300 САЯАС ДЭЭШ АМ.ДОЛЛАРЫН БОДИТ ХӨРӨНГӨ ОРУУЛАХ ААН-Д КАЗИНОГИЙН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ОЛГОНО

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Казиногийн тухай хууль, Морин бооцоот уралдааны тухай хууль, Төлбөр тааварт тоглоомын тухай хуулийн төслүүдийг өнөөдөр /2022.12.26/ өргөн барилаа.  Тэрбээр:
"Казиногийн хуулийг баталснаар эдийн засгийн ямар өгөөж ирэх юм бэ гэдэг асуудал хамгийн чухал нь. Бид хэн нэг хүн, өөртөө болон бусдад давуу байдал үүсгэж, казиногийн лиценз авч, дамлан зарах боломжийг нь хуулиар хаасан. 
Монгол Улсын Засгийн газарт 300 саяас дээш бодит хөрөнгө оруулахаа илэрхийлсэн нэг ААН-д казиногийн тусгай зөвшөөрлийг олгоно. Өөрөөр хэлбэл, Монголын хөрсөнд бодит хөрөнгө оруулалт хийнэ гэдгээ илэрхийлсэн ААН-д бид лиценз олгох юм.  
Мөн казиногийн үйл ажиллагаа эхэлснээс хойш өдөр тутам олсон орлогынх нь 40 хувийг нь шууд казиногийн орлогын албан татвар болгож хураана. Түүнчлэн 30 жилийн дараа казиногийн нийт ширээний 50 хувийг Монгол Улсын Засгийн газрын өмчлөлд шилжих нөхцөл тавьж байгаа. 
Бид эдийн засгийн хямралыг давахын тулд уул уурхайгаас бусад салбарыг солонгоруулах зорилт тавьж буй энэ цаг үед энэ ажил Монгол Улсын төсөвт бодит жин дарахуйц салбар болно гэдэг үндсэн дээр энэ хуулийн төслийг боловсруулсан" хэмээв.

 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.