МОРЬ ХҮРТЭЛ БАС Л АВЛИГАЛААР УРАЛДАХ УУ

Үндэсний их баяр наадмын хурдан морьдын уралдаан жилийн жилд хэрүүл маргаантай болдог байдал давтагдагдах шинжтэй. Өчигдөрхөн хурдан морины урьдчилсан хэмжилтээр морьдоо хэмжүүлсэн уяачид “хамгийн шударга шийдэл лазер метр” гэдгийг ам дэмжин ярьцгааж эхлэв. 

Гэтэл хурдан морины хэмжилтийг технологийн дэмшилтэт лазер метрээр хэмжих үү, хүний гараар дэлэн дээрээс нь дарж хүссэн тоогоо бичих үү гэдэг дээр талцаж уяачдын хөдөлмөрийг хэдхэн минутад үгүй хийх нь. Уяач бүр л сойсон морио улсынхаа наадамд уралдуулахыг боддог учир шалгуур шаардлага тавьж, хязгаарлах нь зөв байх. Гэвч лазер хэмжилтэд итгэхгүйгээр цэргийн алба хааж буй хөвгүүдэд команд өгч дэлэн дээр нь өөр өөр даралтаар дарж хэмжихийг илүүд үзэж зүтгээд байгаа Хурдан морины салбар хорооны дарга, бригадын генерал Д.Ганхуяг, НЗДТГ-ын Цэргийн штабын дарга, Хурдан морины уралдаан зохион байгуулах ажлын хэсгийн ахлагч, хурандаа Г.Ялалт нар хэнд үйлчилж, гараа хүндрүүлэх гээд байгаа нь анхаарал татаж байна. Монголчууд эртнээс морины босоо цагаан хийморь хэмээн бэлгэшээдэггүй бил үү, тэгвэл тэд тэр хийморийг нь албан тушаалаа ашиглан авлигалаар өөрсдийн танилуудад олгох магадлал өндөр болж байна. 

Хэдхэн жилийн өмнө Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, Хурдан морины салбар комиссын дарга, генерал Х.Батбилэг өндөр нь тэнцэхгүй морьдыг уралдаанд гаргаж, авилга авсан хэмээн АТГ-д шалгагдаж хариуцлага тооцуулсан гашуун түүхийг давтахгүй гэх баталгаа алга. Технологи хөгжсөн энэ үед нүдний хараагаа хүртэл лазераар сэргээж байхад нүдийг нь хутгаар зүсэж гараар оёно гэдэгтэй агаар нэг мэт.


Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.