хувьд халуунд тэсвэртэй гэдэсний бүлгийн савханцар, 38.8 хувьд E coli, 16.6 хувьд эмгэг төрөгч бичил биетэн, 6.25 хувьд Сульфат задлагч агааргүйтэн тус тус илэрсэн.

Тогтоол усны тухайд шинжилгээнд хамрагдсан бараг бүхий л цэгүүдэд нянгийн бохирдол илэрсэн бөгөөд хувиар илэрхийлбэл 66.6 хувьд Гэдэсний бүлгийн савханцар /Coliforms organism/, 42.8 хувьд халуунд тэсвэртэй гэдэсний бүлгийн савханцар /Thermotolerant coliform organisms/, 66.6 хувьд E coli, 47.6 хувьд Гэдэсний бүлгийн эмгэг төрөгч бичил биетэн /Salmonella, Shigella/, 7.7 хувь Сульфат задлагч агааргүйтэн (Сlostridia) илэрсэн байна.

Харин Төв цэвэрлэх байгууламжаас цэвэрлэгдсэн бохир ус Туул голд нийлж байгаа хэсгээс буюу ТЦБ-ын гаралтын усны сорьцыг стандартын хүлцэх дээд агууламжтай харьцуулж үзэхэд жинлэгдэх бодисын агууламжаар стандартад заагдсан зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 1.9 дахин, нийт азотын агууламжаар 1.7 дахин, эрдэс фосфорын агууламжаар 1.4 дахин, химийн хэрэгцээт хүчилтөрөгчийн агууламжаар 9.9 дахин тус тус хэтэрсэн агууламжтай байгаа бол ТЦБ-ын цэвэрлэгээний түвшин тухайн сорьц авсан цаг үед 65-68 хувьтай цэвэрлэж байна.

Шим бохирдлыг тодорхойлогч азотот нэгдлүүд, жинлэгдэх бодисын агууламж зарим цэгүүдэд өссөн нь айлуудын хог хаягдал, бохирын цооног, нүхэн жорлон болон хөрсний бохирдол үерийн усаар угаагдан голруу орсонтой холбоотой байж болно гэж дүгнэсэн байна.

                                                                                                                                            БАЙГАЛЬ ОРЧИН, ХЭМЖИЛ ЗҮЙН ТӨВ ЛАБОРАТОРИ

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.