НЭГҮҮН МЭДЭЭ
ЗАМЫН-ҮҮД-ЭРЭЭНИЙ БООМТООР ӨДӨРТ 80 ГАРУЙ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ НЭВТЭРЧ БАЙНА
Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлын үед хилийн боомтын үйл ажиллагааг сайжруулж, экспорт, импортын барааны ачаа тээврийг эрчимжүүлэх үүрэг бүхий Ажлын хэсэг өнөөдөр хуралдлаа. Эрээн-Замын-Үүдийн боомтоор өнөөдрийн байдлаар иргэдийн 60, хилийн цэргийн 20-30 тээврийн хэрэгсэл нэвтэрч буй. Эрээн боомтоос Улаанбаатар хүрэх ачаа тээврийн ханш өнгөрсөн хавар 1800-2000 юанийн үнэтэй байсан бол өнөөдрийн байдлаар үнэ дунджаар 800 юань байгаа талаар БНХАУ-ын Эрээн боомт дахь Консулын газрын ерөнхий консул Т.Мөнхгэрэл мэдээллээ. Мөн дундын цэг дээрх талбайн өргөтгөлийн ажил ирэх сарын 1-нд дуусах юм. Ингэснээр ачаа тээврийг 24 цагаар татан авах боломжтой болж, өдөрт нэвтрэх автомашины тоо 2-3 дахин буюу 400 орчим болж нэмэгдэх юм. Өнгөрсөн хугацаанд урд хөршийн Тяньжин боомтод гацаад байсан 9000 орчим чингэлгээс өнөөдрийн байдлаар 700 чингэлэг ачаа үлдээд байгаа юм байна. БНХАУ-ын талтай хэлэлцээр хийсний дагуу долдугаар сарын 23-наас өдөрт 10 тээврийн хэрэгслээр нүүрс экспортолж эхэлсэн бол энэ сарын 2-ноос 100 тээврийн хэрэгслээр 180 чингэлэг нүүрс гаргаж эхлээд байгаа юм. Ингэснээр Замын-Үүдийн боомт дээр хуримтлагдаад байсан нүүрснээс өнөөдрийн байдлаар 90 орчим мянган тонн нүүрс үлдээд байна. Харин чингэлэгт багтахгүй овор ихтэй ачаа барааг тавдугаар сарын 23-наас өдөрт 2-3 тээврийн хэрэгслээр нэвтрүүлж, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамын ажил гэх мэт томоохон бүтээн байгуулалтын ажилд шаардагдах 200 орчим техник хэрэгслийг татан аваад байгаа аж. Мөн “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн орлогч дарга Д.Амарбаясгалан өнөөдрийн байдлаар БНХАУ-ын талаас Ковид 19 халдварын дэгдэлт нэмэгдсэнтэй холбоотойгоор энэ сарын 21-ийг хүртэл хилээ хаасан талаар мэдээллээд “Улаанбаатар төмөр зам” ХНН-д тулгамдаад байгаа гол асуудал нь өдөрт 120 орчим чингэлэг орж ирж байгаагаас 50-60 нь л БНХАУ-ын тал руу буцаж байгаа нь тус байгууллагад хоосон чингэлэг хуримтлагдах шалтгаан болж буйг хэлсэн юм. Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан хуримтлагдаад байгаа хоосон чингэлгийн асуудлыг “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн удирдлагуудыг Гадаад хэргийн яамаар дамжуулахгүйгээр, бие даан түргэн шуурхай шийдвэрлэхийг даалгаад, төр, хувийн хэвшлийн ачаа тээвэрт ялгавартай хандахгүй байхыг санууллаа.
НИЙСЛЭЛИЙН ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН БОЛЖ БАЙНА
Нийслэлийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спортын нөхөрсөг тэмцээн өнөөдөр Хан-Уул дүүргийн спортын хороонд эхэллээ. Хөдөлгөөний ач тусыг сурталчилж, түгээн дэлгэрүүлэх, бие бялдрыг чийрэгжүүлэх, нөхөн сэргээх, биеийн тамирыг өдөр тутмын хэрэглээ болгох дадал төлөвшүүлэх зорилго бүхий эл тэмцээн сүүлийн жилүүдэд цар тахлын улмаас завсарлаад байсан юм. Энэ жилийн нөхөрсөг тэмцээнийг Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө нээж үг хэллээ. Тэрбээр “Нийслэлийн хэмжээнд жил бүр уламжлал болсон нөхөрсөг тэмцээнийг спортын зургаан төрлөөр зохион байгуулдаг онцлогтой. Хоёр жилийн хугацаанд түр завсарлаад энэ жил сэргээн зохион байгуулж буй тэмцээнд иргэд болоод төрийн бус байгууллагууд маш идэвхтэй оролцож байна. Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй орчныг нийслэлд бүрдүүлэхээр заасан байдаг. Явган хүний замаар гаръя гэхэд зам харгуй нь хараа, сонсголын бэрхшээлтэй болон тэргэнцэртэй иргэд зорчих зориулалтын байхаас эхлээд ээлтэй орчныг бүрдүүлэхэд анхаарч байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалдаг төрийн бус байгууллагуудтай тогтмол уулзалт хийж байна. Шинээр барилга барилаа гэхэд эдгээр иргэдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн стандартыг биелүүлэхийг шаардаж байгаа. Тэрхүү бүтээн байгуулалтын ажил хийхийн өмнө хөгжлийн бэрхшээлтэй иргэд оролцож, хяналт тавьж байгаа. Энэ бол том давуу тал” гэлээ. НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга И.Баатархүү: -НЗДТГ-ын зүгээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тусламж үйлчилгээ үзүүлэх, хүртээмжтэй байдлыг бий болгох, бэрхшээлгүй орчныг нэмэгдүүлэхэд анхаарч ажилладаг. Үүний нэг хэлбэр нь энэхүү нөхөрсөг тэмцээнийг зохион байгуулж буй хэрэг юм. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд маань нэг өдрийг хамтдаа өнгөрүүлж, спортын тэмцээн уралдаанд оролцохын сацуу тулгамдсан асуудлаа ярилцаж, дүгнэх, дуу хоолойгоо нутгийн захиргааны байгууллага, төр засагт хүргэх үндсэн суурь нөхцөлийг бүрдүүлэх ач холбогдолтой. Нөхөрсөг тэмцээн ихээхэн онцлогтой болдог. Зургаан төрлийн тэмцээн зохион байгуулж байна. Ширээний теннисийн тэмцээн байлаа гэхэд хараа, сонсголын бэрхшээлтэй иргэдийнх өөр өөр байх жишээтэй. Түүнчлэн тамирчид шатар, олс таталт, гар барилдаан, нисдэг таваг шидэлт, дартс зэрэг төрлөөр өрсөлдөж, авхаалж самбаагаа сорих юм. Тэмцээнд тамирчид холимог багаар оролцоно. Ковидын нөхцөл байдлаас шалтгаалаад тэмцээнд оролцох тамирчдын тоонд тодорхой хязгаар тавьсан. Төрийн бус байгууллагуудаараа нэгдэж орж байгаа гэлээ. Монголын тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбооны үнэлгээний ажилтан Н.Эрдэнэтөгс: -Манай холбоо энэ тэмцээнд тав дахь жилдээ оролцож байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хөдөлгөөний дутагдалтай байх нь элбэг. Тиймээс энэхүү нөхөрсөг тэмцээнд оролцох дуртай. Нэг баг найман гишүүнтэй. Тэдгээр гишүүдийн хоёр нь тэргэнцэртэй байх бол хараа, сонсголын бэрхшээлтэй тус бүр хоёр, бусад төрлийн бэрхшээлтэй хоёр иргэнийг хамруулах байдлаар багаа бүрдүүлсэн. Бүх ард түмний спартакиад, улсын аварга шалгаруулах тэмцээнд манай хөгжлийн бэрхшээлтэй иргэд идэвхтэй хамрагддаг. Тэр бүх тэмцээн уралдаанд биднийг илүү өргөн хүрээнд оролцуулж, мэргэжлийн тамирчид бэлтгэх, спортын төрлийн олшруулж, олон улсад гарах боломж бүрдүүлэх чиглэлд дэмжээсэй гэж хүсдэг гэсэн юм.
ДОЛЛАР 3200 ХҮРЛЭЭ
Арилжааны төвүүдэд ам.доллар 3150-3190 төгрөг болж буурсан бол Монголбанкны ам.долларын ханш 3175 төгрөгт хүрсэн байна. Харин "Найман шарга"-д 3200 дахин давжээ. Өнгөрсөн 4-5 дугаар сард ам.долларын ханш долоо хоногийн дотор 2950 төгрөгөөс 3350 төгрөгт хүрсэн. А рилжааны банкууд хязгаарлалтаа тодорхой хэмжээнд сулруулснаар энэ хөөсрөл бууж эхэлсэн.
7-8-НЫ ӨДРҮҮДЭД БНХАУ-ЫН ГАДААД ХЭРГИЙН САЙДЫН АЙЛЧЛАЛ БОЛНО
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төрийн зөвлөлийн гишүүн , Гадаад хэргийн сайд Ван И 2022 оны 8 дугаар сарын 7-8-ны өдрүүдэд манай улсад албан ёсны айлчлал хийхээр болжээ. Айлчлалын хүрээнд хоёр улсын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааны асуудлууд, тухайлбал эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх, бүтээн байгуулалтын төслүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, хилийн боомтуудын үйл ажиллагааг өргөжүүлэх зэрэг асуудлаар ярилцаж, олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар санал солилцоно.
ЯАРМАГИЙН НҮХЭН ГАРЦЫН ХОЙД ХЭСГИЙГ УГСАРЧ ДУУСЛАА
Хан-Уул дүүргийн нутаг, Наадамчдын гудамж, Яармагийн авто замд 37.5 метр урттай нүхэн гарц барих зам барилгын ажил наймдугаар сарын 1-ний өдөр эхэлсэн. Тус ажлын хүрээнд үндсэн нүхэн гарцын талыг буюу замын хойд талын 19 метр хэсгийн угсралтыг бүрэн хийж дуусжээ. Үргэлжлүүлэн явган зорчигчдын орох, гарах хэсгийн хана, шалны бетон цутгалт, авто замын нөхөн сэргээлт, асфальт бетон хучилт хийхээр бэлтгэж байгаа юм.
НАУРЫЗЫН БАЯРЫГ ЮНЕСКО-Д БҮРТГҮҮЛНЭ
Соёлын яамнаас Казах түмний соёлын өв Наурызын баярыг ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад бүртгүүлэхээр төлөвлөжээ. Монгол Улс 2005 онд Соёлын биет бус өвийг хамгаалах тухай, 2007 онд Соёлын илэрхийллийн олон төрөл зүйлийг хамгаалах болон хөхүүлэн дэмжих тухай ЮНЕСКО-ийн Конвенцид нэгдэн орсон. Соёлын биет бус өв тэдгээрийг хадгалан хамгаалж, өвлөн уламжлагчдынхаа ёс уламжлалыг хойч үедээ залгамжлуулах, нийтэд сурталчлан таниулах үйл хэрэг бүхий л улс орнуудын өмнө тулгамдсан асуудал байсаар ирсэн. Иймд 2022 онд Казах түмний соёлын давтагдашгүй өв болсон Наурызын баярыг ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад нэр дэвшүүлж, бүртгүүлэхээр ажиллаж байна. Эх сурвалж: Соёлын яам
НАЛАЙХ ДҮҮРЭГ ЦЭЦЭРЛЭГИЙН НАСНЫ БҮХ ХҮҮХДИЙГ ЦЭЦЭРЛЭГТ ХАМРУУЛНА
БШУ-ны сайдаар ахлуулсан ажлын хэсэг Налайх дүүрэгт ажиллах үеэрээ дүүргийн засаг дарга болон холбогдох албаны хүмүүстэй хамтран түрээслэх байруудын тоог нэмэгдүүлж, удаашралтай байгаа бүтээн байгуулалтын ажлуудыг энэ онд багтаан ашиглалтад оруулах аар зохицуулалт хийлээ. Ингэснээр цэцэрлэгт хамрагдаж чадалгүй үлдээд байсан 600 гаруй хүүхдийг цэцэрлэгт хамруулах боломжийг нээж байгаа юм.
НИЙТИЙН ТЭЭВРИЙН УЛИАСТАЙ, ГАЧУУРТ ЧИГЛЭЛД ӨӨРЧЛӨЛТ ОРЛОО
Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах төсөл арга хэмжээний хүрээнд Шар хадны автобусны эцсийн зогсоолоос Гачуурт хүртэл 4.27 км засмал зам тавихаар болсон. Тэгвэл өнөө орой буюу наймдугаар сарын 5-ны 23:00 цагаас 14-ний өдрийн 23:00 цаг хүртэл Улиастайн хуучин эцсээс Гачуурт хүртэлх авто замын хөдөлгөөнийг хязгаарлан, хучилт хийнэ. Иймд дээрх хугацаанд нийтийн тээврийн зарим чиглэлд өөрчлөлт орох юм . Үүнд : Нийтийн тээврийн үйлчилгээний Ч:31 "Улиастай - Баянбүрд - Зам гүүрийн авто бааз” чиглэл богино эргэлтээр эргэнэ. Улиастайн шинэ эцэс болон Улиастайн хуучин эцэс гэсэн автобусны зогсоолууд дээр зогсох боломжгүй тул Шар тал дэлгүүр зогсоолоор эргэнэ. Ч:32А "Улиастай - Офицеруудын ордон" чиглэл дээрх хугацаанд түр зогсоно. Иймд иргэд та бүхэн зам хаах хугацаанд Ч:31 "Улиастай - Баянбүрд - Зам гүүрийн авто бааз", Ч:36 "Гачуурт - Офицеруудын ордон - Жуковын музей" чиглэлүүдээр үйлчлүүлнэ үү. Эх сурвалж: НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР
ЭЛЕКТРОН ТАМХИНЫ СУРТАЛЧИЛГААНЫ САМБАРУУДЫГ БУУЛГАЖ ЭХЭЛЛЭЭ
Электрон буюу цахилгаан тамхины хэрэглээг сурталчилсан зурагт болон үгэн мэдээлэл бүхий зар сурталчилгааны самбарыг нийслэлийн гудамж талбайд олон нийтэд ил харагдах байдлаар байршуулсан мөн цахим орчноор цахилгаан тамхины хэрэглээг сурталчилсан зар сурталчилгаа явуулж байгаа нь зар сурталчилгааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.7-д “Хууль бус зар сурталчилгаа захиалах, бүтээх, түгээхийг хориглоно” гэж заасныг зөрчиж байгаа юм. Иймд зөрчлийг арилгуулахаар “Тамхигүй маргаашийн төлөө” ТББ, “Электрон гаджет”, “Танко трейд”, “Грийн сөркл”, “Новака интернэйшнл”, “Фоор сийсон” ХХК болон цахим орчноор сурталчилгаа хийж буй бусад аж ахуй эрхлэгч, иргэнд улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлэн зөрчилтэй зарим самбаруудыг эхнээс нь буулгаж эхэллээ.