Д.ГАНХУЯГ : ТА АВТОМАШИН ЖОЛООДОЖ ЯВАХДАА УТАСАА ОРОЛДОЖ БАЙНА ГЭДЭГ НЬ “ГАР УТАС”-ААР БИШ “АЮУЛ”-ААР ОРОЛДОЖ БАЙНА ГЭСЭН ҮГ ЮМ !

Цагдаагийн байгууллагаас улсын хэмжээнд урьдчилан сэргийлэх зорилгоор олон арга хэмжээг цаг үеийн нөхцөлд зохицуулан үе шаттайгаар зохион байгуулдаг.Тэгвэл сүүлийн үед жолооч нар замын хөдөлгөөнд оролцож байхдаа гар утас хэрэглэсэнээс үүдэн амь нас , эрүүл мэнд , эд хөрөнгөөрөө хохирох , эрсдэх тохиолдол гарч буй тул цагдаагийн байгууллагаас “Гар утас” арга хэмжээг эхлүүлжээ.Тус арга хэмжээний талаар ЗХТХА-ны урьдчилан сэргийлэх олон нийттэй харилцах мэргэжилтэн цагдаагийн ахлах дэслэгч Д.Ганхуягаас зарим зүйлийг тодрууллаа. 

Сэтгүүлч :Цагдаагийн байгууллагаас урьдчилан сэргийлэх чиглэлээр ямар арга хэмжээ яг одоо зохион байгуулагдаж байна вэ ?

Д.Ганхуяг  : Цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан цагдаагийн байгууллагаас тодорхой төрлийн ажил арга хэмжээг тогтмол зохион байгуулан ажилласаар байгаа. Сая Явган хүний гарц” хэсэгчилсэн арга хэмжээ амжилттай зохион байгуулагдсан бол одоо Гар утас” арга хэмжээг зохион байгуулан явуулж эхэлсэн.

Учир нь өнгөрөгч  2021 оны байдлаар л гэхэд явганаар замын хөдөлгөөнд оролцож яваад зам тээврийн осолд өртөж , гэмтэж бэртсэн 1224-н хүн , амь насаа алдсан 116-н тохиолдол бүртгэгдсэн нь энэ төрлийн ажил арга хэмжээ зохион байгуулах, энэ тал дээр анхаарах зайлшгүй шаардлага үүсэж байгааг харуулж буй юм. Ийм ч учраас цагдаагийн байгууллага иргэддээ урьдчилан сэргийлэх чиглэлээр олон арга хэмжээг үе шаттайгаар зохион байгуулсаар байгаа.

Сэтгүүлч : Жолооч нар замын хөдөлгөөнд оролцох үедээГар утас” ашиглаж хэрэглэж буйгаас болж авто зам дээр осол аваар гарах тохиолдлол их байна гэх боллоо.Энэ үнэн үү ?

Д.Ганхуяг  : Тээврийн хэрэгсэл жолоодож явах үедээ гар утас болон түүнтэй ижил төстэй төхөөрөмж ашиглахыг замын хөдөлгөөний дүрмээр хориглосон байдаг. 

Сүүлийн үед иргэд жолооч нар тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа гар утас ашиглах зөрчил ихэссэнтэй холбоотой зам тээврийн осолд холбогдох, энэ төрлийн гэмт хэрэг зөрчлийн хохирогч, холбогдогч болох тохиолдол эрс нэмэгдэж байна. 

60 км/ц хурдтай явж байгаа тээврийн хэрэгсэл 4 секундад 32 метр замыг туулсан байдаг. Гэтэл хүн гар утасныхаа фейсбүүк, твиттер, инстеграммаа шалгахдаа хэдэн секундад уншиж , шалгаж амждаг ,  чаддаг билээ ? Та утасруугаа 4 хөн секунд анхаарахад л 60км/ц-ийн хурдтай явж байгаа тохиолдолд авто замруугаа анзааралгүй 32м замыг л туулчихсан байна гэсэн үг. Гэтэл бид утасруугаа 4 хөн секунд хараад өнгөрдөг бил үү ? Утасруугаа анхаарч буй хугацааны хирээр жолооч таны туулсан зам тэр чигтээ аюул эрсдэл дүүрэн зорчиж байна гэсэн үг. 

Аюул саадыг олж харлаа ч тээврийн хэрэгсэлээ бүрэн зогсоох хүртэл жолоочийн самбаачлах хугацаа, замын гадаргуу, ачаа тээш, тоормосны системийн ажиллагаа зэргээс шалтгаалаад харилцан адилгүй замыг туулж байж бүрэн зогсдог. Иймээс л өөртөө болон бусдад аюултай байдал үүсгэж тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа гар утасаа оролдохгүй байх шаардлагатай байна.

Мөн явган зорчигчид зам хөндлөн гарахдаа утсаар ярих, гар утас болон түүнтэй ижил төстэй тоглоом, хэрэгсэл оролдож ширтэх, зохицуулагчийн шүгэлийн чимээ, бусдын дуут дохио анхааруулгыг сонсох боломжийг хязгааралсан чихэвч зүүх, ном сонин зэргийг уншихыг бас хориглосон байдаг. Гар утсаа оролдож яваад авто зам дээр үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагчийг дайрсан тохиолдол ч гарч байсан шүү дээ.

Сэтгүүлч : Сүүлийн үед ноцтой зам тээврийн осол их гарч иргэдийг талцуулсан, бухимдуулсан байдал үүсээд байна л даа. Тэгэхээр осол ихээр бүртгэгдэх болов уу ? Эсвэл иргэд зам тээврийн осолд илүү анхаардаг , эмзэглэдэг болов уу ? 

Д.Ганхуяг  : Зам тээврийн осол иргэдийн анхаарлын төвд орж ирж байгаа нь маш сайн хэрэг юм. Ер нь бол зам тээврийн ослоор жилд дундажаар 450-500 орчим хүн амь насаа алдаж 2500-2800 орчим хүн гэмтэж бэртэж хөдөлмөрийн чадвараа түр болон бүрэн алдах тохиолдлууд бүртгэгддэг. Зөвхөн чиглэлийн байгууллага нь бус хүн бүр энэ сэдвийг ярьж, сэргийлж, буруутай нь тэмцэж байж бид энэ олон үхэл хагацал, аюул саадыг зайлуулж чадна.  Учир нь энэ сэдэв бол хүн бүрт хамаатай асуудал шүү дээ. 

Техник технологи хөгжсөн өнөө үед бид нэгэн зэрэг хэд хэдэн техник технологийг зэрэг ашиглаж болж байна. Гэхдээ хэзээ ч хамтад нь ашиглаж болохгүй хоёр зүйл бол  “Автомашин жолоодох ,,,Гар утас”-аа ашиглах хоёр юм. Та автомашин жолоодож явахдаа утасаа оролдож байна гэдэг нь гар утас-аар биш “Аюул”-аар оролдож байна гэсэн үг юм.

Сэтгүүлч : Мэдээллийг тодруулан хүргэсэнд баярлалаа.Танд амжилт хүсье

Д.Ганхуяг  : Баярлалаа та бүхний ажилд ч бас амжилт хүсье.

 

ХЭЗЭЭ Ч ХАМТАД НЬ АШИГЛАЖ БОЛОХГҮЙ ХОЁР ЗҮЙЛ БОЛ  “АВТОМАШИН ЖОЛООДОХ ,,,ГАР УТАС”-АА АШИГЛАХ ХОЁР ЮМ

 

 

 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.