УДАМ ДАМЖСАН УЛСТӨРЧИД
Сонгуулийн сургаар удам дамжсан улстөрчдийн цуваа тасрахгүй бололтой. Сонгуулийн дараа болон сонгуулийн өмнө удам дамжсан улстөрчдийн үйлдэл олныг эгдүүцүүлдэг. Учир нь, УИХ-ын сонгуулийн дараа зарим улстөрчийн хүүхдүүд, ах дүү, хамаатан садан төрийн бүх шатны албан тушаалд томилогдох нь энгийн үзэгдэл болоод байгаа. Иймд 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшиж буй улстөрчдийн хүүхдүүдийг танилцуулж байна. ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Н.ЭНХБАЯРЫН ХҮҮ УИХ-ЫН ГИШҮҮН БАТШУГАР: Н.Энхбаярын хүү Э.Батшугар тэрбээр Сонгинохайрхан дүүргийн УИХ-ын нөхөн сонгуульд МАН-аас нэр дэвшиж гишүүн болсон түүхтэй. Энэ удаагийн сонгуульд тэрбээр 11 дүгээр тойрог буюу Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшиж байгаа юм. ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХИЙН ДҮҮ У.ОТГОНБАЯР: МАН-ын Бага хурлын гишүүн, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн төрсөн дүү У.Отгонбаяр УИХ-ын VI тойрог буюу Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймагт нэр дэвшиж байгаа. Ерөнхийлөгчийн дүү У.Отгонбаяр ахынхаа УИХ, Ерөнхийлөгчийн сонгуулиудад хамгийн өндөр санал авсан тойрогт МАН-аас өрсөлдөхөөр болсон юм. УИХ-ЫН ГИШҮҮН АСАН Н.БАТБАЯРЫН ОХИН ЖАРГАЛАН: Түүнийг УИХ-ын гишүүн асан Н.Батбаярын охин гэдгээр нь олон нийт илүүтэй танина. УИХ-ын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаярын охин Жаргалан Ардчилсан намаас нэр дэвшиж байгаа. УИХ-ЫН ДАРГА АСАН Р.ГОНЧИГДОРЖИЙН ОХИН УЯНГАХИШИГ: Г.Уянгахишиг аавынхаа үйл хэргийг үргэлжлүүлэхээр ХҮН-аас УИХ-ийн сонгуульд хүч үзэхээр болжээ. Түүний аав Р.Гончигдорж нь Монголын нэрт математикч, шинжлэх ухааны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан эрдэмтнээс гадна УИХ-ын гишүүн, УИХ-ын дарга, Ардчилсан намын даргын албыг хашиж ирсэн туршлагатай парламентч гэдгийг олон нийт мэднэ. УИХ-ЫН ГИШҮҮН Ц.ШИНЭБАЯР АГСНЫ ХҮҮ БЯМБАСҮРЭН: Түүний аав 2008-2012 онд Дорнод аймгаас сонгогдож, УИХ-ын гишүүн болж байжээ. УИХ-ын гишүүн, Хамуг Монголын Хөдөлмөрийн намын дарга асан Ц.Шинэбаярын хүү Бямбасүрэн Дорнод аймагт Ардчилсан намаас нэр дэвшиж буй.