НЭГҮҮН МЭДЭЭ
НИЙСЛЭЛИЙН ХӨГЖЛИЙН 2023 ОНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ”-НИЙ ТӨСЛИЙГ ТАНИЛЦУУЛЛАА

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн XV хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдааныг Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн даргалж, НЗДТГ-ын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Мишээлт “Нийслэлийн хөгжлийн 2023 оны төлөвлөгөө”-г танилцуулав. “Нийслэлийн хөгжлийн 2023 оны төлөвлөгөө”-ний төслийг боловсруулахдаа нутгийн захиргааны 98 байгууллагаас 801 төсөл арга хэмжээний санал авч, улс, нийслэлийн дунд хугацааны бодлогын баримт бичиг, иргэдээс авсан цахим санал асуулгад үндэслэн боловсруулсан байна. Уг төлөвлөгөө нь: Хүний хөгжлийн бодлого Эдийн засгийн бодлого Засаглалын бодлого Ногоон хөгжлийн бодлого Нийслэл ба бүс, орон нутгийн хөгжлийн бодлого Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах бодлого гэсэн зургаан бүлэг, 21 зорилт, 513 арга хэмжээнээс бүрдэж буй юм. Нийслэлийн хүн амын өсөлттэй уялдуулан иргэдийн эрүүл мэнд, боловсрол, амьдрах орчныг сайжруулах зорилгоор 127 төсөл, арга хэмжээ төлөвлөжээ. Энэ хүрээнд эрүүл мэндийн төв, биеийн тамирын цогцолбор, сургууль цэцэрлэгийн барилга, байгууламжийг нэмэгдүүлж, шинээр ашиглалтад оруулах юм. Тухайлбал, 2023 онд улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 22 байршилд цэцэрлэгийн зориулалтаар байр худалдан авах, 131 байршилд байр түрээслэх зарчмаар хамран сургалтыг нэмэгдүүлэхээр тусгасан байна. Түүнчлэн ЕБС-ийн сурагчдыг гэмт хэрэг, осолд өртөхөөс урьдчилан сэргийлэх, гэр, сургуулийн хооронд аюулгүй тээвэрлэх болон түгжрэлийг бууруулах зорилгоор техникийн шаардлага хангасан 75 автобусаар 56 сургуульд үйлчлэхээр төлөвлөж буй юм. Дэлхий даяар хүрээлэн буй орчныг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэх чиглэлд анхаарч буй өнөө цагт Улаанбаатар хотын хувьд ч мөн ногоон хөгжлийг чухалчлан үзэж байна. Энэ хүрээнд нийслэлийн агаар, орчны бохирдлыг бууруулах, ногоон хотыг бий болгох, иргэд чөлөөт цагаа өнгөрөөх боломжтой орчныг бүрдүүлэхийн тулд нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээг 6.5 ам метрт хүргэхээр төлөвлөжээ. Уг зорилттой холбогдуулан Нарангийн энгэр, Цагаан давааны төвлөрсөн хогийн цэгийг хэсэгчлэн хаах ажлыг үргэлжлүүлэн, 12 га талбайд нөхөн сэргээлт хийх юм. 2020-2022 онуудад тус газрын 30 га талбайг нөхөн сэргээгээд байгаа билээ. Нийслэл Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулахын тулд дэд бүтцийн хүртээмжийг нэмэгдүүлж, газар зохион байгуулалтыг шинэчлэн, хот байгуулалтад ухаалаг технологи нэвтрүүлэх зорилгоор 123 төсөл, арга хэмжээг төлөвлөж байна. Тухайлбал, “Дэнжийн мянга” дэд төвийн дулааны цахилгаан станцын ажлыг эхлүүлж, 15 байршилд гадна инженерийн шугам сүлжээний барилга угсралтыг үргэлжлүүлэх аж. Нийслэл ба бүс, орон нутгийн хөгжлийн бодлогын хэсэгт гэр хорооллын дахин төлөвлөлт, орлогод нийцсэн ногоон, эко орон сууцуудыг барьж, ашиглалтад оруулах ажлыг ч мөн тусгажээ. Улаанбаатар хотын нэн түрүүнд шийдвэрлэх шаардлагатай асуудал болох түгжрэлийг бууруулах чиглэлээр 29 төсөл, арга хэмжээг төлөвлөөд байна. Түгжрэлийг бууруулах зорилгоор явган хүний замыг шинэчлэх засах, шинээр авто замын барилга, байгууламж барих, нийтийн тээвэрт парк шинэчлэл хийх зэрэг ажлуудыг нийслэлийн зүгээс хийж, хэрэгжүүлж байгаа. Тэгвэл ирэх онд ч мөн уг бодлого, ажлыг хэрэгжүүлж, нийт 10.2 км авто зам, 1150.6 метр гүүрийг үргэлжлүүлэн барих юм. Мөн олон улсын стандартын дагуу 18 байршилд уулзваруудыг дахин төлөвлөж, инженерчлэхээр төлөвлөжээ. Хуралдааны төгсгөлд зөвлөлийн гишүүд уг төлөвлөгөөний төслийн тухай саналаа хэлж, уг саналуудыг тусган Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд өргөн барьж, хэлэлцүүлэхээр тэмдэглэл гаргалаа.

МСҮТ-ЫН СУРАЛЦАХ ХУГАЦААГ 3 ЖИЛ БОЛГОХ ТӨСЛИЙГ ӨРГӨН БАРИЛАА

Улсын Их Хурлын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өнөөдөр өргөн мэдүүллээ. Монгол Улсын Их Хурлын 2021 оны 12 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”-д “Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Засгийн газраас санаачлан боловсруулж, 2021 онд Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх”-ээр тусгасан аж. Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай анхны бие даасан хуулийг Монгол Улсын Их Хурлаас 2002 онд баталж, 2009 онд шинэчлэн найруулж, 2012, 2015, 2016 онуудад тус тус нэмэлт, өөрчлөлт оруулсан байна. БШУ-ны сайд Л.Энх-Амгалан энэ талаар "Монгол Улсын Их хурлын даргад "Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хууль"-ийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барилаа. Монгол Улсын Засгийн газраас мэргэжлийн боловсролын тогтолцоог шинэчилж байгаа. Дээд боловсролын тогтоцоо болон мэргэжлийн боловсролын тогтолцоонд маш том гажиг гарсан. Товчхондоо, дээд боловсролын тогтолцоо мэргэжлийн боловсролын тогтолцоог залгисан гэж хэлж болно. Улмаар ажилгүйдэл, ядуурал гүнзгийрч байна. ЕБС төгсөгчдийн 95 хувь нь дээд боловсрол эзэмшдэг улс орон гэж дэлхийд байхгүй. ЕБС төгсөгчдийн 30-40 хувь нь дээд боловсрол эзэмшдэг байх нь зөв тогтолцоо. Тиймээс энэ тогтолцооны гажгийг арилгах зайлшгүй шаардлагатай байна. Учир нь их дээд сургууль төгсөж буй 30 хүүхдийн дунд нэг ажлын байр оногдож байна. Харин техникийн боловсрол эзэмшиж байгаа хүүхдүүдийн олонх нь шууд ажлын байранд шилжиж байна. Түүнчлэн Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай шинэ хуулиар санхүүжилтийг нь өөрчлөхөөр тусгасан. Өмнө нь суралцагч бүхэнд сар бүр 200 мянган төгрөг олгодог байсан. Үүнтэй холбоотойгоор ЕБС болон их дээд сургуулийн сурагчдын нэр, регистрийн дугаарыг хуурамчаар МСҮТ-д бүртгэж хувьсах зардал авдаг байсан нь тогтоогдсон. Тиймээс энэ асуудлыг хална. Мөн 200 мянган төгрөг сар бүхэн олгодог байсныг өөрчилж, сургуулиа төгсөхөд нь нэгдсэн байдлаар олгохоор шийдвэрлэсэн. Нэг хүүхдэд 5-8 сая төгрөгийн хуримтлал үүснэ гэсэн үг. Тиймээс хүүхдүүд сургуулиа төсгөөд, өөртөө ажлын байр бий болгох боломж нээгдэнэ. Түүнээс гадна МСҮТ, политехникийн коллежийн суралцаггч дээд боловсролын байгууллагад шатлан суралцах боломжтой болно. Мөн 2.5 жилийг гурван жил болгож байгаа. Учир нь хүүхдүүд 2.5 жил суралцаад төгссөн ч хөдөлмөрийн насанд хүрээгүй гэх шалтгаанаар шууд хөдөлмөр эрхлэх боломж хомс байдаг. Тиймээс гурван жил суралцах нь зүй гэж үзсэн" хэмээв.

УЦУОШГ:ӨНӨӨ ШӨНӨ БУЛГАН, СЭЛЭНГЭ, ТӨВ АЙМГИЙН НУТГААР ХӨРСӨН ДЭЭР ЦОЧИР ХҮЙТЭРНЭ

Булган, Сэлэнгэ, Төв аймгийн газар тариалангийн нутгаар өнөөдөр шөнө хөрсөн дээр цочир хүйтэрч болзошгүйг Цаг уур, орчны шинжилгээний газраас анхаарууллаа. Маргаашийн 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв: Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө төвийн аймгуудын нутгийн зүүн хойд, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи: Нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад хэсгээр баруун хойноос секундэд 5-10 метр, зүүн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 1-6 градус хүйтэн, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дарьгангын тал нутгаар 6-11 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 10-15 градус, бусад нутгаар 0-5 градус дулаан, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 13-18 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 23-28 градус, бусад нутгаар 17-22 градус дулаан байна. УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө 2-4 градус, өдөртөө 16-18 градус дулаан байна. БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 0-2 градус дулаан, хөрсөн дээр цочир хүйтэрнэ, өдөртөө 16-18 градус дулаан байна. ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 2-4 градус хүйтэн, өдөртөө 15-17 градус дулаан байна. Пүрэв гарагт Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар бороо орно Есдүгээр сарын 1-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 2-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 3-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 4-нд төвийн аймгуудын зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, есдүгээр сарын 3-нд нутгийн хойд хэсгээр, 4-нд нутгийн зүүн хагаст секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 14-19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна.

ЕСДҮГЭЭР САРЫН 16-18-НД ТӨВ ТАЛБАЙД ҮНДЭСНИЙ НОМЫН БАЯР БОЛНО

Жил бүрийн намар, хаврын цагт нийслэлийн төв талбайд зохион байгуулдаг Үндэсний номын баярын тов гарчээ. Энэ оны эхний буюу 32 дахь удаагийн номын баярыг есдүгээр сарын 16-18-нд зохион байгуулах аж. Үндэсний номын баяраар ховор, хуучны номын болон шинэ, шилдэг уран бүтээлийг худалдаалдаг. Мөн энэ жилийн номын баярын зохион байгуулалтыг сайжруулахаар олон нийтээс судалгаа авч эхэлжээ. Номын баярт дунджаар 50,000 хүн зорин ирдэг байна. Үүний 50 хувь нь залуус байдаг бол 30 хувь нь багачууд, 20 хувь нь ахмадууд байдаг юм.

НИЙГМИЙН БОДЛОГЫН БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГААР УИХ-ЫН ГИШҮҮН П.АНУЖИНГ СОНГОХЫГ ДЭМЖЛЭЭ

Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2022.08.30/ хуралдаанаар Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцлээ. Байнгын хорооны дарга М.Оюунчимэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 26.3-т “Байнгын хороог Улсын Их Хурлаас нэг жилийн хугацаагаар сонгогдсон дарга тэргүүлнэ”, 26.4-т “Байнгын хорооны даргыг УИХ-д сонгогдон ажилласан туршлагыг нь харгалзан тухайн Байнгын хорооны гишүүдээс сонгох бөгөөд түүнийг улируулан сонгож болно” гэж заасан. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 27.1-д “Байнгын хорооны даргад Байнгын хорооны гишүүдийн дотроос олонхын саналаар нэр дэвшүүлнэ” гэж заасныг дурдлаа. Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгээс Улсын Их Хурлын гишүүн Пүрэв-Очирын Анужинг Улсын Их Хуралд сонгогдон ажилласан туршлага, төрийн ажлын мэдлэг, ур чадварыг харгалзан бодлогын байнгын хорооны даргад нэр дэвшүүлж буйг бүлгийн дэд дарга Х.Булгантуяа танилцууллаа. Нэр дэвшигч Пүрэв-Очирын Анужин 1977 онд төрсөн, нөхөр, 4 хүүхдийн хамт амьдардаг, олон улсын эрх зүйч мэргэжилтэйг танилцуулав. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен, Ж.Чинбүрэн, Ц.Мөнх-Оргил, Ц.Туваан нар үг хэллээ. Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен цар тахлын нөлөөгөөр эрүүл мэндийн салбарт тулгамдсан асуудлуудыг яаралтай шийдвэрлэх шаардлагатайг, Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн эрүүл мэндийн салбарын гүйцэтгэлийн санхүүжилтийг саатуулж буй асуудал нь эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний үнэ нэмэгдсэн асуудал гэдгийг хэлж, алдааг засах талаар, Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил Байнгын хороог даргалах амаргүй ажил гэдгийг дурдаад, энэ өндөр босгонд хүрч ажиллана гэдэгт найдаж буйгаа илэрхийлэв. Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан Байнгын хороогоор хэлэлцэж буй хуулийн төслүүдийн талаар дурдаж, эрүүл мэндийн салбарын эрх зүйн орчныг сайжруулахын тулд хуулийн төслүүдийг шуурхай батлуулах талаар үг хэлж, байр сууриа илэрхийллээ. Ингээд Нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Пүрэв-Очирын Анужинг сонгохыг дэмжье гэсэн томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд олонхийн саналаар дэмжлээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Э.БАТШУГАРЫГ ИННОВАЦ, ЦАХИМ БОДЛОГЫН БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГААР СОНГОХЫГ ДЭМЖИВ

/2022.08.30/: Инноваци, цахим бодлогын байнгын хорооны дарга Н.Учрал, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 26.3-т “Байнгын хороог Улсын Их Хурлаас нэг жилийн хугацаагаар сонгогдсон дарга тэргүүлнэ”, 26.4-т “Байнгын хорооны даргыг Улсын Их Хуралд сонгогдон ажилласан туршлагыг нь харгалзан тухайн Байнгын хорооны гишүүдээс сонгох бөгөөд түүнийг улируулан сонгож болно” гэж заасан. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 27.1-д “Байнгын хорооны даргад Байнгын хорооны гишүүдийн дотроос олонхын саналаар нэр дэвшүүлнэ” гэж заасныг дурдлаа. Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгээс Улсын Их Хурлын гишүүн Э.Батшугарыг Улсын Их Хуралд сонгогдон ажилласан туршлага, төрийн ажлын мэдлэг, ур чадварыг харгалзан Инновац, цахим бодлогын байнгын хорооны даргад нэр дэвшүүлж буйг бүлгийн дэд дарга Х.Булгантуяа танилцуулав. Нэр дэвшигчээс асуулт асуух, үг хэлэх гишүүн гараагүй. Ингээд Инновац, цахим бодлогын байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Э.Батшугарыг сонгохыг дэмжье гэсэн томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд олонхын саналаар дэмжлээ.

BACK TO SCHOOL СУРАГЧИЙН ЦҮНХНИЙ ХАМГИЙН ТОМ ӨРГӨТГӨСӨН ХУДАЛДАА

Үндэсний хамгийн том сүлжээ дэлгүүр НОМИН-д сурагчийн цүнх болон дэлхийн алдартай брэндүүдийн хичээлийн хэрэгслийн худалдаа Улаанбаатар хот болон орон нутгийн бүх салбар дэлгүүрт 10%-50% хүртэл хямдралтай худалдаалж эхэллээ. Мөн бүх брэнд бараанаас онцолж дурдвал сурагчийн цүнхний хувьд эргономик, эрүүл мэндэд аюулгүй, 100% баталгаатай, хорт бодис агуулаагүй /Европын холбооны тэмдэглэгээтэй/, хамгийн сүүлийн үеийн технологийн, хөнгөн чанарын TIGERFAMILY брэндийн сурагчийн цүнхнүүд олон төрөл өнгө загвараар худалдаалагдаж байна. Мөн та дараах 3 салбарт: 1. НОМИН Юнайтед дэлгүүрийн 2 давхар 2. НОМИН Их дэлгүүрийн 5 давхар 3. Улсын Их дэлгүүрийн 6 болон 7 давхраас Tiger family брэндийн сурагчийн цүнх худалдан авалт хийвэл хичээлийн хэрэгсэл, үзэг балны хайрцаг бэлгэнд авах боломжтой байна. НОМИН-д хичээлийн хэрэгсэл цөм бүрэн. Хугацаа: 2022.09.11 дуустал Дэлгэрэнгүй мэдээллийг: 18002888 дугаараас лавлана уу

“НОМИН ХОЛДИНГ” ХХК “SPEED 130” УРАМШУУЛАЛТ ХӨТӨЛБӨР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

"НОМИН Холдинг” ХХК 30 жилийн ойн арга хэмжээний хүрээнд 60 азтай хэрэглэгчийн хүслийг биелүүлэхээр эхлүүлсэн "ХУРДАА НЭМ, ХҮСCЭНЭЭ АВ" уриатай “SPEED 130” нэгдсэн урамшуулалт хөтөлбөрийн 8 дахь тохирлын 5 азтаныг 2022.08.30-ны өдөр шалгаруулах гэж байна. Шалгарсан азтай 5 хэрэглэгч 2022.09.03-ны өдөр 130 секундэд хүссэн бүхнээ авах болно. Сар бүрийн 30-ны өдөр EDU телевизээр азтануудаа шууд тодруулж, дараа сарын 3-ны өдөр азтан болсон хэрэглэгчдийн хүслийг биелүүлэх юм. 2022.01.13-2022.12.30 ны хугацаанд "НОМИН"-гийн бүх салбараас хийсэн 69,999₮-ийн худалдан авалт тутамд 1 урамшууллын эрх таны талон дээр тань олгогдож, “SPEED 130” урамшуулалд хамрагдана. Эрхэм хүндэт хэрэглэгчид, үйлчлүүлэгчид та бүхэнд амжилт хүсье

“АМЬДРАЛ БЭЛЭГЛЭЕ” САЙН ҮЙЛСИЙН АЯНД НЭГДЭХИЙГ УРИАЛЖ БАЙНА

Өлзийдаш овогтой Уянга нь анх 2016 онд гэнэтийн уураг алдах мөн хэвлийд их хэмжээгээр ус тогтон өөрөөрөө шээж чадахгүйд хүрчээ. Элэгний циррозоор оношлогдон 1-р төв эмнэлэгт дурангийн хагалгаа болон биопсийн шинжилгээ мөн хэвлийн уснаас шинжилгээ авахад элэгнээс үүсээгүй нь тогтоогдсон байна. Мөн ХӨСҮТ-д хэвлийн сүрьеэ байх магадлалтай гэж үзэн хэвлийн нээлттэй хагалгаанд орон 9 литр ус авсан боловч ХЭВЛИЙН СҮРЬЕЭ биш гэдэг нь оношлогдсон юм. Ө.Уянга нь 6 жил энэхүү өвчинтэй тэмцэж яваа 3 хүүхдийн ээж билээ. Одоогоор уураг нөхөх шаардлагаар сар бүр 10 ширхэг уураг “АЛЬБУМИН” судсаар болон уух хэлбэрээр хэрэглэх шаардлагатай байгаа юм. Энэхүү өвчин нь Монгол улсад оношлох, эмчлэх боломжгүй учир яаралтай Солонгос улс руу онош тодруулан эмчилгээнд явах шаардлагатай . Иймд элэг нэгт ард түмэн та бүхнийг Ө.Уянгад “АМЬДРАЛ БЭЛЭГЛЭЕ” сайн үйлсийн аянд нэгдэхийг уриалж байна. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай. ХАНДИВЫН ДАНС: ХААН БАНК 5846080513 Ө.УЯНГА УТАС: 86810323

Өмнөговь аймагт “Алтан элс-Элсний баяр-2022′ арга хэмжээ зохион байгуулагдлаа

Жил бүр уламжлал болгон зохион байгууллагддаг “Алтан элс-Элсний баяр-2022′ арга хэмжээ 8 дугаар сарын 19-21-ний өдрүүдэд Өмнөговь аймгийн Сэврэй суманд зохион байгуулагдлаа. Энэ удаагийн элсний баярт дотоодын аялагч амрагчид 5500 орчим, гадаадын жуулчид 104, нийт 1100 автомашин цугларсан өргөн дэлгэр арга хэмжээ боллоо. Тус өдрүүдэд орон нутгийн үйлчилгээ эрхлэгчид буюу гэр буудал 13, жуулчны бааз 4, худалдаа үйлчилгээ эрхлэгч 20 орчим иргэн, аж ахуйн нэгж иргэдэд үйлчилгээ үзүүлж, 420 гаруй сая төгрөгийн орлого оллоо. Зөвхөн тусгай хамгаалалттай газарт нэвтрэх хураамжийн төлбөрт өдөрт 5.0 сая төгрөг төлөгдсөн байна. Элсний баярын арга хэмжээний хүрээнд Элсний волейбол, Холын зайн гүйлт, Авто машин мотоциклын уралдаан, элсний оргил булаалдах тэмцээн, Sand art and DJ night, яруу найргийн тэмцээн, элсний сүмо, элсний олс таталт зэрэг тэмцээн уралдааны контэнтүүд төлөвлөгдсөн нь үзэгч, аялагчдад маш сонирхолтой, оролцоог нь хангах боломжтой байснаараа онцлог байлаа. Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас ирэх жилээс эхлэн 21 аймгийн онцлох эвэнт арга хэмжээг улирлын хамаарлыг бууруулах, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилтын хүрээнд бодлогоор дэмжин ажиллана.

1 ... 191 192 193 194 195 196 197 198 199 ... 340