НЭГҮҮН МЭДЭЭ
МХЕГ: ЭКСПОРТЫН МАХ БЭЛТГЭХ ЭРХГҮЙ ҮЙЛДВЭРҮҮДЭД ШАЛГАЛТ ХИЙЖ ХОЁР ААН-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ БҮРЭН ЗОГСООСОН

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас мах, махан бүтээгдэхүүнд улсын хэмжээнд хийсэн хяналт шалгалтын талаар өнөөдөр танилцуулсан. МХЕГ-ын дарга Б.Баасандорж "Экспортын мах бэлтгэх, экспортын мах бэлтгэх эрхгүй үйлдвэрүүдэд шалгалт хийж, зөрчлүүд илрүүлсэн. Нийт 51 аж ахуйн нэгжээс хоёр нь үйл ажиллагаагаа бүрэн зогсоосон байсан. Тиймээс мэргэжлийн хяналтын байгууллага 49 үйлдвэрт хяналт тавьж ажиллалаа. Нэгдүгээрт, дулааны аргаар мах бэлтгэж, экспортод гаргах эрхтэй 17 үйлдвэрээс 12-ын үйл ажиллагааг үргэлжлүүлж байна. Эдгээр аж ахуйн нэгжийн 6000 гаруй тонн махыг өчигдрөөс Хятад руу гаргаж эхэлсэн. Мах экспортлох эрхгүй байж дулааны аргаар мах бэлтгэсэн долоон үйлдвэр байна. Тухайлбал, "Үүлэнгөү" ХХК, "БӨКТ" ХХК, "Натурал грийн фүүдс" ХХК, "Оргилон гүн" ХХК зэрэг аж ахуйн нэгжийн 541 тонн махыг МХЕГ-аас ХХААХҮЯ, ГЕГ-т шилжүүлсэн. Гуравдугаарт, стандарт шаардлага хангаагүй 507 тонн мах нянгийн үзүүлэлт өндөр гарсан тул албадлагын арга хэмжээ авч хурааж, Зөрчлийн тухай хуулийн дагуу устгах эсэхийг шийднэ. МХЕГ-ын шийдвэрээр энэ махыг Хүнсний тухай хуульд зааснаар зайлшгүй устгах шаардлагатай гэсэн дүгнэлт гарсан" гэлээ.

МАШИНЫ ЯНДАНГААС ГАРАХ ДУУ ЧИМЭЭНД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ТАВЬЖ АРГА ХЭМЖЭЭ АВЧ БАЙНА

Тээврийн цагдаагийн албанаас албанаас Автотээврийн үндэсний төвтэй хамтран нийслэл хотын нутаг дэвсгэрт замын хөдөлгөөнд оролцож байгаа “Мотоцикл болон тээврийн хэрэгслийн яндангаас гарах дуу чимээ” стандартын хэмжээнээс хэтэрсэн, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 4 дүгээр хавсралтын 4.4-д заасан “Яндан, дуу намсгуур гэмтсэн буюу байхгүй болсон, яндангаас гарах дуу чимээний түвшин MNS:4599 стандартад тогтоосон хэмжээнээс хэтэрсэн”, “Автотээврийн хөдлөх бүрэлдэхүүний эргономикийн үзүүлэлтүүд” MNS4599:2003 стандартын шаардлага хангаагүй, тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд өдөр, шөнийн цагт оролцон иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулж байгаа зөрчлийг таслан зогсоох, хяналт шалгалтын ажлыг хийж байна. Хяналт шалгалтын хүрээнд тээврийн хэрэгслийн яндангаас гарах дуу чимээ стандартын хэмжээнээс хэтэрсэн гэх 755 тээврийн хэрэгслийн гэрчилгээг түр хураан авч бүртгэлжүүлэн, зохих журмын дагуу шийдвэрлэн ажиллаж байна. Өнөөдрийн /2022.09.06/ байдлаар 67 мотоцикл, 362 автомашин буюу нийт 429 тээврийн хэрэгслийн жолооч нар дүгнэлт гаргуулснаас автомашины утааны яндангаас гарах дуу чимээ MNS4599:2003 стандартаас хэтэрсэн зөрчилтэй 223 жолоочид Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 14.7.15-д заасны дагуу арга хэмжээ тооцож, зориулалтын бусаар өөрчилж тоноглосон 14 автомашины янданг хураан авч зөрчлийг арилгуулан энгийн нам дуутай үйлдвэрийн яндангаар солиулсан бол 326 тээврийн хэрэгслийн жолооч нар яндангаас гарах дуу чимээний дүгнэлт гаргуулаагүй хайхрамжгүй хандаж байна. Тухайн автомашин, мотоциклын жолооч Автотээврийн үндэсний төвийн Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргүүд дэх техник хяналт үзлэгийн төвүүдэд очиж яндангаас гарах дуу чимээ стандартын хэмжээнээс хэтэрсэн эсэхийг шалгуулан дүгнэлт гаргуулж, зөрчлөө арилгасан тохиолдолд тээврийн хэрэгслийн гэрчилгээг буцаан олгож байна. Иймд тус жолооч нарт Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргүүд дэх техник хяналт үзлэгийн төвүүдэд яндангаас гарах дуу чимээний түвшинг тогтоож дүгнэлт гаргуулан тээврийн хэрэгслийн гэрчилгээг “Тээврийн цагдаагийн алба”-аас ирж авах шаардлагатай байна.

“ДЦС-3” ТӨХК-ИЙН ЗАХИРАЛ ХАХУУЛИЙНХАА 30 ХУВИЙГ УРЬДЧИЛЖ АВСАН БАЙВ

“Дулааны цахилгаан станц-3” төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирал Л.Эрхбаатарыг бусдаас их хэмжээний хахууль авч байх үйлдэл дээр нь энэ сарын 6-7-нд шилжих шөнө ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын ажилтнууд саатуулан хойшлуулшгүйгээр цагдан хорьж шалгаж эхэлжээ. Энэ талаар тус ТӨХК-ийн Захиргаа, удирдлагын албаныхан “Урьд шөнө Л.Эрхбаатар захирлыг бусдаас хахууль авсан гэх үндэслэлээр цагдаагийнхан саатуулсан гэсэн яриа байгаа. Өнөөдөр ажилдаа ирээгүй болохоор уг яриа ортой байх” хэмээсэн юм. Л.Эрхбаатарт хахууль өгсөн хүн нь “Хасу-Эрчим” ХХК-ийн захирал, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Б.Бат-Эрдэнэ аж. Тэрбээр Л.Эрхбаатарт 100 сая төгрөг өгөхөөр тохиролцож, урьдчилгаа 30 саяыг нь өгөөд ийнхүү баригдсан гэх мэдээллийг эх сурвалжууд өгч буй юм. “Хасу-Эрчим” ХХК нь “ДЦС-3” ТӨХК-иас энэ онд зарласан 274.6 сая төгрөгийн үнийн дүнтэй утаа сорогчийн гол худалдан авах, 738 орчим саяын үнийн дүнтэй өрлөг дулаалгын материал (багц-2) нийлүүлэх, нэг тэрбум гаруй төгрөгийн үнийн дүнтэй труба хоолой худалдан авах зэрэг тендерт шалгарч, гэрээ байгуулсан аж. Эдгээр тендерт “Хасу-Эрчим”-ийг шалгаруулсныхаа урамшуулалд хахууль авсан байж болзошгүй хэмээн хууль сахиулагчид үзэж буй юм билээ. “ДЦС-3” ТӨХК-ийн захирал Л.Эрхбаатарын хувьд өмнө нь “Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад шилжин томилогдоод яг нэг жилийн нүүр үзэж буй нэгэн. Тэрбээр бас Орхон аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдож байсан билээ.

ТАЙЧИХ ҮЗҮҮЛБЭРТЭЙ БААРАНД ХАР ТАМХИ БОРЛУУЛЖ, БИЕЭ ҮНЭЛЭЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

Сүхбаатар дүүргийн нутаг “Бизнес плаза” төвд үйл ажиллагаа явуулдаг, тайчих үзүүлбэр үзүүлдэг SQ, Гэрлэх ёслолын ордны дэргэдэх байранд байрладаг STYX гэсэн шөнийн цэнгээний газарт энэ сарын 6-7-нд шилжих шөнө цагдаагийн ажилтнууд шалгалт хийж, мансууруулах бодис борлуулж байсан байж болзошгүй үйлдлийг илрүүллээ. Хууль сахиулагчид дээрх хоёр бааранд шалгалт хийхдээ тайчих үзүүлбэр үзүүлдэг охид болон үйлчлүүлж байсан иргэдээс биологийн дээж авч мансууруулах бодис хэрэглэсэн, эсэхийг шалгахад хоёр ч хүн мансуурсан нь илэрч, биеэс нь эд мөрийн баримт болох хар тамхи хураан авчээ. Эх сурвалжийн мэдээлснээр мансууруулах төрлийн бодис илэрсэн хоёр иргэний нэг нь Гаалийн ерөнхий газарт ажилладаг, улсын байцаагч албан тушаалтай байж. Мөн эл шалгалтаар тайчих үзүүлбэр үзүүлдэг охидын биеийг үнэлүүлэх, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглүүлэх явдал ч байсныг илрүүлсэн гэнэ. SQ, STYX шөнийн цэнгээний газрын эзэн нь Г гэх залуу бөгөөд өөрийнхөө болон ээжийнхээ хувийн дансаар үйлчлүүлэгч нараас төлбөр, мөнгөө авдаг, ямар нэгэн татвар төлдөггүй ч байж болзошгүй байсан учраас нарийвчлан шалгаж буй гэнэ. Тэдгээр баараар үйлчлүүлсэн нэг хүн гэхэд 500 мянгаас дээш төгрөгийн орлого оруулдаг ч улсад ямар нэг татвар төлдөггүй нь хууль сахиулагчдын анхаарлыг татсан сурагтай. Бидэнд олдсон албан бус мэдээллээр бол уг хоёр цэнгээний газрыг ажиллуулдаг Г гэх эр сүүлийн гурван жилийн хугацаанд тайчих үзүүлбэр, биеэ үнэлэлттэй холбоотойгоор хууль бусаар нэлээд олон тэрбум төгрөгийн орлого олж, түүнийгээ нуун дарагдуулж татвар төлөөгүй, мөнгө угаасан байж болзошгүй гэх асуудлыг цагдаагийнхан шалгаж буй аж.

БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АЖЛЫН ГҮЙЦЭТГЭЛИЙГ ХЭЛЭЛЦЭВ

Нийслэлийн ИТХ-ын ээлжит XV хуралдаанаар Нийслэлийн нутаг дэвсгэрт улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй ажлын явцын талаар хэлэлцлээ. Танилцуулга мэдээллийг НЗДТГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцууллаа. Нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд 829 тэрбум төгрөгийн 1457 төсөл арга хэмжээ хэрэгжиж байна. Үүнээс 575 тэрбум төгрөгийн 550 төсөл арга хэмжээ нь нийслэлийн төсвөөс санхүүжиж буй юм. Он дамжсан 18.9 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 183 төсөл байна. Авто замын сангийн хөрөнгөөр 269 арга хэмжээ, улсын төсвийн хөрөнгөөр 193 төсөл, орон нутгийн сангийн хөрөнгөөр 262 төсөл арга хэмжээ хэрэгжиж буй юм. -Нийслэлийн Засаг даргаас шинээр хийгдэх 767 төсөл арга хэмжээний тендер сонгон шалгаруулах эрхийг нийслэлийн нутгийн захиргааны 37 байгууллагад шилжүүлсэн. Эдгээр ажлуудын 602 ажлын тендер сонгон шалгаруулалт зарлагдаад, ажлын гүйцэтгэл үргэлжилж байна. Сонгон шалгаруулалтыг удаа дараа зарласан зарим нэг ажлууд бий. Нийт 95 ажил дээр 3-14 удаа тендер зарласан тохиолдол гарсан. Оролцогч байхгүй, ирүүлсэн материал нь шаардлага хангахгүйгээс ийнхүү удаа дараа зарлахад хүрсэн. Эдгээрээс 36 ажлын гүйцэтгэгчийн шалгаруулсан, үлдсэн 59-д оролцогч ирээгүй хэвээр байна. 2022 оны хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэл дунджаар 63 хувьтай байна. Хөрөнгө оруулалтын ажлуудаас 100 хувийн гүйцэтгэлтэй, бүрэн дууссан 111, 80-98 хувийн гүйцэтгэлтэй 189, 60-80 хувийн гүйцэтгэлтэй 81, 40-59 хувийн гүйцэтгэлтэй 52, 20-39 хувийн гүйцэтгэлтэй 62, 11-19 хувийн гүйцэтгэлтэй 73, 10 хүртэлх гүйцэтгэлтэй 115 төсөл арга хэмжээ байна. Энэ жилийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил удааширч байгаа нь үндсэн гурван шалтгаантай байна. Тодруулбал, барилгын материалын үнийн өсөлтөөс шалтгаалж байна, хил гааль, бараа материалын тээвэрлэлт болоод 2022 оны төсвийн тодотгол хийж, худалдан авах ажиллагааг түр зогсоосонтой холбоотой гэсэн юм. Нийслэлийн хэмжээнд өрнөж буй хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын мэдээллийг иргэдэд ил тод нээлттэй байлгах үүднээс Dashboard нээн ажиллуулж буйг мөн тодотгосон. Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчдийн зүгээс хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлыг цаг хугацаанд нь чанартай гүйцэтгүүлэх, зарим бүтээн байгуулалт он дамжаад ч ашиглалтад орохгүй байгааг анхаарах, үнийн өсөлт инфляцаас үүдэлтэй хүндрэлийг давахад аж ахуйн нэгжүүдэд дэмжлэг үзүүлэх зэрэг саналыг хэлж байлаа. НЗДТГ-ын Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Мишээлт: -Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас судалгаа хийж байгаа. Нийслэлийн хэмжээнд инфляц наймдугаар сарын байдлаар 15.7 хувьтай байна. Нийлүүлэлтийн гаралтай инфляцын улмаас бараа материалын үнэ 15-90 хувь өссөн гэсэн мэдээлэл байгаа. Үүнтэй холбогдуулан үнийн индекс тооцох түр журам гарсан. Тиймээс компаниуд журмын дагуу үлдэгдэл ажилдаа үнийн индекс тооцуулах боломж бий гэсэн мэдээлэл өглөө.

ДЦС-3-ЫН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Л.ЭРХБААТАРЫГ АВЛИГАЛ АВЧ БАЙХАД НЬ ҮЙЛДЭЛ ДЭЭР НЬ БАРИВЧИЛЖЭЭ

Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас урд шөнө буюу есдүгээр сарын 06-ны шөнө ДЦС-3 -ын гүйцэтгэх захирал Л.Эрхбаатарыг гүйцэтгэх ажиллагаан явцад саатуулжээ. Тодруулбал, түүнийг бусдаас их хэмжээний мөнгө авч байсныг газар дээр нь илрүүлэн баривчилсан байна. ДЦС-3 -ын гүйцэтгэх захирал Л.Эрхбаатар нь Хасу Эрчим ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Бат-Эрдэнээс тендер сонгон шалгаруулалтад тэнцүүлж өгсний авлигалд их хэмжээний мөнгө авч байгаад ийнхүү хуулийнханд баригдсан байна. Түүнийг прокурорын зөвшөөрлийн дагуу 461-р хорих ангид цагдан хорьж, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.

САЙД Л.ЭНХ-АМГАЛАН:ТИЙМ ЭЭ, МИНИЙ БИЕ ЦАРАЙ МУУТАЙ НЬ ҮНЭН БӨЛГӨӨ

Ерөнхий сайдын ард урвайн зогсож буй Хотын дарга Д.Сумъяабазар, БШУ-ны сайд Л.Энх-Амгалан нарын зураг цахим орчинд нэлээдгүй тархаж, тэднийг царай муутай гэж багагүй шүүмжлээд буй юм. Тэгвэл БШУ-ны Ерөнхий сайд Л.Энх-Амгалан эл зурганд хариулт өгч, өөрийн твиттер хаягаар жиргэсэн байна. Тэрбээр “ Ерөнхий сайдынхаа ард ийм царайтай хүмүүс битгий зогсоож бай. Хэтэрхий царай муутай байна гэж өнгөрсөн хоёр өдөр баахан "facebook"-ээр шуурлаа. Тийм ээ, миний бие царай муутай нь үнэн бөлгөө. Гэхдээ царайны сайхнаар цай сүлэхгүй шүү дээ. Царай муутай нөхөртэй бүсгүйчүүд ханьдаа итгэл өгч, сайхан амраарай…” хэмээсэн байна.

ХҮИС: БОЛОВСРОЛ ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМЫГ ШҮҮХЭД ӨГНӨ

Худалдаа, үйлдвэрлэлийн их сургуулийн багш нарын төлөөлөл БШУЯ-ыг шүүхэд өгөхөө мэдэгдлээ. Доктор профессор Должин: Бид засгийн газрын 2022 оны наймдугаар сарын 3-ны өдрийн 293-р тушаалыг олон нийтэд танилцуулахад анх удаа мэдсэн. Тухайн үед сургууль амарч байсан тул удирдах шатны хүмүүсээ цуглуулан тус шийдвэртэй танилцахаар сайдтай уулзах хүсэлт тавьсан боловч одоогоор уулзаж чадаагүй байна. Энэ тушаалаас үндэслэн хувийн өмчит их сургуулиудыг татан буулгасан. Энэ үеэр төрийн өмчийн 99 жилийн түүхтэй сургалтын хэвийн үйл ажиллагаа явагдаж байгаа сургуулийг хамтатгаж шийдвэр гаргасан нь биднийг маш их цочирдуулсан. Сайдын тушаалд наймдугаар сарын 19-ы өдрөөс манай сургуулийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож сургалтын байгууллагыг татан буулгахыг холбогдох хүмүүст үүрэг болгон өгсөн. Манай байгууллагаас есдүгээр сарын 1-н хүртэл яаманд тушаалаа танилцуулж өгөөч гэж удаа дараа хүсэлт өгсөн боловч есдүгээр сарын 1-нд тушаалыг танилцуулсан. Гэтэл наймдугаар сарын 19-нд татан буугдсан гэх шийдвэр гарсан байсан. Эрх зүйн хувьд хянаж үзэхэд 296-р тушаал гарсан үндэслэлийн нэг хэсэг болох Боловсролын тухай хуулийн 24-1 буюу Мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлтээр стандарт зөрчсөн, сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг удаа дараа хангаагүй болохыг тогтоосон гэх үндэслэл нь бодит байдалтай нийцэхгүй байна. Мөн 2023 оны нэгдүгээр сарын 1-ээс хэрэгжих ёстой заалтууд энэ тушаалын үндэслэл болсон нь эрх зүйн баримтын хувьд зөрчилтэй гэж үзэж байна. Иймд бид энэ тушаал шийдвэрүүдэд тодорхой хэмжээний зөрчил байгааг харсан учир сургуулийнхаа нэр хүндийг хамгаалахаар шүүхэд хандаж байгаа гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна.

ЦАГДААГИЙН БАЙР РУУ БУУДСАН ЭТГЭЭД ОРГОДОЛ ЗАЛУУТАЙ ХОЛБООТОЙ БАЙВ УУ?

Архангай аймгийн Тариат сум дахь Сум дундын цагдаагийн тасгийн байр руу энэ сарын 5-6-нд шилжих шөнө нэг хүн ангийн буугаар удаа дараа буудсан хэрэг гарчээ. Орон нутгийн эх сурвалжуудаас авсан мэдээллээр шөнө мотоциклтой хүн цагдаагийн тасгийн байрны ойролцоо 100 орчим метрийн зайтай зогсоод ангийн том буугаар хоёр ч удаа буудчихаад зугтсан гэнэ. Болсон явдлын талаар аймгийн Цагдаагийн газарт мэдэгдсэнээр ажлын хэсэг Тариат сумд өчигдөр очиж шалган гэм буруутай байж болзошгүй хүнийг саатуулсан аж. Уг хэргийг Тариат сумын Бөөрөлжүүт багт оршин суудаг, 38 настай Н.Ш гэх эр үйлдсэн байж болзошгүй гэж цагдаагийнхан сэжиглэн саатуулж шалгаж байна. Тэрбээр айлаас карбин буу, сумтай нь авч явсныг хууль сахиулагчид тогтоож, хэргийн газраас олдсон хонгиотой харьцуулсан шинжилгээ хийхээр болсон байна. Хэрэгт холбогдоод буй Н.Ш энэ сарын 5-ны үдэш согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсныг цагдаагийн тасгийнхан саатуулж, машиныг нь түр саатуулах хашаанд хийснээс үүдэн ийм үйлдэл гаргасан байж болзошгүйг орон нутгийнхан мэдээллээ. Энэ буудсан эртэй холбоотой өөр нэг мэдээлэл бидэнд ирсэн юм. Тодруулбал, ШШГЕГ-ын харьяа Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь нээлттэй, хаалттай хорих 423 дугаар ангиас өнгөрсөн сард оргон уржигдар шөнө автомашинд суух гэж байгаад баригдсан хүмүүжигч А.Мөнхбатыг эрэн сурвалжлах, баривчлах ажиллагаанд Н.Ш саад учруулсан байж болзошгүй нэгэн гэнэ.

НИЙСЛЭЛИЙН ОЙН БҮСЭЭС САМАРЧДЫН 26 ОТОГ, 120 ХҮНИЙГ БУУЛГАЖ ХУУЛЬ БУСААР ТҮҮСЭН САМРЫГ ХУРААЖЭЭ

“Самар-2022” хэсэгчилсэн арга хэмжээг нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчны газар, Богдхан уулын дархан цаазат газар болон Экологийн цагдаагийн алба хамтран энэ сарын 5-15-ны хооронд зохион байгуулж байна. Энэ нь “Байгаль орчныг хамгаалах тухай”, “Ойн тухай”, “Эрүүгийн хууль”, “Зөрчлийн тухай”, “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай” хуулиуд, “Ойн дагалт баялгийг хамгаалах зохистой ашиглах” журам болон холбогдох бусад хууль тогтоомжуудын хэрэгжилтэд хяналт тавих, зөвшөөрөлгүйгээр ойн дагалт баялаг болох хуш модны самар бэлтгэсэн үйлдлийг илрүүлж, таслан зогсоох, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилготой юм. Хяналт шалгалтын ажлын хүрээнд одоогоор самарчдын 26 отог, 120 гаруй иргэнийг нийслэлийн ойн бүсээс буулгаж, хууль бусаар түүсэн их хэмжээний самрыг хураан авч, зөрчлийн шинжтэй 10 үйлдлийг илрүүлэн Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт шилжүүлжээ.

1 ... 163 164 165 166 167 168 169 170 171 ... 317