НЭГҮҮН МЭДЭЭ
БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АЖЛЫН ГҮЙЦЭТГЭЛИЙГ ХЭЛЭЛЦЭВ

Нийслэлийн ИТХ-ын ээлжит XV хуралдаанаар Нийслэлийн нутаг дэвсгэрт улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй ажлын явцын талаар хэлэлцлээ. Танилцуулга мэдээллийг НЗДТГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцууллаа. Нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд 829 тэрбум төгрөгийн 1457 төсөл арга хэмжээ хэрэгжиж байна. Үүнээс 575 тэрбум төгрөгийн 550 төсөл арга хэмжээ нь нийслэлийн төсвөөс санхүүжиж буй юм. Он дамжсан 18.9 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 183 төсөл байна. Авто замын сангийн хөрөнгөөр 269 арга хэмжээ, улсын төсвийн хөрөнгөөр 193 төсөл, орон нутгийн сангийн хөрөнгөөр 262 төсөл арга хэмжээ хэрэгжиж буй юм. -Нийслэлийн Засаг даргаас шинээр хийгдэх 767 төсөл арга хэмжээний тендер сонгон шалгаруулах эрхийг нийслэлийн нутгийн захиргааны 37 байгууллагад шилжүүлсэн. Эдгээр ажлуудын 602 ажлын тендер сонгон шалгаруулалт зарлагдаад, ажлын гүйцэтгэл үргэлжилж байна. Сонгон шалгаруулалтыг удаа дараа зарласан зарим нэг ажлууд бий. Нийт 95 ажил дээр 3-14 удаа тендер зарласан тохиолдол гарсан. Оролцогч байхгүй, ирүүлсэн материал нь шаардлага хангахгүйгээс ийнхүү удаа дараа зарлахад хүрсэн. Эдгээрээс 36 ажлын гүйцэтгэгчийн шалгаруулсан, үлдсэн 59-д оролцогч ирээгүй хэвээр байна. 2022 оны хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэл дунджаар 63 хувьтай байна. Хөрөнгө оруулалтын ажлуудаас 100 хувийн гүйцэтгэлтэй, бүрэн дууссан 111, 80-98 хувийн гүйцэтгэлтэй 189, 60-80 хувийн гүйцэтгэлтэй 81, 40-59 хувийн гүйцэтгэлтэй 52, 20-39 хувийн гүйцэтгэлтэй 62, 11-19 хувийн гүйцэтгэлтэй 73, 10 хүртэлх гүйцэтгэлтэй 115 төсөл арга хэмжээ байна. Энэ жилийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил удааширч байгаа нь үндсэн гурван шалтгаантай байна. Тодруулбал, барилгын материалын үнийн өсөлтөөс шалтгаалж байна, хил гааль, бараа материалын тээвэрлэлт болоод 2022 оны төсвийн тодотгол хийж, худалдан авах ажиллагааг түр зогсоосонтой холбоотой гэсэн юм. Нийслэлийн хэмжээнд өрнөж буй хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын мэдээллийг иргэдэд ил тод нээлттэй байлгах үүднээс Dashboard нээн ажиллуулж буйг мөн тодотгосон. Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчдийн зүгээс хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлыг цаг хугацаанд нь чанартай гүйцэтгүүлэх, зарим бүтээн байгуулалт он дамжаад ч ашиглалтад орохгүй байгааг анхаарах, үнийн өсөлт инфляцаас үүдэлтэй хүндрэлийг давахад аж ахуйн нэгжүүдэд дэмжлэг үзүүлэх зэрэг саналыг хэлж байлаа. НЗДТГ-ын Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Мишээлт: -Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас судалгаа хийж байгаа. Нийслэлийн хэмжээнд инфляц наймдугаар сарын байдлаар 15.7 хувьтай байна. Нийлүүлэлтийн гаралтай инфляцын улмаас бараа материалын үнэ 15-90 хувь өссөн гэсэн мэдээлэл байгаа. Үүнтэй холбогдуулан үнийн индекс тооцох түр журам гарсан. Тиймээс компаниуд журмын дагуу үлдэгдэл ажилдаа үнийн индекс тооцуулах боломж бий гэсэн мэдээлэл өглөө.

ДЦС-3-ЫН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Л.ЭРХБААТАРЫГ АВЛИГАЛ АВЧ БАЙХАД НЬ ҮЙЛДЭЛ ДЭЭР НЬ БАРИВЧИЛЖЭЭ

Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас урд шөнө буюу есдүгээр сарын 06-ны шөнө ДЦС-3 -ын гүйцэтгэх захирал Л.Эрхбаатарыг гүйцэтгэх ажиллагаан явцад саатуулжээ. Тодруулбал, түүнийг бусдаас их хэмжээний мөнгө авч байсныг газар дээр нь илрүүлэн баривчилсан байна. ДЦС-3 -ын гүйцэтгэх захирал Л.Эрхбаатар нь Хасу Эрчим ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Бат-Эрдэнээс тендер сонгон шалгаруулалтад тэнцүүлж өгсний авлигалд их хэмжээний мөнгө авч байгаад ийнхүү хуулийнханд баригдсан байна. Түүнийг прокурорын зөвшөөрлийн дагуу 461-р хорих ангид цагдан хорьж, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.

САЙД Л.ЭНХ-АМГАЛАН:ТИЙМ ЭЭ, МИНИЙ БИЕ ЦАРАЙ МУУТАЙ НЬ ҮНЭН БӨЛГӨӨ

Ерөнхий сайдын ард урвайн зогсож буй Хотын дарга Д.Сумъяабазар, БШУ-ны сайд Л.Энх-Амгалан нарын зураг цахим орчинд нэлээдгүй тархаж, тэднийг царай муутай гэж багагүй шүүмжлээд буй юм. Тэгвэл БШУ-ны Ерөнхий сайд Л.Энх-Амгалан эл зурганд хариулт өгч, өөрийн твиттер хаягаар жиргэсэн байна. Тэрбээр “ Ерөнхий сайдынхаа ард ийм царайтай хүмүүс битгий зогсоож бай. Хэтэрхий царай муутай байна гэж өнгөрсөн хоёр өдөр баахан "facebook"-ээр шуурлаа. Тийм ээ, миний бие царай муутай нь үнэн бөлгөө. Гэхдээ царайны сайхнаар цай сүлэхгүй шүү дээ. Царай муутай нөхөртэй бүсгүйчүүд ханьдаа итгэл өгч, сайхан амраарай…” хэмээсэн байна.

ХҮИС: БОЛОВСРОЛ ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМЫГ ШҮҮХЭД ӨГНӨ

Худалдаа, үйлдвэрлэлийн их сургуулийн багш нарын төлөөлөл БШУЯ-ыг шүүхэд өгөхөө мэдэгдлээ. Доктор профессор Должин: Бид засгийн газрын 2022 оны наймдугаар сарын 3-ны өдрийн 293-р тушаалыг олон нийтэд танилцуулахад анх удаа мэдсэн. Тухайн үед сургууль амарч байсан тул удирдах шатны хүмүүсээ цуглуулан тус шийдвэртэй танилцахаар сайдтай уулзах хүсэлт тавьсан боловч одоогоор уулзаж чадаагүй байна. Энэ тушаалаас үндэслэн хувийн өмчит их сургуулиудыг татан буулгасан. Энэ үеэр төрийн өмчийн 99 жилийн түүхтэй сургалтын хэвийн үйл ажиллагаа явагдаж байгаа сургуулийг хамтатгаж шийдвэр гаргасан нь биднийг маш их цочирдуулсан. Сайдын тушаалд наймдугаар сарын 19-ы өдрөөс манай сургуулийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож сургалтын байгууллагыг татан буулгахыг холбогдох хүмүүст үүрэг болгон өгсөн. Манай байгууллагаас есдүгээр сарын 1-н хүртэл яаманд тушаалаа танилцуулж өгөөч гэж удаа дараа хүсэлт өгсөн боловч есдүгээр сарын 1-нд тушаалыг танилцуулсан. Гэтэл наймдугаар сарын 19-нд татан буугдсан гэх шийдвэр гарсан байсан. Эрх зүйн хувьд хянаж үзэхэд 296-р тушаал гарсан үндэслэлийн нэг хэсэг болох Боловсролын тухай хуулийн 24-1 буюу Мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлтээр стандарт зөрчсөн, сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг удаа дараа хангаагүй болохыг тогтоосон гэх үндэслэл нь бодит байдалтай нийцэхгүй байна. Мөн 2023 оны нэгдүгээр сарын 1-ээс хэрэгжих ёстой заалтууд энэ тушаалын үндэслэл болсон нь эрх зүйн баримтын хувьд зөрчилтэй гэж үзэж байна. Иймд бид энэ тушаал шийдвэрүүдэд тодорхой хэмжээний зөрчил байгааг харсан учир сургуулийнхаа нэр хүндийг хамгаалахаар шүүхэд хандаж байгаа гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна.

ЦАГДААГИЙН БАЙР РУУ БУУДСАН ЭТГЭЭД ОРГОДОЛ ЗАЛУУТАЙ ХОЛБООТОЙ БАЙВ УУ?

Архангай аймгийн Тариат сум дахь Сум дундын цагдаагийн тасгийн байр руу энэ сарын 5-6-нд шилжих шөнө нэг хүн ангийн буугаар удаа дараа буудсан хэрэг гарчээ. Орон нутгийн эх сурвалжуудаас авсан мэдээллээр шөнө мотоциклтой хүн цагдаагийн тасгийн байрны ойролцоо 100 орчим метрийн зайтай зогсоод ангийн том буугаар хоёр ч удаа буудчихаад зугтсан гэнэ. Болсон явдлын талаар аймгийн Цагдаагийн газарт мэдэгдсэнээр ажлын хэсэг Тариат сумд өчигдөр очиж шалган гэм буруутай байж болзошгүй хүнийг саатуулсан аж. Уг хэргийг Тариат сумын Бөөрөлжүүт багт оршин суудаг, 38 настай Н.Ш гэх эр үйлдсэн байж болзошгүй гэж цагдаагийнхан сэжиглэн саатуулж шалгаж байна. Тэрбээр айлаас карбин буу, сумтай нь авч явсныг хууль сахиулагчид тогтоож, хэргийн газраас олдсон хонгиотой харьцуулсан шинжилгээ хийхээр болсон байна. Хэрэгт холбогдоод буй Н.Ш энэ сарын 5-ны үдэш согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсныг цагдаагийн тасгийнхан саатуулж, машиныг нь түр саатуулах хашаанд хийснээс үүдэн ийм үйлдэл гаргасан байж болзошгүйг орон нутгийнхан мэдээллээ. Энэ буудсан эртэй холбоотой өөр нэг мэдээлэл бидэнд ирсэн юм. Тодруулбал, ШШГЕГ-ын харьяа Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь нээлттэй, хаалттай хорих 423 дугаар ангиас өнгөрсөн сард оргон уржигдар шөнө автомашинд суух гэж байгаад баригдсан хүмүүжигч А.Мөнхбатыг эрэн сурвалжлах, баривчлах ажиллагаанд Н.Ш саад учруулсан байж болзошгүй нэгэн гэнэ.

НИЙСЛЭЛИЙН ОЙН БҮСЭЭС САМАРЧДЫН 26 ОТОГ, 120 ХҮНИЙГ БУУЛГАЖ ХУУЛЬ БУСААР ТҮҮСЭН САМРЫГ ХУРААЖЭЭ

“Самар-2022” хэсэгчилсэн арга хэмжээг нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчны газар, Богдхан уулын дархан цаазат газар болон Экологийн цагдаагийн алба хамтран энэ сарын 5-15-ны хооронд зохион байгуулж байна. Энэ нь “Байгаль орчныг хамгаалах тухай”, “Ойн тухай”, “Эрүүгийн хууль”, “Зөрчлийн тухай”, “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай” хуулиуд, “Ойн дагалт баялгийг хамгаалах зохистой ашиглах” журам болон холбогдох бусад хууль тогтоомжуудын хэрэгжилтэд хяналт тавих, зөвшөөрөлгүйгээр ойн дагалт баялаг болох хуш модны самар бэлтгэсэн үйлдлийг илрүүлж, таслан зогсоох, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилготой юм. Хяналт шалгалтын ажлын хүрээнд одоогоор самарчдын 26 отог, 120 гаруй иргэнийг нийслэлийн ойн бүсээс буулгаж, хууль бусаар түүсэн их хэмжээний самрыг хураан авч, зөрчлийн шинжтэй 10 үйлдлийг илрүүлэн Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт шилжүүлжээ.

НИЙСЛЭЛИЙН ОЙН БҮСЭЭС САМАРЧДЫН 26 ОТОГ, 120 ХҮНИЙГ БУУЛГАЖ ХУУЛЬ БУСААР ТҮҮСЭН САМРЫГ ХУРААЖЭЭ

“Самар-2022” хэсэгчилсэн арга хэмжээг нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчны газар, Богдхан уулын дархан цаазат газар болон Экологийн цагдаагийн алба хамтран энэ сарын 5-15-ны хооронд зохион байгуулж байна. Энэ нь “Байгаль орчныг хамгаалах тухай”, “Ойн тухай”, “Эрүүгийн хууль”, “Зөрчлийн тухай”, “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай” хуулиуд, “Ойн дагалт баялгийг хамгаалах зохистой ашиглах” журам болон холбогдох бусад хууль тогтоомжуудын хэрэгжилтэд хяналт тавих, зөвшөөрөлгүйгээр ойн дагалт баялаг болох хуш модны самар бэлтгэсэн үйлдлийг илрүүлж, таслан зогсоох, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилготой юм. Хяналт шалгалтын ажлын хүрээнд одоогоор самарчдын 26 отог, 120 гаруй иргэнийг нийслэлийн ойн бүсээс буулгаж, хууль бусаар түүсэн их хэмжээний самрыг хураан авч, зөрчлийн шинжтэй 10 үйлдлийг илрүүлэн Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт шилжүүлжээ.

СОГТУУРСАН ҮЕДЭЭ ТӨРСӨН ДҮҮГЭЭ ХУТГАЛЖ, АМЬ НАСЫГ НЬ ХОХИРООЖЭЭ

Говь-алтай аймгийн Цогт суманд спорт заал барьж байсан ажилчдын гэр иргэн Л нас барсан байдалтай олджээ. Дуудлага мэдээллийг дагуу цагдаагийн бүрэлдэхүүн шалгалтын ажиллагаа явуулахад иргэн Л- ийг түүний төрсөн ах болох 46 настай З нь согтуурсан үедээ 2 удаа хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарч тус хэргийг Говь-алтай аймаг дахь цагдаагийн хэлтсээс шалгаж байна.

МОХС-ИЙН ЗАХИРАЛ Ж.СОРОНЗОНГ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛӨХ ТУШААЛ ГАРГАЖЭЭ

Монгол-Оросын хамтарсан 3 дугаар сургуулийн захирал Ж.Соронзонг ажлаас нь чөлөөлөх тушаалыг өнөө өглөө гаргасан гэдгийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлжээ. Ж.Соронзон захирлын хувьд хууль бус үйлдэл хийж, бусдаас авлига хээл хахууль авсан хэргийг нь хуулийн байгууллага шалгахгүй байгаа. Мөн хууль хяналтын байгууллагаар араа хамгаалуулсан гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд их гарч байгаа. Түүнчлэн баримт гаргаж ажлаа хийж байгаа сэтгүүлчийг өчигдөр дарамталж, гэр бүлийн байдлыг нь гутаан доромжилж, бах таваа хангасан үйлдлийг нь салбарын сайд Л.Энх-Амгалан хүртэл харж эгдүүцэж, ажлаас нь чөлөөлөх хүсэлтийг ОХУ-ны талд хүргүүлнэ гэдгээ мэдэгдсэн билээ. Тэгвэл 30 гаруй жил боловсролын салбар удирдахдаа хууль бус үйлдлийг гааруулсан, харилцаа хандлагын хувьд ёсзүйн асар их доголдолтой Ж.Соронзон захирлыг ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг гаргажээ. Уг шийдвэр удахгүй албажих юм байна.

АТҮТ-ИЙН АЛБАН ТУШААЛТНЫ ХЭРГИЙГ ДОРНОГОВИЙН ШҮҮХ ХЯНАЖ БАЙНА

ЗТХЯ-ны харьяа Автотээврийн үндэсний төв (АТҮТ)-ийн Дорноговь аймаг дахь салбарын даргаар ажиллаж байсан, улмаар нийслэлд шилжин тус төвийн эрх бүхий албан тушаалд томилогдсон Б.Хүдэрболдод холбогдох хэрэгт НПГ-аас яллах дүгнэлт үйлджээ. Улмаар Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна. Прокуророос түүнд Эрүүгийн хуулийн 22.1 дэх хэсгийн албан тушаалаа урвуулсан, 22.4-т заасан бусдаас хахууль авсан, 22.10-ын үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, 18.6-1-ийн мөнгө угаасан гэх заалтын дагуу буруутгасан байна. Б.Хүдэрболдыг АТҮТ-ийн Дорноговь аймаг дахь салбарын даргаар байхдаа эрх мэдлээ урвуулан ашиглаж, бусдаас багагүй хэмжээний хахууль авсан гэх үндэслэлээр 2021 оны наймдугаар сарын сүүлчээс мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлсэн билээ. Тодруулбал, дээрх салбарын даргаар ажиллаж байхдаа 2020 оны долдугаар сарын 21-нд иргэн А.Баттулгын 3536 ДГС улсын дугаарыг 11-11 ДГН гэсэн дугаараар сольж олгосныхоо хариуд хоёр сая, Дорноговь аймаг дахь “Монгол даатгал” ХК-ийн захирал Б.Хонгорзулаас “Нью кардинал” ХХК-ийн 67 тээврийн хэрэгслийг даатгуулсны хариуд гурван ч удаа багагүй хэмжээний хахууль авсан хэмээн буруутгасан юм. Мөн өөрийн хамаарал бүхий “Чандмань цагаан хад” ХХК-д давуу байдал бий болгож, олон улсын ачаа тээврийн “С” зөвшөөрөл гаргуулан авч, нүүрс тээвэрлэх бизнес эрхлэн их хэмжээний ашиг олж, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй хэрэгт холбогдуулсан билээ. Б.Хүдэрболдтой хамт иргэн А.Баттулгад Эрүүгийн хуулийн 22.5-1 дэх хэсэгт заасан бусдад албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн хэмээн яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлснийг дээрх шүүх хянаж энэ сарын 8-ны 14.00 цагт гэм буруутай, эсэхийг нь хэлэлцэхээр товлосон байна. Ташрамд дурдахад, прокурорын байгууллага наймдугаар сарын 29-нөөс энэ сарын 2-ны хооронд мөрдөн байцаалтын 2400 хэрэгт хяналт тавьж, 267-д нь яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ. Тэдгээрийн дунд хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 165, өмчлөх эрхийн эсрэг 72, хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 30, бэлгийн эрх чөлөө халдашгүй байдлын эсрэг 10, Хүний амьд явах эрхийн эсрэг найм, Хүрээлэн байгаа орчны эсрэг таван хэрэг байгаа бол мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашигласан болон авлигын тус бүр дөрвөн хэргийг шүүхээр шийдвэрлүүлэхээр хүргүүлсэн аж.

1 ... 174 175 176 177 178 179 180 181 182 ... 328