С.ЗОРИГИЙН АЛЛАГЫН ХЭРЭГ ОЛНЫ АНХААРАЛД АХИН ОРЖ ЭХЛЭХТЭЙ ЗЭРЭГЦЭН , ХЭН НЭГНИЙ ЭРХ АШИГ ИЛ ЦУХАЛЗАЖ ЭХЛЭНЭ

Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны үхэл 20 гаруй жилийн туршид улстөрчдийн улстөржих шалтгаан байсаар , улстөржсөн нэгэнд албан тушаал эрх мэдэл авчирсаар ирсэн гэхэд хол зөрөхгүй.Учир нь түүний үхэл , сэжигтнүүдийн асуудал хамгийн сүүлд хэрхэн олны анхааралд оров түүнээс хэн ашиг олов гэдэг ард түмний нүднээ ил өрнөж байгаа үйл явдал.

С.Зоригийн аллагыг үйлдсэн хэмээн гурван шатны шүүхээс ял сонсоод 5-6 жилийг үдсэн Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар хилсээр, эрүүдэн шүүгдэж ял хүлээсэн гэгдэж ,  тэд одоо наранд аж төрж буй.

Харин тэдгээр хүмүүсийг эрүүдэн шүүж хэрэг хүлээлгэсэн хэргээр гурван шатны шүүхээс ял сонссон прокурор Г.Эрдэнэбат, ТЕГ-ын дарга асан Б.Хурц нарын есөн хүний зарим нь цагаадаж, зарим нь магадлангаар суллагдсан.Тэдний ял эдэлсэн хугацаа нь  4-5 орчим сар. 

Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар шоронгоос батлан даалтад гараад мөн л 4-5 орчим сар болох гэж байна. Гэтэл энэ хугацаанд тус хэргийг дахин шалгаж эхлэх хуулийн процесс нам гацсан , таг зогссон. Прокурорын байгууллага : Мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа гэж ам таглахаас өөрөөр ажил явагдаж байгаа эсэх нь тодорхойгүй.

Дээд шүүхээс гурван шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шалгуулахаар прокурорт буцаасан. Тэднийг батлан даалтад гаргахдаа : Хэнд ч юу ч ярихгүй, төрийн нууцтай холбоотой хэрэг хэмээн тэднээр гарын үсэг зуруулж авсан бөгөөд дээд шүүхийн суллах шүүхийн шийдвэр гараад дөрвөн сар болж байгаа боловч шүүхийн тогтоол одоо хүртэл шүүгдэгч нарт очоогүй байна. Уг нь хуулийн хугацаандаа шүүх хурлын шийдвэр 14 хоногт албажиж очих ёстой.

Ийнхүү С.Зоригийн аллагын хэргийг дахин шалгаж байна гэх мөртлөө Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг дахин нэг ч удаа дуудаж байцаалт авалгүйгээр цаг хугацаа энэ зэрэгтэй элээгджээ. Энэ хэрэг хэзээ ахин олны сонорт өртөх эсэхээс хамаарч хэн нэгний албан тушаалын томилгоо , хэн нэгний эрх ашиг зэрэг цухалзаж эхлэхийг бид олноор нүд цавчилгүй ажиглахаас өөр аргагүй зогсонги байдалд хүрээд байна.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.