Шинээр нэмэгдсэн
мэдээ
ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХ А.ГАНХУЯГТ ХОРИХ ЯЛ ОНООСОН ЗАЛИЛАХ ГЭМТ ХЭРГИЙГ ГЭМТ ХЭРГИЙН ШИНЖГҮЙ ҮНДЭСЛЭЛЭЭР ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОЛОО

“Ногоон автобус” гэх тодотголтой 24 хүнд холбогдох эрүүгийн хэргийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл оролцогчдын гаргасан гомдол, эсэргүүцлээр хянан хэлэлцэж өнөөдөр шийдвэрээ танилцууллаа. Анхан шатны шүүхээс дөрөвдүгээр сарын 9-нд гаргасан шийдвэрээр ногоон автобусны хэрэгт Монгол Улсын 9 иргэн, БНСУ-ын 2 иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож, бусад 15 хүнийг ялласан. Тухайлбал, “Тэнүүн Огоо” ХХК-ийн захирал А.Ганхуягт нийтийн албанд ажиллах эрхийг нь 3 жил хасаж, 6 жил хорих ял оноосон бол С.Жавхлантбаатарыг нийтийн албанд ажиллах эрхийг нь 4 жил хасан, 3 жил хорих ялаар шийтгэсэн байдаг. Мөн 13 хүнд нийтийн албанд ажиллах, зорчих эрх хасах ял оноосныг шүүгдэгчид эсэргүүцэн, давж заалдсан байна. Тэдний гомдлыг давж заалдах шатны шүүх хянан хэлэлцээд, анхан шатны шүүхийн шийдвэрт нэмэлт өөрчлөлт оруулжээ. Анхан шатны шийтгэх тогтоолоор А.Ганхуягт оноосон залилах гэмт хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болголоо.

НОТЛОХ ҮҮРГИЙН ХУВААРИАС ЗУГТСАН ХЭВЭЭР БАЙГАА Б.ЭНХБАЯРЫГ АЛБАДАН ИРҮҮЛЭХЭЭР ЯРИГДАЖ БАЙНА

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг албадан ирүүлэх ажиллагаа явуулахаар болжээ. Учир нь түүнд холбогдуулан иргэний хэрэг үүсгэсэн бөгөөд шүүхийн нэхэмжлэлээ гардаж аваад хариу тайлбар өгөх ёстой ч бултаж зугтсаар өдийг хүрч байгаа юм. Тодруулбал, УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалангийн нэр төр, алдар хүндэд халдсан гэх үндэслэлээр тус тойргийн шүүхээс Б.Энхбаярт холбогдуулан иргэний хэрэг үүсгэсэн. Тэрээр нэхэмжлэлээ хүлээн авсан ч нотлох үүргээ биелүүлэхгүй байна. УИХ-ын гишүүн Б.Энхбаяр ямар үндэслэл, баримттайгаар УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг гүтгэсэн бэ гэдгээ шүүх дээр нотлох шаардлагатай буюу нотлох үүргийн хуваарьтай учраас ийнхүү албадан ирүүлэх ажиллагаа хийхээр бэлтгэж байгаа ажээ. Тэрээр УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нь “хүн нухаад, чандарласан”, “орд эзэмшиж, нүүрс хулгайлсан” гэх мэтээр гүтгэсэн учраас Д.Амарбаясгалангийн өмгөөлөгчдийн зүгээс шүүхэд нэхэмжлэл гаргасан юм.