НЭГҮҮН МЭДЭЭ
ТӨВ АЙМАГТ 2-18 НАСНЫ ГУРВАН ХҮҮХЭД ГЭРТЭЭ УГААРТАЖ, ХОЁР НЬ НАС БАРЖЭЭ

Төв аймагт гурван хүүхэд гэртээ угаартаж, хоёр нь нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, энэ сарын 2-ны өдөр Төв аймгийн Баянхангай суманд утаагүй шахмал түлшинд нэг айлын 2-18 насны гурван хүүхэд угаартаж, хоёр нь амь насаа алдсан байна. Тухайн өдөр бороо орж, цаг агаар хүйтэн байсан учраас тэд өрхөө бүтээсэн байсан гэх албан бус мэдээлэл байгаа юм. Угаарын улмаас хоёр болон 16 настай хүүхэд нас барсан бол 18 настай эгчийнх нь биеийн байдал хүнд Улаанбаатар хотод эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж.

С.АМАРСАЙХАН: ГУРИЛЫН ҮНИЙГ БАГАДАА 40 ХУВИАР БУУРУУЛЖ, ИМПОРТОД КВОТ ТОГТООХГҮЙ БАЙХ ЗӨВЛӨМЖ ГАРЛАА

Гурилын үнийг бууруулах, гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөлтэй холбогдуулан өнөөдөр Хүний аюулгүй байдлын зөвлөл хуралдаж холбогдох, яам, агентлагуудад зөвлөмж, чиглэл хүргүүлж ажиллалаа. Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан "Хүнсний аюулгүй байдлын стандарт, норм, дүрэм журмыг тогтоож, зарим хөндлөнгийн лабораториудын итгэмжлэлийн үйл ажиллагааг шинэчлэн тогтоох шаардлага тулгарсан. Энэ хүрээнд Стандарт, хэмжилзүйн газрын үйл ажиллагаатай холбоотой зарим өөрчлөлтүүдийг хийж, шаардлагатай арга хэмжээнүүдийг авахаар боллоо. Хүнсний аюулгүй байдлын Үндэсний зөвлөлд танилцуулж, шаардлагатай бол ЗГ-ын хуралдаанаар оруулж зарим нэмэлт арга хэмжээг авахаар төлөвлөж байна. Мөн стратегийн бараа бүтээгдэхүүний эрэлт, нийлүүлэлтэд тулгуурлаж зарим бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтэд гаалийн хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх асуудал яригдаж байгаа. Тухайлбал, гурилын үнэ улаанбуудайн үнээс 2.9 дахин өссөн байдаг. Үүнтэй холбоотой иргэд санал гомдлоо илэрхийлсэн буй. Тэгвэл өнөөдөр Үндэсний зөвлөлийн шийдвэр гарч, ХХААХҮЯ, ГЕГ, ШӨХТГ-т зөвлөмжийн хэрэгжилтийг хангуулах УИХ, ЗГ-ын тогтоол шийдвэрийг хэрэгжүүлэх, түүнд хяналт тавих ажлыг зохион байгуулснаар гурилын үнэ хамгийн багадаа 40 гаруй хувиар буурах боломж бүрдэж байгаа. Мөн ХХААХҮ-ын сайдад гурилын импортод квот тогтоохгүй байх зөвлөмжийг Хүнсний аюулгүй байдлын Үндэсний зөвлөлөөс хүргүүлж байна" гэв.

БУЛГАНЫ С.ГАЛ-ЭРДЭНЭ ХИЛ ДАМНАЖ “ЗАЛИЛАН” ХИЙЖЭЭ

Залилангаар гаршиж хажуу хавиргандаа, ойртсон хүн бүхнийг залилж, үлэмж их хэмжээний хохирол учруулсан Булган аймгийн ИТХ-ын төлөөлөгч С.Гал-Эрдэнэд холбогдох хэрэг өнөөг хүртэл шийдэгдэлгүй бүтэн 5 жил болжээ. Тодруулбал, манай сайт өмнөх нийтлэлдээ түүнийг намынхаа итгэлт ахаас 2 тэрбум орчим төгрөг залилсан тухайг мэдээлсэн. Тэгвэл С.Гал-Эрдэнэ хил дамнаж 3 тэрбум төгрөгийн залилан хийсэн ч өнөөг хүртэл нэг ч төгрөг төлөлгүй УИХ-ын гишүүн болохоор хичээж явна. Тодруулбал, тэрбээр БНХАУ-ын нэр бүхий компанийг залилж хятадууд 3 тэрбум төгрөгөө олж авахын тулд Монголын хуулийн шат шатны байгууллагад хандаж эцэст нь эл хэрэг олон улсын арбитрын шүүхээр дэнслэгдэж С.Гал-Эрдэнээр дээрх мөнгийг төлүүлэх шийдвэр гарчээ. Залилан С.Гал-Эрдэнийн “Жи ар капитал логистик” ХХК одоогоос таван жилийн өмнө буюу 2021 оны 4 дүгээр сарын 29-ны өдөр БНХАУ-ын компанитай 10.000 тонн төмрийн хүдэр нийлүүлэх гэрээ хийсэн байна. Ингээд гэрээний дагуу хятадын компанид 6.700 орчим тонныг нь өгч, үлдсэн 3.300 тонн буюу 315.000 ам.долларын төмрийн хүдрээ өгөлгүй өнөөг хүрчээ. Уг нь хамгийн эцсийн шүүх болох Арбитрийн шүүх С.Гал-Эрдэнээр дээрх 315.000 ам долларыг төлүүлэх шийдвэр гаргуулсан ч залилангаар мөнгөжсөн мань хүн Женко ахынхаа хуульчдаар хэргээ нам даруулж одоог хүртэл БНХАУ-ын улсдаа томоохонд орох компанийг хохироосоор яваа аж. Манай улсад л хууль дүрэм бусад улс орон шиг хэрэгждэггүй учраас арга буюу хятадууд С.Гал-Эрдэнээс мөнгөө авч чадахгүй хэцүүхэн байдалд буйг эх сурвалж хэлж байв. Асуудлыг нягтлахад тухайн үед С.Гал-Эрдэнэ дээрх хятадуудад төмрийн хүдэр өгнө гэж гэрээлэхдээ Олимпийн аварга Н.Түвшинбаяраар бамбай хийж дэлхийд танигдсан аваргад итгэж ийнхүү С.Гал-Эрдэнийн “Жи ар капитал логистик” ХХК-иас төмрийн хүдэр авах гэрээг хийж байжээ. Ийм л залилагийн нөхөр өдгөө УИХ-ын гишүүн болж өмнө нь хийсэн залилангуудаа улам төгс их хэмжээний мөнгө олохын тулд УИХ-ын халдашгүй бүрэн эрхтэй нэгэн болохоор сэрүүн зүүдэлж явна. Үүгээр ч зогсохгүй С.Гал-Эрдэнэ 2023 оны 7 дугаар сард гэр бүлийн хүчирхийллийн хэргээр Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгагдаж байхдаа тус хорооны хэсгийн байцаагчаар ажиллаж байсан ахлах дэслэгч О, Ж-д хахууль өгч хэргээ хаалгахаар завдсан нь илэрч АТГ-ын мөрдөн шалгах хэлтэст шалгагдаж бас л ял шийтгэлгүй өнгөрсөн. Ийм л нэг залилангаар төгс гаршсан Булган аймгийн ИТХ-ын төлөөлөгч С.Гал-Эрдэнэ дархан эрх эдлэхээр паралмент руу гэтэж яваа нь аймшигтай. Бид дараагийн удаад С.Гал-Эрдэнийн Арбитрийн шүүхэд яаж ялагдсан, ямар асуудал болж өнгөрснийг шүүх хурлын шатанд өрнөсөн процессийн талаар дэлгэрэнгүй мэдээлэх болно.

“ГАЦУУРТ”-ЫН Л.ЧИНБАТЫГ ШҮҮХЭЭС ГЭМ БУРУУГҮЙД ТООЦОЖ, БИЧЛЭГ ЦАЦСАН ИРГЭНИЙГ ЯЛЛАГДАГЧААР ТАТЛАА

Л.Чинбатад хүний нэр төр, алдар хүндэд халдсан, илт худал мэдээллийг цахим орчинд тараасан гэмт хэрэгт буруутгаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 /Худал мэдээлэл тараах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдээд байсан ч түүнийг гэм буруугүйд тооцлоо. Харин түүний хүн дайрах үйлдлийг бичлэгээр баримтжуулж, илчилсэн иргэнийг Эрүүгийн хэрэгт яллагдагчаар татсан байна.

НИЙТИЙН ТЭЭВЭРТ ШИНЭ ЧИГЛЭЛ НЭМЭГДЛЭЭ

Өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн нийтийн тээврийн үйлчилгээнд дараах хоёр чиглэл шинээр нэмэгджээ. Тодруулбал, Ч:79 буюу "Сүлжмэл-Яармагийн 1-р буудал" Ч:80 буюу "Халдвартын эмнэлэг-Яармагийн 1-р буудал" чиглэлд нийтийн тээврийн том оврын автобус үйлчилж эхэлсэн байна.

ВОЛЕЙБОЛЫН ТЭМЦЭЭНИЙ ҮЕЭР СУРАГЧИЙНХАА БИЕД ХАЛДСАН БАГШИЙГ ₮300 МЯНГААР ТОРГОЖЭЭ

Цагдаагийн байгууллагаас өнгөрөгч 7 хоногт эрэн сурвалжлалтын чиглэлээр оргодол 44, гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээд 95, сураггүй алга болсон хүн 91, шүүхээс даалгасан хүн 57, зөрчил үйлдсэн этгээд 34 хүнийг дэвшилтэт технологи ашиглан олж тогтоосон байна. Шалгаж шийдвэрлэсэн онцлог зөрчлийн талаарх: Цахим орчинд дөрөвдүгээр сарын 10-ны өдөр нэр бүхий мэдээллийн сайтад “Сэлэнгэ аймгийн Зүүн Хараад болсон “U15” нэртэй волейболын тэмцээний үеэр багш нь хүүхдүүдээ бөмбөг алдлаа гэж орилж, удаа дараа маш хүчтэй алгадан, зодож биед нь халдаж байгаа байдал” гэсэн гарчигтай видео мэдээлэл байршуулсан. Цахим орчинд нийтлэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй үйлдлийг Дархан-Уул аймгийн цагдаагийн газраас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж хүүхдийн эрхийг зөрчих зөрчил гаргасан иргэн Ж-д Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар 300 нэгжээр торгох шийтгэл оногдуулсан байна. Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг нэр бүхий байгууллага нь энэ оны 04 дүгээр сарын 23-ны өдөр шөнийн цагаар барилгын ажил гүйцэтгэж, нийтийн зориулалттай орон сууцны оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулсан гэх үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж нэр бүхий хуулийн этгээдэд Зөрчлийн тухай хуулийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжээр торгох шийтгэл оногдуулжээ.

СЕХ: ИРГЭНИЙ ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙГ ӨНӨӨДРӨӨС 60 ХОНОГИЙН ХУГАЦААНД ХААНА

Сонгуулийн тухай хуулийн дагуу санал авах өдрөөс 60 хоногийн өмнө иргэний шилжин суурьших хөдөлгөөнийг зогсоодог. Энэ жилийн сонгуулиар иргэний шилжилт хөдөлгөөнийг дөрөвдүгээр сарын 29-ний өдөр буюу өнөөдөр хааж, зургаадугаар сарын 29-ний өдөр нээх юм. Өмнө нь хоёрдугаар сарын 1-ний өдрөөс эхлээд зогсоодог байсан ч иргэдээс "Хэтэрхий эрт байна. Сонгуулиас болоод хаягийн шилжилтээ хийлгүүлж болохгүй байна. Үүнээс үүдэж сургууль, цэцэрлэгийн бүртгэлтэй холбоотой асуудал цэгцрэхгүй байна" гэсэн гомдлууд ихээр гардаг байсан учир 60 хоногийн өмнө болгож өөрчилсөн байна. Сонгогчийн байнга оршин байгаа хаяг дээр нь үндэслэж сонгогчдын нэрийн жагсаалтыг гаргадаг учир дээр заасан хугацаанаас өмнө шилжилт хөдөлгөөнөө хийсэн байх шаардлагатай байдаг аж. Хуулийн заалт: 25.1.Иргэний шилжилт хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө зогсоож, санал авах өдрийн дараах өдрөөс сэргээнэ. 25.2.Энэ хуулийн 25.1-д заасан иргэний шилжилт хөдөлгөөнийг зогсоох, сэргээх тухай шийдвэрийг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга гаргана.

ШУНХЛАЙ ГРУППИЙН 7878 АЖИЛТНЫ НЭРИЙН ДАНСАНД АПУ ХК-ИЙН 3,1 САЯ ШИРХЭГ ХУВЬЦААГ БАЙРШУУЛЖ ДУУСЛАА

Шунхлай Групп 30 жилийнхээ хүрээнд өнөөдрийн үнэ цэнийг бүтээлцэж буй нийт хамт олондоо АПУ ХК-ийн хувьцааг өөрийн эзэмшлийн хэсгээс үнэ төлбөргүйгээр олгохоор шийдвэрлэснээ 2023 оны 12-р сарын 25-нд олон нийтэд зарлаж байв. Тэгвэл өнөөдрийн байдлаар Шунхлай Группийн 30 гаруй компанийн 7878 ажилтанд хувьцааны нэрийн данс үүсгэж, тус дансанд нь Монголын топ хувьцаат компани болох АПУ ХК-ийн хувьцаа байршиж дуусжээ. 7878 ажилтанд 3,151,501 ширхэг хувьцааг эзэмшүүлж байгаа. Энэ нь өнөөгийн зах зээлийн үнэлгээгээр 3,223,985,000 төгрөгийн үнэ бүхий хувьцааг олгосон гэсэн үг. Өнөөдрийн ханшаар АПУ ХК-ийн нэгж хувьцааны үнэ 1023 төгрөгтэй тэнцэж байна. Тодруулбал ажилтнуудынхаа ажилласан нэг жил тутамд 100 ширхэг хувьцаагаар тооцон олгож байгаа бол жилээс доош хугацаанд ажиллаж байгаа шинэ ажилтнууддаа 30 ширхэг хувьцааг олгожээ. Жишээ нь тус групп компанид 5 жил ажилласан ажилтны нэрийн дансанд 500 ширхэг хувьцаа байршсан. Энэ нь өнөөдрийн ханшаар 511,500 төгрөгийн үнэ бүхий хувьцааг ажилтан эзэмшиж байгаа юм. Гэхдээ зөвхөн мөнгөн дүнгээр хязгаарлагдахгүй хөрөнгийн зах зээлд шинэ оролцогчдыг нэвтрүүлэх, компанийнхаа эзэн нь байх, ил тод нээлттэй байдлыг бэхжүүлэхэд дэмжлэг болно гэж зах зээлийн шинжээчид онцолсон юм. Тус компанийн хувьцааны нэгж үнэ 2016 он 436 төгрөг байсан бол өдгөө134,7 хувиар өсөж, 1023 төгрөгт хүрчээ. АПУ ХК-ийн ТУЗ 4-р сарын 30-нд хуралдах товтой байна. Шунхлай Групп өдгөө үйлдвэрлэл, худалдаа, технологи гэсэн нийт 8 чиглэлд 30 гаруй компаниудыг хамруулан үйл ажиллагаа явуулж жилдээ ₮2.5 их наядын борлуулалт хийж, улсын төсөвт ₮630 тэрбумын татвар хураамж төлдөг юм байна. #Шинэ_Хил_Хязгаар_руу_Манлайлцгаая

ЭНЭ САРЫН 29-НИЙГ ХҮРТЭЛ ИХЭНХ НУТГААР ЦАС, БОРОО ОРНО

27-нд баруун болон говийн аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун болон өмнөд хэсгээр, 28-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсгээр, төв болон говийн аймгуудын нутгийн ихэнх нутгаар, 29-нд говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи 27-нд Алтайн салбар уулс, говийн бүс нутгаар, 28, 29-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -8...-13 градус хүйтэн, өдөртөө -3...+2 градус дулаан, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -4...-9 градус хүйтэн, өдөртөө 0...+5 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0...+5 градус, өдөртөө +11...+16 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0...-5 градус хүйтэн, өдөртөө +4...+9 градус дулаан байна. 29-нд нутгийн баруун хэсгээр, 30-нд ихэнх нутгаар дулаарна.

ШОШГО ЗӨРЧИЛТЭЙ, ХУГАЦАА НЬ ДУУССАН БЭЛЭН ГОЙМОН ХУДАЛДААЛЖ БАЙЖЭЭ

Нийслэлийн прокурорын газраас Нийслэлийн эрүүл мэндийн газартай хамтран Сүхбаатар, Хан-Уул, Баянгол, Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй бэлэн гоймон худалдаалдаг зах, хүнсний худалдааны газар болон импортлогч аж ахуйн нэгжийн агуулахад Хүнсний тухай болон Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай, Эрүүл ахуйн тухай хууль, холбогдох стандарт, дүрэм, журмын хэрэгжилтийг шалгалаа. Монгол Улсад бэлэн гоймон үйлдвэрлэх зөвшөөрөлтэй 90 аж ахуйн нэгж 17 улсаас бэлэн гоймон импортолдог. 2023 онд 79 аж ахуй нэгж 14 улсаас 10212.38 тн, 2024 оны 3 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл хугацаанд 41 аж ахуйн нэгж 11 улсаас 3111.46 тн бэлэн хоол, гоймон оруулж ирснээс 75.6 хувь нь Хятад, 19 хувь нь Солонгос, 1.9 хувь нь Индонезоос оруулж ирсэн байна. Шалгалтын хүрээнд хүнсний худалдааны чиглэлийн 13, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний 1, бэлэн гоймон импортлогч 9 аж ахуйн нэгж болон 23 объектын 27 агуулахыг шалгаж, 19 нэрийн 51 төрлийн бэлэн гоймонгийн гарал үүсэл, шинжилгээний дүн, хаяг шошго, сав баглаа боодол, хадгалах хугацаа, чанар, аюулгүй байдал зэргийг хянан үзэж, зарим нэр, төрлийн бэлэн гоймонгоос дээж авч Стандарт хэмжил зүйл газрын лабораторид шинжилгээ хийлгэхээр хүргүүлжээ. Хугацаа дууссан, шошгын зөрчилтэй бүтээгдэхүүн хадгалсан, худалдсан, цэвэрлэгээ үйлчилгээ хангалтгүй, агуулахын ажилчдыг эрүүл мэндийн үзлэгт бүрэн хамруулаагүй, хүнсний агуулахад холбогдох стандартыг бүрэн хангаагүй, хог хаягдлыг ялган ангилаагүй зэрэг зөрчил гаргасан аж ахуйн нэгж байгууллагуудыг Зөрчлийн тухай хуульд заасны дагуу шалгалтын ажиллагааг явуулахаар болсон байна. Мөн нэр бүхий 8 газарт прокурорын мэдэгдэл хүргүүлж, зөрчил үйлдэгдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгах арга хэмжээ авч, 1 сарын дотор бичгээр хариу өгөхийг даалгажээ.

1 ... 110 111 112 113 114 115 116 117 118 ... 370