НЭГҮҮН МЭДЭЭ
ОРОН ГЭРГҮЙ ИРГЭДИЙГ ЭРХШЭЭЛДЭЭ БАЙЛГАЖ АЛБАДАН ХӨДӨЛМӨРЛҮҮЛСЭН ХЭРГИЙГ ШАЛГАЖ БАЙНА

Энэ оны 01 дүгээр сарын 04-ний өдөр цагдаагийн байгууллагад “Архины хамааралтай, орон гэргүй иргэдийг албадан хөдөлмөрлүүлсэн байж болзошгүй байна” гэх гомдол, мэдээлэл ирсэн. Гомдол, мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, “Г” нарын дөрвөн иргэнийг холбогдуулан мөрдөн шалгах ажиллагааг явуулж, шалгалтын явцад 21 иргэнээс гэрчийн мэдүүлэг авч, хохирсон байж болзошгүй иргэдийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоолгохоор Шүүх, шинжилгээний ерөнхий газрын шинжээч томилуулан мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна. Иргэн “Г” нь “Самарт авч явна” гэх утгатай зарыг фэйсбүүк орчинд байршуулан иргэдийг Төв аймгийн Эрдэнэ сумын “Их Нарт”, “Хүрэн морьтын даваа” гэх газар руу самарт авч явж, олсон ашгийг 40:60 харьцаатай хувааж авахаар сайн дурын үндсэн дээр тохиролцож явсан бөгөөд ингэхдээ зарим иргэдийн цалин хөлсийг тухай бүр өгөөгүй, хохирогч нарын биед халдсан зэрэг нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогдлоо. Иймд дээрх хэрэгтэй холбоотой ямар нэгэн байдлаар хохирсон иргэд байвал Эрүүгийн цагдаагийн албаны 262066, 262425 дугаарын утсаар болон бичгээр гомдол, мэдээллийг хүлээн авч байна.

ХЭРЭВ ТАНЫ МЭДЭЭЛЭЛ ЗӨРҮҮТЭЙ БАЙВАЛ ӨРХИЙН ОРЛОГОО БОДУУЛААД ХҮҮХДИЙН МӨНГӨӨ НӨХӨЖ АВАХ БОЛОМЖТОЙ

Хүүхдийн тэтгэмж олгохтой холбоотой журам болон цаашдын боломжуудын талаар ХНХЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга А.Хишигбаяр мэдээлэл өгөв. Тэрбээр "Монголд анх удаа төрийн мэдээлэлд тулгуурлан өрхөө үнэлж, улмаар аргачлал боловсруулсан. Энэ удаагийн аргачлалаар төрийн таван байгууллагын мэдээлэлд үндэслэж байгаа. Тодруулбал, ҮСХ-ноос гаргаж байгаа хүн ам, өрхийн мэдээллийн сан, Татварын ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, АТҮТ, Улсын бүртгэлийн газар гэсэн таван байгууллагын 12 үзүүлэлтээр өрхийг үнэлсэн. Цахим шилжилтийн хүрээнд төр, иргэн хамтарч төрд байгаа мэдээллээ зайлшгүй засварлах шаардлага бий болж байна. Гэхдээ олон иргэнээс "миний мэдээлэл зөрүүтэй байна" гэсэн санал ирсэн. Хэрэв мэдээллийн зөрүүтэй байдал үүссэн бол засаж, залруулах бүрэн боломжтой. Жишээлбэл, ам бүлийн мэдээлэл зөрүүтэй байвал баг, хорооныхоо ЗДТГ-т очиж, өрхийн мэдээллийг өөрчлүүлж болно. Магадгүй таны мэдээлэлд нэг машин нэмсэн байвал АТҮТ-д хандах боломжтой. Ингэж мэдээллээ засварласны дараа Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас өрхийн амьжиргааг дахин тооцох юм. Та бүхэнд хүсэлт гаргасан өдрөөс эхлэн хүүхдийн мөнгийг нөхөж олгох боломжтой. Хувийн мэдээллээ шалгаж үзээд аль байгууллагад ямар алдаатай байгаа талаар хүсэлтээ өгч болно. Тухайн байгууллага дээр биечилж очоод хүсэлтээ өгөөд мэдээллээ шинэчлүүлэх асуудал байгаа" гэв. Мөн "Бид яагаад иргэдийн мэдээллийг засаж болохгүй байна гэх асуулт үүсэж байна. Төр хувь хүний мэдээллийг шууд засах боломжгүй. Иймд иргэдтэйгээ нийлээд мэдээллээ зөв болгоод явна. Үүний дараа өрхийн орлогыг тооцож үзнэ. Улмаар хүүхдийн мөнгийг нөхөж олгох зохицуулалтаар явж байгаа. Хэрэв таны мэдээлэл зөрүүтэй байвал үүнийг шинэчлүүлж, дахин өрхийн орлогоо бодуулаад хүүхдийн мөнгөө нөхөж авах боломжтой" хэмээв.

ХААДС-ГИЙН АЛБАН ТУШААЛТНУУД АЖ АХУЙН НЭГЖИЙН ТӨЛӨХ ЗЭЭЛИЙН ХЭМЖЭЭГ БУУРУУЛСАН ХЭРЭГТ ХОЛБОГДЖЭЭ

ХХААХҮЯ-ны харьяа хуучнаар Тариалан эрхлэлтийг дэмжих сан, өдгөө Хөдөө аж ахуйг дэмжих сан (ХААДС)-гаас нэн хөнгөлөлттэй олгосон зээл, түүнийг авсан аж ахуйн нэгжүүдийг хууль сахиулах байгууллагынхан шалгаж эхэлснээс хойш багагүй хугацаа өнгөрлөө. Тус сангаас сүүлийн жилүүдэд 15 000 орчим иргэн, аж ахуйн нэгж их хэмжээний зээл авсан ч буцаан төлөөгүйн улмаас 240 орчим тэрбум төгрөгийн өр үүсэж, төсвийн хөрөнгийг завшсан нөхцөл байдал бий болсон байдаг. Тэгвэл тус сангийн удирдах албан тушаалтнуудын холбогдсон хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж дуусжээ. ХААДС-гийн ажлын албаны Дотоод үйл ажиллагааны газрын дарга Д.Энхмаа, санхүүгийн менежер С.Удвал, тооцооны нягтлан бодогчоор ажиллаж байсан А.Энхжаргал, жолооч Э.Үдэхбаяр нар албан тушаалаа урвуулан ашиглаж, “Баян талын буудай” ХХК-ийнханд давуу байдал олгосон хэрэгт холбогдсон байна. Тус компанийнхан дээрх санд 559.1 сая гаруй төгрөгийн өр төлбөртэй байхад нэр дурдсан албан тушаалтнууд 419.5 саяыг нь хасаж тооцсон гэнэ. БНХАУ-аас импортолсон, ХААДС-гаар дамжуулан зээлээр олгосон бага оврын тракторын өрийг 139.5 сая төгрөг болгож бичээд 2020 оны дөрөвдүгээр сард тооцоо нийлсэн акт хуурамчаар үйлдэн зээлийн гэрээ байгуулах нөхцөлийг бүрдүүлэн улсын төсөвт их хэмжээний хохирол учруулсан гэж дээрх албан тушаалтнуудыг буруутгаж буй аж. Түүнчлэн ХААДС-гаас нэн хөнгөлөлттэй зээл авч, өөрийн хамаарал бүхий аж ахуйн нэгждээ давуу байдал олгосон үндэслэлээр Төв аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Н.Гантулгыг шалгаж буй талаар эх сурвалжууд мэдээлэв. Ташрамд дурдахад, АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 772 хэрэгт мөрдөн байцаалт явуулснаас 12-ыг нь шүүхэд шилжүүлэх, есийг нь хаах санал прокурорын байгууллагад хүргүүлсэн байна. эх сурвалж:tac.mn

ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБАН ХААГЧИД ХООЛНЫ МӨНГӨ 1300-1500 ТӨГРӨГ

Онцгой байдлын албан хаагчдын хоолны мөнгө 1300-1500 төгрөг болон танагджээ. Өдрөөс өдөрт юмны үнэ тэнгэрт хадаж байхад энэ мөнгөөр аяга цай ганц ширхэгийн хоол ч авч хүрэхгүй мөнгө. Хэдхэн хоногийн өмнө тус салбарын дарга нар цалингаа хэдэн зуун мянгаар нэмүүлж, галын шугамд ажиллах албан хаагч, гал сөнөөгчдийн цалин 20 мянган төгрөгөөр нэмэгдсэн. 7-9 хүнтэй багийн өдрийн хоолны зардал гэж 16 мянган төгрөг тоогдохоор байгаа юм. Дэлхийн бусад улс оронд хилийн цэрэг, онцгой байдал, эмнэлэг, цагдаа, бага ангийн багш нарын цалин хөлс хамгийн өндөрт тооцогддог бол манайд эсрэгээрээ хамгийн бага хөдөлмөрийн хөлсийг тэд авч байна.

МЭДЭГДЭЛ

202 3 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр УБТЗ-ын нэр бүхий албан тушаалтан их хэмжээний мөнгө төгрөгтэй холбоотой гэмт хэрэгт холбогдсон нь “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн нэр хүндэд муугаар нөлөөлж, шударгаар хөдөлмөрлөж буй нийт төмөр замчдын нэр хүндийг сэвтүүлсэн харамсалтай үйл явдал боллоо. УБТЗ-ын хамт олон цар тахлын улмаас үүссэн хүндрэлийг даван туулж, санхүүгийн эрсдэлээ бууруулж, алдсан боломжоо нөхөхийн төлөө 24 цагийн турш чармайн ажиллаж байхад тус нийгэмлэгийн нэг албан тушаалтан 7,3 тэрбум төгрөгтэй холбоотой гэмт хэрэгт холбогдсон нь нийт төмөр замчдын дургүйцэл жигшлийг төрүүлж байна. Гэмт хэрэгт нэр холбогдогч С.Батдөлийн орон байрнаас илрүүлсэн 7,3 тэрбум төгрөг нь УБТЗ-ын тээврийн орлогыг завших замаар олсон мөнгө биш гэдэг нь УБТЗ-ын санхүү, нягтлан бодох бүртгэлийн шалгалтаар тогтоогдож байгаа бөгөөд уг мөнгийг ямар замаар олсон болохыг хуулийн байгууллага эцэслэн тогтоох нь эргэлзээгүй юм. Өнөөдрийн байдлаар УБТЗ-ын зүгээс хууль, хяналтын байгууллагаар эцэслэн шийдэгдээгүй энэ хэргийн талаар үүнээс илүү тайлбар өгөх боломжгүйг мэдэгдье. “Улаанбаатар төмөр зам” ХНН

НАСАНД ХҮРЭГЧДИЙН ХЭВТҮҮЛЭН ЭМЧЛЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ТҮР ШИЛЖҮҮЛНЭ

Гуравдугаар сарын 1-нийг хүртэл зарим дүүргийн эмнэлгийн насанд хүрэгчдийн хэвтүүлэн эмчлэх тусламж үйлчилгээг түр шилжүүлэх зохицуулалтыг хийх үүргийг холбогдох албаныханд өглөө. Уг зохицуулалтаар эхний ээлжинд Сүхбаатар дүүргийн 18-20 дугаар хорооны насанд хүрэгчдийн дотрын эмгэгийн хэвтүүлэн эмчлэх тусламж үйлчилгээг Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Баянзүрх дүүргийн 1-3, 25, 26 хороо, Сүхбаатар дүүргийн 16, 17 дугаар хорооны насанд хүрэгчдийн дотрын эмгэгийн хэвтүүлэн эмчлэх тусламж үйлчилгээг Улсын хоёрдугаар төв эмнэлэгт, Чингэлтэй дүүргийн 8, 13, 14, 16, 19 дүгээр хорооны насанд хүрэгчдийн дотрын эмгэгийн хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээг Улсын гуравдугаар төв эмнэлэгт түр шилжүүлэх бөгөөд Эх, нярай эмэгтэйчүүдийн үндэсний төв-II, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, “Амгалан”, “Өргөө” амаржих төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүд харьяаллын дагуу жирэмсэн эхчүүдийн амьсгалын замын өвчлөл, дотрын тусламж үйлчилгээг хариуцах юм. Халдварт өвчин судлалын үндэсний төвийн жилийн эцсийн буюу 52 дугаар долоо хоногийн томуу томуу төст өвчний мэдээгээр аймаг, дүүргийн хэмжээнд хүүхдийн тасагт хэвтэн эмчлүүлж буй хүүхдийн 80.9 амьсгалын замын цочмог хүнд халдвартай ба өмнөх долоо хоногтой харьцуулахад 7.2 хувиар нэмэгдсэн. Энэ нь улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалтын түвшин улирлын томуу, томуугийн цар тахлын хүндрэлийн үнэлгээгээр нийтийг хамраагүй буюу алаг цоог тархалтын түвшинд байна. 2023 оны нэгдүгээр сарын 9-ний байдлаар нийслэлийн хэмжээнд хүүхдийн эмнэлгүүдийн 2088 орон дээр 1979 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа нь нийт орны ачаалал 90.7 хувьтай байгаа бөгөөд эмнэлгийн коридор, зориулалтын бус өрөөнд хэвтсэн хүүхэд байхгүй байгаа юм. Хүүхдийн яаралтай түргэн тусламжийн төвөөр 1387 хүүхэд үзүүлснээс 844 нь орой 18 цагаас шөнө 00 цагийн хооронд эмнэлэгт хандсан байна. Эдгээрээс зөвлөгөө авч буцсан хүүхэд 1128, эмчилгээ хийлгэсэн хүүхдийн тоо 411 буюу 26.9 хувь нь байна. Коридор болон зориулалтын бус өрөөнд хэвтсэн хүүхэд байхгүй. Нийслэлийн хэмжээнд томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед томуугийн шинж байдал, босго үзүүлэлтийг үндэслэн авах арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулж, өвчлөл дэгдэлтийн нөхцөл байдалд нийцүүлэн эмнэлгийн тасаг, нэгжийн үйл ажиллагааг өөрчлөн зохион байгуулах, хүний нөөцийг нэмэлтээр ажиллуулан зохицуулалт хийж байна.

СЭЛЭНГИЙН ИРГЭДЭЭС Ч.УНДРАМ ГИШҮҮНИЙГ ЭГҮҮЛЭН ТАТАХ ХҮСЭЛТ ИРҮҮЛСЭН

УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны гишүүн Б.Баттөмөр “Ч.Ундрам гишүүний асуудлаар Сэлэнгэ аймгийн иргэдээс өргөдөл ирсэн. Нэгт, Сэлэнгэ аймгаас сонгогдсон Ж.Эрдэнэбат, Ч.Ундрам нарыг эгүүлэн татахыг шаардсан. Гэхдээ УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах эрх парламентад байхгүй.Хоёрт, УИХ-ын гишүүний Ч.Ундрам ёс зүйн алдаа гаргасан, эгүүлэн тат гэсэн. Хууль, хяналтын байгууллага шалгаж байхад ёс зүйн асуудлыг давхар шалгахгүй гэж заасан байдаг. Өнөөдөр Хан-Уул дүүргийн шүүх дээр гэр бүлийнх нь асуудал орж байгаа, эцсийн шатандаа яваа гэх мэдээлэл авсан. Хүүхэд хүчирхийлсэн гэх асуудлыг нь цагдаа шалгаж байгаа юм билээ. Энэ бүх асуудал нэгтгэж ирсний дараа холбогдох байнгын хороо асуудлыг хэлэлцэнэ” хэмээв .

ЗАМЫН-ҮҮДЭЭС МАРГААШ 30 ШИНЭ АВТОБУС НИЙСЛЭЛД АВЧИРНА

Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд энэ онд БНХАУ-аас 224 автобус авахаар болсон. Энэ сард 100 автобус орж ирнэ. Нийслэлийн Засаг даргын Хэвлэлийн төлөөлөгч өчигдрийн байдлаар 18 автобусыг Замын-Үүдэд оруулж ирсэн, өнөөдөр үдээс хойш дахин 30-ыг оруулж ирэхээр ажиллаж байна хэмээв. Мөн “Маргааш өглөө эхний 30 автобусыг Замын-Үүдээс Улаанбаатар руу татан авна” гэлээ.Эдгээр автобус энэ сарын 2-нд Эрээний хил дээр ирсэн. Хэрэв хил гааль дээр асуудал үүсэхгүй бол нэгдүгээр сарын 10-нд Монголд авчирч, 15-наас үйлчилгээнд явуулахаар төлөвлөж буйгаа нийслэлийн Засаг даргын Тамгын газраас мэдээллээ.

“ГАР УТСААРАА ЯРИУЛСАН БИШ ДАНС ДАХЬ МӨНГӨӨ АЛДЧИХЛАА”

Саяхны нэг өдөр яг ийм тохиолдол гарчээ. Хүнсний дэлгүүр ажиллуулдаг эгчээс нэг залуу утсаараа яриулахыг гуйж, аваад нэлээд удаж байгаад өгч. Утсаар нь ярихгүй, үзээд зогсоод байсныг нь хальт анзаарсан гэнэ. Утсыг нь өгчхөөд явсны дараахан харин мөнөөх эгчийн банкны данс хоосорсон байсныг мэдээд хууль хяналтын байгууллагад ханджээ. Дэлгүүр, худалдаа үйлчилгээний газар, эмнэлэг, сургууль ер нь хаа нэгтээ явж байхад тань хэн нэгэн тусламж хүсэн утсаараа яриулаач гэх тохиолдол гардаг шүү дээ. Тэгвэл хэнд ч өгч болохгүй бүх хувийн нууцлалтай мэдээллийг тань агуулсан гар утсаа хэн нэгэн танихгүй этгээдэд түр хэрэглүүлэхээр өгнө гэдэг чононд хонь хадгалуулсантай ялгаагүй юм. Хүнд туслах гэсэн биш, өөрөө хохирогч болоод үлдэнэ гэдэг эмгэнэлтэй хэдий ч үүнээс урьдчилан сэргийлж боломжтой. Тэгвэл цахим орчинд үйлдэгддэг гэмт хэргийн тоо дэлхийд төдийгүй Монголд ч хурдацтайгаар өсөж буй тул дараах аюулгүй байдлын зөвлөмжүүдийг хэрэгжүүлэн учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлээрэй. Гар утас, таблет болон компьютер гэх мэт хувийн төхөөрөмждөө нууц үгээр нэвтрэх тохиргоо хийх ; Олон нийтийн болон үйлчилгээний газ рын баталгаагүй / үнэгүй Wi - Fi сүлжээнд холбогдохгүй байх; /Энэ нь Wi - Fi сүлжээгээр дамж уулан хувийн мэдээлэл, нууц үгээ алдах эрсдэлээс таныг хамгаална ./ Хувийн мэдээлэл агуулсан төхөөрөмж болон гар утсаа бусдад өгөхгүй, дамжуулан ашиглуулахгүй байх ; Сошиал орчинд сонжоо бөглөх, сэжигтэй линк дээр дарж орон хувийн мэдээлэл, цахим банкны нэвтрэх нэр нууц үгээ оруулахгүй байх ; Олон нийтэд зориулсан төхөөрөмжөөс цахим банк руугаа хандахгүй байх . Х эрэв хандсан бол заавал Log out/Sign out үйлдлийг хийн гарах; Өөрийн төхөөрөмжид нууцлал аюулгүй байдлыг хангасан тохиргоонуудыг хийсэн байх; Жишээ нь: Нууц үгийн хамгаалалт, антивирус програм м хангамж гэх мэт . Хувийн мэдээлэл агуулсан аппликэйшндээ нэвтрэх нэр, нууц үгээ сануулахгүй байх Дансны дугаар, нууц үг, регистрийн дугаар зэрэг нууцлалтай мэдээллээ гар утсан дээрээ болон и-мэйл дотроо хадгалахгүй байх Хялбар аргаар мөнгө олох аргуудад итгэн хувийн мэдээллээ бусдад бүү дамжуулаарай. Дансаараа гүйлгээ хийж өгөөд урамшуулал аваарай, койн өсгөх арга зааж өгье гэх мэт зарууд их байдаг шүү дээ.

С.ЧИНЗОРИГ: НОХОЙД ХАЗУУЛСАН 9 ИРГЭНД СҮРЬЕЭГИЙН ВАКЦИНЫГ 10-30 ДАХИН ИХ ТУНГААР ХИЙЖ, ЭРҮҮЛ МЭНДЭД НЬ НОЦТОЙ ХОХИРОЛ УЧРУУЛСАН

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг мэдээлэл хийлээ.Тэрбээр, Миний бие Ерөнхий сайдын саналаар Эрүүл мэндийн сайдыг ажлыг аваад өчигдөр орой 20.00 цагийн үед яаманд ирсэн. Эрүүл мэндийн сайдаар томилогдоод анхны мэдээллээрээ таагүй мэдээ хүргэж буйдаа хүлцэл өчье. Сүхбаатар аймагт нохойд хазуулсан есөн иргэнд галзуугийн вакцин хийж байна гээд андуурсан уу, ажилдаа хайнга хандсан уу сүрьеэгийн вакцин хийж, иргэдийн эрүүл мэндэд ноцтой хохирол учруулсанд ард түмнээсээ уучлал хүсэж байна. Энэ хүмүүсийн хоёр нь 8, 14 настай хүүхэд, бусад нь 56 хүртэлх насны иргэд байна. Нэг иргэний уушгинд нэвчилт, сүүдэр үүссэн тул эмнэлэгт хэвтүүлэн эмчилж байна гэсэн мэдээлэл ирсэн. Одоогоор бие нь хүндэрсэн хүн байхгүй. Энэ явдал 2022 оны 12-р сарын 5-наас эхтэй гэсэн мэдээлэл ЭМЯ-нд 2023 оны 1-р сарын 5-ны 13.00 цагийн үед ирсэн. 12-р сарын 5-наас 26-ны хооронд нэр бүхий есөн иргэн нохойд хазуулсан юм байна. Нохой хазуулсан иргэнд галзуугийн вакцин хийдэг заавартай. Гэтэл сүрьеэгийн вакцин хийсэн мэргэжлийн ноцтой алдаа гаргасан. Нохойд хазуулсан есөн иргэний гуравт нь сүрьеэгийн вакцин гурван удаагийн тунг хийсэн ба сүрьеэгийн вакциныг 30 дахин нэмэгдүүлсэн тунгаар хийсэн нь урьдчилсан байдлаар тогтоогдсон. Дөрвөн хүнд хоёр удаа сүрьеэгийн вакцин хийсэн нь зохих хэмжээнээс 20 дахин их тунгаар хийсэн байна. Хоёр хүнд нэг удаа сүрьеэгийн вакцин хийсэн. Эдгээр иргэд нэг удаа нэг нохойд хазуулаагүй. Өөр өөр цаг хугацаанд долоон нохойд хазуулсан. Тэгэхээр вакциныг андуурч хийсэн гэж үзэхэд эргэлзээтэй байна. Энэ мэдээллийг аваад сайд хувьд дараах шийдвэр гаргалаа. Нэгдүгээрт, ЭМ-ийн сайдын тушаалаар мэргэжлийн багийг Сүхбаатар аймаг руу гаргалаа. Энэ баг хоёр чиглэлээр ажиллана. Сүрьеэгийн вакцин хийлгэсэн есөн иргэнд вакцины үр нөлөөг тандан судалж тогтоох. Хоёрдугаарт, Уг вакцины Эрүүл мэндийн газраас хүлээн авахдаа ямар зориулалтаар хэрэглэх тухай заавар чиглэл өгсөн тэмдэглэгээ хийсэн эсэхийг шалган тогтооно. Ажлын хариуцлага алдсан эсэхийг шалган тогтооно. Алдаа гаргасан хүмүүст хариуцлага тооцно. Аймгийн Эрүүл мэндийн газар болон Нэгдсэн эмнэлгийн дарга нарыг ажлын хариуцлага алдсан үндэслэлээр ажлаас чөлөөлөх чиглэл өгсөн бичгийг өнөөдөр аймгийн Засаг даргад хүргүүллээ. Буруу вакцин хийлгэсэн есөн иргэнд шаардлагатай бол эрүүл мэндийн нарийн мэргэжлийн тусламж үзүүлнэ. Вакцин бол амьд бактер. Амьд бактерийг зохих хэмжээнээс 10-30 их тунгаар хийснээр эдгээр иргэд сүрьегээр өвчлөх магадлал маш өндөр болно. Тиймээс газар дээр нь оношилгоо, шинжилгээ хийлгэх шаардлагатай. Шаардлагатай бол эдгээр иргэдийг Улаанбаатарт авчирч нарийн мэргэжлийн тусламж үзүүлнэ. ХӨСҮТ-өөс өгсөн мэдээллээр вакцин андуурч хийсэн анхны тохиолдол болсон байна. Эдгээр иргэдийг Монголд эмчлэх боломжгүй бол Засгийн газрын нөөц сангаас санхүүжилт гаргаж, гадаадад эмчлүүлэх шаардлага үүснэ гэдгийг өнөөдөр Ерөнхий сайдад танилцуулсан. Нөгөө талаар нохойд хазуулсан иргэдэд галзуугийн эсрэг вакцин хийгээгүй учир энэ төрлийн өвчлөл гарах вий гэсэн болгоомжлол бий. 2- 2.5 сарын дараа галзуу өвчний шинж тэмдэг илэрч болзошгүй гэлээ. эх сурвалж:gogo.mn

1 ... 95 96 97 98 99 100 101 102 103 ... 295