НЭГҮҮН МЭДЭЭ
УИХ-ЫН ГИШҮҮН А.АДЪЯАСҮРЭН НЬ БУСДАД 100.000 АМ ДОЛЛАРЫН АВЛИГАЛ ӨГЧ, НҮҮРС ТЭЭВРИЙН 680 МАШИНД ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ АВЧЭЭ

-АВТО ТЭЭВРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ТЭЭВЭР ЗОХИЦУУЛАЛТЫН ХЭЛТСИЙН ДАРГА, АЖЛЫН ХЭСГИЙН АХЛАГЧ Г.ДОРЖПАЛАМД 100 САЯ АМ ДОЛЛАР ӨГСӨН- Одоогийн УИХ-д бүрэн эрхтэй суугаа гишүүн А.Адъяасүрэн нь бусдад 100.000 ам.доллар авлигалаар өгч, нүүрс тээвэрлэж их хэмжээний ашиг хүртэж байгаа асуудалд яллагдагчаар татагдсан ч хэрэг нь прокурорын шатанд гацжээ. УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн нь өөрийн хамаарал бүхий компаниуддаа нүүрс тээврийн “С” зөвшөөрөл авахын тулд 2020 оны хоёрдугаар сард Авто тээврийн үндэсний төвийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга, Олон улсын байнгын ачаа тээвэрт ашиглагдах, хил нэвтрэх зориулалттай зөвшөөрлийн бичиг олгох, ачаа тээвэрлэлтийн гэрээ байгуулж, гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах эрх бүхий Ажлын хэсгийн ахлагч Г.Доржпаламд авлига өгөхөөр амлаж байсан. Улмаар 2020 оны гуравдугаар сарын 20-ны өдрийн хурлаар А.Адьяасүрэнгийн “Баянговь транс” ХХК-д 85, “Сан тээвэр групп” ХХК-д 190, “Топ ХХК”-д 30, “Тэнгри транс” ХХК-д 172, “Ульгансар” ХХК-д 203 автомашинд тус тус олон улсын ачаа тээврийн “С” зөвшөөрөл гаргуулан авсан байдаг. -680 АВТОМАШИНД ОЛОН УЛСЫН АЧАА ТЭЭВРИЙН ЗӨВШӨӨРӨЛ ХУУЛЬ БУСААР АВСАН- Ийнхүү нийт 680 автомашинд олон улсын ачаа тээврийн зөвшөөрөл хууль бусаар авсны хариуд өөрийн хүргэн Б.Г-аар дамжуулан Г.Доржпаламд 100.000 ам.доллар буюу өнөөдрийн ханшаар 320 сая төгрөгийн авлига болгон өгсөнг Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс илрүүлж байжээ. Ийнхүү хуулийн дагуу 2020 оны тавдугаар сард эрүүгийн хэрэг үүсгэн, А.Адьяасүрэнг яллагдагчаар татан шалгаж эхэлсэн байдаг. Гэвч тухайн үед А.Адьяасүрэн 2020 оны УИХ-ын сонгуульд Баянхонгор аймгаас нэр дэвшиж байсан бөгөөд өөрийг нь яллагдагчаар татаж буй тогтоолтой танилцахаас татгалзаж байсан аж. -КОМПАНИУДЫНХАА РЕГИСТРИЙН ДУГААРЫГ ӨӨРЧЛӨЛГҮЙГЭЭР НЭР БОЛОН ЭЗЭМШИГЧИЙН НЭРИЙГ ӨӨРЧЛӨВ- Хуулийн байгууллагаар авлгиал өгч тусгай зөвшөөрөл авч, нүүрс тээвэрлэж өндөр ашиг олж эхэлсэн асуудлыг нь шалгаж эхэлмэгц тэрбээр компаниудынхаа регистрийн дугаарыг өөрчлөлгүйгээр зөвхөн нэр болон эзэмшигчийн нэрийг өөрчлөн, үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулсаар байна. Тодруулбал: •2021.10.18 өдөр “Тэнгри транс групп” ХХК нэрээ өөрчилж “Дайлангийн хишиг тээвэр” ХХК •2021.10.19 өдөр “Сан тээвэр групп” ХХК нэрээ өөрчилж “Хишиг сайн ундрах” ХХК •2021.10.19 өдөр “Баянговь транс” ХХК-ийг Baoyin Hexige гэх БНХАУ-ын иргэнд •“Топ транспорт” ХХК-ийг А.Аюуш (А.Адьяасүрэнгийн эгч) А.Санчир (А.Адьяасүрэнгийн хүү) нарт тус тус шилжүүлжээ. -ПРОКУРОРЫН ХЯНАЛТАД БАЙГАА БӨГӨӨД АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРААС МӨРДӨХ АЖИЛЛАГАА ЯВУУЛАХ БОЛОМЖГҮЙ БОЛЖЭЭ- Гэтэл А.Адьяасүрэнгийн авлигын хэргийг Нийслэлийн прокурорын газрын Ерөнхий прокурор Ш.Нямдорж хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргасан байна. Энэ дагуу Улсын ерөнхий прокурорын газрын Хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсээс шалгаад, 2021 оны гуравдугаар сард Ш.Нямдоржид хариуцлага тооцож, прокурорын ажил эрхлэх эрхийг түдгэлзүүлжээ. Гэсэн ч эрхэм гишүүн А.Адьяасүрэнгийн хэрэг өнөөдрийг хүртэл Прокурорын хяналтад байгаа бөгөөд Авлигатай тэмцэх газраас мөрдөх ажиллагаа явуулах боломжгүй болж зогссон байдалтай олон сарын нүүрийг үзжээ. Түүнд одоо болтол Монгол Улсын хууль үйлчлэхгүй, бүрэн эрхэт гишүүн хэвээр байсаар байгаа бөгөөд авлигалаар авсан нүүрс тээврийн 680 тусгай зөвшөөрлөөрөө дамжуулан өндөр их ашиг олж, хөлжсөөр байна. эх сурвалж: Зиндаа.мн

ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГАА, ТЕНДЕРТЭЙ ХОЛБООТОЙ ХУУЛИЙН ШИНЭЧЛЭЛИЙГ ТАНИУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд энэ оны зургаадугаар сард нэмэлт өөрчлөлт оруулж, долоодугаар сараас эхлэн дагаж мөрдөж буй юм. Энэхүү хуулийн шинэчлэлийн хүрээнд Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас дээрх чиглэлээр болон бусад холбогдох мэдлэг олгох сургалт, зөвлөгөөнийг өнөөдөр зохион байгууллаа. Сургалтад нийслэлийн болон дүүргүүдийн Худалдан авах ажиллагааны албан хаагчид, мэргэжилтнүүд оролцов. Түүнчлэн НЗДТГ, Сангийн яам, Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар, Авлигатай тэмцэх газар, Төрийн худалдан авах ажиллагааны газар, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын төлөөллүүд илтгэл тавьсан юм. Сургалт, зөвлөгөөний үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Монгол Улсын Ерөнхий сайд төрийн үйлчилгээг цахимжуулах ажлыг санаачлан ажиллаж байгаа. Аливаа зүйл, тэр дундаа төрийн ажил, үйлчилгээ, тендер, төсөл хөтөлбөр ил тод байна гэдэг чухал. Ил тод байдалд уялдуулж, төрийн үйлчилгээг үзүүлэх учиртай. Иймд өнөөдрийн сургалт цаг үеэ олсон зөв сургалт гэж бодож байна. Улаанбаатар хот бол Монгол Улсын нийгэм, эдийн засгийн төв, томоохон цогцолбор. Улаанбаатар хот эдийн засгийн хувьд бие даан хөгжиж, төсөв хөрөнгийн хэмжээ өсөн нэмэгдэх ёстой. Ингэснээр нийслэлд тулгарч байгаа нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдлыг сайжруулах, дутагдаж байгаа байгууламжуудыг богино хугацаанд чанарын шаардлагад нийцсэн, гүйцэтгэл өндөртэйгөөр хүлээлгэн өгч, нийтийн тээврийн шинэчлэлийг хийнэ. Мөн Улаанбаатар хотод тулгамдаж байгаа 30 жилийн турш ужгирсан, буруу төлөвлөлтийг шийдэж чадна. Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлт нь улс орны хэмжээнд зарлаж буй тендер, төсөл арга хэмжээг оролцогчдод илүү ойлгомжтой болгож, мэргэжилтнүүд та бүхэнд хурдтай ажиллах боломжийг нээж өгч байгаа. Та бүхэн шударга ёсны дуу хоолойд нийцүүлэн ёс зүйн өндөрлөгөө барьж ажиллах ёстой. Цаашдаа Улаанбаатар хотын хөгжлийн асуудал та бүхний гаргаж байгаа шийдвэртэй салшгүй холбоотой гэдгийг ямагт ухамсарлаж, хотынхоо хөгжлийн төлөө, иргэдийн сайн сайхан, хүрээлэн байгаа орчны амьдралын чанарыг дээшлүүлэхийн төлөө бүгд хүчээ нэгтгэж, зохион байгуулалтад орж ажиллах хэрэгтэй. Бүгдэд нь амжилт хүсье” хэмээн өгүүллээ. Сангийн яамны Хууль эрхзүйн газрын Худалдан авах ажиллагааны бодлогын хэлтсийн дарга Ц.Батзул: -Цар тахлын дараах эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлыг даван туулах үүднээс Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг баталсан. Нийгэмд, аж ахуйн нэгжүүдэд учирч байгаа санхүүгийн хүндрэлийг даван туулахад туслах үүднээс тендерийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. 2022 оны зургаадугаар сарын 10-ны өдөр баталж, долоодугаар сарын 11-ний өдрөөс хэрэгжиж буй уг хуулийг танин мэдүүлэх сургалтыг өнөөдөр Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас зохион байгуулж байна. Аж ахуйг нэгж байгууллагууд өмнө нь төсөвт өртгийн хоёр хувьтай тэнцэх хэмжээний баталгаа байршуулж байж материалаа илгээдэг байсан бол одоо 0.5 хувьтай тэнцэх хэмжээний баталгаа байршуулахаар шинэчилж, дөрөв дахин бууруулсан. Мөн гүйцэтгэл нь он дамжин хэрэгжиж буй төсөл арга хэмжээний хувьд гэрээний үнийн дүнгийн таван хувьтай гүйцэтгэлийн баталгаа байршуулдаг байсан бол одоо тухайн онд санхүүжих үнийн дүнгийн гурван хувьтай тэнцэх хэмжээний баталгаа гаргахаар заасан байгаа. Ийнхүү аж ахуйн нэгжүүдэд учирдаг хүндрэлтэй асуудлыг шийдэж, хөнгөлөлт үзүүлэхээс гадна тендерийг хурдан зохион байгуулахад чиглэсэн өөрчлөлтүүд орсон. Үүнийг дагалдаад Сангийн сайдын тушаалаар журам зааварт өөрчлөлт орсон хэмээсэн юм. “Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын хэмжээнд төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах үйл ажиллагааг хариуцан ажилладаг мэргэжилтнүүд энэ удаагийн сургалтад хамрагдаж байна. НЗДТГ, Сангийн яам, Төрийн худалдан авах ажиллагааны газар болон Авлигатай тэмцэх газар, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас хамтран оролцож, холбогдох мэргэжилтнүүдэд сургалт хийж байна. 2022 оны хувьд нийслэлийн хэмжээнд худалдан авах ажиллагаа хуулийн дагуу өрнөж буй ч тухайн ондоо санхүүжүүлж амжихгүй он дамжих магадлалтай хөрөнгө оруулалтууд гарч байгаа юм. Мөн хөрш орнуудад тохиолдсон цаг үеийн байдлууд, цар тахлын нөлөөнөөс үүдэн зарласан тендер болоод төсөл хөтөлбөрүүдэд оролцох аж ахуйн нэгж цөөн байгаа зэрэг бэрхшээлүүд тохиолдож буй”-г Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын Төлөвлөлт, худалдан авах ажиллагааны хэлтсийн дарга Д.Батсүх тодотгож байлаа. Чингэлтэй дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны дарга Т.Отгонбаяр: -Худалдан авах ажиллагааны салбар үүсэн байгуулагдсанаас хойш 10 дахь жилтэйгээ золгож байна. Түүнчлэн энэ онд тус салбарт хуулийн шинэчлэлт, өөрчлөлт хийгдсэн. Энэхүү хуулийн шинэчлэлт болоод худалдан авах ажиллагааны онцлогоос таниулах сургалтыг нийслэл, дүүргийн худалдан авах ажиллагааны чиглэлийн мэргэжилтнүүдэд хууль танин мэдүүлэх, сурталчлах сургалт зохион байгуулж байна. Шинэ хууль батлагдсантай холбоотойгоор худалдан авах ажиллагааны шинэчлэлийг мэргэжилтнүүд төдийгүй байгууллагын удирдлагуудыг сургалтад хамруулж байгаа нь сайн хэрэг гэлээ.

АРТИСТ DAVAIDASHA, MORNINGSTAR НАРЫГ ХАР ТАМХИНЫ ХЭРГЭЭР ШАЛГАЖ ЭХЭЛЛЭЭ

Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид шалгалтын ажиллагаа явуулж, хар тамхи, мансууруулах бодис хэрэглэж, хадгалсан бүлэг этгээдүүдийг илрүүлжээ. Өнгөрсөн бямба гарагт буюу есдүгээр сарын 3-ны өдөр нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс артист Davaidasha, Morningstar нарыг хар тамхи, мансууруулах бодисын төрөл, сэтгэцэд нөлөөт ургамал хэрэглэсэн гэх үндэслэлээр түр саатуулжээ. Дээрх иргэдээс биологийн дээж авч шинжлэхэд, хар тамхи мансууруулах бодис хэрэглэсэн болох нь тогтоогдсон гэх бөгөөд Хар тамхитай тэмцэх газарт хэрэг үүсгэн, үргэлжлүүлэн шалгаж байна.

ШӨХТГ: МИАТ КОМПАНИЙН ТИЙЗНИЙ ҮНЭ ӨССӨН ГЭДЭГ НЬ ТАШАА МЭДЭЭЛЭЛ

Улаанбаатар Бээжингийн нислэг 2 саяас 10 сая болж өслөө гэх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр болон цахим орчинд гарсны дагуу шалгалаа. МИАТ компаниас тодруулга авахад МИАТ компани сүүлийн 2 жилд Бээжинрүү нислэг үйлдээгүй байгаа бөгөөд нислэгийн үнэд өөрчлөлт ороогүйбайгаа гэх мэдээлэл өглөө. Цахим орчинд явж байгаа мэдээллийн дагуу Эйр маркет билетийн сайтруу орж шалгахад 8587200₮-ийн билет нь Улаанбаатар - Токио - Бээжин гэж дамжин нисэх нислэгийн үнэ бөгөөд МИАТ компанийн нислэгээр УБ-Токио ороход 1476900₮, Хайнан Айрленс компанийн нислэгээр Токио - Бээжин нисэхэд 7110300₮-ийн үнэтэй байгаа юм байна. Мөн МИАТ компанийн өгсөн мэдээллээр Монгол улсаас Хятад улсруу есдүгээр сарын 8-ны өдрөөс эхлэн МИАТ, Эйр Чайна, Аэро Монголиа компаниуд 7 хоногт 6 удаагийн нислэг үйлдэх юм байна. Эх сурвалж: ШӨХТГ

PSY-ИЙН ТОГЛОЛТЫН ҮЕЭР АМИА АЛДСАН МОНГОЛ ЗАЛУУГИЙН ХЭРЭГТ ХАТУУ АРГА ХЭМЖЭЭ АВНА ХЭМЭЭН БНСУ-ЫН ХӨДӨЛМӨРИЙН ЯАМНААС МЭДЭЭЛЛЭЭ

Өнгөрсөн долдугаар сарын 31-ны өдөр /2022.07.31/ БНСУ-ын “Гангнеунг” спорт цогцолборт алдарт дуучин PSY-ийн усан шоу болох “Summer swag” тоглолтын үеэр тайз буулгаж байсан арын албаны Монгол ажилтан өндрөөс унаж амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. Тэгвэл тус улсын Хөдөлмөрийн яамнаас Монгол ажилчин нас барсан хэрэгтэй холбогдуулан дуучин PSY-ийн P-Nation энтертайнментад албадан мөрдөн байцаалт явуулж, төв болон туслан гүйцэтгэгч байруудад нэгжлэг хийж эхлээд байгаа аж. Учир нь Солонгос улсын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартын дүрэмд зааснаар, “Бороо, цас болон бусад тогтворгүй цаг агаарын нөхцөл байдлын улмаас цаг агаар эрс муудсан үед ажлыг зогсоох ёстой” гэсэн байдаг тул тус хууль дүрмийг зөрчсөн байж болзошгүй үндэслэлээр шалгаж эхэлсэн аж. Энэ оны нэгдүгээр сарын 27-ноос мөрдөгдөж эхэлсэн Онц ноцтой ослын тухай хуулийн дагуу “Ажилчин амь насаа алдах зэрэг ноцтой ослын үед ослоос урьдчилан сэргийлэх үүргээ биелүүлээгүй ажил олгогч, менежерүүдэд хариуцлага тооцно. 50 ба түүнээс дээш үндсэн ажилчинтай ажлын байр “барилгын салбарт 5 тэрбум вон ба түүнээс дээш мөнгөн дүнгээр шийтгэх боломжтой” гэж заажээ. Иймд БНСУ-ын Хөдөлмөрийн яамнаас хөдөлмөрийн аюулгүй байдал хангалгүй тайзыг буулгаж амиа алдсан тохиолдлыг илрүүлсэн бөгөөд аюулгүй ажиллагааны анхан шатны арга хэмжээ аваагүйгээс гарсан ноцтой ослын эсрэг хатуу арга хэмжээ авна гэдгийг онцолсон байна. Эх сурвалж: Yonhap

НИЙТИЙН ТЭЭВРИЙН МАШИН ЦАГИЙН ТАРИФТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТАЛААР ХЭЛЭЛЦЭНЭ

Нийслэлийн ИТХ-ын Зөвлөлийн 2022 оны есдүгээр сарын 02-ны өдрийн хуралдаанаар нийтийн тээврийн машин цагийн тарифт өөрчлөлт оруулах талаарх мэдээллийг сонссон. Инфляцын түвшин, гадаад валютын ханшийн өсөлтөөс шалтгаалан тос, тослох материал болон сэлбэг хэрэгсэл, бусад бараа бүтээгдэхүүний үнэ өссөн. Мөн шатахууны үнэ нэмэгдсэн зэрэг нь “Машин цагийн тариф”-т өөрчлөлт оруулах шаардлага бий болсон аж. Уг тогтоолын төсөлд машин цагийн зардлын тарифыг их багтаамжийн дизель хөдөлгүүртэй автобус 53364 төгрөг, угсраа автобус 69688, дунд багтаамжийн автобус 46428, цахилгаан давхар автобус 63979 төгрөг байхаар тусгасан байна. Мөн нийтийн тээврийн үйлчилгээний үйл ажиллагааны санхүүжилтийн түр журмын төслийн ерөнхий мэдээллийг сонслоо. Түүнчлэн Нийслэлийн өмчид хөрөнгө бүртгэн авах тухай, Нийслэлийн өмчөөс төрийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай асуудлыг хэлэлцэн, дэмжив. Үргэлжлүүлэн Нийслэлийн ИТХ-ын Зам тээвэр, хөдөлгөөн зохицуулалтын хороо хуралдаж нийтийн тээврийн салбартай холбоотой дээрх асуудлуудыг хэлэлцэв. Түүнчлэн 2022 онд төвлөрлийг саарууулах, түгжрэлийг бууруулах төсөл арга хэмжээ, Нийтийн тээврийн парк шинэчлэлийн талаар мэдээлэл сонсож, хэлэлцлээ. Эдгээр асуудлыг энэ сарын 7-ны өдөр болох Нийслэлийн ИТХ-ын ээлжит хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэнэ.

ХУШ МОДНЫ САМРЫГ ЕСДҮГЭЭР САРЫН 20-НООС ТҮҮХИЙГ ЗӨВШӨӨРЧЭЭ

Ойн дагалт баялагийг хамгаалах, зохистой ашиглах журам шинэчлэгдэв. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны наймдугаар сарын 04-ний өдрийн А/282 дугаар тушаалаар ‘’Ойн дагалт баялгийг хамгаалах, зохистой ашиглах журам’’-ыг шинэчлэн баталлаа. Шинэчлэн баталсан журмаар хуш модны самрыг жил бүрийн есдүгээр сарын 20-ны өдрөөс дараа оны хоёрдугаар сарын 01-ний дотор түүж бэлтгэнэ

МЭДРЭЛИЙН ЁЗООР ТАЙРАХ ХАГАЛГААГ МАНАЙ УЛС АМЖИЛТТАЙ НЭВТРҮҮЛЛЭЭ

Манай улс мэдрэлийн ёзоор тайрах хагалгааг Турк улсын эмч нарын дэмжлэгтэйгээр эх орондоо нэвтрүүлж чадлаа. ЭХЭМҮТ-д нийт 230 саа саажилттай хүүхдийг мэдрэлийн, мэдрэлийн мэс заслын, сэргээн засахын эмч нарын хамтарсан үзлэгт наймдугаар сард багтаан хамруулсан аж. Мөн есдүгээр сарын 1-3 хооронд 38 хүүхдэд үзлэг оношилгоо хийж, долоон хүүхдэд хагалгааны заалттай болохыг тогтоосон бөгөөд эхний ээлжид таван хүүхдэд мэдрэлийн ёзоор тайрах хагалгааг хоёр өдрийн турш турк болон монгол эмч нарын багш хамтран Улсын Гуравдугаар Төв эмнэлэгт амжилттай хийжээ. Эрүүл мэндийн сайд С.Энхболд хэлэхдээ "Эрүүл мэндийн сайдын хувьд салбарын эмч мэргэжилтэн, яамны удирдлагын багтайгаа хамтран уналт таталт, саа саажилттай хүүхдүүдийн эмчилгээний асуудлыг цогцоор шийдвэрлэх зорилго тавин ажиллаж байгаа билээ. Энэ хүрээнд гадаад оронд хийлгэх шаардлагатай байсан мэдрэлийн ёзоор тайрах хагалгааг эх орондоо нэвтрүүлэх зорилго тавин ажлаа эхлүүлсэн юм. Мэдрэлийн, мэдрэлийн мэс заслын, мэдээгүйжүүлэг унтуулгын, сэргээн засахын эмч, сувилагч, мэргэжилтнүүдээс бүрдсэн мэдрэлийн ёзоор тайрах хагалгааг Монгол Улсад нэвтрүүлэх мэргэшсэн үндэсний багийг бий болгох тушаалыг гаргаж, ажлаа эхлүүлсэн. ЭХЭМҮТ-д нийт 230 саа саажилттай хүүхдийг мэдрэлийн, мэдрэлийн мэс заслын, сэргээн засахын эмч нарын хамтарсан үзлэгт наймдугаар сард багтаан хамрууллаа. Есдүгээр сарын 1-3 хооронд Турк улсын Лийв эмнэлгийн эмч мэргэжилтний багтай хамтран 38 хүүхдэд үзлэг оношилгоо хийж, долоон хүүхдэд хагалгааны заалттай болохыг тогтоов. Ингэснээр эхний ээлжид нэн шаардлагатай хагалгаанд орох заалттай таван хүүхдэд мэдрэлийн ёзоор тайрах хагалгааг хоёр өдрийн турш Турк улсын эмч нарын багтай хамтран УГТЭ дээр Монголын эмч мэргэжилтнүүд хийж дууслаа. Цаашид хагалгаанд орсон хүүхдүүдийн сэргээн засах эмчилгээг ЭХЭМҮТ-д үргэлжлүүлэн хийх бэлтгэлээ хангасан. Ийнхүү Монгол Улсад дахин нэг шинэ эмчилгээний технологийг эрүүл мэндийн салбар багаараа нэвтрүүлж чадлаа. Гадаадад очин эмчлүүлэхэд үүсдэг аливаа хүндрэлүүд, тэр дундаа гадаадад хийгддэг хагалгааны зардлаас ойролцоогоор дөрөв дахин хямд хийгдэх боломж бүрдэж байгаа нь иргэдийн санхүүгийн асуудалд маш том хөнгөлөлт болж чадна. ЭМЯ цаашид уг хагалгааг төгс нэвтрүүлэхийн тулд гадаадаас дараагийн багийг урьж авчрах, эмч мэргэжилтнүүдээ тасралтгүй сургахад анхаарна. Бидний урилгыг хүлээн авч, хамтран ажиллаж буй Лийв эмнэлгийн багийг 20 жилийн туршлагатай мэдрэлийн мэс засалч профессор Др.Туфан, түүний баг хамт олон болон үндэсний багийнхаа эмч, сувилагч, мэргэжилтнүүддээ талархал илэрхийлж, илүү их амжилтыг хүсье. Монгол хүн бүр эх орондоо эрүүл мэндийн тусламж үйлчилгээг авах боломжийн төлөө хичээн ажиллах болно" хэмээжээ.

Л.ЭНХ-АМГАЛАН: ХУУРАМЧ ДИПЛОМТОЙ БАГШ НАРЫГ ИРЭХ ДОЛОО ХОНОГТ ЗАРЛАНА

“Нарны үрс” цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцах үеэрээ БШУ-ны сайд Л.Энх-Амгалан “Хуурамч дипломтой багш нарыг ирэх долоо хоногт зарлах” тухайгаа мэдээллээ. Тэрбээр “Нийт 35 мянган багш нарынхаа дипломын шалгалтыг хийж дуусч байна. Ирэх долоо хоногт ЕБС-д багшилж буй хуурамч дипломтой багш нарыг зарлана. Их, дээд сургуулиудад багшилж байгаа, магистр, докторын зэрэг хамгаалсан хүмүүсийн дипломыг плагиаризмын шалгалтад хамруулж, бусдаас хулгай хийсэн, диплом нь хуурамч байгаа хүмүүсийг орон даяар зарлана” гэсэн юм.

ТОЙРГИЙНХОО ХУВИЙН ЦЭЦЭРЛЭГТ ХҮҮХДЭЭ ЯВУУЛСАН ТОХИОЛДОЛД ТӨРӨӨС ХУВЬСАХ ЗАРДЛЫГ 2 ДАХИН НЭМНЭ

Дараах хорооны оршин суугчид хүүхдээ хамран сургах тойргийнхоо хувийн цэцэрлэгт явуулахаар бол төрөөс хувьсах зардлыг 2 дахин нэмэгдүүлж, хоолны зардлыг олгоно. Нэмэлт төлбөрийг эцэг эх, асран хамгаалагчид, цэцэрлэгийн удирдлагуудтай тохиролцох юм. Төрийн бус өмчийн цэцэрлэгт Засгийн газрын 91 дүгээр тогтоолын дагуу 1 хүүхдэд жилд 810,000 төгрөг буюу сард 90,000 төгрөгийн санхүүжилт олгогдохоор тусгагдсан. 2022-2023 оны хичээлийн жилд цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхтэй холбоотойгоор Монгол Улсын Их Хурлын 17 дугаар тогтоол, Засгийн газрын 218 дугаар тогтоолын дагуу хувьсах зардлыг 2 дахин нэмэгдүүлж, хоолны зардлын хамт олгоход 1 хүүхдэд ногдох хувьсах зардал нь жилд 1,620,000 төгрөг, хоолны зардал нь 470,250 төгрөг нийт 2,090,250 төгрөг болно. Нэг үгээр хэлбэл, 1 хүүхдэд сард 232,250 төгрөгийн хувьсах зардал олгогдохоор байна.

1 ... 182 183 184 185 186 187 188 189 190 ... 334