ХАЛТИРГАА ГУЛГААНААС СЭРГИЙЛЖ 330 ТОНН БОДИС, 577.7 ТОНН ДАВС ЦАЦЛАА

Өнгөрсөн амралтын өдрүүдээр буюу арванхоёрдугаар сарын 24-25-нд Улаанбаатар хот орчимд цас орсон тул халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлэн зам талбайн цасыг арилгах, давс бодис цацах ажил үргэлжилсээр байна.

Тухайлбал, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хүндрэлтэй нөхцөл байдал үүсэж болзошгүй даваа гүвээ, хотын гол магистрал төв замуудад давс, бодис цацах, тусгай техник хэрэгслүүдийн бэлэн байдлыг хангах үүрэг чиглэл өгч, зохион байгуулалтын арга хэмжээг авлаа.

Нийслэлийн хэмжээнд зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээний 18 байгууллагын 917 зам талбайн үйлчлэгч, тусгай зориулалтын 84 машин, техник хэрэгсэлтэйгээр ажилласан. Мөн алслагдсан замд цас хунгарлаж даваа гүвээ хаагдах нөхцөл байдлаас урьдчилан сэргийлэн Морингийн даваа, Айдсын даваа, Ар гүнт, Өвөр гүнтийн замд давс, бодис цацлаа.

Хот тохижилтын газар ОНӨААТҮГ бодис цацагч 13 машин, 20 техник хэрэгсэл, 371 хүний бүрэлдэхүүнтэйгээр шөнийн ээлжээр ажилласан бөгөөд зам талбайн үйлчлэгч нар явган зам, нуухны цэвэрлэгээ хийж, халтиргаа гулгаанаас сэргийлэх арга хэмжээ авч буй.

Арванхоёрдугаар сарын 24-25-ны өдрүүдэд орсон цаснаар 330 тонн бодис, 577.7 тонн давс цацсан бөгөөд одоогоор 1528.94 тонн бодис, 3660.24 тонн давсны нөөцтэй байна.


Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.