НЭГҮҮН МЭДЭЭ
Дэлхийд ховордож буй тогоруу шувуудыг хамгаалахад Олон улсын тогорууны сан хамтран ажиллана

Олон улсын тогорууны “International Crane Foundation" сангаас Хэнтий аймгийн Хурх-Хүйтэний хөндийн байгалийн нөөц газрын хамгаалалтын захиргааны үүргийг “Зэрлэг амьтан судлах, хамгаалах төв” /Wildlife Science and Conservation Center of Mongolia/ гэрээгээр гүйцэтгэхэд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлж байжээ. Энэ ажлыг дэмжиж талууд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах ёслол өчигдөр БОАЖ-ын яаманд боллоо. Хурх-Хүйтэний хөндий бол дэлхийн хэмжээнд ховордож буй цэн тогоруу, цагаан тогоруу, хар тогоруу, хошуу галуу, хонин тоодог зэрэг шувуудын түшиц нутаг юм. Тиймээс энэ газар нутгийн үлон улсын ач холбогдлыг үнэлэн 2004 онд "Рамсарын конвенци"-д, 2009 онд Шувуудад чухал газарт, 2011 онд Зүүн Ази-Австралийн шувууны нүүдлийн замд бүртгэсэн байна. Дээрх санал ажил хэрэг болж хэрэгжсэнээр Тусгай хамгаалалттай газрын судалгаа, санхүүжилт, менежментийг шинэлэг аргаар явуулах ажил нэг шат урагшлах боломжтой хэмээн мэргэжилтнүүд үзэж байна. Олон улсын тогорууны сан нь “International Crane Foundation сан” дэлхийн 50 гаруй улс оронд тогоруу хамгаалах, болон тухайн бүс нутагт оршин амьдардаг иргэдэд дэмжлэг үзүүлэх чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг байна.

Монголчуудад боловсрол биш төмс хэрэгтэй

Есдүгээр сарын 1 ойртсоор. Оюутнууд төмс хураах уу, танхимаар хичээллэх үү гэдэг нь одоо ч тодорхойгүй. Ямар ч байсан төмс хураасан оюутнуудын кредит цагийг тооцохоор төлөвлөжээ. Өлсөж үхэхгүй бол иргэдийнх нь боловсрол цаашаа. Өөрсдийнх нь үр хүүхэд гадаадад хамгийн үнэтэй сургуульд суралцаж, өрөөлийн хүүхдүүд төмсний талбайд сурч, боловсрох алтан цагаа үрэх бололтой. Өөрөөр хэлбэл, хүний оюутнууд сурч байхад, манай оюутнууд төмс үүрээд явж байх нь байна. Ер нь бол Монголд боловсрол төмснөөс дор үнэлэгдэж байна л гэсэн үг. Төмс байхад өлсөхгүй л дээ. Гэхдээ төмсчид биш боловсролтой иргэд Монголыг уг нь хөгжүүлэх юм. Сүүлийн жилүүдэд ажилгүйдэл, ажлын байрны илүүдэл хоёр яг нэг төвшинд өсч байна. Энэ нь Монголын их, дээд сургуулиудын бэлтгэн гаргаж буй хүмүүсийн боловсрол зах зээлд гологдож байна гэсэн үг. Ялангуяа цар тахлаас болж, Монгол Улс боловсролын хоцрогдолд орсон. Үүнийгээ нөхөх, засах, шинэчлэх ёстой байтал эсрэгээ ирээдүйгээ хорлосон шийдвэр гаргах юм. ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайханы хэлснээр дээрх асуудлаар БШУЯ-тай хамтран ажиллаж байгаа бөгөөд энэ жил 10-15 мянган оюутныг ургац хураалтад ажиллууллах төлөвлөгөө хэдийнэ гаргажээ. Ингэснээр Монгол Улс ногоо хураалтаар хичээлийн дүнгээ гаргасан дэлхийн анхны улс болж байх шиг ээ. Нэг бодлын оюутнуудад амар ч юм шиг. Хураасан төмс, луувангаараа дүнгээ тавиулж, диплом дээрээ нийт хураасан ногооны нэр төрөл, шуудай, тоо хэмжээгээ бичүүлж магадгүй л юм. Дэлхийд өрсөлдөх монгол залуусын диплом дээр цоо шинэ хичээлийн индекс нэмэгдэж, гадаадынхныг гайхшруулах вий. Бүхэл бүтэн хоёр жил цар тахал гээд танхимаар бус цахимаар хичээллэсэн оюутнуудыг дахиад л сургууль, танхимаас нь холдуулах гэж байна. Оюутнууд өөрсдөө ч цахим сургалт үр дүн муутай, хүртээмж багатай байсныг дурддаг. Гэтэл одоо гурав дахь жилдээ танхимаас нь салгах нь ээ. Үнэхээр хүн хүч дутагдаж байгаа бол оюутнуудыг уриалах нь зөв. Гэхдээ энэ дээр хоёр зүйлийг анхаарах хэрэгтэй. Нэгдүгээрт, тэднийг дайчлах бус өөрсдийнх нь сайн дурын үндсэн дээр хамруулах нь зүйтэй. Хоёрдугаарт, кредит цагийг нь хураасан ногоогоор нь дүйцүүлэн тооцож хэрхэвч болохгүй. Үүнийхээ оронд сургалтын төлбөрийн хөнгөлөлт, тэтгэлэг, урамшуулалд хамруул. Кредитийг танхимаар хичээлдээ хамрагдаж, мэдлэгээ зохих түвшинд үнэлүүлсэний эцэст авдаг журамтай. Өөрөөр хэлбэл, кредит бол хичээлдээ сууж, боловсрол эзэмшсэн гэдэг баталгаа. Нарийн мэргэжлийн мэдлэг, боловсрол, туршлагыг тариан талбайгаас бус хичээлийн танхимаас олж авдаг учиртай. “Мэргэжлийн мэргэшсэн боловсон хүчин сүүлийн жилүүдэд цар тахлын улмаас ховордлоо”, “Чадваргүй төгсөгчид ажлын байран дээр гарч байна”, “Covid-19-ийн үеийн төгсөгч ажилд авахгүй” гээд олон л хүндрэл үүссэн. Энэ бүгдийг төр засгийн удирдлагууд яагаад үл ойшоогоод байна вэ? Дэгсдүүлэхэд л дөрвөн жил дөрвөн намар ургац хураалтад яваад л тариан талбайгаас эмч, инженер, эдийн засагчид төрөх боломж бүрдлээ.

ЗГ: Гадаад зээлээр санхүүжүүлсэн төслийн зарцуулалтыг хэлэлцэнэ

Засгийн газрын Лхагва гариг бүрийн ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар, • Хилийн боомтын хөгжлийн ерөнхий төлөвлөлтийн ажлын явц, • Гол нэрийн төрлийн бараа, бүтээгдэхүүний үнэ, ханшийн мэдээлэл, инфляцийг бууруулах чиглэлд хэрэгжүүлж буй арга хэмжээний дүгнэлт, цаашид хэрэгжүүлэх төлөвлөгөө, • Монгол Улсын Засгийн газрын гаргасан гадаад үнэт цаас болон гадаад зээлийн хөрөнгөөр санхүүжүүлсэн төслийн ашиглалт, зарцуулалтын талаар, • Нийслэлийн цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх талаар авч хэрэгжүүлж байгаа цогц арга хэмжээний явц, • Боловсрол, шинжлэх ухааны салбарт төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй 80 хувиас дээш гүйцэтгэлтэй төсөл арга хэмжээнд үүссэн нөхцөл байдал зэрэг 20 гаруй асуудлыг хэлэлцэх болон танилцахаар төлөвлөөд байна. Өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар /2022.08.03/ улсын хилийн зурваст газар ашиглуулах тухай Засгийн газрын тогтоолын төсөл болон Эрдэнэт, Оюутолгой зэрэг ордыг иж бүрэн ашиглаж, зэсийн боловсруулалтыг нэмэгдүүлэх төслүүдийн талаар хэлэлцжээ. Мөн нийслэлийн цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх талаар авч хэрэгжүүлж буй цогц арга хэмжээний талаар зарим шийдвэрийг гаргасан юм.

Эгийн голын усан цахилгаан станцын төсөлд НҮБ дэмжлэг үзүүлнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш наймдугаар сарын 8-11-ний өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна. Энэхүү айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррешийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Тантай Бээжин-2022 Өвлийн Олимпын наадмаас хойш Монгол Улсад дахин уулзаж байгаадаа баяртай байна гээд НҮБ цар тахлын үед КОВАКС хөтөлбөрийн хүрээнд “AstraZeneca”, “Pfizer” вакциныг цаг алдалгүй нийлүүлснээр манай улс хүн амаа вакцинжуулж, энгийн амьдралын хэмнэлдээ бүрэн шилжсэн Ази-Номхон далайн бүсийн анхны орнуудын нэг болж чадсан гэдгийг дурдлаа. Мөн тэрбээр “Тантай Бээжингийн Олимпийн үеэр манай улсын анхны усан цахилгаан станцын чухал төсөл болох Эгийн голын усан цахилгаан станцын талаар ярилцаж байсан. Энэ төслийг 2016 оноос БНХАУ-ын нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэхээр барилга угсралтын ажил эхэлсэн ч ОХУ ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хороонд гомдол гаргаснаар ажил саатсан. Өнгөрсөн хугацаанд хийсэн судалгаагаар энэ төсөл ОХУ-ын Сэлэнгэ мөрөн, Байгаль нуурын усны нөөц горимд сөрөг нөлөө үзүүлэхгүй гэсэн дүгнэлт гарсан. Мөн манай улс олон улсын тендер зарлаж, Франц Улсын компаниар биологийн нөлөөллийн судалгаа хийлгэж байна. Эдгээр судалгааны дүнг ирэх оны ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны хурлаар оруулж шийдвэр гарвал Эгийн голын усан цахилгаан станц төсөл үргэлжлэх боломж бүрдэнэ” гээд Монгол Улсын эрчим хүчний аюулгүй байдлыг хангахад чухал үүрэг гүйцэтгэх энэ төслийн асуудлыг шийдвэрлэхэд идэвхтэй дэмжлэг үзүүлэхийг хүсэв. Түүнчлэн “Ковид-19”, олон улсын хямрал, Их гүрнүүдийн зөрчил, бодлогын тулгалт зэрэг нь хөгжиж буй орнуудын эдийн засагт хүндээр тусаж байгаа, дэлхийн санхүүгийн байгууллагуудын уян хатан бодлого, хөнгөлөлтийн гарц юу байж болох талаар ирэх аравдугаар сард болох G-20 уулзалтын үеэр хөндөхийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцлон тэмдэглэлээ. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, ноён Антонио Гутерреш найрсаг дотноор хүлээн авч уулзсанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд талархал илэрхийлээд хөгжиж буй орнууд эрчим хүчний хараат байдалд байж болохгүй. Тиймээс ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн 46 дугаар чуулганаар судалгааны үр дүнтэй танилцаад, НҮБ энэ тал дээр бодлогын дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв. Мөн Монгол Улсын Засгийн газар авлигын индексийг бууруулахын тулд төрийн үйлчилгээгээ цахимжуулж, цахим засаглалд ахиц гаргаж буйг сайшаав. Монгол Улсын Засгийн газар 2024 он гэхэд төрийн үйлчилгээний 90-ээс доошгүй хувийг "Цахим Монгол" нэгдсэн платформд оруулан, “Дижитал үндэстэн” болох зорилт дэвшүүлээд байгаа юм. Засгийн газраас дэвшүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд хотын хүн амын төвлөрлийг сааруулах, орон нутгийг хөгжүүлэх, тэнд ажлын байр олноор бий болгох бодлого баримталж буй. Энэ хүрээнд НҮБ хот, хөдөөгийн төвлөрлийн үнэлгээ хийж өгөхөөр талууд уулзалтын төгсгөлд тохиролцлоо. Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

НМХГ-ын дарга Б.Батшагайг ажлаас чөлөөлөхийг үүрэг болгов

Шадар сайд С.Амарсайхан Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт өнөөдөр /2022.08.09/ ажиллаж байна. Тэрбээр Засгийн газраас гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэхгүй байгаа дунд шатны удирдлагуудыг ажлаас чөлөөлөх шийдвэр гаргалаа. Шадар сайд С.Амарсайхан МХЕГ-ийнхан хариуцлага, ёс зүй өндөр байх ёстой атал зургадугаар сард гаргасан шийдвэрийг одоо хүртэл биелүүлээгүй, махны асуудал цэгцрээгүй байна. Иймд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга М.Баасандоржийг дунд шатны удирдлагуудыг ажлаас чөлөөлөх үүрэг өгөв. Тодруулбал, НМХГ-ын Хүнсний аюулгүй байдал хариуцсан хэлтсийн дарга Х.Нямбаатар, НХЕГ-ын даргыг Б.Батшагайг чөлөөлөхийг МХЕГ-ын дарга Б.Баасандоржид үүрэг болголоо. Мөн Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг есдүгээр сарын 1-ний дотор Засгийн газарт танилцуулах. Хоёрдугаарт, лабораторуудын хүчин чадлыг сайжруулах чиглэл өглөө. Эргэн сануулахад, МХЕГ өнгөрсөн тавдугаар сараас хойш махны асуудалд хяналт тавьж ажиллаж байгаа ч одоог хүртэл ямар ч дүгнэлт, шийдвэр гараагүй байгаа юм. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд байрлах Эмээлтэд Хятадын хөрөнгө оруулалттай “Эм Ди Си Пи” ХХК-ийн эзэмшлийн махны үйлдвэр зориулалтын бус орчинд, орц найрлага нь тодорхой бус бүтээгдэхүүн ашиглан мах бэлтгэж байсан нь тогтоогдсон. Үүнтэй холбоотойгоор иргэдийн гаргасан гомдлын дагуу МХЕГ 20 үйлдвэрт шалгалт хийж, лабораторийн шинжилгээг хийсэн юм. МХЕГ-аас өгсөн мэдээллээр “Хяналт шалгалт үргэлжилж байгаа. Мөн цагдаагийн байгууллага хэрэг бүртгэл үүсгэж мөрдөн шалгаж байна. Тус ажиллагааны дүгнэлт гарсны дараа махны үйлдвэрүүдийг цаашид нээх эсэх нь тодорхой болно. Одоогоор лацтай үйлдвэрүүдийн махыг устгалд оруулаагүй, хадгалж байгаа. Хяналт шалгалт үргэлжилж байгаа болохоор тодорхой мэдээлэл өгөх боломжгүй” гэх хариултыг өгсөн юм. Харин үүнийг Шадар сайд ажлаа мэдэхгүй дунд шатныхан асуудлыг шалгаж дуусахгүй байна гэж бухимдав. Өнөөдрийн хуралд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Хүнсний аюулгүй байдал хариуцсан албан тушаалтнууд оролцож байгаа бөгөөд шалгалтын ажил үргэлжилж буйг тодотгоод шалгалтын дүнд үндэслэн зөрчлийн хэрэг нээсэн болохыг хэлсэн юм. Харин Шадар сайд тухайн шалгалтын дүгнэлтийг харахыг хүссэн ч зөрчлийн хэрэгт хавсаргасан, одоо байхгүй байгааг онцоллоо.

Хувийн цэцэрлэг харьяа хүүхдүүдийг авбал хувьсах зардлыг 2 дахин нэмж олгоно

Боловсрол шинжлэх ухааны яамнаас цэцэрлэгийн бүртгэлтэй холбоотой асуудлаар өнөөдөр /2022.08.09/ мэдээлэл хийлээ. Цэцэрлэгийн хүүхдүүдийг боловсролын байгууллагад тэгш хүртээмжтэй хамруулах тал дээр анхаарсан асуудлаар мэдээлэл өглөө. Боловсрол шинжлэх ухааны сайд Л.ЭНХ-АМГАЛАН : -Өнгөрсөн хавар УИХ төсвийн тодотгол хийж хэмнэлт хийж, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх талаар тогтоол батлагдсан. Үүний дараагаар Засгийн газраас тогтоолыг баталж, 100 гаруй тэрбум төгрөгөөр цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхээр ажилласан. Монгол Улсын хэмжээнд цэцэрлэгийн насны 303 мянган хүүхэд байдгаас нийслэлд 141 мянган хүүхэд байна. Нийслэлийн цэцэрлэгийн хүртээмжийг авч үзвэл 102-106 мянган хүүхэд хамруулах боломжтой. Тэгвэл жил бүр цэцэрлэгийн гадна үлддэг 34 мянга гаруй хүүхдүүдийг энэ жилээс боловсролын байгууллагад тэгш хамруулахаар болсон. Өнөөдрийн байдлаар 100 хувь цэцэрлэгийн элсэлттэй байх дөрвөн дүүрэг байна. Сонгинохайрхан, Багахангай, Налайх, Багануур дүүргүүд. Харин цоожтой хаалганы цаана үлддэг хүүхдүүдийг насаар нь эрэмбэлж авч үзвэл таван настай 3513, дөрвөн настай 3621 гурван настай 3672, хоёр настай 23780 хүүхэд байна. Эдгээр 34 мянга гаруй хүүхдийг цэцэрлэгт бүрэн хамруулахаар бид хэд хэдэн арга хэмжээг авч ажиллаж байна. Нэгдүгээрт, цэцэрлэгийн зориулалтын бус байруудыг түрээсэлж 9850 хүүхэд авах боломж бүрдүүллээ. Мөн хувийн цэцэрлэгт тойргийн хүүхдүүдийг авсан тохиолдолд хувьсах зардлыг хоёр дахин нэмж өгөхөөр зохицуулалттай 10500 хүүхэд авахаар болсон. Үүнээс гадна гэр цэцэрлэгээр дөрвөн цэцэрлэгт 240 хүүхэд хамруулахаар болж байна. Харин байгууллагын цэцэрлэгүүдэд 1000 гаруй хүүхдийг хамруулна. Энэ жил шинээр ашиглалтад орох цэцэрлэгүүдэд 5000 хүүхэд авахаас есдүгээр сарын 1-нд 1700-г авна. Хүүхэд харах үйлчилгээний тухайд 2000 хүүхэд авах боломж бүрдэж байна. Маргаашаас албан ёсоор цэцэрлэгийн хүүхдийн бүртгэл эхэлнэ. Хамран сурах тойрог дээр аль цэцэрлэгт хамрагдах вэ? гэдгийг эцэг эхэд эргэн мэдэгдэнэ. Энэ бол сугалаа биш гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй. Бид ямар ч байсан аравдугаар сарын 15-нд гэхэд нийт 21 барилга худалдаж авахаар төлөвлөж байна. Урьдчилсан тооцооллоор иргэдийн шилжилт хөдөлгөөн эмх замбараагүй байна. Тооцооллоор нийт 12 мянга гаруй хүүхэд тодорхой хаяггүй, түр оршин суудаг гэх статистик бий. Гэхдээ энэ бол албан бус тоо. Ямартай ч бүртгэлээс тодорхой болох байх. САР БҮР ЦЭЦЭРЛЭГИЙН БҮРТГЭЛ ХИЙЖ ХҮҮХЭД БҮРИЙГ ЦЭЦЭРЛЭГТ ХАМРУУЛНА Боловсролын ерөнхий газрын дарга Т.НЯМ-ОЧИР : -Энэ жилийн элсэлтийн бүртгэл маргааш өглөө хүсэлт хүлээж авах дарааллаар албан ёсоор эхэлнэ. Өөрөөр хэлбэл, элсэлт бүртгэлийн үйл ажиллагааг цахимаар буюу Emongolia систем дээр тулгуурлаж зохион байгуулна. Хоёр 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс 2020 оны арванхоёрдугаар сарын 31-н хүртэлх хугацаанд төрсөн хүүхдүүдийг хамруулна. Түр оршин суугчдын тухайд баталгаажилт хийх ёстой. Мэдээж цэцэрлэг хамран сургах тойргийн хүүхдүүдийг л авах учраас цахим систем бүх зохицуулалтыг хийнэ. Хуучин бол бид наймдугаар сард элсэлт эхэлж наймдугаар сарын 31-нд дуусгадаг байсан. Харин энэ жилээс жилд нэг удаа хүсэлт авахгүй. Сар бүр авах шийдвэр гаргаж байна. Иймд түрүүлж бүртгүүлснээр хэн нэгэнд давуу байдал үүсэхгүй. Түр оршин суугч гэдгээ нотлох боломжгүй, гадаадад байгаа зэрэг хүндэтгэх шалтгаантай иргэдийг есдүгээр сарын 10-наас бүртгэнэ. Тиймээс иргэд бүртгэлээ сар бүр заасан хугацаанд хийх боломжтой. Нийслэлийн хэмжээнд байгаа 141 мянган хүүхдийн регистр бүгд системд орсон учраас механикаар өөрчлөлт оруулах ямар ч боломжгүй гэдгийг сануулъя. Иймд иргэд хүлээцтэй байх хэрэгтэй.

1970-1980 ОНД БАРИГДСАН ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛЬ, ОРОН СУУЦАНД ДУЛААНЫ АЛДАГДАЛ БУУРУУЛАХ ЗАСВАР ХИЙЖ БАЙНА

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө өнөөдөр нийслэлийн Баянгол дүүрэгт ажиллалаа. Тэрбээр цэцэрлэгүүдийн хүртээмж, цэцэрлэг, сургууль, орон сууцны барилгад хийгдэж буй их болон урсгал засварын явцыг үзэж, холбогдох албаныхантай зөвлөлдөв. Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөө: -Хичээлийн шинэ жил дөхөж байгаатай холбогдуулан сургууль, цэцэрлэгийн дулаан алдагдлыг бууруулах, гадна өнгө үзэмжийг сайжруулах, дээвэр, цонхыг солих зэрэг их засварын ажлууд хийгдэж байна. Өмнө нь Чингэлтэй, Налайх дүүрэгт ажилласан бол өнөөдөр Баянгол, ирэх долоо хоногт Сонгинохайрхан дүүрэгт гэх мэтээр нийслэлийн хэмжээнд хүүхдүүд тохитой, дулаан орчинд сурах нөхцөлийг бүрдүүлэхээр ажиллаж байгаа. Цэцэрлэг, сургуулийн барилгаас гадна угсармал орон сууцууд дулаан алдагдал ихтэй байна. Хотын даргын зүгээс хамгийн түрүүнд хүүхдүүд хамгийн их цагийг өнгөрөөж буй сургууль, цэцэрлэгийн орчныг сайжруулах чиглэл өгсний дагуу дээрх дулаан алдагдлын асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэхээр төлөвлөсөн хэмээн танилцууллаа. БАЯНГОЛ ДҮҮРЭГТ 1970-1980 ОНЫ БАРИЛГА ОЛОН БИЙ Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар: -Баянгол дүүргийн хэмжээнд цэцэрлэгийн насны 23 мянган хүүхэд бий. Хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулахын тулд Засгийн газар, Боловсрол шинжлэх ухааны яам, НЗДТГ, Нийслэлийн Боловсролын газар, дүүргүүд хамтран төрөл бүрийн арга хэмжээ авч байна. Өнөөдрийн байдлаар манай дүүрэгт 600 орчим хүүхдэд цэцэрлэг, анги танхим хүрэлцээтэй биш байна гэсэн судалгаа гарсан. Тиймээс цэцэрлэгийн эрхлэгч нар, хороодын дарга нар хамтран хүүхдүүдийг цэцэрлэгт бүрэн хамруулах талд анхаарал хандуулан ажиллаж байгааг онцолъё. Анги өргөтгөх, засварлах, байр түрээслэх гэхчлэн бүхий л арга хэмжээг авч байна. Манай Баянгол дүүрэг орон сууцны хороолол олонтой. Тэр хэрээр барилгууд нь насжилт өндөртэй. 3,4 дүгээр хорооллын барилгууд 1970-1980 оных байдаг бол Төмөр зам орчимд 1960-аад онд баригдсан сургууль, цэцэрлэг ч бий. Тиймээс барилгууд нь нэлээд муудсан. Сүүлийн жилүүдэд шинээр сургууль, цэцэрлэг барихад анхаараад хуучин барилгын засварыг орхигдуулсан тал бий. Тэдгээрийн нэг нь бидний ирээд буй 157 дугаар цэцэрлэг. Энэ цэцэрлэгийг дулаан алдагдлыг бууруулах төсөлд хамруулж, дээвэр, дулаан алдалт, фасадын засварыг хийсэн. Одоо дотор засварууд үлдсэн. Хөрөнгийн эх үүсвэр шийдсэн учир есдүгээр сарын 1 гэхэд хүүхдүүдээ хүлээж авах болно. Цаашид төсөлд хамруулах цэцэрлэг бий. Зарим орон сууцны барилгад ч дулааны алдагдлыг бууруулах ажлыг амжилттай хийж байгаа гэсэн юм. Баянгол дүүргийн 157 дугаар цэцэрлэгийн хувьд 1991 оноос монгол цэцэрлэг болон ажиллаж эхэлсэн. 14 бүлгийн 640 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай. 48 багш, ажилтантай цэцэрлэг юм. Энэхүү цэцэрлэгт төсөл хэрэгжихээс өмнө цэцэрлэгийн нөхцөл байдал асар хүнд байсныг цэцэрлэгийн эрхлэгч онцолж байлаа. Анх байгуулагдсан цагаас хойш барилгын болон сантехникийн их засвар хийгээгүйгээс гадна фасад огт засагдаагүй өнөөдрийг хүрсэн байна. Өвлийн улиралд тасалгааны температур 11-12 хэмээс хэтэрдэггүй, дулааны алдагдал ихтэй байсан тул их засвар хийж буй юм. Түүнчлэн хүртээмж өндөртэй цэцэрлэг учир 440 сая төгрөгийн дотор засварыг хийх болсонд баяртай байгаагаа тус цэцэрлэгийн эрхлэгч Ж.Болортуяа онцолж байлаа. Баянгол дүүргийн 141 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Ц.Мөнхтуул: -Манай цэцэрлэг 1991 онд ашиглалтад орсон, эдүгээ 32 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. 330 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай, Баянгол дүүргийн 10 дугаар хорооны ганц цэцэрлэг учраас ачаалал байх ёстойгоосоо хоёр дахин их байдаг. Энэхүү төсөл манай цэцэрлэгт хэрэгжсэнээр хүүхдүүд дулаан орчинд сурах боломжтой болж байна. Сурах орчин нөхцөл сайжирснаар хүүхдүүдийн дундах өвчлөл буурч, хичээлдээ таслахгүй явах боломж бүрдэж, сурлагын таатай орчин бий болж болно. Үүнд их баяртай байна. ОРШИН СУУГЧИД ДУЛААН ӨВӨЛЖИХ БОЛСОНДОО БАЯРТАЙ БАЙНА Харин орон сууцны барилгын дулаан алдагдлыг бууруулах засварын тухайд: -Энэхүү орон сууц нь 1977 онд баригдсан хуучны барилга бөгөөд дулаан алдагдал ихтэй, дээврээс ус гоождог байсан. Тиймээс Дэлхийн банкны төслөөр гадна фасадын засвар, дээврийн засварыг хийж байна. Өмнөх жил 2А байранд хийсэн засвар, үйлчилгээнд иргэд сэтгэл хангалуун байгаа. Энэ жилийн хувьд ч чанартай сайн гүйцэтгэж хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна гэж "Тэгш бүрэн констракшн" ХХК-ийн талбайн инженер Ж.Тунгалаг өгүүллээ. Баянгол дүүргийн 13 дугаар хорооны оршин суугч Г.Байгалмаа “Манай байр өвөлдөө маш хүйтэн байдаг. Дулаалга хийснээр ирэх өвлөөс дулаан өвөлжинө гэж итгэж байна. Засварын хувьд хамгийн чанартай сайн хөөсөнцөр ашиглаж байгаад баяртай байна. Зургаадугаар сард эхэлсэн засварын ажил урагштай сайн хийгдэж байгаа” хэмээн өгүүлсэн юм.

Зөвшөөрөлгүй самар түүвэл ХОРИХ ялаар шийтгэнэ

Жил бүрийн есдүгээр сарын 10-ний өдрөөс хушны самар түүхийг зөвшөөрдөг ч худалдан борлуулах зорилгоор их хэмжээний самар түүх нь байгаль экологийн тэнцвэрт байдлыг алдагдуулдаг гэдгийг БОАЖЯ-аас анхааруулж байна. Тодруулбал хуулийн дагуу зөвшөөрөл авсан ААН самар түүж бэлтгэх боломжтой бөгөөд зөвшөөрлийг тухайн аймгийн байгаль орчны газраас авна. Ингэхдээ ахуйн зориулалтаар бэлтгэж байгаа бол 25кг хүртэл, үйлдвэрийн зориулалтаар бол тухайн нөөцийнхөө 40 хүртэлх хувийг бэлтгэх юм байна. Харин зөвшөөрөлгүйгээр самар түүсэн нөхцөлд 5000 нэгж болон түүнээс дээш нэгжээр торгох эсвэл 1-2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэх юм байна.

Гэрээсээ төөрсөн 2 настай хүүг Буянт голын эргээс олжээ

Ховд аймгийн Жаргалант сумын төвийн Цамбагарав багийн нутаг Их гүүрний лагер хэмээх газарт бага насны хүүхэд гэрийнхээ гаднаас алга болсон тухай дуудлага Онцгой байдлын газарт иржээ. Хүүхэд 12:00 цагийн орчимд сураггүй болсон тухай дуудлагыг наймдугаар сарын 8-ны 12:50 цагт хүлээн авсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах ангийн алба хаагчид очиж, хоёр настай хүүг эрэн хайх ажиллагааг эхлүүлжээ. 13:05 цагт гэрээс нь урд зүгт 1.2 км-т Буянт голын эрэг дээр явж байсныг олж, ар гэрийхэнд нь хүлээлгэн өгсөн хэмээн ОБЕГ-аас мэдээлэв.

ТҮҮХИЙ САМАР ГЭДЭСНИЙ ХАЛДВАРТ ӨВЧИН ҮҮСГЭХ ЭРСДЭЛТЭЙ

Самрын болц гүйцэх хугацаа есдүгээр сарын 15-наас хойш гэж үздэг. Жил бүрийн есдүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн худалдааны бус бага хэмжээний самар түүх зөвшөөрлийг иргэдэд олгодог. Гэвч иргэд зуны дунд сараас эхлэн түүгээд эхэлдэг. Б олц гүйцээгүй байхад түүсэн, стандарт шаардлага хангаагүй нөхцөлд цайруулсан самрыг идсэнээр халдварт өвчин үүсэх аюултай юм.

1 ... 183 184 185 186 187 188 189 190 191 ... 317