НЭГҮҮН МЭДЭЭ
НББХ: Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийн талаарх сайдын мэдээллийг сонслоо

Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хороо өнөөдөр (202 5.0 5 . 27 ) хуралдаж, Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийн талаарх Эрүүл мэндийн сайдын мэдээллийг сонсов. Хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа даргалан явууллаа. Манай улсад 2020 оны байдлаар эхийн эндэгдэл 100,000 эхийн 39.5, 2021 оны байдлаар нярайн эндэгдэл 1000 амьд төрөлтөд 7.5, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 1000 хүүхдэд 14.7, мөн 2021 оны байдлаар сүрьеэгийн 100,000 хүнд ногдох өвчлөлийн түвшин 428, 2019 оны байдлаар зүрх судасны өвчин, хорт хавдар, чихрийн шижин болон амьсгалын замын архаг өвчнөөр нас барах 30-70 насныхны магадлал 35 хувь, дотоод болон гадаад орчны агаарын бохирдлоос шалтгаалсан нас баралт 100,000 хүнд 214.7, зам тээврийн ослын шалтгаант нас баралт 10,000 хүнд 21 байжээ. 2022 оноос хэрэгжүүлж буй урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг, шинжилгээ, оношилгоонд энэ сарын 22-ны өдрийн байдлаар 1,6 сая гаруй хүн хамрагдсан нь нийт хамрагдвал зохих хүн амын 49.5 хувийг эзэлж байгаа ажээ. Эрт илрүүлгийн дүнгээр 1,4 сая хүн ямар нэг өвчлөлийн сэжигтэй гэж бүртгэгдсэн бөгөөд өвчлөлийн сэжигтэй тохиолдлын 54.4 хувь нь хоол боловсруулах, 15.3 хувь нь дотоод шүүрэл, тэжээлийн ба бодисын солилцооны, 9.8 хувь нь шээс, бэлгийн, 7.4 хувь нь зүрх судасны, 3.2 хувь нь амьсгалын тогтолцооны өвчлөлүүд байна. 0-17 насны хүүхдийн дунд шүд цооролт 78 хувийг эзэлжээ. Түүнчлэн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангийн сурагчдыг хамруулсан үзлэг шинжилгээнд нийслэлийн 40,753 хүүхдийн 90, орон нутгийн 38,728 хүүхдийн 84 хувь нь хамрагдсан бөгөөд шүдний цоорол нийслэлийн хүүхдүүдийн 79.3 хувь, орон нутагт 71.0 хувьд, харааны өөрчлөлт нийслэлд 20.4, орон нутагт 15 хувьд нь илэрсэн байна. Мөн Улаанбаатар хотын хүүхдүүдийн 21.3 хувьд зүрхний цахилгаан бичлэгийн өөрчлөлт илэрчээ. Эрт илрүүлгийн үзлэгт зорилтот бүлгийн хүн амыг хамруулах үүднээс цаашид ургийн хромосомын гажиг, нярайн цогц эрт илрүүлэг-скрининг, сургуульд, ажлын байранд суурилсан болон хорт хавдрын гэсэн чиглэлээр явуулахаар ажиллаж байгаа тухай Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан мэдээлж, “Дархлаажуулалтын үндэсний товлол”-ыг Засгийн газар 2023 онд шинэчилж, 0-15 насны хүүхдүүдэд 13 халдварын эсрэг есөн төрлийн вакцин хийж буй бөгөөд энэ сарын байдлаар улсын хэмжээнд нийт 50,000 хүүхдийг хүний папиллома вирусийн халдварын эсрэг дархлаажуулалтад хамруулсан талаар дурдлаа. Эрүүл мэндийн яамнаас 2024 онд “Хүн амын хоол тэжээлийн Үндэсний VI судалгаа” хийсэн байна. Судалгаагаар Д аминдэмийн дутал тав хүртэлх насны хүүхдийн 48 хувь, жирэмсэн эмэгтэйчүүдийн 76 хувь, цус багадалт тав хүртэлх насны хүүхдийн 21.3 хувь, эхчүүдийн 16.3 хувь, жирэмсэн эмэгтэйчүүдийн 22.3 хувь, төмөр дутал 6-59 сартай хүүхдийн 6,1 хувь, жирэмсэн эмэгтэйчүүдийн 13,6 хувьд илэрсэн байна. Эрүүл мэндийн сайдын мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат, С.Эрдэнэбат, Д.Ганмаа, О.Саранчулуун, С.Зулпхар, М.Ганхүлэг, Б.Бейсен, А.Ариунзаяа нар асуулт асууж, хариулт авлаа. Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат мөрийтэй тоглоомонд донтох явдалтай хэрхэн тэмцэж байгааг болон эмнэлгүүдэд томилогдож очсон дарга нар эмч, мэргэжилтнүүдийг халж, сольж бужигнуулдаг байдлыг яаж засаж залруулах талаар хөндсөн бол Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат мөн энэ асуудлыг дурдсаны дээр ерөнхий боловсролын сургуулийн эрүүл мэндийн хичээлийн агуулга, хөтөлбөрийг шинэчлэх, цаг, чанарыг нэмэгдүүлэх, электрон тамхины хор уршгийг судлах, мөн хуульд тухайлан тусгасан хөдөлмөрийн эрүүл мэндтэй холбоотой зохицуулалтыг хэрэгжүүлэх, энэ асуудлаар сангийн зарцуулалт, зориулалтын талаар асууж хариулт авсан юм. Улсын Их Хурлын гишүүн Д.Ганмаа сайдын мэдээлэлд дурдагдсан ажлуудын агуулга, үр дүн, тоон мэдээллийг тайлагнаагүй, ихэнх нь хийгдээгүй буюу ирээдүй цаг дээр байгаад харамсаж байгаагаа илэрхийлээд, Ерөнхий сайд санаачлан нийт хүн амаа бүрэн хамруулж явуулахаар эхлүүлсэн эрт илрүүлэг, үзлэгийн үр дүнг нэгтгэж, нийгмийн өвчлөлийн статусыг тодорхойлох, дата бааз бий болгох зорилтыг бүрэн дуусгах шаардлагатай гэсэн юм. Мөн тэрбээр “Эрт ирүүлэг 2”-ын зорилтот бүлгүүд дотор ажилгүйчүүд, малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид орхигдож байгааг анхаарууллаа. Нийгмийн эрүүл мэндийн Үндэсний зөвлөл яагаад ажиллаж эхлээгүй байгааг Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун асууж, Эрүүл мэндийг дэмжих Засгийн газрын тусгай сангийн санхүүжилтийн хэдэн хувь нь нийгмийн эрүүл мэндэд зориулагдаж байгаа, нийт эрүүл мэндийн үйлчилгээний өртөг зардлын хэдэн хувь нь нийгмийн эрүүл мэндийн үйлчилгээнд оногдож байгаа, энэ төрлийн тусламж үйлчилгээнийт стандарт, хэрэгжилтийн үнэлгээний үзүүлэлтүүдийг асууж, бодлого, үйл ажиллагаанд шинжлэх ухаанчаар, судалгаа тооцоотой хандах шаардлагатайг зөвлөсөн юм. Мөн Улсын Их Хурлын гишүүн С.Зулпхар нийгмийн эрүүл мэндийн тогтолцооны удирдлага, зохион байгуулалт ямар байх, орон нутагт ямар бүтэцтэй ажиллах, 2025 оны төсөв, түүний хэрэгжилтийн байдал, “Эрт илрүүлэг 2”-ын зардал санхүүжилт болон удирдлага, зохион байгуулалтын талаар асуув. Улсын Их Хурлын гишүүн М.Ганхүлэг үзлэг, үйлчилгээнд оюутнууд, хувиараа нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаа иргэд, малчдыг хамруулахад анхаарал хандуулж ажиллахыг зөвлөөд, иргэдэд амьдралын зөв хэв маяг, эрүүл, чанартай хоол хүнс, дасгал хөдөлгөөний талаар хэрхэн сурталчилж ажилласныг асууж, хариулт авсан бол Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен Эрүүл мэндийн сайдын мэдээлэл хуучирсан, хууль батлагдсанаас хойш ажил хийгдээгүй, яамны холбогдох хүмүүс нийслэл, дүүргээс мэдээлэл цуглуулж нэгтгэн дүгнээгүй байгааг шүүмжилсэн юм. Х у ралдааныг даргалан явуулсан Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа хуулиар тодорхойлсон нийгмийн эрүүл мэндийн тухай ойлголт, үүрэг, зорилгын талаар дурдаад, хувь хүн, хамт олон, байгууллага, салбар хоорондын зохицуулалттай судалгааны үр дүн нотолгоонд суурилсан нийтээр хэрэгжүүлэх цогц арга хэмжээ болохыг онцолж, өдөрт гурван хүн архи, согтууруулах ундаанд хордож нас барж байгаагийн шалтгааныг судалсан эсэх талаар асуусан юм. Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Улсын Их Хурлын гишүүдийн асуултанд хариулахдаа нийгмийн сэтгэл зүйн үйлчилгээг бусад эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний нэгэн адил төвлөрсөн байдлаар үзүүлж байгаа учир дутагдалтай тул аймаг, дүүргүүдэд Нийгмийн эрүүл мэндийн төвүүдийг байгуулахаар ажиллаж байгааг онцолж, эхний ээлжинд Хан-Уул дүүрэг, Өмнөговь аймагт жишиг төвүүд байгуулагдсаныг мэдээлсэн юм. Сүүлийн жилүүдэд ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, эмэгтэйчүүдийн тамхидалт маш их нэмэгдсэнийг статистик мэдээ татан өгүүлж, электрон тамхи хор хөнөөлгүй, утаат тамхинаас гараха тусална гэж сурталчилж байгаа боловч утаат тамхины хэрэглээ буураагүй болохыг дурдав. Цахилгаан бараа гэсэн ангиллаар хил, гаальд мэдүүлдэг электрон тамхийг зохих ангилалд оруулахаар ажиллаж байна гэсэн мэдээллийг Эрүүл мэндийн сайд өгч, Боловсролын яамтай хамтран эрүүл мэндийн боловсрол олгогч багш бэлтгэх хөтөлбөр боловсруулж, анги нээн, эхний 30 оюутныг элсүүлсэн талаар танилцуулсан юм. Мөн Эрүүл мэндийн яамны Нийгмийн эрүүл мэндийн бодлогын газрын Халдварт өвчний хэлтсийн дарга Д.Баярболд салбарын нийт төсөв санхүүжилтийн 5.0 хувь нь нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд зориулагдаж байгааг мэдээлж, 44 000 эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн ердөө 2.8 хувь нь энэ чиглэлээр ажиллаж байгаа гэдгийг дурдлаа. Аймгуудад зоонозийн төвүүдийг түшиглэн Нийгмийн эрүүл мэндийн төвүүдийг байгуулахаар ажиллаж байгааг тэрбээр танилцуулж, орон тоог нэмэгдүүлэх шаардлага байгаа гэдгийг онцлов. Дараа нь Улсын Их Хурлын гишүүд Эрүүл мэндийн сайдын хийсэн мэдээлэлтэй холбогдуулан үг хэлэв. Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат нийгмийн эрүүл мэндийн асуудлы цогцоор нь авч үзэхийн зэрэгцээ олон нийт, холбогдох мэргэжлийн байгууллагыг татан оролцуулах, архидалт, чихэрлэг ундааны хэрэглээтэй татварын бодлогоор тэмцэх нь зүйтэй гэсэн байр сууриа илэрхийлж, хүүхдийн хүнсний болон сургуулийн орчны эрүүл ахуй, цахим орчин, нийгмийн сүлжээний аюулгүй байдал гэх олон асуудалд анхаарах шаардлагатайг дурдав. Улсын Их Хурлын гишүүн Д.Ганмаа салбар хоорондын хамтын ажиллагаа, цогц үйл ажиллагааг Эрүүл мэндийн яам манлайлж, мэдээллийн ил тод, нээттэй байдлыг хангаж ажиллах, судалгаа тооцоонд суурилсан оновчтой бодлого хэрэгжүүлэх, нийгмийн эрүүл мэндийн суурь өгөгдөл, датаг бий болгож, түүндээ үндэслэн шинжлэх ухаанчаар ажиллах нь зүйтэй гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун төр, засгийн шийдвэр, бодлого, үйл ажиллагаа хойшлох нь ард иргэдэд асар их дарамт учруулдаг гэдгийг ахааруулж, мэдээлэл, тайланд иргэдийн эрүүл мэнд дээшлээд байгаа тухай дурддаг ч бодит нөхцөл байдал улам муудсаар байгааг анхаарууллаа. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхтуяа нийгмийн эрүүл мэндийн байдал ард иргэдийн амьжиргаа, улс орны эдийн засгийн нөхцөлтэй холбоотой гэж үзэж байгаагаа тэмдэглэн ядуурлыг бууруулж, дундаж давхаргаа тэлэхгүйгээр бид үр дүнд хүрэнхгүй гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен энэ ажил хэдийгээр олон салбарын оролцоотой хийгдэх боловч үүрэг хариуцлагын 80 хувь нь Эрүүл мэндийн яаманд хамаарна гэв. Тэрбээр нийгмийн эрүүл мэндийн тогтолцоо, бүтэц, бүрэлдэхүүн хангалттай хүрэлцэхүйц бүрдсэн гэж үзэж буйгаа хэлээд, өрхийн эмнэлэг, сургуулийн нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтнүүдээс эхлээд нийгмийн эрүүл мэндийн хэлтсүүдээр зохих хэмжээнд ажил хийгдэж байгааг яам нэгтгэн зангидаж, мэдээ мэдээллээ гүйцэт авахгүй байгааг анхаарч ажилла шаардлагатай гэлээ. Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа бүс нутгийн онцлог, зонхилох өвчлөл зэрэгт тохируулж ажиллах, сэрэмжлүүлэг мэдээллийг зөв, оновчтой томъёолж, хамаарах бүс нутаг, зорилтот бүлэгт чиглүүлж байх, нийгмийн эрүүл мэнд эд сөргөөр нөлөөл ж байгаа хүчин зүйлсийг судалж, тэдгээрийн өөр хооронд ын нөлөөл лийг тогтоож ажиллах шаардлагатайг дурдан, нотолгоонд суурил ж зам тээврийн осол, хүүхдийн х үнс тэжээлийн хүрэлцээ, эрүүл ахуйг сайжруулах, архи, согтууруулах ундааны борлуулалт, хэрэглээ г бууруулах зэрэг бодитой асуудлуудыг шийдвэрлэж ажиллах зөвлөв. Тэрбээр энэ асуудлаар Байнгын хорооны ажлын байгуулах санал гаргахаа илэрхийлэв гэж Улсын Их Хурлы Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл хуулийн төслүүдийг өргөн мэдүүллээ

Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл Арилжааны тухай, Төлбөрийн чадваргүйдлийн тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, шийдвэр гүйцэтгэгчийн эрх зүйн байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийг өнөөдөр /2025.05.27/ өргөн мэдүүллээ. Арилжааны тухай хуулийн төслийн талаар: Монгол Улсад арилжаа эрхлэгчдийн арилжааны үйл ажиллагаатай холбоотой харилцааг цогц байдлаар, бусад субъект хоорондын харилцаанаас онцлон зохицуулсан хууль тогтоомж батлагдаагүй байна. Иймд арилжааны эрх зүйн онцлог, нарийвчилсан бусад зохицуулалтуудыг судлан тодорхойлох хэрэгцээ, шаардлага үүссэн. Арилжааны хуулийн хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судлах судалгаагаар бие даасан арилжааны хууль батлах нь зүйтэй хэмээн зөвлөсөн бөгөөд хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийг 2019 онд Хууль зүй, дотоод хэргийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанкны төлөөлөл, хувийн эрх зүйн судлаач, шүүгч, өмгөөлөгч зэрэг гишүүдийн бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан байна. Хуулийн төслийг боловсруулахтай холбоотойгоор ажлын хэсгийн гишүүдийг сургалтад хамруулсан бөгөөд Хууль зүй, дотоод хэргийн яамны захиалгаар холбогдох судалгаануудыг хийлгэсэн болохыг О.Алтангэрэл сайд танилцуулсан. Арилжааны тухай хуулийн төсөл нь анхдагч хуулийн төсөл бөгөөд 22 бүлэгтэй, 137 зүйлтэй юм байна. Төсөлд арилжааны эрх зүйн зарчим, арилжааны хууль тогтоомжийг хэрэглэх журам, арилжааны эрх зүйн харилцаан оролцогч буюу арилжааны үйл ажиллагаа эрхэлдэг арилжаа эрхлэгч, насанд хүрээгүй буюу 14-18 хүртэлх насны хувь хүн арилжааны үйл ажиллагаа эрхлэх, арилжааны бүртгэлд сайн дурын үндсэн дээр бүртгүүлснээр арилжаа эрхлэгч болох этгээдүүд, жижиг арилжаа эрхлэгч зэрэг ойлголтын талаарх зохицуулалтуудыг тусгажээ Мөн арилжааны бүртгэлийн ойлголт, тогтолцоо, хувиараа арилжаа эрхлэгчийн бүртгэл буюу төрөлжсөн бүртгэлийн талаар, арилжааны бүртгэлийн үр дагавар (позитив болон негатив), арилжааны нэр, шударга бусаар бусдын арилжааны нэрийг ашиглахыг хориглосон зохицуулах нь зүйтэй хэмээн үзэж, төсөл санаачлагч төсөлд холбогдох зохицуулалтыг тусгасан гэв. Үүний зэрэгцээ эрх нь зөрчигдсөн этгээдүүдийн эрх, арилжааны нэрийг бусдад ашиглуулах, шилжүүлэх, өв залгамжлуулах тохиолдол, арилжааны үйл ажиллагаанд төлөөлөх бүрэн эрх, түүний хязгаарлалт, арилжааны төлөөлөгч, арилжааны зуучлагч, арилжааны хэлцлийн нийтлэг зохицуулалт болон бусад гэрээний тусгайлсан зохицуулалтыг тусгасан байна. Төсөл дэх зохицуулалтууд нь одоо мөрдөгдөж буй Иргэний хуулиар зохицуулагддаг тул энэ хүрээнд Иргэний хуульд холбогдох нэмэлт, өөрчлөлтийг оруулах шаардлага үүссэн гээд дэлгэрэнгүй мэдээллийг Хууль зүй, дотоод хэргийн сайд өглөө. Хуулийн төслийг Хууль тогтоомжийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасны дагуу багцлан боловсруулсан бөгөөд төслийг олон нийтэд танилцуулахаар эрдэмтэн, судлаачид, төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн төлөөллийг оролцуулан хэд хэдэн хэлэлцүүлгийг зохион байгуулжээ. Мөн Хууль зүй, дотоод хэргийн яамны www.mojha.gov.mn албан ёсны цахим хуудаст хуулийн төсөл, танилцуулга, англи хэлээрх хувилбар болон холбогдох бусад судалгааг байршуулан иргэд, олон нийт судалж, танилцан, санал өгөх боломжоор хангаж ажилласан байна. Төлбөрийн чадваргүйдлийн тухай хуулийн төслийн талаар: Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 181 дүгээр тогтоолоор батлагдсан Монгол Улсын хууль тогтоомжийг 2028 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлийн 38-д хуулийн этгээдийн төлбөрийн чадвартай эсэхийг тогтоох, төлбөрийн чадваргүйдлийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх, төлбөрийн чадваргүйдлийн ажиллагаа эхлүүлэх, нэхэмжлэлийн шаардлага гаргах, түүнийг хангах, хэрэг гүйцэтгэгчийн эрх хэмжээ, түүнийг томилох, чөлөөлөхтэй холбоотой зохицуулалт, үүрэг гүйцэтгүүлэгчдийн хурал, түүний эрх хэмжээ, төлбөрийн чадваргүй хуулийн этгээдийг дахин зохион байгуулах, татан буулгахтай холбогдсон харилцааны зохицуулалтыг боловсронгуй болгох зорилтын хүрээнд Дампуурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тусгасан. Дампуурлын тухай хууль 1997 онд батлагдсан бөгөөд зарчмын шинжтэй бие даасан өөрчлөлт ороогүй 28 дахь жилдээ хэрэгжиж байгаа аж. Уг хуулийг хэрэглэх, хэрэгжүүлэх явцад практикт зарим хүндрэл гарч байгаа бөгөөд хуулийг төлбөрийн чадваргүйдлийн харилцааны олон улсын чиг хандлагад нийцүүлэн шинэчлэн сайжруулах шаардлагатай талаар дотоод, гадаадын судалгааны байгууллагуудын дүгнэлт, олон улсын байгууллагын санал зөвлөмжүүдэд дурдсан бөгөөд үүний дагуу Дампуурлын тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийж, уг хуулийг шинэчлэн найруулах нь зүйтэй гэсэн дүгнэлт гарсан байна. Эдгээр шаардлагыг үндэслэн Дампуурлын тухай хуулийг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн өнөөгийн аргачлал, стандарт, зарчмын дагуу шинэчлэн боловсруулан, зарчмын шинжтэй өөрчлөлтүүдийг тусгажээ. Хуулийн төслөөр хуулийн этгээдийн төлбөрийн чадвартай эсэхийг тогтоох, төлбөрийн чадваргүйдлийн ажиллагаа эхлүүлэх, төлбөрийн чадваргүй хуулийн этгээдийг дахин хөрөнгөжүүлэх, татан буулгах, төлбөрийн чадвартай боловч санхүүгийн хүндрэлд орж, төлбөрийн үүргээ зогсоосон хуулийн этгээдэд төлбөрийн чадваргүйдлээс урьдчилан сэргийлэх бүтцийн өөрчлөлт хийхтэй холбоотой харилцааг зохицуулах аж. Банкны системийн онцлогоос шалтгаалан банкны дампуурлын асуудлыг банкны хуулиар зохицуулахаар, салбарын онцлогоос шалтгаалан даатгал, банк бус санхүүгийн байгууллага зэрэг санхүүгийн байгууллагын хувьд тэдгээрийн төлбөрийн чадваргүйдэлтэй холбоотой нарийвчилсан харилцааг тус тусын хуулиар, нийтлэг харилцааг энэ хуулиар зохицуулахаар тусгажээ. Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Дампуурлын тухай хуулийн дагуу төлбөрийн чадваргүйд тооцох үндэслэлийг хуулийн этгээдийн өөрийн хөрөнгөтэй холбож тодорхойлсныг олон улсын жишигт нийцүүлэн өөрчилж төлбөрийн чадваргүйд тооцох үндэслэлийг бэлэн мөнгөний урсгал болон балансын аргын хосолсон аргачлалаар тооцохоор төсөлд тусгасан байна. Дампуурлын тухай хуулиар нэхэмжлэлийн шаардлагыг баталгаажуулах ажиллагааны талаар нарийвчлан зохицуулаагүйгээс нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэлгүйгээр нэмэгдүүлэх сөрөг практик үүссэн бөгөөд үүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор нэхэмжлэлийн шаардлага гаргах, түүнийг баталгаажуулах, шаардлагыг хангуулахтай холбоотой ажиллагааны талаарх зохицуулалтыг бүрэн шинэчилжээ. Мөн төлбөрийн чадваргүй болсон хуулийн этгээдээс авлагатай нэхэмжлэгчдийн эрхийг тэгш хангах, аль болох олон нэхэмжлэгчдийг ажиллагаанд хамруулах зорилгоор нэхэмжлэгч нарт мэдээлэл хүргэх хуулийн зохицуулалтыг өргөн хүрээнд авч үзсэн байна. Мөн дампуурлын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гол оролцогч болох хэрэг гүйцэтгэгчид тавигдах шаардлага, түүний эрх, үүрэг, урамшуулал олгох, томилохтой холбоотой зохицуулалтыг олон улсын жишигт нийцүүлэн шинэчилж, хэрэг гүйцэтгэгчийн эрх зүйн байдлыг тодорхой болгосон байна. Уг хуулийн төсөл нь төлбөрийн чадваргүй болсон хуулийн этгээдийн үйл ажиллагааг зогсоож, татан буулгахаас гадна түүнийг дахин зохион байгуулж, үйл ажиллагааг нь сэргээх, түүнчлэн төлбөрийн чадваргүйдлээс урьдчилан сэргийлэхтэй холбоотой харилцааг зохицуулахад чиглэсэн тул хуулийн нэрийг олон улсын жишгийн дагуу Төлбөрийн чадваргүйдлийн тухай хууль гэж өөрчилсөн гэдгийг сайд О.Алтангэрэл тодотгосон юм. Хуулийн төсөл батлагдсанаар зах зээлийн эдийн засгийн нэг үзэгдэл болох төлбөрийн чадваргүйдлийн асуудлыг зохицуулсан олон улсын жишигт нийцсэн үр дүнтэй эрх зүйн орчин бүрдэж, санхүү, зах зээлийн харилцааны ил тод байдал, хариуцлага сайжрах, эдийн засгийг цэвэршүүлэхэд чухал ач холбогдолтой гэлээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, шийдвэр гүйцэтгэгчийн эрх зүйн байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийн талаар: Монгол Улсын хууль тогтоомжийг 2028 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл, Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт иргэний шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны эрх зүйн орчныг боловсронгуй болгохоор, иргэн, захиргааны шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сайжруулах хууль, эрх зүй, зохион байгуулалтын цогц арга хэмжээг авах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үндэслэл, журмыг тогтоож, олон улсын сайн жишигт хүргэнэ гэж тус тус заасныг үндэслэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх үйл ажиллагаа, шийдвэр гүйцэтгэх байгууллагын тогтолцоо, шийдвэр гүйцэтгэгчийн эрх зүйн байдлыг олон улсын жишигт нийцүүлэх үүднээс Шүүхийн шийдвэр байгууллагын тогтолцоо, шийдвэр гүйцэтгэгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг боловсруулсан хэмээн сайд О.Алтангэрэл танилцууллаа. Хуулийн төслөөр одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг шинэчлэн найруулж, Шүүхийн шийдвэр байгууллагын тогтолцоо, шийдвэр гүйцэтгэгчийн эрх зүйн байдлын тухай, Эрүүгийн болон зөрчлийн хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай, Иргэнийн болон захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн төслүүдийг багцлан боловсруулсан талаар үзэл баримтлалд дурджээ. Хуулийн төсөлд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, тэр дундаа иргэний шийдвэр гүйцэтгэх албыг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны онцлог, олон улсын жишигт нийцүүлж, цэргийн албаны хууль тогтоомж хамаарахгүй, урамшуулалд суурилсан шуурхай, үр дүнтэй тогтолцоог ялгамжтай байдлаар бий болгосон зохицуулалтыг тусгажээ. Тухайлбал, иргэний болон захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хэрэгжүүлэх байгууллага нь цэргиийн байгууллагын статусгүй байхаар, уг байгууллагын албан хаагч нь цалингаас гадна шийдвэр гүйцэтгэх ажиллагааны урамшуулал авахаар төсөлд тусгаж, ингэснээр улсын төсөвт үүсэх зардлыг хэмнэнэ гэж тооцсон байна. Хуулийн төсөлд холбогдох төрийн болон төрийн бус байгууллагаас санал авч, зохих саналыг тусгасан бөгөөд хуулийн төслийн талаарх хэлэлцүүлгийг 4 удаа зохион байгуулж, хэлэлцүүлэгт оролцогчдын санал, хүсэлтийг харгалзан үзэж тусгасан гэдгийг тодотголоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг батлав

Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн /2025.05.26/ нэгдсэн хуралдаан 11 цаг 22 минутад, гишүүдийн 79.4 хувийн ирцтэй эхлэв. Хуралдааны эхэнд Засгийн газраас 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдөр өргөн мэдүүлсэн Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв. Улсын Их Хурлын чуулганы 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулж, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж, санал хэлсэн. Иймд энэ өдрийн хуралдаанаар хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шатруу шилжүүлэх Байнгын хорооны горимын саналаар санал хураалтыг явуулав. Уг саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 82.4 хувь нь дэмжсэн тул үргэлжлүүлэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т “Нэгдсэн хуралдаанд хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулах бөгөөд Улсын Их Хурлын нийт гишүүний олонх дэмжсэн бол эцэслэн баталсанд тооцно.” гэсний дагуу санал хураав. Ингээд Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төсөл тус бүрээр эцэслэн батлах санал хураалтыг явуулахад, Улсын Их Хурлын нийт гишүүдийн олонх дэмжлээ. Дараа нь Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээс чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцсэн. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.2-т “Нэгдсэн хуралдаан эрх бүхий албан тушаалтны санал, холбогдох Байнгын хорооны санал, дүгнэлтийг сонсож нууц санал хураалт явуулж хуралдаанд оролцсон гишүүдийн олонх томилох, чөлөөлөх саналыг дэмжсэн бол энэ тухай тогтоол баталсанд тооцно.” гэсний дагуу санал хураалтыг нууцаар явуулсан. Д.Дэлгэрсайханыг өөрийнх нь гаргасан хүсэлтийн дагуу Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээс чөлөөлөх саналыг дэмжье гэдэг саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Хуралдаан Засгийн газраас 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдөр өргөн мэдүүлсэн, Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгээр үргэлжиллээ. Улсын Их Хурлын чуулганы 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаар хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулж, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн. Өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар хуулийн төслүүдийн талаарх зарчмын зөрүүтэй таван саналаар санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Тухайлбал, Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн 1 дүгээр зүйлд төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэхтэй холбоотойгоор “Олон нийтийн газар, эсхүл мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор төлбөрт таавар, эсхүл бооцоот тоглоом зохион байгуулсан бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэсэн, мөн мөрийтэй тоглоом, төлбөрт таавар, бооцоот тоглоомыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэхтэй холбоотой “Мөрийтэй тоглоом, эсхүл төлбөрт таавар, эсхүл бооцоот тоглоомыг зохион байгуулах гэмт хэргийн үйлдэлд өөрийн, эсхүл бусдын нэр дээрх төлбөр тооцооны данс, цахим мөнгө, виртуал хөрөнгө, харилцаа холбооны сүлжээний дугаар, цахим тодорхойлогчийг удаа дараа ашиглуулах замаар дэмжлэг үзүүлсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.”” хэмээх 20.18, 20.19 гэсэн зүйл нэмэх Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг, Г.Уянгахишиг нарын саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Ингээд хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн. Үргэлжлүүлэн баталсан хууль, тогтоолын эцсийн найруулгыг сонслоо. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.3.-т Улсын Их Хурал энэ хуулийн 46.1.2-т заасан хууль, тогтоолын эцсийн найруулгатай танилцаж ёсчлохыг зөвшөөрөх гэсний дагуу Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төслийн эцсийн найруулгыг сонсов. Хуралдааны эцэст Засгийн газраас 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Энэ талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн М.Бадамсүрэн танилцуулсан. Тус Байнгын хороо 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаараа тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 66 дугаар зүйлд заасныг баримтлан явуулсныг дурдахын зэрэгцээ Байнгын хороо 2025 оны 05 дугаар тогтоолоороо “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн М.Бадамсүрэнгээр ахлуулж, Улсын Их Хурлын гишүүн Д.Батбаяр, Р.Батболд, О.Батнайрамдал, Ш.Бямбасүрэн, Г.Ганбаатар, Г.Лувсанжамц, Б.Мөнхсоёл, Г.Очирбат, Л.Соронзонболд, Д.Энхтүвшин нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулан ажилласныг танилцуулгадаа онцлов. Мөн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.9 дэх хэсэгт заасны дагуу ажлын хэсэг тогтоолын төслийг Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хууль, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого батлах тухай, “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” тогтоол болон холбогдох бусад хууль тогтоомж, эрх зүйн баримт бичигт нийцүүлэн зарчмын зөрүүтэй 101 санал бэлтгэснийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гээд бусад Байнгын хороод тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан талаарх санал, дүгнэлтийг дэлгэрэнгүй танилцуулав. Ингээд Улсын Их Хурлын тогтоолын төслийн талаар гишүүд асуулт асууж, хариулт авсан. Гишүүдийн зүгээс “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн шалгуур үзүүлэлтийн хэмжих нэгж нь тодорхойгүй, Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан арга хэмжээг хөгжлийн төлөвлөгөөнд тусгаагүй шалтгааныг лавласан. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Д.Бум-Очир Монгол Улсын 2026 оны хөгжлийн төлөвлөгөөнд сургууль, цэцэрлэгийн тоог нэмэгдүүлж, нийтдээ 2.8 их наяд төгрөгийн зардал төсөвлөгдөхөөр тусгасан нь сайн хэрэг ч, үүнтэй холбоотой багшийн дутагдлыг хэрхэн нөхөх талаар лавлав. Тэрбээр өнгөрсөн жил 4000 гаруй багш дутагдалтай байсан бол энэ жил 5543 гэсэн тооцоо гараад байна. Иймд хөгжлийн төлөвлөгөөнд багшийн дутагдлыг хэрхэн, яаж нөхөх талаар тодорхой тусгасан эсэх, боловсролын зээлийн сангийн журамд өөрчлөлт оруулан төрийн албан хаагчдыг гадаад, дотоодод бэлтгэх бодлогод багш нарыг хамруулсан талаар тодруулав. Боловсролын сайд П.Наранбаяр хариултдаа, Багш мэргэжлээр үнэгүй сургах ажлыг эхлүүлэхдээ таван жил багшлуулсны дараагаар түүнийг нь тэтгэлэг болгож хувиргахаар зохицуулсан. Мөн Боловсролын зээлийн сангийн журамд өөрчлөлт оруулж төрийн албан хаагчдыг гадаад, дотоодод бэлтгэх иж бүрэн бодлогод багш нарыг хамруулсан. Түүнчлэн өнөөдөр багшлах боловсон хүчний асуудлыг шийдэх язгуур асуудал нь үндсэн цалин, урамшууллыг өсгөх явдалтай холбоотой байна. Өнөөдөр багшийн сарын үндсэн цалин 1 сая 485 мянган төгрөг байгаа тул үүнийг өсгөх бодлогыг л хийж байж, энэ салбарт чадварлаг хүмүүс ажиллах хандлага тогтоно гэж байлаа. Мөн тэрбээр, багш нарыг ипотекийн зээлийн орон сууцаар бүрэн хангах, ялангуяа орон нутагт багшлах боловсон хүчний орон сууцны асуудлыг шийдвэрлэх нь хамгийн чухал ажил болоод байна. Эдгээр ажлуудыг “Боловсролыг дэмжих жил”-ийн хүрээнд цогцоор нь шийдвэрлэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байна. Түүнчлэн багшлах эрхийн үнэмлэхтэй атлаа мэргэжлээрээ ажиллахгүй байгаа эсвэл, тэтгэвэртээ суусан багш нарыг буцаад урьж ажиллуулах, их дээд сургуулийн IV дамжааны оюутнуудыг мэргэжлээр нь ажиллуулахад анхаарч, холбогдох ажлуудыг хийж байна хэмээв. Дараа нь Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга Монгол Улсын 2026 оны хөгжлийн төлөвлөгөөнд аж үйлдвэр, эрдэс баялгийн салбарт өндөр технологийн түүхий эд болох газрын ховор элементийн хайгуул, эрлийн ажлыг эрчимжүүлж, геологийн нөөцийг нэмэгдүүлж, ашигт малтмалын хайгуул болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн олголтыг сайжруулахаар тусгасныг дурдлаа. Тэрбээр, төлөвлөгөөнд тусгасан дээрх ажлуудын гүйцэтгэл нь Ашигт малтмалын тухай хуулийн хэрэгжилтээс шалтгаална. Гэвч өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Ашигт малтмалын тухай хууль нь 2006 онд шинэчилэн найруулсан тул үүнийг сайжруулах шаардлагатай холбогдох хуулийн төслийг салбарын яам хэзээ өргөн мэдүүлэхээр төлөвлөж буйг лавлав. Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Эрдэс баялгийн бодлогын газрын дарга Г.Намчинсүрэн, Улсын Их Хурлын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн хүрээнд салбарын яамны Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан дэд ажлын хэсэг байгуулагдаад хуулийн төслийн үзэл баримтлал, төсөл боловсруулах хэрэгцээ, шаардлагын талаар танилцуулаад явж байна. Энэ 7 хоногт тодорхой түвшинд ажиллаад Улсын Их Хурлын гишүүдээс гаргасан саналуудыг тусган ажлын хэсэгт хүргүүлнэ гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна хэмээн хариулсан. Ингээд тогтоолын төслийн талаарх ажлын хэсэг, Байнгын хороод болон Улсын Их Хурлын гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй 141 санал бүрээр санал хураалтыг явуулсан бөгөөд саналын томьёоллуудаар санал хурааж дуусах хүртэл чуулганы нэгдсэн хуралдааны ажлын цагийг сунган хуралдсан юм. Тухайлбал, төслийн 2 дугаар хавсралтын “1.9.1.3.Улаанбаатар-Лүн чиглэлийн 101.7 км авто замыг 4 эгнээ болгон өргөтгөн шинэчлэх” гэсэн төсөл, арга хэмжээ”-ний “4 эгнээ” гэснийг “6 эгнээ” гэж өөрчлөх, т өслийн 1 дүгээр хавсралтын 3.2 дахь хэсэгт “Ховд аймаг, Булган сум, Булган боомтын үйл ажиллагааны хүчин чадлыг нэмэгдүүлэх бэлтгэл хангана.” гэсэн 3.2.6 дахь заалт нэмэх ажлын хэсгийн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Түүнчлэн “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө”-нд туссан арга хэмжээний хэмжих нэгж, шалгуур үзүүлэлтийг зассантай холбоотой саналуудаар санал хураалтыг үргэлжлүүлсэн. Тодруулбал, төслийн 1 дүгээр хавсралтын 2.1 дэх хэсэгт “Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг гадаад болон дотоодын тэмцээн, уралдаанд оролцох боломжоор хангах, дэмжлэг үзүүлэх, санхүүжилтийг нэмэх.” гэсэн 2.1.16 дахь заалт нэмэх ажлын хэсгийн санал дэмжигдсэн. Үргэлжлүүлэн бусад Байнгын хороо, гишүүдээс гаргасан дэмжигдсэн, дэмжигдээгүй саналын томьёоллоор санал хураалтыг явуулав. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргалын төслийн 1 дүгээр хавсралтын 3.4 дэх хэсэгт “Атар-4 тариалангийн тогтвортой хөгжлийн аяны хүрээнд баруун бүс нутгийн өмнөх түвшиндээ хүрч чадахгүй байгаа газар тариалан, гурилын үйлдвэрийг сэргээн хөгжүүлэхэд төрийн бодлогыг чиглүүлж, үйлдвэрлэл, хангалтыг нэмэгдүүлэх суурийг тавих”, “Хүн амын хүнсний гол нэр, төрлийн бүтээгдэхүүн хүнсний түүхий эд улаан буудайн стратегийн нөөцийг бүрэн бүрдүүлэх.” гэсэн 3.4.10, 3.4.12 дахь заалт нэмэх саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжлээ. Мөн Улсын Их Хурлын гишүүн М.Ганхүлэг төслийн 1 дүгээр хавсралтын 2.1 дэх хэсэгт “Малчин залуу-манлайлагч арга хэмжээг үргэлжүүлж, малчид хоршоологчдод мал аж ахуйн гаралтай түүхий эд, бэлтгэлийн үйл ажиллагаанд бүс нутаг, олон улсын стандартыг нэвтрүүлэхэд шаардлагатай мэдлэг эзэмших, орчин үеийн тоног төхөөрөмж ашиглах ур чадварыг гадаад улсад олгоход чиглэсэн төслийг хэрэгжүүлнэ.”, төслийн 1 дүгээр хавсралтын 3.4 дэх хэсэгт “Малын гаралтай түүхий эдийн бэлтгэлийн үе шат бүрд стандарт нэвтрүүлж, мал аж ахуйн салбарын кластерийн тогтолцоог бодлогоор дэмжин бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлнэ” гэсэн заалт нэмэх санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжих нь зүйтэй гэж үзэв. Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Л.Энхнасангийн төслийн 1 дүгээр хавсралтын 2.2 дахь хэсэгт “Эрэгтэйчүүдийн эрүүл мэндийг дэмжих, тэдэнд хүрэх тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулан, гэнэтийн осол, гадны шалтгаант нас баралтыг бууруулж, дундаж наслалтыг нэмэгдүүлнэ.” гэсэн 2.2.7 дахь заалт нэмэх, Улсын Их Хурлын гишүүн Ж.Баярмаагийн төслийн 1 дүгээр хавсралтын 4.1 дэх хэсэгт “Даргын эрх мэдлийг баталгаажуулсан байгууллагын хуулийг өөрчилж, иргэнд үйлчлэх албаны хууль болгон шинэчлэх ажпыг эрчимжүүлнэ.” гэсэн 4.1.5 дахь заалт нэмэх саналуудыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжсэн. Ийнхүү "Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Александр Ван дер Белленд бараалхав

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Монгол Улсад төрийн айлчлал хийж буй Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Александр Ван дер Белленд өнөөдөр (2025.05.26) бараалхлаа. Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Монгол, Австрийн хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш 62 жилийн дараа Бүгд Найрамдах Австри Улсын Төрийн тэргүүний манай улсад хийж буй төрийн айлчлал нь хоёр орны харилцааны түүхэнд анх удаа хэрэгжиж буйг онцолж, айлчлалын үр дүнд хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэх чухал ач холбогдолтойг тэмдэглэлээ. Тэрбээр ардчилал, хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх ёс зэрэг нийтлэг үнэт зүйлтэй манай хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа өргөжиж байгааг онцолж, Монгол Улсын ардчилал, эрх зүйт төрийн тогтолцоо, парламентын засаглал, чөлөөт эдийн засгийн замналыг Австри Улс дэмжиж, хамтран ажиллаж ирсэнд талархал илэрхийллээ. Хоёр орны харилцааг өргөжүүлэхэд хууль тогтоох дээд байгууллага хоорондын хамтын ажиллагаа чухал бөгөөд үүнд парламент дахь бүлгүүд хоорондын олон талт харилцааг идэвхжүүлэх, цаашдын хамтын ажиллагаа, хэлхээ холбоог эрчимжүүлэхэд чиглэсэн санал, санаачилгыг бодит ажил хэрэг болгож, эрх зүйн үндсийг бүрдүүлэхэд Улсын Их Хурлын зүгээс бүхий л дэмжлэгийг үзүүлж ажиллахаа тодотгов. Түүнчлэн парламентын засаглалыг бэхжүүлж, хүний эрхийг хангасан, нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцсэн, олон нийтэд ойлгомжтой иж бүрэн хууль эрх зүйн тогтолцоог бүрдүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг хөгжүүлэх санал тавилаа. Хоёр улсын парламентад Монгол-Австрийн парламентын бүлэг байгуулагдсан бөгөөд Улсын Их Хурал дахь Монгол-Австрийн парламентын бүлгийн даргаар УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл, дэд даргаар Б.Батбаатар, Х.Болормаа, гишүүдээр Ж.Алдаржавхлан, Ш.Бямбасүрэн, Ц.Мөнхбат, Т.Мөнхсайхан, М.Нарантуяа-Нара, С.Одонтуяа нар ажиллаж байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

“Өсвөрийн парламент-2024" хөтөлбөрт оролцогчид тогтоолын төслөө шийдвэр гаргагчдад хүргэхийг хүслээ

Улсын Их Хурал, Улсын Их Хурлын Тамгын газрын дэргэдэх Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар, НҮБ-ын Хүүхдийн Сан, Монголын скаутын холбоо хамтран үндэсний хэмжээнд зохион байгуулж буй “Өсвөрийн парламент-2024” хөтөлбөрийн өсвөрийн парламент нэгдсэн чуулган өнөөдөр /2025.05.24/ өндөрлөв. Хөтөлбөрийн хаалтын үйл ажиллагаанд Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа, Улсын Их Хурлын Тамгын газрын дэргэдэх Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн захирал Д.Бумдарь, НҮБ-ын Хүүхдийн Сангийн Монгол дахь Шадар суурин төлөөлөгч Ян Му нар болон хөтөлбөрт хамрагдсан 126 хүүхэд, албаны бусад хүмүүс оролцлоо. Хаалтын үйл ажиллагааны эхэнд “Өсвөрийн парламент-2024" хөтөлбөрийн талаар товч танилцууллаа. Тус хөтөлбөр нь 2021 онд “Парламентын боловсрол-уур амьсгалын өөрчлөлт”, 2022 онд “Парламентын боловсрол- эрчим хүчний хэрэглээ, хэмнэлт”, 2023 онд “Эрүүл орчин-эрүүл хүүхэд” гэсэн сэдвийн хүрээнд амжилттай хэрэгжсэн байна. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд тус хөтөлбөрт 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн нийт 500 гаруй хүүхэд хамрагдсан аж. Энэ жил “Өсвөр үе-эрүүл мэнд” сэдвийн хүрээнд болж, хөтөлбөрийн хоёр удаагийн нөлөөллийн ажилд оролцогчид 29 багт хуваагдаж, 17900 өсвөр үеийнхэнд танхимаар, 202.000 хүүхдэд цахимаар, 236 сургуульд хүрч ажилласан гэдгийг танилцуулгад дурдаж байв. Хөтөлбөрийн хаалтын чуулганд Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа мэндчилгээ дэвшүүллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ, Энэ хөтөлбөр нь байгаль орчин, эх дэлхийгээ хайрлах, Монгол Улс эх орныхоо төлөө гэсэн хүсэл, эрмэлзэлтэй 500 гаруй хүүхэд, залуусыг бэлтгэж, амжилттай хэрэгжсэн. Өнгөрсөн жилийн хөтөлбөрийн хаалтын чуулганы үйл ажиллагаанд НҮБ-ын хүүхэд, залуучуудын байгууллагуудын төлөөлөл зорин ирж, хэвлэл мэдээлэл олон нийтийн багийнхан төгсөлтийн бичлэг хийсэн. Энэ хөтөлбөр нь НҮБ-ын Хүүхдийн Сангийн хамгийн амжилттай хэрэгжиж байгаа хөтөлбөрүүдийн нэг болсон гэдгийг онцолж байлаа. Түүнчлэн бидний зүгээс байгаль орчин, эрүүл мэнд, хувь хүний хөгжил, Тогтвортой хөгжлийн зорилгуудын талаарх мэдээ мэдээллүүдийг та бүхнээр дамжуулан үе тэнгийнхэнд чинь хүргэж, хамтдаа хөгжих боломж олгохыг зорьсон хэмээв. Дараа нь НҮБ-ын Хүүхдийн Сангийн Монгол дахь Шадар суурин төлөөлөгч Ян Му мэндчилгээ дэвшүүлсэн. Тэрбээр хэлсэн үгэндээ, Өнгөрсөн хугацаанд хүүхдүүд та бүхэн хоорондоо сайхан танилцаж, олон сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж, илүү их зүйлийг сурч, өөрийгөө таньж мэдэхэд энэхүү хөтөлбөр тусалсан гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв. Мөн Монгол орны өнцөг булан бүрээс хүүхдүүдийн дуу хоолойг нэгтгэж, эрүүл мэнд, сургуулийн аюулгүй байдал зэрэг тулгамдсан асуудлуудын талаар ярилцахаар өсвөр үеийн төлөөлөл болсон та бүхнийг хөтөлбөрт хамруулсан. Хүүхдүүд та бүхэн хоол тэжээл болон сэтгэцийн эрүүл мэнд, агаарын бохирдол, сургуулийн аюулгүй орчин зэрэг тулгамдсан асуудлуудлын талаар яриад зогсохгүй, гаргалгаа шийдэл, шинэлэг санаануудыг дэвшүүлсэн байна. Иймд цаашдаа энэ асуудлуудаа илүү их ярьж, шийдвэр гаргагчдад танилцуулж, үе тэнгийнхэндээ нөлөөлж байхыг уриалж байна гэв. Түүнчлэн өнөөдрийн манлайлагч эл хүүхдүүд ирээдүйд томоохон өөрчлөлт авах авчрах хүмүүс гэдгийг онцолж байлаа. Үргэлжлүүлэн Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн захирал Д.Бумдарь үг хэлэв. Тэрбээр, Багш нь эл хөтөлбөрийн хүрээнд та бүхэнд нэг удаа хичээл орсныг санаж байгаа байх. Улстөрч судлаач хүний хувьд багш нь хүүхэд, залуус та бүхнийг нийгэмдээ зөв оролцоотой, аливаа асуудлыг эргэцүүлэн тунгаах чадвартай иргэн болж, төлөвшөөсэй хэмээн чин сэтгэлээсээ хүсдэг гээд хариуцлагатай, ирээдүйгээ зөв тодорхойлж чаддаг бие даасан зөв оролцоотой иргэн болбол эх орондоо оруулж байгаа хамгийн том хувь нэмэр болно гэдгийг онцлон тэмдэглэв. Хөтөлбөрийн хаалтын үйл ажиллагаа “Миний мөрөөдлийн сургууль” эсээ бичлэгийн уралдааны шагнал гардуулах ёслолоор үргэлжилсэн. Уг уралдаанд нийслэлийн Чингэлтэй дүүргийн 24 дүгээр дунд сургуулийн 11 дүгээр ангийн сурагч М.Агиймаа тэргүүн байр эзэлж, Баянзүрх дүүргийн “Томужин алтернативь” сургуулийн 10 дугаар ангийн сурагч Г.Мишээл, Хэнтий аймгийн “Бор-Өндөр цогцолбор” сургуулийн 11 дүгээр ангийн сурагч А.Дөлгөөнхэрлэн нар удаалжээ. Эдгээр хүүхдүүдийн шагналыг Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа гардуулав. Дараа нь хөтөлбөрт оролцогчдын төлөөлөл болон, парламентын боловсрол хичээлийн багш, сургагч багш нар сэтгэгдлээ хуваалцав. Тухайлбал, “Өсвөрийн Парламент 2024” хөтөлбөрийн нийслэлийн Сүхбаатар дүүргийг төлөөлсөн оролцогч М.Энгүүн, “Өсвөрийн парламент 2024” хөтөлбөрийн зургаан сарын хугацаанд бид зөвхөн олон агуулгыг сурч мэдээд зогсохгүй, дотоод ертөнцөө хамтдаа нээж, бусдад өөрийн чадах хэмжээнд тусалсандаа талархаж байна. Мөн энэхүү хөтөлбөрөөр дамжуулан парламентын боловсрол, өсвөр үеийн эрүүл мэндийн талаар мэдлэг авахын зэрэгцээ өөрсдөө ч анзааралгүй олон эерэг чадвар, ойлголтыг авч, үнэлж баршгүй нөхөрлөл, хэзээ ч мартагдашгүй дурсамжийг бүтээсэн гэж байлаа. Харин Увс аймгийн оролцогч “Эрдмийн эхлэл” сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Л.Эрхэмбаяр “Өсвөрийн парламент 2024” хөтөлбөрийн нэгэн чухал, бага зэргийн гуниг дагуулсан хаалтын өдөр болж байгааг онцлоод нэгдсэн чуулганаа зохион байгуулж, зургаан асуудал хэлэлцэн, өөрсдийнхөө санал, бодлоо тусгасан тогтоолоо амжилттай баталж чадсандаа баяртай байна гэж байлаа. Ингээд "Өсвөрийн парламент-2024” өсвөрийн парламентын нэгдсэн хуралдааны тогтоолыг Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяад хүлээлгэн өглөө хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

“Өсвөрийн парламент-2024" хөтөлбөрийн нэгдсэн хуралдаан болов

Улсын Их Хурал, УИХ-ын Тамгын газрын дэргэдэх Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар, НҮБ-ын Хүүхдийн Сан, Монголын скаутын холбоо хамтран 2021 оноос хойш үндэсний хэмжээнд зохион байгуулж буй “Өсвөрийн парламент-202 4 ” хөтөлбөрийн өсвөрийн парламентын нэгдсэн хуралдаан өнөөдөр (2025.05.24) Төрийн ордонд боллоо. “Өсвөр үе-Эрүүл мэнд” сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж буй энэ удаагийн хөтөлбөрт 800 гаруй хүүхдээс шалгарсан 126 сурагч оролцож байна. 2024 оны өсвөрийн парламентын оролцогчдын 45 нь эрэгтэй, 81 нь эмэгтэй бол 12 нь есдүгээр ангийн , 36 нь аравдугаар ангийн , 78 нь 11 дүгээр ангийн сурагч байгаа юм. “Өсвөрийн парламент-2024” хөтөлбөр зургаан сарын турш үргэлжилж, 21 аймаг, есөн дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн төлөөлөл болсон оролцогчид “Өсвөр үе-Эрүүл мэнд” сэдвийн хүрээнд сурч мэдсэн бүхнээрээ дүүрэг, аймаг, сумандаа нөлөөллийн ажлуудыг хийсэн. Энэ удаагийн өсвөрийн парламент нь Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Хууль зүй, төрийн байгуулалтын байнгын хороо, Нийгэм, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Төсөв, эдийн засгийн байнгын хороотойгоор “Өсвөр үе-Эрүүл мэнд” сэдвийн хүрээнд тус бүрдээ хэлэлцүүлэг өрнүүлжээ. Ийнхүү Байнгын хороодын хуралдаанаас гаргасан саналуудаа нэгтгэн “ Өсвөрийн парламент-2024” өсвөрийн парламентын нэгдсэн хуралдааны тогтоолын төслийг боловсруулсан байна. Нэгдсэн хуралдаанаар энэхүү төслөө хэлэлцэн, баталлаа. Өсвөрийн парламентын өнөөдрийн нэгдсэн хуралдааныг “Өсвөрийн парламент-2024” хөтөлбөрийн дарга, Увс аймгийн оролцогч Л.Эрхэмбаяр болон Хан-Уул дүүргээс оролцогч, дэд дарга С.Сономдулам нар удирдав. “ Өсвөрийн парламент-2024” өсвөрийн парламентын нэгдсэн хуралдааны тогтоолын төсөлд таван асуудлыг тусгасан бөгөөд заалт бүрийг дэлгэрэнгүй танилцуулж, тухайн заалтад тусгах саналаа оролцогчид илэрхийлж байв. Хөтөлбөрийн энэ удаагийн оролцогчид нэн тэргүүнд ерөнхий боловсролын сургуулийн дунд, ахлах ангийн сурагчдад эрүүл хоол хүнсээр үйлчлэх нөхцөлийг бүрдүүлэх нь чухал хэмээн үзэж, төслийн 1 дүгээр заалт болгон томьёолжээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн оролцогч А.Түвшинбаяр сургууль бүр орчиндоо хүнсний ногоогоо зохих хэмжээгээр тарьж, үдийн цайндаа хэрэглэхийн сацуу эрүүл мэнд, хими, биологийн хичээлийн дадлагыг хийх нөхцөл бүрдүүлэх саналыг гаргав. Чингэлтэй дүүргийн оролцогч Б.Намуун-Эрдэнэ үдийн цайны цагийг уртасгаж 20-30 минут болгох санал хэллээ. Дараа нь эрүүл мэндийн боловсролын хичээлд “Эрүүл мэндийн үйлчилгээ”-ний талаар тусгах тухай төслийн 2 дахь заалтыг хэлэлцэхэд Төв аймгаас сонгогдон оролцож буй Г.Ганбаяр сургууль бүрийг эрүүл мэндийн хичээлийн сургалтын хэрэглэгдэхүүнээр хангах шаардлагын талаар, Баянгол дүүргээс сонгогдон оролцож буй Н.Дилан сургуулийн эмч нь эрэгтэй, эмэгтэй хүүхдэд тусламж, үйлчилгээ үзүүлдэг онцлогтой учраас эрэгтэй, эмэгтэй эмчтэй болгох санал хэлж, саналаа тайлбарласан. Нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн төслийн 3 дахь заалт буюу “Эрүүл мэндийн эрт илрүүлгийг үндэсний бодлогод тусгах" тухай асуудлыг хэлэлцсэн. Хэлэлцэж буй асуудлын талаар энэ удаагийн өсвөрийн парламентын дарга Л.Эрхэмбаяр дэлгэрэнгүй танилцуулсны дараа Сүхбаатар дүүргийн оролцогч М.Энгүүн сургууль бүр асран хамгаалагчид, сургуулийн ажилтнууд, сурагчдын төлөөлөл бүхий эрүүл мэндийн клуб байгуулж, сургуулийн орчиндоо үйл ажиллагаа явуулах төдийгүй цахим талбар, нийгмийн сүлжээгээр нөлөөллийн ажил хийх боломжтой гэдэг санал гаргаж байв. Үргэлжлүүлэн ерөнхий боловсролын сургуулийн орчныг сайжруулах тухай төслийн 4 дэх заалтыг хэлэлцэж, энэ талаар дэд дарга С.Сономдулам танилцуулсан. Дэд даргын танилцуулгатай холбогдуулан Булган аймгийн Сайхан сумаас сонгогдон оролцож буй Г.Наранцацралт орон нутаг дахь сургуулиудын ариун цэврийн өрөөний орчныг сайжруулах, хаалгыг стандартад нийцүүлэн жигдлэх, сургуулийн орчинд хичээлийн бус цагаар давтлага, сургалтад хамрагдах үедээ ариун цэврийн өрөөг ашиглах боломжтой байх шаардлагыг анхаарч, холбогдох саналыг төсөлд тусгах нь зүйтэй гэдэг байр суурийг илэрхийлсэн. Дархан-Уул аймгаас сонгогдон оролцож буй Н.Сарнай өвлийн улиралд зарим сургуулийн сурагчид гадуур хувцастайгаа хичээллэх шаардлагатай болдгийг тайлбарлаад, иймд сургууль бүрийн халаалтыг стандартад хүргэх санал гаргаж байв. Мөн өвлийн улиралд сургуулийн орчинд халтиргаа, гулгаа ихсэж хүүхдүүд их гэмтдэг учраас энэ нөхцөлийг сайжруулахад анхаарч, шаардлагатай бол тусгай арга хэмжээ төлөвлөдөг байх саналыг хэлж, төслийн холбогдох заалтад тусгах нь зүйтэй хэмээн үзэж буйгаа илэрхийлсэн. Хуралдааны төгсгөлд электрон тамхийг хязгаарлах тухай болон парламентын боловсролыг хүүхдүүд, өсвөр үеийнхэнд таниулах мэдээллээр хангахтай холбоотой асуудлуудыг хэлэлцэж, “ Өсвөрийн парламент-2024” өсвөрийн парламентын нэгдсэн хуралдааны тогтоолын төслийг баталлаа. Энэхүү тогтоолоо шийдвэр гаргагчдад хүргүүлэхээр Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяад гардуулна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

НИЙТИЙН ТЭЭВРИЙН НИЙТ ЗОРЧИЛТЫН ОРЛОГО 2025 ОНЫ ЭХНИЙ ДӨРВӨН САРЫН БАЙДЛААР ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 14 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР ӨСЛӨӨ

Нийслэл “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн 24 хувийг эзэмшиж байсан бол тавдугаар сарын 16-ны өдөр БНСУ-ын “Ти мони” ХК-тай хэлэлцээр хийж, 55 хувийн хувьцааг шилжүүлэн авах гэрээнд гарын үсэг зурсан. Ингэснээр нийслэл “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн 79 хувийн хувьцаа эзэмшигч болж, Улаанбаатар хотын нийтийн тээврийн орлого, зохицуулалтыг хянах боломж бүрдсэн. Түүнчлэн 2023 оны арванхоёрдугаар сард Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийг баталж, уг хуулийн 7 дугаар зүйлд нийтийн тээврийг хөгжүүлэх сангийн талаарх зохицуулалтыг оруулж баталсан байдаг. Улмаар сангийн үйл ажиллагаа, хөрөнгө зохицуулалт тодорхой болж, Нийтийн тээврийг хөгжүүлэх сангаас 2024 онд гэхэд 31 угсраа автобус, энэ онд 10 том оврын автобусыг худалдан авч, үйлчилгээнд явуулсан юм. Мөн нийтийн тээврийн олон төрөлт төлбөрийн системийг нэвтрүүлж, иргэд банкны картаараа ч нийтийн тээвэрт үйлчлүүлж болох хялбар хэрэглээг бий болгосон. Энэ мэтчилэн нийтийн тээврийн салбарт үе шаттай шинэчлэлт хийж, салбарын асуудлыг цогцоор нь шийдэж, нийтийн тээврээр зорчих иргэдийн тоо нэмэгдэж байгаа билээ. Энэ бүх шинэчлэлтийн үр дүнд нийтийн тээврийн салбарын орлого өмнөх жилүүдтэй харьцуулахад өссөн байна. Тодруулбал, “Улаанбаатар смарт карт”-аас төвлөрөх орлого 2024 оны эхний дөрвөн сарын байдлаар 10.1 тэрбум төгрөг байсан бол 2025 оны эхний дөрвөн сарын байдлаар уг орлого 12.8 тэрбум төгрөг болж, нийт 2.7 тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлттэй байна. Мөн 2024 оны эхний дөрвөн сарын байдлаар нийт зорчилтын тоо 47,115,318 байсан бол 2025 оны эхний дөрвөн сарын байдлаар нийт зорчилтын тоо 52,849,372 болж өссөн. Өөрөөр хэлбэл, 2024 оны эхний дөрвөн сарын тоон мэдээллийг 2025 оны эхний дөрвөн сарын байдалтай харьцуулахад нийтийн тээврээр зорчигчид 5,734,054-өөр нэмэгджээ. Нийтийн тээврийн нийт зорчилтын орлого 2024 оны эхний дөрвөн сарын байдлаар 10.1 тэрбум төгрөг байсан бол 2025 оны эхний дөрвөн сарын байдлаар 24 тэрбум гаруй төгрөг бүрдсэн үзүүлэлттэй байна. Ингэснээр дөрвөн сарын хугацаанд гэхэд нийтийн тээврийн зорчилтын нийт орлого 14 тэрбум төгрөгөөр өсжээ. Ташрамд, нийтийн тээврийн салбарт дээр дурдсан шинэчлэлүүдээс гадна 600 автобусаар парк шинэчлэлт хийж, жолоочийн цалинг 1000 ам.долларт хүргэсэн, ухаалаг дэлгэц, үнэгүй интернэт суурилуулж, мэдээ мэдээллийг нийтийн тээврээр зорчиж буй иргэдэд түгээдэг болсон. Хамгийн сүүлд Улаанбаатар хотын 100 байршилд киоск төхөөрөмж байршуулсан зэрэг үе шаттай шинэчлэлт хийсээр байгаа юм.

НИЙТИЙН ТЭЭВРИЙН НИЙТ ЗОРЧИЛТЫН ОРЛОГО 2025 ОНЫ ЭХНИЙ ДӨРВӨН САРЫН БАЙДЛААР ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 14 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР ӨСЛӨӨ

Нийслэл “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн 24 хувийг эзэмшиж байсан бол тавдугаар сарын 16-ны өдөр БНСУ-ын “Ти мони” ХК-тай хэлэлцээр хийж, 55 хувийн хувьцааг шилжүүлэн авах гэрээнд гарын үсэг зурсан. Ингэснээр нийслэл “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн 79 хувийн хувьцаа эзэмшигч болж, Улаанбаатар хотын нийтийн тээврийн орлого, зохицуулалтыг хянах боломж бүрдсэн. Түүнчлэн 2023 оны арванхоёрдугаар сард Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийг баталж, уг хуулийн 7 дугаар зүйлд нийтийн тээврийг хөгжүүлэх сангийн талаарх зохицуулалтыг оруулж баталсан байдаг. Улмаар сангийн үйл ажиллагаа, хөрөнгө зохицуулалт тодорхой болж, Нийтийн тээврийг хөгжүүлэх сангаас 2024 онд гэхэд 31 угсраа автобус, энэ онд 10 том оврын автобусыг худалдан авч, үйлчилгээнд явуулсан юм. Мөн нийтийн тээврийн олон төрөлт төлбөрийн системийг нэвтрүүлж, иргэд банкны картаараа ч нийтийн тээвэрт үйлчлүүлж болох хялбар хэрэглээг бий болгосон. Энэ мэтчилэн нийтийн тээврийн салбарт үе шаттай шинэчлэлт хийж, салбарын асуудлыг цогцоор нь шийдэж, нийтийн тээврээр зорчих иргэдийн тоо нэмэгдэж байгаа билээ. Энэ бүх шинэчлэлтийн үр дүнд нийтийн тээврийн салбарын орлого өмнөх жилүүдтэй харьцуулахад өссөн байна. Тодруулбал, “Улаанбаатар смарт карт”-аас төвлөрөх орлого 2024 оны эхний дөрвөн сарын байдлаар 10.1 тэрбум төгрөг байсан бол 2025 оны эхний дөрвөн сарын байдлаар уг орлого 12.8 тэрбум төгрөг болж, нийт 2.7 тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлттэй байна. Мөн 2024 оны эхний дөрвөн сарын байдлаар нийт зорчилтын тоо 47,115,318 байсан бол 2025 оны эхний дөрвөн сарын байдлаар нийт зорчилтын тоо 52,849,372 болж өссөн. Өөрөөр хэлбэл, 2024 оны эхний дөрвөн сарын тоон мэдээллийг 2025 оны эхний дөрвөн сарын байдалтай харьцуулахад нийтийн тээврээр зорчигчид 5,734,054-өөр нэмэгджээ. Нийтийн тээврийн нийт зорчилтын орлого 2024 оны эхний дөрвөн сарын байдлаар 10.1 тэрбум төгрөг байсан бол 2025 оны эхний дөрвөн сарын байдлаар 24 тэрбум гаруй төгрөг бүрдсэн үзүүлэлттэй байна. Ингэснээр дөрвөн сарын хугацаанд гэхэд нийтийн тээврийн зорчилтын нийт орлого 14 тэрбум төгрөгөөр өсжээ. Ташрамд, нийтийн тээврийн салбарт дээр дурдсан шинэчлэлүүдээс гадна 600 автобусаар парк шинэчлэлт хийж, жолоочийн цалинг 1000 ам.долларт хүргэсэн, ухаалаг дэлгэц, үнэгүй интернэт суурилуулж, мэдээ мэдээллийг нийтийн тээврээр зорчиж буй иргэдэд түгээдэг болсон. Хамгийн сүүлд Улаанбаатар хотын 100 байршилд киоск төхөөрөмж байршуулсан зэрэг үе шаттай шинэчлэлт хийсээр байгаа юм.

Монгол Улсад нисэх хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан УИХ-ын дарга Д.Амарбаясгалан мэндчилгээ дэвшүүлэв

Тусгаар тогтносон бүрэн эрхт Монгол Улсад нисэх хүчин үүсэн байгуулагдсаны 100 жилийн баярын ойн мэндийг Та бүхэндээ өргөн дэвшүүлье. Монголын нисэх хүчний нэгэн зууны замнал бол өөдөө тэмүүлсэн амжилт, өсөн дэвжсэн алдрын түүх юм. Энэ түүх бол Монгол Улс тусгаар тогтнолоо бататгах, эх орноо батлан хамгаалах их үйлс, дайны дараах сэргээн босголт, социализмын үеийн эдийн засаг, соёлын их бүтээн байгуулалт, ардчилал шинэчлэлийн амжилт ололтын их түүхийн салшгүй нэгэн хэсгийн тод илэрхийлэл, бодит нотолгоо мөн. Одоогоос нэгэн зууны тэртээх 1925 оны 5 дугаар сарын 25-ны тэгш таван хүслийн билигт сайн өдөр хөх Монголын цэлмэг тэнгэрт Ю-13 онгоц дүүлэн ниссэнээр тэнгэрт бичигдэх түүх эхэлжээ. Энэ салбараас цэрэг армийн агаарын зоригт шонхрууд, улсын баатар, иргэний нисэхийн олон арван алдар гавьяатнууд, хөдөлмөрийн баатрууд төрсөн нь салбарын төдийгүй монгол түмний бахархал юм. Нийгмийн шинэчлэлийн сүүлийн 35 жилийн хугацаанд Улсын Их Хурлаас Агаарын зайд нислэг үйлдэх хууль, Иргэний нисэхийн тухай хууль, “Төрөөс иргэний нисэхийн салбарт баримтлах бодлого”, "Алсын хараа-2050"-ын бодлогууд батлагдсанаар тус салбарт эрх зүй, эдийн засаг, санхүү, удирдлага менежментийн эрс шинэчлэл хийгдэж, агаарын тээвэр либералчлагдаж, Монгол Улс НҮБ-ын төрөлжсөн байгууллага болох Олон Улсын иргэний нисэхийн байгууллага ( ICAO )-ын нэр хүндтэй гишүүн болсон нь төрийн бодлогын хэрэгжилт, салбарын сахилга, хариуцлагатай хамт олны хичээл зүтгэл, хөдөлмөр алдрын бахархам амжилт мөн. Эдүгээ Монголын иргэний агаарын тээвэр 48 улсын 261 цэгт хуваарьт нислэг гүйцэтгэх эрх зүйн зохицуулалт бүрдсэн бөгөөд өнөөдөр дотоодын 5 агаарын тээвэрлэгч 26 улсын 59 хотын чиглэлд олон улсын нислэг, орон нутгийн 12 чиглэлд нислэг гүйцэтгэж буй бөгөөд 2024 онд нэг жилдээ 2.2 сая зорчигч тээвэрлэсэн түүхэн дээд амжилтаар их ойгоо угтаж байна. Энэ бол иргэний нисэхийн салбарт өнөөдөр ажиллаж буй 5000 гаруй нисгэгч, инженер, мэргэжилтэн, ажилтан, албан хаагчдын хамтын амжилт ололт юм. Нисэхийн салбар нь орчин үед иргэний болон батлан хамгаалахын уламжлалт чиг үүргээс гадна эдийн засгийг тэлэх, дотоод гадаадын аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх, иргэдийн гадаад дотоодод зорчих эрх, аюулгүй байдлыг хангах, иргэд, байгууллагуудын гадаад харилцааг өргөжүүлэх, ачаа тээвэрлэлтийг нэмэгдүүлэх, боловсрол, эрүүл мэнд, худалдаа, үйлчилгээ зэрэг нийгмийн олон салбарт үүрэг хүлээж, үйл ажиллагаа нь өргөн цар хүрээтэй болсон байна. Монгол Улс бүс нутгийн болон олон улсын агаарын тээвэр, ложистикийн төв болох эрхэм зорилгод хүрэх, энэ салбарт олон улсын хамтын ажиллагаа, аюулгүй байдал, хяналт, хамгаалалтын үүргээ нэр төртэй гүйцэтгэх, дрон болон алсын удирдлагатай агаарын тээврийн хэрэгсэл, нисгэгчгүй нисэх төхөөрөмж, сансрын хиймэл дагуул зэрэг шинэ техник технологиор өргөжин, чөлөөт агаарын зайн хил хязгааргүй нисэх хүчин болох замаар улс орны хөгжилд нэн чухал үүрэгтэй, дэвшил шинэчлэлийн нэгэн хөдөлгүүр болох нь энэ салбарын ирээдүй юм. Өргөн дэлгэр нутаг дэвсгэр, хүн амын тархмал суурьшил бүхий далайд гарцгүй манай орны хувьд иргэдийн дотоодын хөдөлгөөн, эдийн засаг, нийгмийн үйлчилгээний нэн чухал үүрэгтэй тээвэрлэн зөөгч, улс орны хувьд гадаад ертөнцөд гарах гол гарц, үндэсний аюулгүй байдлын тулгуур хүчин зүйл болж буй агаарын тээвэрт хөрөнгө оруулагчдыг татах, нэмэгдүүлэх, салбарын болон олон улсын харилцааны эрх зүйн зохицуулалтыг улам боловсронгуй болгоход энэ удаагийн парламент онцгой анхаарч, Засгийн газар, салбарын яам, агентлагийн ирээдүйг харсан шинжлэх ухаанч санал санаачилгыг Улсын Их Хурлын даргын хувьд дэмжин ажиллах болно. Ирж буй он жилүүдэд иргэний нисэхийн салбарыг улам бүр хөгжүүлж, шинэ технологи инновацыг нэвтрүүлэн Монгол Улсынхаа нэр хүндийг дэлхийд өргөж, аюулгүй, найдвартай, тогтвортой нисэхийн салбарыг цогцлоон хөгжүүлэхийн ерөөл дэвшүүлье. Монголын цэлмэг хөх тэнгэрт үргэлжлэх иргэний нисэхийн шинэ зууны түүхэн замнал сайн үйлс, салбарын амжилтаар дүүрэн, сүүн цагаан мөртэй байх болтугай. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА ДАШЗЭГВИЙН АМАРБАЯСГАЛАН

АБГББХ: Монгол Улс болон Бүгд Найрамдах Австри Улс хоорондын хэлэлцээрийн төслийг зөвшилцөн дэмжив

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өнөөдөр /2025.05.23/ хуралдаж, Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Австри Улс хоорондын хэлэлцээрийн төслийг зөвшилцөх асуудлыг хэлэлцэв. Хэлэлцээрийн төслийн талаар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан танилцуулав. Монгол Улсын Засгийн газраас гадаад улсад ажиллаж, амьдарч буй Монгол иргэдийн нийгмийн баталгааг хангах зорилгоор тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж ирсний нэг нь Монгол Улсын иргэд олноор оршин суудаг улстай нийгмийн хамгааллын хэлэлцээрийг байгуулж, хоёр улсын иргэдийн нийгмийн харилцаанд харилцан тэгш эрхтэй байх, тухайн улсын иргэний нэгэн адилаар тэтгэвэр, тэтгэмж авах хууль эрх зүйн үндсийг бүрдүүлж ирснийг тодотгов. Одоогийн байдлаар Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс, Унгар Улс, Бүгд Найрамдах Польш Улс, Бүгд Найрамдах Турк Улс, Бүгд Найрамдах Чех Улстай гэсэн 6 улстай нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллах хэлэлцээр байгуулан хэрэгжүүлж байгаа бөгөөд Бүгд Найрамдах Австри Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс, Австралийн Холбооны Улстай хэлэлцээр шинээр байгуулах, Оросын Холбооны Улстай байгуулсан хэлэлцээрийг шинэчлэхээр ажиллаж байна гэв. Олон улсын гэрээний тухай хуулийн холбогдох заалтуудын дагуу Бүгд Найрамдах Австри Улсын талтай “Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Австри Улс хоорондын хэлэлцээр”-ийн төслийг эцэслэн тохиролцсоноор, Хэлэлцээрийг төслийг Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд зөвшилцөхөөр хүргүүлжээ. Энэхүү хэлэлцээр нь Нийгмийн даатгалын хуулиудад зааснаас өөр журмаар тэтгэврийн эрх үүсгэх, олгох харилцааг зохицуулсан тул Олон улсын гэрээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.3-т зааснаар заавал соёрхон батлах олон улсын гэрээ юм байна. Гадаад харилцааны яамны 2024 оны мэдээллээр Австри Улсад Монгол Улсын 2,668 иргэн оршин сууж байгаагаас 1,696 иргэн ажил хөдөлмөр эрхэлж байгаа бол Гадаадын иргэн, харьяатын газрын 2024 оны мэдээллээр Монгол Улсад Австрийн 30 орчим иргэн оршин сууж байгаа аж. Уг хэлэлцээр батлагдаж, хэрэгжсэнээр хоёр улсын иргэд Монгол Улс болон Бүгд Найрамдах Австри Улсад ажилласан, шимтгэл төлсөн давхцаагүй хугацаагаа нэгтгэн тооцуулж, өндөр насны тэтгэвэр тогтоолгох, хоёр улсад даатгалын шимтгэл төлсөн хугацаанд ногдох тэтгэврийг тогтоолгон авах боломж бүрдэж нийгмийн баталгаа нь сайжрах юм байна. Хэлэлцээрийн төсөл нь Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжтой нийцэж байгаа бөгөөд хэлэлцээр батлагдсанаар бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагагүй бөгөөд улсын болон нийгмийн даатгалын сангийн төсөвт нэмэлт хөрөнгийн эх үүсвэр шаардагдахгүй гэлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн. Гишүүд ажиллах хүч болсон иргэдээ гадаад руу алдахгүйн тулд ямар арга хэмжээ авах, ажиллах хүчин хомстож буй нь иргэд олноороо гадагшаа явж буйтай холбоотой эсэхийг тодруулсан. Мөн энэ хэлэлцээрт нэгдсэнээр иргэдэд тэтгэвэр тогтоолгох эрх хэрхэн үүсэх талаар лавлаж байлаа. Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан, манай улсын боловсролтой ажиллах хүчин гадагш урсаж буй шалтгаан цалин хөлстэй холбоотой. Монгол залуучуудад эх орондоо ажиллах хөдөлмөрлөх, амьдрах хүсэл тэмүүлэл бий. Харамсалтай нь өнөөдөр монгол хүний нэг цагийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тооцож үзвэл 1.1 ам.доллар байна. Нэг цагийн хөлс хамгийн багадаа 5-8 ам.доллар болж байж хүмүүс эх орондоо ажиллах, амьдрах хүсэл тэмүүлэлтэй болдог байна. Нэг хүнд ногдох ДНБ 12-17 мянган ам.доллар болсон үед гадаадад ажиллахаар эх орноосоо дайжих явдал зогсдог гэсэн Европын Холбооноос гаргасан судалгаа байдаг юм билээ. Монгол Улсын Засгийн газраас нэг хүнд ногдох ДНБ-ийг 10 мянган ам.доллар болгох бодлого нь монголчууд эх орондоо ажил хөдөлмөр эрхлэх хүсэл тэмүүллийг төрүүлэх зорилготой гэж харж байгаа. ДНБ-д эзэлж байгаа энэ цалин хөлсний зардал гэж хэмжээс байна. Манай улсад ДНБ-д эзэлж байгаа цалин хөлсний зардал их бага явдаг. Үүнийг цаашаа өсгөх асуудлуудыг шийдэж байж монголчууд эх орондоо тогтвор суурьшилтай ажиллах орчин бүрдэх ёстой юм. Монгол Улсад ажиллах хүчний хомсдол үүссэн асуудал нь хүмүүс гадагшаа явчихсантай холбоотой биш. Нийт 213 мянган иргэн гадаадад амьдарч, ажиллаж байна. 1990-2004 онд буюу 14 жилийн хугацаанд төрөлт багассан. Энэ үед төрөлт багасаагүй бол энэ үед төрсөн хүүхдүүд өнөөдөр хөдөлмөрийн зах зээлийн оролцоог хангаж байх ёстой байлаа. Энэ нь манайд том цохилт болж байгаа. 550-650 мянган ажиллах хүний хомсдол үүсчихсэн. Үүнийг харгалзан бодлогоо боловсруулахгүй бол монголчууд бүгд дайжаад явчихсан юм шиг ойлгож болохгүй хэмээсэн. Хэлэлцээрийн хүрээнд даатгуулагч Монгол Улс болон Бүгд Найрамдах Австри Улсад тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн давхцаагүй хугацаагаа нэгтгэн тооцуулж, 2 улсын хууль тогтоомжийн тэтгэврийн эрх үүсгэх, хоёр улсад шимтгэл төлсөн хугацаанаас тухайн улсын хууль тогтоомжийн дагуу шимтгэл төлсөн хугацаанд ногдох тэтгэврийг тогтоолгон авах боломж бүрдэх юм байна. Тухайлбал, Монгол Улсын иргэн 58 настай эмэгтэй Монгол Улсад 15 жил нийгмийн даатгалын шимтгэл төлсөн, Австри Улсад 13 жил ажиллаж, амьдрахдаа Австрийн тэтгэврийн даатгалд хамрагдсан бол Бүгд Найрамдах Австри Улс болон Монгол Улсад шимтгэл төлсөн жилээ нэгтгэн нийт 28 жилээр тооцуулж, хоёр орноос тэтгэвэр тогтоолгох эрх үүсэх аж. Гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Австри Улс хоорондын хэлэлцээрийн төслийг зөвшөөрч гарын үсэг зурах эрхийг Засгийн газарт олгохыг дэмжлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

1 ... 37 38 39 40 41 42 43 44 45 ... 370